Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/00595

 

 

 

 

 

 

 

 

               2024         02        05

182/ШШ2024/00595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Л ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 18,929,238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Гэрч Д.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан 18,929,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр *******-тай Автомашины Лизинг/Түрээсийн/ гэрээг байгуулж, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 90-49 УБД улсын дугаартай приус 40 маркийн автомашиныг 30 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлээр авсан. Уг машины үндсэн төлбөр 33,000,000 төгрөг бөгөөд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 23,000,000 сая төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр лизингийн хүү болон үндсэн төлбөр 1,174,619 төгрөг төлөхөөр эргэн төлөлтийн тооцоолуур гаргаж гэрээ байгуулсан. Ингээд сар бүр төлөлтийг хийж  зохих ёсоор төлж байсан. 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт төлөх ёстой дүн 8,728,562 төгрөг байгаагаас 7,803,238 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр *******-иас над руу залгаж алданги болох 1,300,000 төгрөгийг нэхсэн. Зээлийн дараагийн төлөлт хийх хугацаа 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр байсан. Би гайхаж ямар алданги болох талаар асуухад тодорхой тайлбар хэлэхгүйгээр маргааш хүрээд ир гэсэн. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ялалт плазагийн ойр ажилтай явж байтал машинд нэг хүн суугаад оффис руу явъя гэсэн. Би тухайн үед 1,300,000 төгрөгийн алдангиа тэр өдрөө төлнө гэхэд чамтай хэл амаа ололцохгүй юм байна. Чамтай гэрээгээ үргэлжлүүлэхгүй машин сулла, гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, одоо шууд машин хураагаад зарна гэж сүрдүүлсэн. Ингээд Амар лизингийн менежер Батжаргал танихгүй 2 хүний хамт машинаас миний  гэх бүх юмнуудыг зогсоол дээр гаргаж хаяад машин хурааж авсан. Би энэ үед өөрийн ах Ц. Доржхандтай явж байсан бөгөөд тэрээр энэ үйл явдлыг гэрчилнэ. Би тэр үед Чингэлтэй дүүргийн цагдааг дуудаж дуудлага мэдээлэл өгч, өргөдөл бичиж өгсөн гэвч иргэний хэрэг байна хэмээн хүлээн аваагүй.

Ингээд энэ үйл явдлын дараа Амар лизингийн менежер Батжаргалтай утсаар ярихад 3 сарын 17-ны өдрийн дотор 2,284,000 төгрөг өгөөд  машинаа ав гэсэн. Төлөх гээд очиход чамтай гэрээг үргэлжлүүлэхгүй. Машинаа авч яваад өөр банк бусаас  зээл авч зээлээ төл хэмээсэн ба гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон үндэслэл нь манай ажилтныг хууль бусаар хэлсэн хуульчаар яриулсан, цагдаад мэдэгдсэн болохоор гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн. Машиныг чинь шууд угаалгаад зармаар байна гэсэн. Би машинаа  авмаар байна гэхэд түлхүүрээ авчирч өг угаасаа түлхүүртэй түлхүүргүй зарна гэсэн.

*******-тай байгуулсан 22070830-3 дугаартай автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээнд зааснаар 2.10. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх хуваарийг 7-оос дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг үл маргах журмаар өөрийн биеэр авчирч хураалгах бөгөөд төлбөрийн зөрчлөө төлж арилгах 14 хоногийн нэмэлт хугацааг олгох ба энэхүү хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн зүйлийг худалдан борлуулахаар заасан.  Гэвч гэрээний дараагийн төлөлтийн хугацаа буюу 3 дугаар сарын 08-ны өдөр болоогүй байхад гэрээний зүйл болох машиныг хурааж авсан ба гэрээнд заасны дагуу төлбөрийн зөрчлөө төлж арилгах 14 хоногийн нэмэлт хугацааг олгох ёстой ч надад энэ хугацааг олгоогүй. Мөн одоо ч гэрээгээр тохиролцоогүй үүргийн гүйцэтгэлийг надаас шаардаж байгаа ба 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тухайн компаниас утсаар залгаж бэлэн 10,000,000 төгрөг төлөөд машинаа ав, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг төлөөд машинаа ав шүүх, цагдаагаар явбал чамд л хохиролтой зэргээр сүрдүүлж гэрээнд тусгаагүй төлөлтийг шаардаж байна.

1.2. Талуудын байгуулсан гэрээг харах юм бол санхүүгийн түрээсийн гэрээ гэх нэртэй боловч машины үнийг графикаар гаргаад машины үндсэн үнийг төлж байсан байгаа. Тус гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэх Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан үндсэн шинж байхгүй байна. *******г зөрчлөө арилгах гээд очиход хариуцагч тал гэрээнээсээ татгалзсан байгаа. Энэ  тохиолдолд 264.1-д зааснаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд *******гийн төлсөн 18,929,238 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасны дагуу  санхүүгийн түрээсийн гэрээ хийгдсэн. Энэ маргаан гарч байгаа шалтгаан нөхцөл нь нэгт гэрээний үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг нэхэмжлэгчид тавьсан. Үүнийг нэхэмжлэгч ойлгохгүй маргасан байсан. Гэрээний үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй учир *******-ийн талаас шаардлага тавьсан. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тул санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох автомашиныг хурааж аваад зөрчлөө арилгасан тохиолдолд гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагыг менежер болон компанийн удирдлагуудаас тавьсан. *******гийн хувьд гэрээ байгуулснаас хойш 3 дахь сараас эхлэн дутуу төлөлт хийсэн. Нэхэмжлэгчид утсаар шаардлага тавьсан. ******* би олдсон мөнгөө хийж байна гэх зан байдлаас ёс суртахууны маргаан үүссэн. Нийт 10 сарын хугацаанд 11,746,190 төгрөгийг төлөх байснаас эргэн төлөлтийн хуваараа  зөрчиж 8,303,238 төлсөн байгаа. Зөрүү нь 3,442,952 үлдэгдэл үүссэн. Ийм учраас иргэн *******д хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьсан боловч ******* хүлээж аваагүйн улмаас маргаан үүссэн. Программ дээрээс түрээсийн гэрээний тооцооллыг гаргаж өгсөн байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээ биш юмаа гээд  өгсөн, авснаа буцаана гээд байдаг. Гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн, авснаа буцаадаг. Энэ гэрээг бол  дуусгавар болгосон байгаа.  2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Мэдэгдэх үедээ маш олон зүйлийг дурдсан. Жишээ нь  та машиныхаа үнийг төлөөд ав. Мөн энэ төлбөрөө төлж чадахгүй бол автомашин унаж явах үедээ үүссэн 180,000 төгрөгийн торгууль, тээврийн хэрэгслийн татвар, гэрээнд заасан түлхүүр хувилсан зардал, оношилгоонд оруулсан зардал, үнэлгээ хийлгэсэн зардал гэх мэт түрээсийн төлбөрөө төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4, 97/,

3.2. Итгэмжлэл /хх 5/,

3.3. Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ /хх 6-10/,

3.4. *******гийн Хаан банкны дансны хуулга /хх 140-148/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Итгэмжлэл / хуудас /хх 13/

4.2. Санхүүгийн тооцоолол /хх 54/

4.3. Автомашин лизингээр худалдан авагчийн анкет, *******-д гаргасан *******гийн хүсэлт /хх 55/

4.4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар /хх 56-58/,

4.5. Вьетнам авто засвар үйлчилгээний хуудас /хх 76/,

4.6. Тугтан ХХК-ийн зарлагын баримт /хх 77/,

4.7. Вендо ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх 78-79/,

4.8. Автомашины лизингийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл /хх 80/

4.9. *******-ийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт /хх 81-87/ зэрэг баримтууд болно.

5. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 90-49 УБД улсын дугаартай Приус-40 маркийн автомашиныг хурааж авч буй видео бичлэгт үзлэг хийж /хх 124-125/, шүүх хуралдаанд  гэрчээр Д.*******ээс мэдүүлэг авч бэхжүүлсэн болно.

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан  17,803,232 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,126,006 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 18,929,238 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *******-тай 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Автомашины Лизинг/Түрээсийн/ гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан хэдий ч энэ нь зээлээр худалдах худалдах авах гэрээ бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан учир миний бие гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

1.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* хүү нь гэрээний дагуу 10 сарын хугацаанд 11,746,190 төгрөгийг төлөх байснаас эргэн төлөлтийн хуваараа  зөрчиж 8,303,238 төлсөн. Зөрүү 3,442,952 төгрөгийн үлдэгдэл үүссэн учраас *******д хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьсан боловч ******* хүлээж аваагүй. Иймд гэрээг дуусгавар болгосон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Талууд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 22070830-3 тоот Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь өөрийн эзэмшлийн хөдлөх хөрөнгө болох 2012 онд үйлдвэрлэгдсэн, Тоёота приус маркийн, ZVW40-3054138 арлын дугаартай автомашиныг гэрээнд заасан нөхцөлөөр эзэмшүүлж, ашиглуулж, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу эргэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний дараа өмчлөлд нь шилжүүлэн өгөх, ******* нь түрээсийн зүйлийн үнэ болох 33,000,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 23,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал сар бүрийн 08-нд 1,174,619 төгрөгөөр төлж барагдуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 6-10/

Энэхүү гэрээний дагуу хариуцагч ******* нь 33,000,000 төгрөгийн үнэ бүхий 90-49 УБД улсын дугаартай, тоёота приус 40 маркийн автомашиныг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******гийн эзэмшилд бодитоор шилжүүлэн өгсөн байна.

Гэвч ******* төлбөрийн үүргээ тасалдуулсан үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээний зүйлийг эзэмшилдээ буцаан авсан болох нь зохигчийн тайлбар, *******-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 230410/1 дугаар гэрээг цуцлах тухай мэдэгдэл /хх 80/, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 124-125/, гэрч Д.*******ийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх  ба эдгээр үйл баримтын тухайд зохигч маргаагүй.

3. Талуудын хооронд бий болсон дээрх харилцаа нь иргэний эрх зүйн аль гэрээний төрөлд хамаарах тухайд талууд маргаж байх ба нэхэмжлэгч дээрх харилцаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ бөгөөд гэрээний төлбөрийг төлж дууссанаар нэхэмжлэгч нь автомашиныг өмчлөлдөө шууд шилжүүлэн авахаар тохиролцсон, хариуцагч автомашиныг буцаан авснаараа гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол хариуцагч зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир гэрээний харилцааг дуусгавар болгосон гэж мэтгэлцсэн.

 

 4. Зохигчийн хооронд байгуулсан 22070830-3 тоот гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д санхүүгийн түрээсийн гэрээнд тавих үндсэн 3 шаардлагыг тодорхойлж, эдгээр шаардлагын аль нэг нь хангагдсанаар санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхээр заажээ. Үүнд: нэгт гэрээний хугацаа нь ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байх, хоёрт зах зээлийн үнэ цэнэ 90-иас доошгүй байх, гуравт гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжих зохицуулалтууд орсон байхаар байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд санхүүгийн түрээсийн гэрээний шинж болох гэрээний хугацаа нь эд хөрөнгийн ашиглалтын хугацаатай уялдаатайгаар харьцангуй урт байх, уг хугацаанд эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн дийлэнх хэсгийг хуваан төлөх, улмаар гэрээний хугацаа дуусах үед гэрээний зүйлийн үлдэх үнийг төлөх, эсхүл төлөхгүйгээр өмчлөлдөө бүрмөсөн шилжүүлж авах эрх, үүргээс сонголттой байх нөхцөлүүд тусгагдаагүй.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т санхүүгийн түрээсийн гэрээний хугацааны талаарх шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан ашиглалтын хугацааг баримтлахаар заажээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д машин механизм, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 10 жилээр тогтоосон байна.

 

Гэвч талууд 14/42 дугаар гэрээнд хугацааг эд хөрөнгийн ашиглалтын хугацаанд үл хамаарах байдлаар буюу 30 сараар тодорхойлж, энэ хугацаанд багтаан үнэ төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлөхөөр тохирчээ. Түрээсийн хөлс төлөх хуваарийг тохирохдоо зах зээлийн үнэ цэнийг 90 хувиас дээш буюу үнийг 100 хувиар тогтоож, улмаар сар бүрийн 3 хувийн хүү нэмж төлөхөөр зааснаас дүгнэвэл санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн шинж үгүйсгэгдэж, илүүтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй гэж дүгнэх үндэслэл бүрдэж байна.

 

5. Хариуцагч ******* нь *******тэй байгуулсан гэрээгээ “*******гийн хувьд гэрээ байгуулснаас хойш 3 дахь сараас эхлэн дутуу төлөлт хийсэн, би олдсон мөнгөө хийж байна гэх зан байдлаас ёс суртахууны маргаан үүссэн, 10 сарын хугацаанд 11,746,190 төгрөгийг төлөх байснаас эргэн төлөлтийн хуваараа  зөрчиж 3,442,952 төгрөг дутуу төлсөн,  гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьсан боловч ******* хүлээж аваагүй учир гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 8,000,000 төгрөг, гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,626,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,174,619 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 374,619 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,054,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 18,929,238,238 төгрөгийн төлөлт хийсэн болох нь *******гийн Хаан банкны дансны хуулга /хх140-148/, *******-ийн Лизинг төлөлтийн дансны хуулга /хх 54/ гэх баримтаар тогтоогдож байх ба талууд энэхүү төлөлт болон үнийн дүнд маргаагүй.

 

7. Хариуцагч *******-иас зээлдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1,300,000 төгрөгийн алданги төлөөгүй гэх үндэслэлээр 90-49 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж авсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-т заасан “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх хуваарийг 7-оос дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг үл маргах журмаар өөрийн биеээр авчирч хураалгах бөгөөд төлбөрийн зөрчилөө төлж арилгах 14 хоногийн нэмэлт хугацааг олгох ба энэхүү хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн зүйлийг худалдан борлуулж өөрт учирсан хохиролыг барагдуулах ба дараах хохирол, зардлыг хасч тооцон үлдэх төлбөрийг түрээслэгчид өгнө” гэх, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Түрээслэгчийг энэ гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор бүрэн гүйцэтгэхийг шаардах эрхтэй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээнд заасан арга хэмжээг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр авах эрхтэй” гэж заасантай нийцэхгүй байна. 

 

Түүнчлэн хариуцагч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 230410/1 тоот албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдэлд “... бид 2023 оны 03-р сарын 03-наас хойш өнөөдрийг хүртэл автомашины гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл, хүү нийлээд 20,954,684 төгрөгийн төлбөрөө бүрэн төлж автомашиныг өөрсдийн нэр дээр шилжүүлэн, өмчлөн авах боломжоор хангасан ...” гэж бичсэн, энэ өдрөөс хойш гэрээг үргэлжлүүлэх талаар тусгаагүй байгаагаас дүгнэхэд хариуцагч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэрээг дуусгавар болгох талаар *******д урьдчилан мэдэгдсэн байдал тогтоогдохгүй буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн байна. 

 

8. Талуудын харилцан тохиролцсон эргэн төлөлтийн хуваариар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал зээлийн хүүнд нийт 4,557,531 төгрөг, үндсэн зээлд 3,664,802 төгрөг, нийт 8,222,333 төгрөг төлөх ёстой байна.

 

Гэвч нэхэмжлэгч ******* нь эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 09 дүгээр сард 1 хоног, 10 дугаар сард 2 хоног, 11 дүгээр сард 31 хоног, 12 дугаар сард 9 хоног, 2023 оны 01 дүгээр сард 5 хоног, 02 дугаар сард 3 хоног хэтрүүлж төлсөн үүргийн зөрчил гаргасан байх ба энэхүү зөрчилд нийт 219,122 төгрөгийн алданги бодогдсон байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн төлөлтөөс зээлийн хүүнд 4,557,531 төгрөг тооцохоос 4,657,978 төгрөгийг тооцож төлүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан эргэн төлөлтийн хуваарьт үндсэн зээл, хүүг нийт зээлийн хугацаанаасаа тооцон сард төлөх хэмжээг гаргасан байх учир хүү нэмэгдэх учиргүй. Харин алданги бодох талаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д заасан байх учир алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

Ийнхүү тооцвол ******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,664,802 төгрөг, хүүнд 4,557,531 төгрөг, алдангид 219,122 төгрөг, нийт 8,441,455 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 8,303,238 төгрөгийн төлөлт хийж, 138,217 төгрөгийн үүргийн зөрчил гаргасан байна.

 

Эргэн төлөх хуваарьт заасны дагуу ******* дараагийн төлөлтийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх хэдий ч 138,217 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй  байгаа нь үүргийг ялимгүй зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасныг зөрчиж, гэрээнээс татгалзсан байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй”. гэж заасан тул ******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээний дагуу төлсөн 18,929,238 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

9. Хариуцагч нь автомашинд учирсан эвдрэл гэмтлийг завсарлуулах, түлхүүр хувилуулах, үнэлгээ хийлгэх, торгууль, татварыг төлөх зэргээр зардал гарсан талаар холбогдох баримтыг шүүхэд гаргасан энэ талаар шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг тус тус баримтлан *******-иас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22070830-3 дугаар Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээний дагуу төлсөн 18,929,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,541 /246,966+31,575/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278,541 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА