Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0561

 

 

   2023          06           27                                    128/ШШ2023/0561

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:2*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Т*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.А*******, Б.Б*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М*******н нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А*******, Б.Б*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. “Э*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/432 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Г*******ийн өвөр гэх газарт 89500 мкв газрыг спорт сургалт аялал жуулчлалын зориулалтаар эзэмшсэн.

            1.2. Тус компаниас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2019/005 тоот, 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 2022/003 тоот, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2200921/04 тоот албан бичгүүдээр “...газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газрыг мэдээллийн санд бүртгэх талаар зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газрын алба/хуучин нэрээр/ болон Засаг даргад гаргасан.

            1.3. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/1733 тоот албан бичгээр “... тухайн газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон байх тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

1.4. Тус компаниас гаргасан гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 онгы 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-06/2447 тоот албан бичгээр “... сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байх тул тайлбар, баримтаа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.

1.5. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Э*******” ХХК-ийн 00******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 мкв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, “Э*******” ХХК-ийн 00******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 мкв талбай, 1 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрыг газрын нэгдсэн санд бүртгэхгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Э” ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/432 дугаар шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гийн өвөр байршилд 89500 м.кв талбай бүхий газрыг Спорт, сургалт, аялал жуулчлалын зориулалтаар олгож, 00******* дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 1 дугаар нэгж талбарын дугаар олгож, газар эзэмшүүлэх гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан. Ийнхүү тус газрыг эзэмшиж эхэлснээс хойш “Э” ХХК нь спорт, сургалт, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгоор холбогдох төслийг боловсруулж, төслийн хүрээнд тухайн газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьж, босгож байсан. Гэтэл тухайн газар эзэмших эрхийн захирамж, гэрчилгээ гарч, гэрээ байгуулагдаж, 1 дугаар нэгж талбарын дугаар олгогдсон байтал хариуцагч нар нь манай компанийн анх газар эзэмших хүсэлтэд хавсарган өгч байсан кадастрын зургаар газрын нэгдсэн санд бүртгэхгүй буюу өгөгдсөн 1 дугаар нэгж талбарын дугаараа газрын нэгдсэн сандаа оруулаагүй байсан. Ийнхүү оруулахгүй байгаа асуудлыг бидний зүгээс газар эзэмших эрхээ сунгуулах хугацаа дөхөх үед мэдсэн. Учир нь газар эзэмших захирамж, гэрчилгээ гарч, гэрээ байгуулагдаж, биднээс шалтгаалах, хамаарах үйлдлээ хийн, баримт бичгүүдээ авсан болохоор нэгж талбарын дугаар газрын нэгдсэн санд бүртгэл үүсгэгдээгүй болохыг мэдээгүй болно.

Ийнхүү эзэмшил газраа газрын нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргахад хариуцагчаас “эхлээд нэгж талбарын дугаарыг газрын нэгдсэн санд оруулах эсэхийг шийдвэрлэсний дараа газрын эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэнэ” мөн “ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж байнга тайлбарлаж байсан. Сүүлдээ дүүргээс манай газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй гэх болсон тул бид Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хандан өргөдөл гаргасан. Харамсалтай нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас манай Нийслэлийн Засаг даргад гаргасан өргөдөлд “Дүүрэгтээ ханд” гэсэн утгатай хариу өгсөн бөгөөд төрийн байгууллагууд манай өргөдлийг шийдвэрлэхгүй өөрөөс зайлуулж байгаа нь тодорхой байна. Улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/50 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон байх тул газар эзэмших хугацааг сунгахгүй” гэж 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Хариуцагч нар нь манай компанийн эзэмшлийн газрын ямар хэсэг нь хэр хэмжээгээр давхацсан мөн хамгаалалтын бүсэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй атал ийнхүү “Э” ХХК-ийн газар эзэмших хугацааг сунгахыг татгалзсан хариуг өгсөн. Учир нь газрын нэгдсэн санд оруулаагүй газрыг хаана, юутай хэрхэн давхцаж байгааг яаж шууд тогтоож буй нь үндэслэлгүй байх бөгөөд газар эзэмших зориулалтыг ч анхаарч шалгаагүй. Гэтэл тухайн байршилд хэд хэдэн иргэн болон аж ахуй нэгжүүдэд газар эзэмших, өмчлөх эрхийг олгосон байх бөгөөд энэхүү иргэд, аж ахуй нэгжүүд нь бүгд голын эрэг дагуу голтой залгаа байршилтай байдаг нь газрын нэгдсэн мэдээллийн egazar.gov.mn сайтаас тодорхой харагддаг. Тодруулбал, 2 иргэнд өмчлөлийн зориулалтаар 1 аж ахуй нэгжид эзэмшихээр газар олгосон байх бөгөөд манайхаас ялгаатай нь эдгээр иргэд, аж ахуйн нэгжийн газар нь бүгд голын эрэг дагуу байх бөгөөд тэр тусам Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс дээр газар өмчилж, эзэмшсэн байна. Дээрх байдлаар хариуцагч нар нь эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгч “Эдванселд Интернэшнл” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд дээрх бүх үндэслэлээр хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус байх тул “Э” ХХК-ийн 00******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 м.кв талбай, 1 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрыг газрын нэгдсэн санд бүртгэхгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах, мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж тус тус шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн компанийн зүгээс газрын гэрчилгээ ерөнхийдөө 2019 оны 9 сард дуусгавар болох байсан. Манай компанийн зүгээс 8 сард хугацаа сунгах хүсэлтээ гаргасан. Хүсэлт гаргаад дүүргээс ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байсан. Тухайн албан бичигт хариу өгөөгүй. Энэ хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 24-д заасны дагуу нотлох баримтыг үнэлэх тогтоох ажиллагаа хийж байна гэж бодож байсан. Тухайн үеийн хариуцаж байсан газар зохион байгуулагч н.Отгонбаяртай уулзахад танай асуудлыг ярилцаж байгаа гэж байсан. Яг хугацаа дуусаад манай асуудлыг шийдээгүй учраас н.Бат-Өлзий даргатай уулзахад минж үржүүлгийн  газарт олгочхоод танайд яагаад газрыг олгохгүй байдаг вэ энэ дээр  ийм байж болохгүй гээд та хэд хүсэлтээ дахиад өгчих гэсэн. Хугацаа сунгах тухай 2019 оны 8 сарын 28-ны өдрийн албан бичигт хариу өгөөгүй. Тэгээд даргатай уулзаад дахин хүсэлт өгөөд хүсэлт өгөх явцад газар зохион байгуулагч танай асуудлыг хэлэлцэж судалж байгаа гэдэг хариу өгсөн. Тийм учир шүүхэд хандахгүй судалж байхад нь шүүхэд хандаад байж болохгүй гэж яваад сүүлд хугацаа сунгах боломжгүй байна гэдэг хариу өгсөн учраас бид шүүхэд хандсан байгаа...” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Баянзүрх дүүргийн Засаг даргад “Э*******” ХХК-ийн тухайн 89,15 м.кв газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. “Э*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/432 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гийн өвөр байршилд 89,000 м.кв талбай бүхий газрыг спорт сургалт аялал жуулчлалын зориулалтаар олгож аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшүүлэх гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар байгуулсны үндсэн дээр эзэмших эрхтэй эзэмшиж ирсэн. Гэвч тухайн газарт газар эзэмших хугацаа сунгах хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дууссан. Дуусахаас өмнө “Э*******” ХХК-иас хууль тогтоомжид заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлт холбогдох баримтуудыг өгсөн боловч хариуцагч ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлэнэ гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлийн хариуг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээж аваад хуульд заасан хугацааны дагуу нэхэмжлэлээ гаргаад явж байна.

Хоёр дах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын болон Баянзүрх дүүргийн газар  зохион байгуулалтын албанд холбогдуулаад “Э*******” ХХК-ийн 89,500 м.кв талбай бүхий газрыг газрын нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр шаардлагад хоёуланд нь хамааралтай тайлбар үндэслэл байгаа. “Э*******” ХХК нь 2007 онд Тулга 13 төрийн бус байгууллагаас газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлж авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тухайн газарт тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулж эзэмшиж ирсэн. “Э*******” ХХК тухайн газар дээр спорт сургалт байгаль орчинд ээлттэй үйл ажиллагаа явуулах зорилгоор холбогдох төслийг боловсруулж төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн тодорхой хөрөнгө оруулалт хийсэн боловч газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй улмаас цаашаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба нь тухайн хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газар эзэмших нөхцөл боломжийг хангаж өгөөгүй. Үүний улмаас өнөөдрийг хүртэл кадастрын мэдээллийн санд бүртгэгдэхгүй байгаа улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдөж явж байгаа. Газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлт болон газрын хугацаа сунгуулах хүсэлтийг тухай бүр холбогдох албан тушаалтан байгууллагад гаргаж явсан боловч за шийдвэрлэнэ гэдэг байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүйгээр хохироож явж байсан. Тэгэхээр хариуцагч нарын эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах мөн газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Э******* ХХК болон газар эзэмших субьектив эрх гэрээ болон захирамжийн үндсэн дээр олгогдоод захирамж гэрээний дагуу эзэмшиж ашиглаад явж байсан гэсэн. Нэгэнт төрийн захиргааны байгууллагаас захирамж гараад гэрээ байгуулаад гэрчилгээ олгосон энэ нөхцөл байдал өөрөө бид нарын хамгийн анхны нэхэмжлэлийн шаардлага болох мэдээллийн санд бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус болохыг энэ захирамж гэрээнүүд нь өөрөө шууд хууль бус болохыг тогтоож байгаа. Нэгэнт захирамж гараад гэрээ байгуулагдаад гэрчилгээ гарсан бол мэдээллийн санд бүртгэх нь өөрөө Газрын тухай хууль тогтоомжоор шууд хийгдэх ёстой ажиллагаа байгаа. Гэтэл ямар ч хууль тогтоомжийг барихгүйгээр эс үйлдэхүйгээр мэдээллийн санд бүртгэхгүй байгаа үйлдэл хууль тогтоомж болон бусад асуудлыг үндэслээгүй буюу хуулиар олгогдоогүй шууд хууль бус эс үйлдэхүй болоод явж байгаа. Тэгэхээр энэ үндэслэлээр явж байгаа. Нэгэнт мэдээллийн санд бүртгэхгүй ямар солбицлын цэгээр ямар кадастраар ямар хэмжээний газар ашиглах вэ гэдэг нь төрийн захиргааны байгууллага баталгаажаагүй бол тэр нь өөрөө Э******* ХХК-ийг тухайн газрыг анхнаасаа ашиглах боломж олгоогүй байна гэдэг үйлдэл харагдаж байгаа. Аль хэмжээгээр ямар солбицлын  цэгээр ашиглах вэ гэдэг нь төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулалт хийгдээгүй болохоор бид нар ашиглах боломж анхнаасаа үүсэх нөхцөл байдал үүсээгүй.

Захирамж гараад эрчилгэ олгосон бол хууль тогтоомжид заасны дагуу ашиглах боломжийг олгоод газрыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байгаа. Энэ үүрэг анхнаасаа биелэгдээгүй байгаа учраас бидний зүгээс ашиглах, эзэмших эрх  хэрэгжээгүй ч гэсэн тухайн байгууламж дээр тодорхой хэмжээнд төсөл буюу яг ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаарх төслөө бичиг баримтын хэмжээнд гаргаад хавтаст хэрэгт хавсаргаад өгсөн байна.  Ашиглах боломж өгөөгүй байж 5 жилээр буюу энэ хугацааг дуусгаад сунгахгүй гээд ямар үндэслэл гаргаж байгаа тодорхой бус сунгах ажиллагаа хийгээгүй. Хариуцагчийн зүгээс бүхэлдээ ямар нэгэн байдлаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах эсвэл эс үйлдэхүй хийж байгаа асуудлаа тайлбарлах нөхцөл байдлаа тогтоох ажиллагаа хийх ёстой. Энэ талаараа ерөөсөө харьцаагүй. Ерөнхийдөө танай асуудлыг үнэлж байгаа энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байгаа гэдэг байдлаар хариу өгөөд явж байгаа. Мэдээллийн санд бүртгэнэ гол нь танай төсөлтэй холбоотой асуудал өөрөө хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсээр байгаад хугацаа алдаж байгаа. Тэгж явж байгаад хамгийн сүүлд нь бодит байдлаар бидэнд анх өгсөн хариу нь болохоор 2022 оны 6 сард танай газар эзэмших эрх зориулалтын дагуу боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Газрын тухай хуульд заасан цуцлах үндэслэл бүрдлээ гэдэг байдлаар албан ёсоор хариу өгөөд ингээд бид шүүхэд хандсан үйл баримт байгаа.

Хамгийн гол нь юу вэ гэхээр хариуцагчийн хариу тайлбарын татгалзлаас харахад энэ онцгой бус ерөөсөө газар ашиглах боломжгүй гэдэг байдлаар бидэнд хариуг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байр суурь тодорхой болсон. Энэ байр сууринд холбогдуулж дараах тайлбарыг хийж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 сарын 05-ны өдрийн журам баталсан. Энэ журмын тухайд онцгой бүс усны сан бүхий газар дээр газар эзэмшиж ашиглахад ямар дэглэмийг мөрдөх ямар журам мөрдөгдөх вэ гэсэн харилцааг зохицуулсан журам юм. Энэ журмыг харах юм бол эзэмшээд байгаа газар дээр үнэхээр бүх хүнд газар эзэмшиж болохгүй хориглосон уу гэж үзэхээр энэ журамт тийм заалт байхгүй байгаа. 2.5 дах заалтыг уншихаар онцгой хамгаалалтын бүсэд доор дурдсанаар бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 6 төрлийн үйл ажиллагаа зөвшөөрсөн байгаа. Үүн дээр 2.5.4-д нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барих, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах мод бут сөөг тарьж болно гээ зөвшөөрсөн байгаа. Хариуцагч Э******* ХХК-ийг хүлээж авч уулзахад манай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно гээд энэ хоёр 2.5.4-д заасны дагуу үйл ажиллагаа таарч байгаа. Эзэмшиж байгаа газар дээр явуулах гэж байгаа төсөл өөрөө хүний эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй төсөл боловсруулж байгаа. Онцгой сан бүхий хэсэгт тодорхой хэмжээний нэг хэсэг бүлэг бүхэлдээ мод бут сөөг тариад хүмүүс болон хүүхдийг эрүүл ахуйн орчинд спортын чиглэлээр чөлөөлт цагаа өнгөрүүлэхтэй холбоотой төслийг дэмжиж явсан. Тодорхой цаг хугацаанд спорт цогцолбор байгуулна, энэ цогцолборыг байгуулахад ийм ийм ногоон байгууламж барина гээд иймэрхүү байдлаар төслийг хийсэн. Гэтэл хариуцагч талаас нэг ч удаа иймэрхүү байдлаар хандаж үзээгүй. Ер нь бол 50 метрийн буюу онцгой бүсэд хэдэн метр нь хамаарагдаж байгаа  вэ, хамаарагдахгүй байгаа м.кв нь байгаа юм уу? 50 метртэй давхцаж байгаа хэсэг нь яг аль хэсгээр байгаа вэ гээд давхцалыг тогтоосон ажиллагааг хариуцагчаас анхнаасаа хийгээгүй. Энэ журмаар зохицуулсан үйл ажиллагааны чиглэлд танай хэрэгжүүлэх гэж байгаа төсөл нь хамаарч байгаа юм уу эсвэл хориглосон  төсөл юм уу гэдэгтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй. Хариуцагчийн зүгээс анхнаасаа ямар нэгэн үндэслэлгүйгээр ерөнхийдөө энэ төслийг хянаж байгаа иймэрхүү байдлаар оруулах гэж байгаа боловч яг үүнтэй холбоотой ажиллагааг аваад манайхыг оролцуулаад манайхтай холбоотой уулзалт зохион байгуулаад энэ төсөл өөрөө энэ байгууламж дээр ажиллах зөв үү үгүй юу гэдэг байдлаар санал оруулаад гэрчилгээ хэлэлцэх ажиллагаа хийгээгүй.

Тэгэхээр манайх энэ зориулалтад хамаарч байгаа. Манайх бүхэлдээ хориглосон буюу журам хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа биш байна гэж харагдаж байгаа.  Хоёрдугаарт тухайн газар дээр хэн ч юу ч ашиглаж болохгүй бол минж үржүүлгийн газар гэж байгаа. Эднийх голын эрэг дээр байж байгаа. Энэ байгууллага үйл ажиллагаа явуулж болоод байна. Төрийн захиргааны байгууллага байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ зориулалтаар манайхтай давхцаж байна. Үнэхээр болдоггүй бол эднийх яагаад болоод байгаа вэ? Минж үржүүлгийн газар буюу төрийн бус байгууллага эзэмшиж байгаа бол газрын тухай хуульд зааснаар зөрчил үүсгэх юм бол газар эзэмших хугацаа бас л цуцлагдах эрхтэй этгээд юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч өөрөө хэн ч байж болно. Төрийн захиргааны байгууллага тэр газрыг ямар нэгэн зориулалтаар эзэмшиж байна гэхээр Газрын тухай хууль үйлчлэхгүй буюу газар дуусгавар болохгүй сунгагдахгүй гэсэн ойлголт үйлчлэхгүй буюу тэгш үйлчлэх ёстой байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэж заасан. Хэн ч үйл ажиллагаа явуулж болохгүй юм бол минж үржүүлгийн газар ч гэсэн үйл ажиллагаа явуулах байх ёстой. Голын эрэг буюу 50 метр дотроо тодорхой харагдаж байгаа. 

Тэгэхээр татгалзаад байгаа үндэслэл нь өөрөө хууль тогтоомж болон саяны хоёр үндэслэлээр үгүйсгэгдэж байгааг анхаарч шийдвэрлэж өгнө үү.  Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

“Э*******” ХХК-д дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 89,500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацааг сунгасан байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “.... Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...” гэж заасны дагуу газар эмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ гаргах ёстой.

Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сунгуулсан байхаас харахад газар эзэмших эрхээ дахин сунгуулах хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдийн дотор гаргахаар байжээ. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” нь газар эмших эрх дуусгавар болох үндэслэл болохоор хуульчилсан байх тул тус хуулийн зохицуулалтаар “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон  гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн Засаг даргад гомдол болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны үүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “.... Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу “Э*******” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Тиймээс тус компанийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр үйлийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Газар эзэмших эрх дуусгавар болоход ямарваа нэгэн захиргааны акт гаргах шаардлагагүй буюу хуульд заасны дагуу дуусгавар болох эрх зүйн зохицуулалттай. Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байх тул “Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй буюу зөрчигдсөн гэж үзэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, шүүхээр сэргээлгэх эрхийн асуудал байхгүй болно.

... “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д буюу “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасан. 2014 оны 9 сарын 02-ны өдөр сунгуулсан байхаас харахад газар эзэмшүүлэх дахин сунгуулах хүсэлтээ 2019 оны 9 сарын 02-ны өдөр гаргахаар байгаа. Гэтэл газрын албаны хүмүүс хүсэлт хугацаандаа өгөөгүй гэсэн тайлбар хэлээд байдаг. Сүүлд хэрэгт авагдсан баримтаас харахад 8 сарын 28-ны өдрийн бичиг явж байгаа. Гэхдээ тэр бичиг газрын албанд хэзээ очиж бүртгэгдсэн талаарх баримт байхгүй. Бүүр сүүлд өгсөн үү, 8 сарын 28-нд өгсөн үү гэдэг асуудал байна. Улмаар тэр албан бичгийг хэзээ өгсөн мэдэгдэхгүй байгаа. Ийм учраас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол гэж заасан. Тус хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэх хүсэлт дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй болсон. Нэхэмжлэгч 2019 оны 9 сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн Засаг даргад гомдол болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дах хэсэгт заасан Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэгдээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу  нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байгаа.

Тиймээс тус компанийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Газар эзэмших эрх дуусгавар болоод ямар нэгэн захиргааны актууд гаргах шаардлагагүй. Хуульд заасны дагуу дуусгавар болох юм. Ингээд энэ нөхцөл байдлын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байх тул Засаг даргын эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Зөрчигдсөн эрх гэж үзэх хууль ёсны эрх ашиг сонирхол байхгүй. Мөн шүүхээр сэргээлгэх эрхийн асуудал байхгүй гэж үзсэн. Онцгой хамгаалалтын бүсэд орсон тогтоогдохгүй байна улмаар хэдэн метр орсон ороогүй гэдэг баримт байхгүй гэж байна. Энэ бол тодорхой байгаа. Газрын харилцаа геодези зураг зүйн газраас авсан баримтаар бүхэлдээ онцгой бүсэд хамаарч байна гэсэн. 2015 оны байгаль орчны сайдын болон барилга хот байгуулалтын сайдын тушаалын хавсралтаар баталсан журамд тодорхой зааж өгсөн. Тэгэхээр эдний үйл ажиллагаа доор дурдсан 6 үйл ажиллагаанд хамаарахгүй. Спорт тоглоомын талбайд орно гэж үзээд байх шиг байна. Тэгэхээр тийм юм байхгүй. Газрын үзлэгээр спорт тоглоомын төв байгуулсан зүйл тогтоогдоогүй. Мөн гэрчилгээнд байгаа эзэмшсэн зориулалт бол спорт тоглоомын талбайд хамааралгүй. Спорт аялал жуулчлал гэж байгаа. Нэгэнт Газрын тухай хууль сайдуудын хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу хориглосон байхад газар эзэмшүүлэх хугацааг сунгах боломжгүй. Сунгах юм бол нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөсөн зүйл болно. Нийслэлийн байгаль орчны газрын хүмүүс минж үржүүлгээр газар авсан улмаар эднийхийг бүрэн хориглох ёстой гэж байна. Ингэж барьцаж тэгш эрхийг хэрэгжүүлэх зүйл байхгүй. Нийслэлийн байгаль орчны газрын эзэмшсэн байгаа газарт хувийн хэвшил янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа зүйл биш. Яагаад гэхээр тэнд төрийн засгийн бодлогоор усны урсаж яаж нэмэгдүүлэх вэ улмаар сайжруулахад дэлхийн улс орнуудад ямар ажиллагаа хэрэгжүүлэх вэ? Монгол оронд гол мөрний шаардлагатай урсац нэмэгдүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон үндсэн дээр анх удаа 2012 оноос хойш ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар ч тохиолдолд Газрын тухай хууль болон сайдуудын баталсан мөрдөх журмыг зөрчөөгүй. Минж үржүүлэх шийдвэр нь агуулгаараа хууль журамд нийцэж байгаа.

Тийм учраас хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д зааснаар татгалзаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжаар үндэслэн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлийн авааны энгэрт 89500 мкв газрыг спорт сургалт аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож газар эзэмших гэрээ байгуулсан байна. Мөн тус дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/432 угаар захирамжийг үндэслэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ уульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн эрчилгээгээр эзэмшүүлнэ/-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож газар эзэмших гэрээ байгуулсан байна.  Танай компани тухайн газраа Газрын тухай хуулийн 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалт, Усны тухай хууль болон, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын болон эрүүл ахуйн бүсэд, Усны ухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, 17.8 дугаар зүйлийг тус тус зөрчиж газрын эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд Газрын ухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дах хэсэгт /Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана/ заасны дагуу хүсэлт гаргаагүй байх тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт /газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй/-ын дагуу тухайн газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Тус компани нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2022/003 тоот ирүүлсэн албан бичигт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13/419 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны А/230/127 тушаалын хавсралтад заасан 2.5.4 тухайд бид ярьж байна. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих гээд үүнд манайх хамаарч байгаа гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Үүн дээр эзэмшүүлнэ, ашиглуулна гэдэг үг байхгүй. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж спорт тоглоомын талбай мод бут сөөх тарих гэж байгаа. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг гэж заасан. Голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа газар эзэмших эрхийг сунгах ямар ч боломжгүй”  гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Э*******” ХХК-иас  Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Э*******” ХХК-ийн 00******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 мкв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, “Э*******” ХХК-ийн 00******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 мкв талбай, 1 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрыг газрын нэгдсэн санд бүртгэхгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

-газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаан сунгуулах, газрыг мэдээллийн санд бүртгүүлэх тухай хүсэлтээ удаа дараа гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн,

- газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаагийн улмаас газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн,

- манай байгууллагын газар эзэмших зориулалт нь усны сан бүхий газарт хориглох үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Г*******ийн өвөрт байрлах 89500 мкв газрыг анх тус дүүргийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 209 дугаартай захирамжаар “Т” ТББ-д спортын сургалт, амралтын зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийг спорт, сургалт, аялал жуулчлалын зориулалттайгаар “Э*******” ХХК-д шилжүүлж нь мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/432 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

3.2. Дээрх шийдвэрүүдийн дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг “Э*******” ХХК-д олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байсан байх боловч тус газрыг мэдээллийн санд бүртгэж байгаагүй нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 1/320 дугаартай албан бичигт “... тухайн байршилд бүртгэгдсэн нэгж талбар байхгүй” гэснээр тогтоогдов.

3.3. Мөн маргаан бүхий газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс”-д бүхэлдээ хамаарч байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 1/871 тоот лавлагаагаар тогтоогдож байна.

3.4. “Э*******” ХХК-иас 2019-2022 онуудад Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж “...газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газрыг мэдээллийн санд бүртгэх талаар зохих шийдвэр гаргаж өгнө үү”, “... өмнө гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгнө үү” гэх хүсэлтүүдийг гаргасан байх боловч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны 13/3394, 2022 оны 03 дугаар сарын 23-ны 13/419 тоот албан бичгүүдээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/1733 тоот албан бичгээр “... газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж заасан үүргээ эс хэрэгжүүлж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй гаргасан, харин хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна. Учир нь:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”-ыг эс үйлдэхүй гэж заасан ба хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хувьд хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшүүлэх тухай дүүргийн Засаг даргын шийдвэр гарсан, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон тохиолдолд газрыг мэдээллийн санд бүртгэх үүрэгтэй, энэ талаар газар эзэмшигч тусгайлан хүсэлт гаргах шаардлагагүй байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.2. Харин маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/1733 тоот албан бичгээр “... газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариу өгсөн байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй, хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан дээрх шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. 

4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь манай байгууллагын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буюу газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө гаргасан хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, хариу өгөөгүй” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч хариуцагчаас уг хүсэлтийг хүлээж авснаас хойших цаг хугацаанд “эрхийн хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариу өгсөн байх тул уг хариуг өгсөн өдрөөр эс үйлдэхүй дуусгавар болсон гэж үзнэ.

5. Нөгөө талаас, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;” гэж тодорхойлсон, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус заасан байх ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно:” гэж, 2.5.4-т “нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих;” гэж зохицуулжээ.  

6. Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/801 дугаартай захирамжаар “Туул голын усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах, ус хангамжийг хэвийн байлгах, нөөцийн зохист ашиглалт бий болгох зорилгоор Туул голын онцгой хамгаалалтын бүс болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар эзэмших эрх олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах болон бусдад шилжүүлэхийг зогсоох”-ыг нийслэлийн Газрын алба, нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.

7. Энэ тохиолдолд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас Усны тухай хууль болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүнчлэн дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсаныг хууль бус гэж буруутгах боломжгүй юм.

8. Нэхэмжлэгч талаас, “... манай байгууллагын эзэмшил газрын зориулалт журмаар хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгааг үгүйсгэхээргүй боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийн газар нь бүхэлдээ “Туул голын онцгой хамгаалалтын бүс”-д оршиж байх тул нэхэмжлэгчийн төлөвлөж буй спортын талбайг дагалдах суурьшлын бүс, тухайлбал, аялагч, амрагчдын байрлах сууц зэргийг онцгой хамгаалалтын бүсэд байршуулах боломжгүй.

9. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй тогтоогдож байх боловч Усны тухай хууль болон иргэдийн хурал, түүнчлэн дээд шатны Засаг даргын шийдвэрээр тогтоосон хориглолтыг зөрчихийг хариуцагч нарт даалгах, хууль тогтоомжоор хориглосон газарт мэдээллийн санд зургийг бүртгэхийг мөн даалгах боломжгүй байна.

10. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтэд холбогдох хариуг өгсөн, хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байх тул нэхэмжлэлийн “... газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

11. Улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хугацаа дуусгавар болсон, сунгахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулж гаргасан “газрыг мэдээллийн санд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эдвансхелд интерншэнл” ХХК-иас  Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан ““Э*******” ХХК-ийн 00******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 мкв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, “Э*******” ХХК-ийн 00******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 мкв талбай, 1 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрыг газрын нэгдсэн санд бүртгэхгүй байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ