Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/1036

 

Г.Э-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2010000000895 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г.Э-, 1982 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1252 дугаартай тогтоолоор 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

             Г.Э- нь ганцаараа:

            1. 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Д.Э-ийн гэрт нэвтрэн орж “зурагт, антен хүлээн авагч, архи, гар утас” зэрэг эд зүйлсийг хулгайлж, 984.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн задгайд оршин суух иргэн Т.М-ын гэрт нэвтрэн орж “дотоод заслын лазер 1 ширхэг, кен маркийн гар тастагч 1 ширхэг, мөн маркийн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, батерей дрилл 2 ширхэг” зэрэг эд зүйлсийг хулгайлж, 655.000 төгрөгийн хохирол учруулсан,

           3. 2015 оны 12 дугаар сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн 2-324 тоотод оршин суух иргэн Ч.Б-ын гэрт нэвтрэн орж 55 инчийн “LED” зурагтыг хулгайлж, 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан,

           4. 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 2-511 тоотод оршин суух иргэн Ж.Б-гийн гэрт нэвтрэн орж “DVD” камерын дэлгэц, рум, зөөврийн компьютер, “Ddish” төхөөрөмж” зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.949.000 төгрөгийн хохирол учруулсан,

           5. 2015 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Р.Б-ын гэрт нэвтрэн орж “46 инчийн “Samsung” загварын зурагт, бэлэн 20.000 төгрөг” зэргийг хулгайлж, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

           6. 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн орж “мөнгөн аяга” хулгайлж, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

          7. 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.А-ийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 49 инчийн “LED” зурагтыг хулгайлж, 869.940 төгрөгийн хохирол учруулсан,

          Д.Т-тай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 3-40 тоотод оршин суух иргэн Д.Ү-ын гэрт нэвтрэн орж “гинж, бөгж, ээмэг, хослолууд, 2 нүдний дуран” зэрэг эд зүйлсийг хулгайлж, 5.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

          мөн Д.Л-, Б.Г- нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд оршин суух иргэн Д.У-ын гэрт нэвтрэн орж “5 ширхэг бурхан, Цагаан дарь эх бурхан” зэргийг хулгайлж, 4.950.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 19.722.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг ганцаараа, мөн бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ы 1031 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ас нийт 13.018.00 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.У-д 450.000 төгрөг, хохирогч Д.Э-т  984.000 төгрөг, хохирогч Ч.Б-т 1.125.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 1.949.000 төгрөг, хохирогч Р.Б-ад 1.020.000 төгрөг, хохирогч Д.Д-т 1.800.000 төгрөг, хохирогч Д.Ү-ад 5.290.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.С-т 400.000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Н.С- нь Э.М-аас 400.000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ы хувьд ногдох хөрөнгө орлогоос 1.166.600 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Г.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн үйлдсэн гэх 9 үйлдлийн 8-г хүлээн зөвшөөрч 1-г хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдан хоригдож байх хугацаанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч н.Буянбат надаас байцаалт авахдаа өмгөөлөгчийг байлцуулаагүйн гадна, өмгөөлөгч надтай түүний утсаар ярьж “Э- аа чи байцаалтаа өгчих, би дараа нь н.Буянбаттай уулзаад гарын үсэг зурчихъя” гэж хэлсэн. Би уг хэргийг Э.Б- гэх хүнтэй хамт үйлдсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн атал мөрдөгч намайг бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан мэдүүлгийг өөрчилж, энэ хэрэгт зөвхөн намайг буруутгасан. Иймээс Э.Б- гэх хүн мөрдөгч н.Буянбаттай ямар холбоотой болох, яагаад миний эсрэг мэдүүлэг өгүүлж, зөвхөн намайг гэм буруутай болгож байгааг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Э-ы өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг дээр өмгөөлөгч миний бие гарын үсэг нөхөж зурсан асуудал байхгүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн талаар тогтвортой мэдүүлдэг боловч анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. ...” гэв.

            Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдааны явцад Г.Э- нь сүүлд үйлдсэн гэмт хэргээ нэгтгүүлэх саналыг гаргаж улмаар хэргийг прокурорт буцааж байсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг нэгтгэж шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Э.Б- болон бусад этгээдүүдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлж байгаагүй. Мөрдөн байцаалтын үед Э.Б- нь гэрчээр мэдүүлэхдээ “...дуудахаар нь очиход эд зүйл хийсэн цүнхтэй гудамжинд байж байсан...” гэдэг. Хэрэгт энэ талаарх баримт байдаггүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг үндэслэлтэй зөв шийдсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Г.Э- нь 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд ганцаараа 7 удаагийн үйлдлээр, Д.Т-тай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, Д.Л-, Б.Г- нартай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн машин механизм ашиглаж үйлдсэний улмаас нэр бүхий 9 иргэнд нийт 19.722.940 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.  

            Хохирогч Д.Э-, Т.М-, Ч.Б-, Ж.Б-, Р.Б-а, Д.Д-, Ц.А-, Д.Ү-, Д.У- нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

            1. Хохирогч Д.Э-ийн “...би 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгай тоотод зуслангийн байшиндаа эхнэрийн хамт очтол баруун талын цонхны сараалжин төмрийг салгаж тавиад, цонхоор нь хулгай орсон байдалтай байсан. ... 43 инчийн  “Samsung” загварын зурагт, цахилгаан дрилл, “Ddish” антен хүлээн авагч, могойтой вааран хэлбэртэй архи, “Martino” нэртэй 0,75 литрийн архи, “GMobile”-ийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /11хх 26-28/ гэх мэдүүлэг нь:

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 5-13/,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 29/,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...би уг айлд нэвтрэн орж зурагт зэрэг эд зүйлийг хулгайлсан. Эд зүйлээ Нарантуул зах дээр танихгүй хүнд худалдсан. Уг үйлдлийг ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /13хх 41/ гэх мэдүүлэг зэргээр,

            2. Хохирогч Т.М-ын “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн задгай тоотод зуслангийн байшиндаа 12-13 цагийн хооронд очтол 1 давхрын цонх онгорхой байсан. Би хулгай орсон гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. ... Доргилтоос хамгаалсан мөнгөлөг өнгийн лазер гэрэл, “Ken” загварын том улаан өнгийн гар тасдагч, улаан өнгийн цахилгаан хөрөө, улаан өнгийн цохилттой дрилл, улаан өнгийн 2 ширхэг батерейн дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” /11хх 59-60, 61-63/ гэх мэдүүлэг нь:

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 49-52/,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 64/,

            - алдагдсан эд хөрөнгийг үнэлгээгээр тогтоогдсон хэмжээнд мөнгөн хэлбэрээр хохирогчид нөхөн төлсөн тухай тэмдэглэл /11хх 57/,

             - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...би тухайн айлаас цахилгаан багаж, хөрөө зэрэг эд зүйл хулгайлсан. Ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /13хх 41/ гэх мэдүүлэг зэргээр,

            3. Хохирогч Ч.Б-ын “...2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр манай эхнэр Х- над руу утсаар яриад “Зуслангийн байшинд хулгай орчихсон байна” гэж хэлсэн. ... би гэртээ ороод үзтэл манай гэрээс 55 инчийн “Skyworth” загварын LED зурагт алдагдсан байсан. ...” /11хх 86-87/ гэх мэдүүлэг нь:

            - гэрч Ш.Х-ын “...зуслангийн байшинг худалдсан эмэгтэй над руу залгаад “Танай зуслангийн байшингийн хажуу байшингуудад хулгай орчихсон юм шиг байна” гэхээр нь зуслангийн ойролцоо байдаг дэлгүүрийн хөгшин рүү залгаж асуухад “Энд хулгай орчихсон байна, цагдаагийн бие бүрэлдэхүүн үзлэг хийж байна” гэж хэлсэн. Тэгээд нөхөр Б- луу залгаж “Зуслангийн байшинд хулгай орчихсон байна гэнэ, очоод үзээдэх” гэж хэлсэн. Манай нөхөр тэр даруй гэртээ ороод үзтэл 55 инчийн “Skyworth” загварын LED зурагт алдагдсан байсан гэсэн. ...” /11хх 88-89/ гэх мэдүүлэг,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 73-78/,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 94/,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...уг айлаас зурагт хулгайлж Нарантуул зах дээр худалдсан. Ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...” /13хх 41/ гэх мэдүүлэг зэргээр,

            4. Хохирогч Ж.Б-гийн “...2015 оны 12 дугаар сарын 7-ны орой 19 цагт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн 2-511 тоот зуслангийн байшиндаа иртэл байшингийн урд талын цонх онгойчихсон, гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. ... “Toshiba” загварын 50 инчийн LCD зурагт, “Sony” загварын DVD, “Ddish” төхөөрөмжийн хар хайрцаг, “DVD” ром, камерын дэлгэц, бэлэн мөнгө, “Chromе” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /11хх 185-186/ гэх мэдүүлэг нь:

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 168-177/,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 192/,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...уг айлд орж хулгай хийсэн нь үнэн. Зурагт, “DVD” тоглуулагч, камерын дэлгэц зэргийг авсан. Бусад эд зүйлийг аваагүй. ...” /13хх 41/ гэх мэдүүлэг зэргээр,

            5. Хохирогч Р.Б-ын “...2015 оны 12 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд очиход манай байшингийн цонхны хаалтыг эвдэж вакуум цонхоор орж 46 инчийн “Samsung загварын зурагт, хүүхдийн гацуур дээр байсан бэлэн 20.000 төгрөгийг авсан байсан. ...” /11хх 226-227/ гэх мэдүүлэг нь:

            - алдагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 228/,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...би уг айлаас зурагт болон 20.000 төгрөг авсан. Тухайн үйлдэлд Б-а гэж хүн байгаагүй. Зурагт хулгайлж аваад М-ыг дуудсан. ...” /13хх 41/ гэх мэдүүлэг зэргээр,

            6. Хохирогч Д.Д-ийн “...би 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 11 цаг болох гэж байхад эхнэр, хүүхдийнхээ хамт гэрээсээ гарсан. Манай хүү Мөнх-Амгалан гэрийн хаалгаа цоожилсон. Өдөр гэрт хүн байгаагүй. Орой 18 цаг 30 минутад ирэхэд цас орчихсон, цасан дээр шинэ гутлын мөр гарсан байсан. Тэгээд мөрийг нь хөөгөөд байшингийн хойд талаар тойроход арын тагтны цонх онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ оролгүй цагдаа дуудсан. ... Эд зүйлээ бүртгэж үзэхэд гал тогооны өрөөний ширээн дээр байсан их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, номын өрөөнд байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, том өрөөний шүүгээнд байсан мөнгөн гүц 1 ширхэг, хүүгийн унтлагын өрөөнөөс нүдний шил 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” /12хх 111-113/ гэх мэдүүлэг нь:

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 130-131/,

            - алдагдсан эд хөрөнгийн зарим болох дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12хх 109/,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Тухайн айлаас 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гүц зэрэг эд зүйл авсан. Би эд зүйл хулгай хийсэн байхдаа Л- рүү залгатал дүү Т-ын хамт ирсэн. Би гэртээ хүргүүлээд буухдаа Т-д 1 ширхэг аягыг нь өгсөн. ...” /13хх 41/ гэх мэдүүлэг зэргээр,

            7. Хохирогч Д.Ү-ын “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед хүүхдүүдээ сургууль руу нь хүргэж өгчихөөд 14 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгоод дотогшоо ороход манай байшингийн унтлагын өрөөний цонх онгорхой байсан бөгөөд тэр өрөөнд байсан эд зүйлс эмх замбараагүй болсон байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод шууд цагдаагийн байгууллагад хандсан. ... эд зүйлээ бүртгэж үзэхэд унтлагын өрөөний орон доор байсан газрын зурагтай арьсан цүнх доторх миний ээмэг, бөгж, зүүлт зэрэг үнэт эдлэлүүд, мөн унтлагын өрөөний шүүгээнд байсан бугуйн цаг, гутал, түрийвч, хүүхдийн өрөөнд байсан 2 ширхэг нүдний дуран зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. ...” /12хх 34-36/ гэх мэдүүлэг нь:

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 40-44/,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...уг айлд орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би хэн нэгэнтэй бүлэглэж үйлдээгүй ганцаараа ороод ээмэг, бөгж, цаг зэрэг эд зүйл авсан. ... авсан эд зүйлээ Хархорин зах дээр үл таних хүнд 600.000 орчим төгрөгөөр зарсан...” /13хх 41/ гэх мэдүүлэг зэргээр,

            8. Хохирогч Ц.А-ийн “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах зусландаа ирэхэд манай хашаанд байх Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод 49 инчийн “Samsung” загварын зурагтыг авсан байсан. ...” /20хх 198-200/ гэх мэдүүлэг нь:

            - гэрч Э.М-ын “...Би тэр өдөр зах дээр эхнэр Нарангэрэлийн хамт наймаа хийгээд байж байтал Э- над руу утсаар залгаад “Манай эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтсэн, 500.000 төгрөгийн хэрэг байна, зурагт зарах гэсэн юм, авах хүн байна уу, ломбардад тавимааргүй байна” гэж хэлэхээр нь би “Хүнээс асуугаад хариу хэлье” гэж хэлсэн. ... Монтел дээр гар утас авдаг С- руу залгасан. Тэгтэл нөгөө хүн “Үзье, Хайлаастад хүрээд ир” гэж хэлсэн. ... Би С-д “800.000 төгрөг” гэж хэлээд Э-д болохоор “500.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж хэлсэн.  ... Удалгүй мөнгө орж ирэхээр нь Э-д “500.000 төгрөг орж ирсэн, чи надад 100.000 төгрөг зээлчих” гэж хэлсэн. Тэгтэл Э- зөвшөөрч 400.000 төгрөгийг түүний өгсөн данс руу шилжүүлсэн. ... Э-д ... “Буруу гарын эд зүйл биш биз” гэж зөндөө хэлсэн ба ломбардад тавиад өгье гэтэл зөвшөөрөхгүй байсан. ...” /20хх 204-206/ гэх,

            - гэрч Э.Б-ын “...өнгөрсөн 4 дүгээр сард над руу нэлээн орой ... утсаар залгаад “Хойшоо зуслангийн зам дагуу хүрээд ир, найзынхаасаа юм аваад явж байна, үүнийг дүүгийндээ аваачиж өгөх юм” гэхээр нь дуудсан газарт нь яваад очиход Э- зам дээр нэг том хавтгай дэлгэцтэй зурагт бас нэг эрээн ууттай байхаа эд зүйл, жижиг цүнх үүрчихсэн зогсож байсан. Тэгээд миний автомашинд хийгээд бид хоёр Хайлаастын тэр хавьд нэг гудамжинд цагаан өнгийн автомашинтай, махлагдуу биетэй хүнд зурагтаа өгсөн. Тэгсэн удалгүй миний дансанд 400.000 төгрөг орсон бөгөөд би мөнгийг нь АТМ-ээс авч Э-д өгсөн. Тэгээд Э- таксины мөнгө гээд 20.000 төгрөг өгсөн. Надад бол хулгай хийсэн гэж хэлж байгаагүй. ...” /20хх 210-211/ гэх,

            - иргэний нэхэмжлэгч Н.С-ын “...Нарантуул зах дээр хуучин бараа зардаг М- гэх ах он, сарыг нь санахгүй байна, над руу залгаад “Удирдлагатай зурагт 800.000 төгрөгөөр барьцаанд тавина” гэж хэлсэн. ... зөвшөөрөөд 32-ын тойргийн орчим очсон. Тэгтэл М- ах миний автомашинд суугаад “Зурагт байгаа” гэхээр нь “Асааж шалгаж байж авна” гэж хэлсэн. Тухайн газарт шалгах газар олдохгүй болохоор нь Хайлаастын уулзвар өнгөрөөд буцаж эргэж зогсоод миний автомашинд нөгөө зурагтыг М- ах хийсэн. Тэгээд би гэртээ хариад асааж үзэж байгаад эхнэр Г-ийн данснаас М- ахын ээж Э- гэх хүний данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. ...” /20хх  203/ гэх,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Гоодойн зуслангийн автобусны буудал дээр буугаад ... гудамжаар дээш уул руугаа айлууд дундуур алхаад явж байхад баруун гар талд гадуураа төмөр сараалжин хашаатай, хашаан дотроо улаан өнгийн 2 давхар тоосгон байшин, 1 том цагаан гэртэй айлын хашааг нь давж ороод Монгол гэрийн хаалганы цоожийг нь халиваар хөшиж онгойлгоод гэрийн хойд талд зурагтын тавиур дээр байсан “Samsung” загварын 49 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад хаалгаар нь авч гарсан. Тэгээд зам дагаад доошоо алхаж яваад такси дуудаж хотын төв рүү явж байгаад шууд Хайлааст ороод “Мөөгий” гэх залууг 99077676 гэсэн дугаар нь дуудаж уг зурагтыг 400.000 төгрөгөөр худалдсан. Тэгээд таксигаараа Сансрын колонк дээр хүргүүлсэн. Би мөнгөө таксины жолоочийн данс руу хийлгэж авсан бөгөөд таксины жолооч залууд 20.000 төгрөг өгсөн. Мөнгөөр нь шоудаад дуусгасан. ...” /20хх-ийн 228-230/ гэх мэдүүлгүүд,

            - Хаан банк дахь С.Э-, Э.Г- нарын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /20хх 185-189, 191/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /20хх 172-177/,

            - алдагдсан эд хөрөнгийг Н.С-аас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /20хх 192-193/,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /20хх 221-222/ зэргээр,

            9. Хохирогч Д.У-ын “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчим манай жолооч “Нүхтийн аманд байх танай зуслангийн байшинд гаднаас хүн орсон юм шиг байна, хаалга онгорхой мөр байна гэж хамгаалалтын албанаас яриад байна, ирж үзэх шаардлагатай байна гэж хэллээ” гэж хэлсэн. ... 1 давхрын зочны өрөөний шилэн шүүгээн дотор байсан 2 ширхэг суугаа хэлбэртэй Цагаандарь эх, Будда 20 см орчим өндөртэй гуулин бурхан, мөн 1 давхрын шүүгээнд ил байсан 3 ширхэг цагаан өнгийн металл гадуур нь мөнгөлсөн шинжтэй 3 ширхэг бурхан тус тус алдагдсан байсан. ...” /12хх 181-182/ гэх мэдүүлэг нь:

            - гэрч Д.Д-гийн “...би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд иргэн Болдхэтийн эзэмшлийн байшингийн харуулаар 24 цагаас үүрэг гүйцэтгэж хоносон. 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим байшингаа эргэж тойроод шалгатал хар бараан хувцастай хүн хашаа даваад хойшоо гүйсэн. Би араас нь гүйсэн боловч хашаа давж чадаагүй болохоор шуурхай бүрэлдэхүүн рүү утасдаж хэлсэн. Манай төвөөс 4 хүн ирсэн. Гутлын мөр юмнуудыг нь хараад явж байтал цагдаа нар ирсэн. Манай шуурхай алба цагдаад дуудлага өгсөн. Хашаан дотор 2 хүний гутлын мөр байсан. ...” /12хх 184/ гэх,

            - яллагдагч Б.Л-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...урьд нь надтай хамт ял эдэлж байсан Э- над руу утсаар залгаад “Хаана байгаа юм, уулзъя” гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, “5 шар” гэх газрын автобусны буудал руу очиж уулзсан. Э-, Г- нар “Sonata 6” загварын автомашинтай байсан. Тэндээс хөдлөөд Яармагийн “Нүхтийн ам” гэх газар луу явсан. ... Э- “Энд нэг айл руу оръё” гэж хэлэхээр нь хулгай хийх гэж байгаа юм байна гэж ойлгосон. ... байшингийн подвалаар нь ороод 1 давхрын том өрөөнөөс 3 ширхэг мөнгөлөг өнгөтэй, 2 ширхэг нь өвдөглөөд суусан, 1 нь гартаа нум сум барьсан босоо байрлалтай бурхан байсныг авсан, мөн сервант дотроос ... 2 ширхэг шаргал өнгийн завилж суусан бурхан авсан. Э- дээшээ өгсөөд “Камерын бичлэг хураадаг эд” гээд нэг хар дөрвөлжин юм салгаж аваад гарцгаасан. Г- гадаа автомашинтайгаа хүлээж байсан. ... замдаа Э- бид хоёр цонхоор камер хураадаг зүйлийг шидчихсэн. ... 5 ширхэг бурхны 3 ширхгийг Э- өөрсдөө зараад, харин 2 ширхэг гуулин бурхныг надад өгсөн. Би бурхныг Сонгинохайрхан ууланд байх овоо руу аваачаад чулуун доор нуусан байсан. Өмнөх байцаалтуудад овоон дээр тавьсан гэж худлаа ярьсан. ... нуусан бурхдуудаа үзтэл нуусан газарт байсан болохоор аваад ирсэн. Одоо хохирогчид хүлээлгэж өгмөөр байна. ...” /12хх 142-143/ гэх,

            - яллагдагч Б.Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Яармаг ороод Нүхтийн ам өгсөөд бүр эцэс дээр нь очоод нөгөө хоёр намайг “Энд байж бай” гэж хэлээд явсан. Тэгээд 2 цаг орчим болсон. Миний гар утас руу Л- ах залгаад “Доошоо уруудаад буугаад ир, бид хоёр гэрлээ дохио өгнө” гэж хэлсэн. Би доошоо уруудаад явж байтал Э-, Л- хоёр хашааны буланд зогсож байсан. ... Нүхтийн эцэст очоод ер нь хулгай хийх гээд байгаа юм байна гэж мэдсэн. Камерын хайрцгууд, 2 том цагаан бурхан, 2 жижиг шар бурхан, 1 шар өнгийн хагас түрийтэй гутал зэрэг эд зүйл авсан байсан. 2 шар бурхныг Л- авсан. Шар гутлыг миний автомашинд үлдээсэн байсныг сүүлд цагдаад өгсөн. 2 цагаан бурхнаа маргааш нь Хархорин зах дээр 80.000 төгрөгөөр худалдсан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. ...” /13хх 44-45/ гэх,

            - яллагдагч Г.Э-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн У-ын гэрээс 5 ширхэг бурхан хулгайлсан хэргийг ... Г-, Л- бид гурав хамт явж байгаад үйлдсэн. Г- автомашин жолоодож явсан. ... Би хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. ...” /17хх 41/ гэх мэдүүлгүүд,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 197-203/, 

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 153-160/,

            - алдагдсан эд хөрөнгийн зарим болох гуулин бурхан 2 ширхгийг яллагдагч Б.Л-гээс хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12хх 171, 14хх 79/,

            - яллагдагч Г.Э-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэмт хэрэг үйлдсэн газар, байршлыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 221-222, 235-236/ зэргээр давхар нотлогдсон байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, сэм нууц аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

Ингэхдээ хулгайлж авсан эд хөрөнгийн тоо ширхэг, овор хэмжээнээс хамааран биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх, бусдыг мэдэхээс өмнө урьтаж хэргийн газраас богино хугацаанд холдох зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж авч явсныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж хүндрүүлэн үзнэ.

Шүүгдэгч Г.Э- давж заалдсан гомдолдоо “...Э.Б- гэгчтэй үгсэн тохиролцож хохирогч Ц.А-ийн гэрээс эд хөрөнгө хулгайлсан...” хэмээн гэмт хэрэгт хамтран оролцсон байдлын талаар маргадаг боловч энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй ба уг хэрэгт өөр бусад этгээдийн үйлдэл, оролцоо тогтоогдоогүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /20хх 228-230, 231-232, 233-235/-дээ “тухайн хэргийг ганцаараа үйлдсэн” талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд ийнхүү мэдүүлэхэд нь аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-ыг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон ба шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

            Ийнхүү шийдвэрлэхдээ, шүүгдэгч Г.Э-ы урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1252 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хассан буюу хорих ялаас хэсэгчлэн чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдлыг харгалзан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнийг өршөөлд хамруулаагүй нь хууль ёсны болсны гадна, “зарим үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа тоолох” асуудлаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Учир нь, 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн Нэгдүгээр бүлэг буюу “Нийтлэг үндэслэл”-д ерөнхий ба тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдамж болгох суурь хэм хэмжээг, Хоёрдугаар бүлэгт “Гэмт хэрэг”-ийн шинжүүдийг багтаасан тодорхойлолтыг хуульчилсан. Ингэхдээ ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч Г.Э- ганцаараа 7 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хулгайлах гэмт хэргийг үйлдэж, нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн ба түүний сүүлчийн үйлдэл 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр буюу 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд төгссөн байна.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Э- нь Б.Л-, Б.Г- нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 48-70 УНП улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул тухайн тээврийн хэрэгслийн үнийг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

            Нөхөн төлөгдөх эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зардлыг нэхэмжилсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж гэм буруутай этгээдээс гаргуулахаар, харин урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

            Харин шүүгдэгч Г.Э-ас гаргуулж, нэр бүхий 7 хохирогч, 1 иргэний нэхэмжлэгчид олгохоор заасан хохирлын нийт мөнгөн дүнг бичихдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “13.018.00 төгрөг” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцүүлэн “13.018.000 төгрөг” болгож зөвтгөх зүйтэй гэж дүгнэв.

 Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлаар маргасан шүүгдэгч Г.Э-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Г.Э- нь 2016 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 117 хоног, 2017 оны 1 дүгээр сарын 16-наас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 128 хоног, 2018 оны 6 дугаар сарын 8-наас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 325 хоног, 2020 оны 5 дугаар сарын 18-наас 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 хоног, 2020 оны 5 дугаар сарын 19-нөөс 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 562 хоног, нийтдээ 1133 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...13.018.00 төгрөгийг...” гэснийг “...13.018.000 төгрөгийг...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Э-ын 2016 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 117 хоног, 2017 оны 1 дүгээр сарын 16-наас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 128 хоног, 2018 оны 6 дугаар сарын 8-наас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 325 хоног, 2020 оны 5 дугаар сарын 18-наас 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 хоног, 2020 оны 5 дугаар сарын 19-нөөс 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 562 хоног, нийтдээ 1133 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН