Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан /хэргийг илтгэгч/ даргалж, шүүгч Б.Уранзаяа, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А , шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г , шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2539000000172 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн .............сумын  ............. дүгээр баг,  ............. гүүрний орчим байх модон дүнзэн шовгор байшинд хамтран амьдрагч С.П-г өөрийг нь алгадаж, цохисон гэх шалтгаанаар уурлаж, тухайн байшин дотор байсан хутгаар хэвлийн тус газар нь 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хэвлий нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэс болон чацархайн урагдал цоорол, давсагны ханын язарсан шарх, хэвлийн тархмал гялтантас, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000172 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч Б.Х шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн .............сумын  ............. дүгээр баг,  ............. гүүрний орчим байх модон дүнзэн шовгор байшинд хамтран амьдрагч С.П-г өөрийг нь алгадаж, цохисон гэх шалтгаанаар уурлаж, тухайн байшин дотор байсан хутгаар хэвлийн тус газар нь 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-15 дугаар тал),

-Эд мөрийн баримтыг хураан авсан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Хохирогч С.П-ийн “..Би Хэнтий аймгийн .............суманд Хэнтийн цэцэрлэгжилт гэх компанид ахлах жолоочоор ажиллаад 9 сар болж байна. 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай Хэнтийн цэцэрлэгжилт компанийн захирал Улаанбаатар хот руу албан ажлаар явчихсан байсан юм. Тухайн үед ............  аймгаас ирсэн Т, Д, Т , миний хамтран амьдрагч Х , тэгээд би бид 5 байрлаж байгаа шовгортоо байсан юм. Бид өглөө босоод ажилдаа гарах гэхэд бензин байхгүй болохоор нь М-ээс  “бензиний мөнгө байна уу, ажилдаа гарах гэсэн бензин байхгүй байна” гэхэд “мөнгө байхгүй” гэхээр нь өнөөдөр модондоо гарч чадахгүй юм байна гэж бодоод надад Хараа нэртэй 750 граммын шилтэй архи байсан болохоор уумаар санагдаад би архи гаргаж ирээд дээрээс нь 2 татаад Х д хундагалж өгөхөд “уухгүй” гэхээр нь “уучихаа” гээд 2 хундага татуулсан. Тэгээд мөн би дахин 2-3 хундага татаад Х д өгөхөд “уухгүй, одоо болсон” гээд уугаагүй. Тэгэхээр нь би Т, Д, Т  нарт хундагалж өгөхөд мөн “уухгүй” гээд уухгүй байхаар нь би өөрөө ууж байгаад нэлээн согтож эхэлсэн. Тэгээд М-г  ......... зүүн биеэс ирэх гэж байсан болохоор М-г  байрлаж байгаа байрны маань урдуур явахдаа ороод гараарай гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй М ирээд миний ууж байсан архинаас хоёр хуруу хэртэй байхаар нь би хундагалж өгөхөд “уухгүй” гээд мөн уухгүй байхаар нь би өөрөө уучихсан юм. Тэгээд архи дуусчихсан болохоор нь Мягмарсүрэнд “хөгшөөн дахин 1 шил архи уумаар байна” гэхэд “хөгшинд нь одоохондоо мөнгө алга” гэсэн. Тэгээд би төд удалгүй өглөө юм идээгүй байсан болохоор тасраад унтаад өгсөн байсан, зарим зүйлээ санахгүй байгаа юм. Тэгээд би хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, нэг мэдсэн сэрчихсэн байрлаж байсан байшингаасаа гараад хамтран амьдрагч Х тай архи гараагүй байсан болохоор маргалдаж “одоо чи бизда минь, эндээс чи зайл, гичий минь” гэх мэтээр би харааж нэг удаа алгадахад Х  байрлаж байсан байшин руу ороход нь би араас нь дагалцаж орж ирэхэд гэнэт Х  эргэж харах шиг болсон. Тэгэхэд давсагны хавьцаа халуун оригоод гэдэс базлаад явчихсан. Тэгээд би өөрөө хартал бага хэмжээгээр цус урсаж байсан. Тэгээд М болон зүүн талын байшинд байрлаж байсан байгаль хамгаалагч С  гэх ах хоёр намайг эмнэлэг дээр авчирсан юм. Тухайн үед миний уусан архи гараагүй согтолттой байсан. Ийм зүйл болсон... Би Х тай хамтран амьдраад 4 жил гаран болж байна... Тухайн үед би хамтран амьдрагч Х ыг хэл амаар доромжилж нэг удаа алгадахад байрлаж байсан байшин руу ороод эргэж харах шиг л болоход хэвлийн тус газар халуун оргих шиг болсон. Тэгэхэд би Х ыг юмаар дүрчихлээ гэж бодсон... Би тухайн үед зарим зүйлээ санахгүй байгаа, их хэмжээний согтолттой байсан. Х  мөн согтолттой байсан байхаа, би болон Х  бид хоёр архи согтууруулах ундаа нээх их хэрэглэдэггүй. Жилдээ 1-2 удаа хэрэглэдэг. ...Одоо миний бие гайгүй сайжирч байна. Тухайн үед надад эмч нар мэс заслын хагалгаа орж нарийн болон бүдүүн гэдэс маань цоорсон байна гэж оёдол тавьсан юм... Тухайн үед би хамтран амьдрагч болохоор тогооч хийлгэе гээд .............суманд би өөрөө дагуулж авчирсан юм... Би өөрөө очиж үзүүлэх шаардлага байхгүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар тал),

-Хохирогч С.П-ийн дахин өгсөн: “...Тэгээд гадаа гарахад манай ажлынхан болон М гадаа хоорондоо ноцолдож тоглоод байж байсан. Тэгээд Х аа бид 2 шовгорынхоо үүдэнд гадаа зогсож байхдаа би Х ааг баруун хацар руу нь 1 удаа алгадаад, зайл гээд Х ааг би хөөсөн. Би өөрийгөө яагаад тийм үйлдэл хийсэн талаараа мэдэхгүй байна. Гэхдээ энэ үйлдлээ хийснээ бол санаж байгаа. Х аа манай цехэд тогооч хийдэг. Х аа тэгээд надад алгадуулаад, хөөгдөөд хоол хийх гээд шовгор руу орохоор нь би дагаж ороод ардаас нь бөгс рүү нь 1 удаа өшиглөөд, өгзгийг нь базсан чинь Х аа эргэж хараад намайг гэдэс хэсэгт маань хутгалчихсан. Намайг жижиг хэмжээтэй, шаргал ясан бариултай хутгаар хутгалчихсан. Тэгээд би М-г  дуудаад М намайг эмнэлэгт хүргэж өгсөн... Нэлээн согтуу байсан... Би 2021 оноос хойш Х тай хамтран амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Гэрлэлтийн баталгаа байхгүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..., ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яллагдагч Б.Х надад учирсан бүх хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч С.Х-ийн “...Хохирогч С.П нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090030100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

-Гэрч А.М-г ийн “...Би .............сумын  ............. дүгээр багийн нутаг модны үйл ажиллагаа явуулж байгаа Хэнтийн цэцэрлэгжилт модны компани модыг тээвэрлэх ажлыг нь хийж өгч байгаа юм. Тэгээд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус сумын ......  зүүн биеэс .............сумын төв орох гээд явж байхад П  над руу залгаад “манай байрлаж байгаа газраар ороод гараарай” гэж хэлэхээр нь би  ............. гүүрний яг хойд талд байрлаж байгаа газраар нь ороход баруун талын байшинд нь П  нь нэлээн согтолттой байсан. Мөн найз охин нь болох Х , гэх охин, 20 гаран насны 3 залуу байсан. Зүүн талын байшинд нь .........  давааны байгаль хамгаалагч С  гэх залуу ганцаараа байсан. Тэгээд тухайн үед П  нь найз охин болох Х тай 1 шил Хараа нэртэй 500 граммын шилтэй архи хувааж уусан бололтой сууж байсан. Нөгөө 20 гаран насны гурван залуу нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгээд П гийн найз охин болох Х  нь надад 3- 4 удаа архи согтууруулах ундаа хундагалж өгөхөөр нь би уугаагүй юм. Тэгээд төд удалгүй тэр 20 гаран насны 3 залуу сумын төв рүү бензинд явлаа гээд яваад өгсөн. Тэгээд С  ах зүүн байшиндаа орсон. Би П , Х  нартай баруун байшинд юм яриад үлдсэн. Тэгээд төд удалгүй 20 гаран насны 3 залуу сумын төвөөс бензин аваад ирлээ та очоод модыг маань ачаад өгөх үү гэхээр нь өнөө хэрэггүй байхаа маргааш ачъя гээд маргааш явахаар болсон. Тэгээд би П д ганц шил архи авч өгий гээд сумын төвөөс Агар нэртэй 500 граммын шилтэй архи аваад байрлаж байгаа газарт нь хүргэж өгөөд авчирсан архи П , Х , С , бид дөрөв уугаад сууж байтал Х аа байшингаас гараад явсан араас нь С  ах мөн гараад явсан. Тэгээд байшин дотор П  бид хоёр үлдээд байж байгаад П  мөн гараад явсан тэгээд би араас нь гараад баруун талын байшинд ортол П  мөн Х  хаачсан бэ гээд мөн байшингаас гараад явсан тэгээд төд удалгүй П  Х  хоёр намайг баруун байшинд байж байхад ар араасаа цувраад орж ирээд нэг нэгийгээ түлхэх шиг болсон. Тэгээд гэнэт Х  гэх охин нь П г нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд төд удалгүй П  гэдсээ барихаар нь би цамцыг нь сөхөөд харахад цус болсон зүйл байхгүй хэвлийн тус газарт нь зүсэгдсэн шархтай болсон байхаар нь би гүйж гараад С  ахыг дуудаад Эрүүл мэндийн төв яаралтай явъя гээд эмнэлэгт ирээд үзүүлэхэд хутга юм уу, юу юм сайн одоохондоо мэдэхгүй байна гэж хэлсэн. Ийм зүйл болсон... Тухайн үед Баруун байшинд П , Х , тэгээд нэрийг нь мэдэхгүй 20 орчим насны нэг залуу байсан тэгээд миний харахад  Х  нь П тэй баруун байшинд орж ирэхдээ маргаад орж ирсэн. Тэгээд П , Х  хоёр орж ирээд нэг нэгнээ түлхээд байсан. Тэгсэн Х  нь П г нэг зүйлээр хатгах шиг болсон. Тэгээд төд удалгүй П  нь хэвлийгээ бариад байхаар нь цамцыг нь сөхөөд хартал хэвлийн тус газарт нь зүсэгдсэн байсан. Тэгээд Х ыг юмаар хатгасан байна гэж би мэдсэн... Тухайн үед П  Х  хоёр их хэмжээний согтолтой байсан. С  ах бид хоёр нээх их уугаагүй учир гайгүй байсан юм. Нөгөө 20 гаран насны 3 залуу эрүүл байсан юм... Тухайн үед миний харахад Х  нь П гийн хэвлийн тус газарт нь юугаар хатгасныг бол мэдэхгүй ямар нэгэн эд зүйлээр хатгах шиг болсон. Төд удалгүй П  нь хэвлийгээ бариад байхаар нь хартал хэвлийн тус газраа зүсэгдсэн байсан тэгээд яаралтай эмнэлэгт авчирч үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дугаар тал),

-Гэрч А.М-г ийн “...Би сайн мэдэхгүй байна би шовгор дотор сууж байсан... Б.Х , С.П хоёр цувраад ар араасаа орж ирсэн. Муудалцсан байдалтай байсан тэрнээс биш би өгзөг хэсэгт нь өшиглөсөн, өмдөнд нь гараа хийж өгзөг хэсгийг базсан талаар бол мэдэхгүй, би хараагүй... Б.Х хоол хийх гээд зогсож байсан. Сүр сар гээд гэнэт С.П , Б.Х хоёр ноцолдох шиг болсон. Тэгээд харсан чинь С.П-ийн гэдэс хэсэгт хатгачихсан, би тэгээд П г авч яваад эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дугаар тал),

-Гэрч Ц.А-ийн “...Би .............сумын  ............. дүгээр багт хууль ёсны зөвшөөрөлтэй Хэнтий цэцэрлэгжилт ХХК-ийн мод бэлтгэлийн ажилд хяналт тавихаар томилогдон ............  аймгаас ирсэн ажилчдынхаа хамт  ............. дүгээр багийн нутаг дэвсгэр болох  ............. гүүрний ард талд байрлах М-г ийн модон 4 ширхэг гурвалжны зүүн талаасаа 2 дахь модон шовгорт нь байрлаж 10 гаруй хоног хонож ажилласан. Тухайн үед 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ......... зүүн биеэс М миний байрлаж байгаа газарт ганцаараа ирсэн тухайн үед миний байрлаж байгаа гурвалжны баруун гурвалжинд П , Х , 20 гаран насны 3 залуу хамтдаа байсан. Тэгээд тухайн үед П  болон бид нар нийлээд 1 шил хараа нэртэй 750 граммын шилтэй архи гаргаад хувааж ууцгаасан. Тэгээд архи ууж дуусгаад П , М хоёр сумын төв рүү хөрөө рам руу яваад төд удалгүй ирэхдээ дахин 1 шил Агар нэртэй 750 граммын шилтэй архи авчирсан тэгээд П , Х , 20 гаруй насны 3 залууд мөн архи өгөхөд ганц хоёр л татсан байх. Тэгээд би байрлаж байсан модон шовгортоо ороод байж байхад М намайг гаднаас та гараад ирээч С  ахаа гэж дуудахад нь гараад очтол П  нэг сонин болчихлоо гэсэн. Тэгээд би яваад очтол М П  хоёр машины хажууд зогсож байсан. Тэр гурван залуу нь модон шовгорын үүдэнд зогсоод Х  нь харагдахгүй модон шовгор дотор согтуу байж байсан. Тэгээд М-ээс  юу болсон талаар асуухад М надад тэр хамтран амьдрагч гэх Х  нь нэг юмаар хэвлийн тус газарт нь хатгачих шиг боллоо гэхээр нь би харахад бага хэмжээтэй хэвлийн тус газарт нь юмаар зүсэгдсэн байсан. Тэгээд М бид хоёр П г Эрүүл мэндийн төвд авчирсан юм. Ийм зүйл болсон... Миний мэдэхээр П тэй хамтран амьдарч юм... Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн тэгэхдээ ухаанаа алдтал согтуу байгаагүй. Харин П , Х  нар нь согтсон байсан юм... Тухайн үед П гийн хэвлийн хэсэгт нь хутгалсан байсан... Би одоо ямар байгааг нь мэдэхгүй... Тухайн үед би хэн хутгалсан талаар бол мэдээгүй М надад хамтран амьдрагч гэх Х  нь нэг юмаар хатгах шиг л болсон гэхээр нь мэдсэн юм аа... Тухайн үед П  Х  нарыг хоорондоо муудалцаж маргалдсан талаар бол би мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар тал),

-Гэрч Д.Н-ийн “...Би Хэнтийн цэцэрлэгжилт ХХК-ийн захирал юм. .............сумын нутаг дэвсгэр болох  ............. дүгээр багийн нутаг Хөх чулуут гэх газарт цохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж байгаа юм. Тэгээд би 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу албан ажлаар явсан хойгуур манай компанид ажилладаг жолооч П  нь ажлын бус цагаар биедээ гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байсан... Манай бригадын ахлах жолооч П , оосорлогч Д , хөрөөчин Б , жолооч Т , мөн П гийн өөрийн дагуулж ирсэн эмэгтэй Х , хамтарч ажилладаг М нар үлдсэн байсан. Тухайн үед хамтран ажиллаж байгаа А.Мягмарсүрэнд модны бригадаа хариуцуулан үлдээсэн байсан юм... Миний мэдэхээр оосорлогч Д , хөрөөчин Б , жолооч Т  нар нь ............  аймгийн ......сум руу яваад өгсөн байсан. П , Х , М нар нь .............суманд байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Н-ийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 322 дугаартай “...1.С.П-ийн биед хэвлий нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэс болон чацархайн урагдал цоорол, давсагны ханын язарсан шарх, хэвлийн тархмал (баасан) гялтантас, дотуур цус алдалт (1000 мл) гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-65 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Х ы яллагдагчаар өгсөн “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг зайл янхан, гичий гэж хэл амаар доромжилсон намайг 2 удаа өшиглөж 1 удаа алгадсан ардаас орж ирээд гэнэт өмдөнд гараа хийж өгзгийг минь базсан. Би тэр үед би төмс арилгаж байсан өмд нь дотор минь гараа хийх үед би цочирдсон хутга барьсан учир тийм зүйл болсон байсан. Би яг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хатгачихсан байсан хоромхон зуур болоод өнгөрсөн... 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн .............суманд П  гэх хүн намайг 7 хоног тогооч хийгээд өгөөч гэж гуйхаар нь би дагаж ирсэн. 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр П  хэдэн хүмүүсийн хамт архи уусан би өмнө мэдүүлэг өгөх үедээ тодорхой нэрийг нь хэлсэн тул одоо дахиж хэлмээргүй байна. Намайг архи уухгүй гэх үед П  намайг 2, 3 удаа авчих гэж шахсан би гадаа Т  гэх хүнтэй юм яриад зогсож байхад гарч ирээд намайг зайл янхан, гичий гэж хэл амаар доромжилсон 1 удаа нүүр хэсэгт алгадсан тэгээд намайг шовгор руу орж байх үед ардаас намайг өгзөг хэсэгт өшиглөсөн би шовгор руу орсон чинь ардаас дагаж орж ирээд намайг дахиад өгзөг хэсэгт өшиглөсөн дараа нь гэнэт өмд нь дотор гараа хийж өгзөг базсан. Би тэр үед төмс арилгаж байсан гэнэт цочирдоод эргээд харахад тийм зүйл болчихсон байсан. Би хутгалсан үйлдлээ санахгүй байна. Намайг өшиглөөд өмд нь дотор гараа хийж өгзөг базсан үйлдэлд нь цочирдон би хутгаа бариад эргэх үед хатгачихсан байсан. Би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч Б.Х нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн .............сумын  ............. дүгээр баг,  ............. гүүрний орчим байх модон дүнзэн шовгор байшинд хамтран амьдрагч С.П-г өөрийг нь алгадаж, цохисон гэх шалтгаанаар уурлаж, тухайн байшин дотор байсан хутгаар хэвлийн тус газар нь 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т энэ гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч С.П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Намуунтөгсийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 322 дугаартай “...1.С.П-ийн биед хэвлий нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэс болон чацархайн урагдал цоорол, давсагны ханын язарсан шарх, хэвлийн тархмал (баасан) гялтантас, дотуур цус алдалт (1000 мл) гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-65 дугаар тал)-ээр тогтоогдсон.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Х хохирогч С.П-ийн хэвлий хэсэгт санаатайгаар хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгч нь хохирогч С.П-ийн биед халдахдаа зэвсэг буюу хутга ашиглан хүнд гэмтэл учруулсан үйл баримтын талаар хэн алин нь маргаагүй, шинжээчийн 322 дугаартай “...Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлттэй нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан энэ гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Х нь хохирогчийн биед халдан хутгалж, түүний эрүүл мэндэд нь хэвлий нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэс болон чацархайн урагдал цоорол, давсагны ханын язарсан шарх, хэвлийн тархмал (баасан) гялтантас, дотуур цус алдалт (1000 мл) гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцжээ.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг болно.

 

Иймд Прокуророос шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.О нь “Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тиймээс уг дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар ямар нэг байдлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

Хохирогч С.П д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.

 

Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлж баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Х аас энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч С.П д хүнд хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдсон, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Х ы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг төлсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Х д 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин Т  болмогц устгуулах, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түүнд оногдуулах ялын доод хэмжээний ялаас гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Б.Х нь 21 настайдаа хүнтэй гэрлэж нөхөр хүүхэдтэй болоод амьдарч байхад нь түүний нөхөр өөр хүнтэй ханилж салах болсон. Салах үедээ хүүхдээ өөрөө асрах, хүмүүжүүлэх, орон байрын боломжгүй болж хүүхдээ аав дээр нь үлдээсэн. Гэвч эцэг нь тухайн үед бусдын амь насыг хохироосон хэрэгт холбогдож явсан учраас хүү нь эмээ дээрээ үлдэж, Б.Х ганцаараа амьдарч байх үедээ С.П тэй танилцаж, түүнийг дагаж ажиллаж амьдардаг байсан. Анх С.П тэй 5 жилийн өмнөөс танилцаж, сүүлийн 3 жилийн хугацаанд нэг гэрт амьдарч байсан. Хохирогч нь Б.Х-ыг бусадтай хардаж сэрддэг, хүнтэй уулзуулдаггүй, архи уусан үедээ эрх чөлөөнд нь халддаг үйлдэл байсан. .............суманд ирж ажил хийгээд байж байх үедээ архи ууж хамт ирсэн бригадын улсуудтайгаа хардаж сэрдэж зүй бус үгээр хэлж биед нь халдсан. Б.Х хоолоо хийх гээд уйлаад сууж байх үед араас нь орж ирж өмдөнд нь гараа хийж, араас нь өшиглөж, хүзүүг нь боох үед нь барьж байсан хутгаараа санаатайгаар хэвлийн хөндий рүү хутгалж хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд дээрх хуулийн зүйл заалтуудад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэж заажээ.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй хэдий ч цаашид хохирогчоос гэмт хэргийн улмаас хохирсон хохирол, хор уршгийг нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон” 1.2-т заасан “хохирлыг нөхөн төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2539000000172 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см урттай, шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т  болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т  болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ хэрэгт тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см урттай, шар өнгийн бариулттай хутгыг шийтгэх тогтоол хүчин Т  болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН

 

                                        ШҮҮГЧИД                              Б.УРАНЗАЯА

                                                                                                  А.ЭНХБААТАР