Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2012/0403/з |
Дугаар | 221/MA2017/0340 |
Огноо | 2017-05-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/MA2017/0340
Д.Олзвой, Э.Авирмэд нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Олзвой, Э.Авирмэд нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр: “Иргэний хуулийн /1994 он/ 122 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн /1997 он/ 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 2-т заасныг тус тус үндэслэн “Бүртгэлийн үйл ажиллагаа буруутай болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205002484 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах, битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж бүртгэлийг хүчингүйд тооцуулах, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөгчийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Э.Авирмэдийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас хөөж гаргаад хуралдсан. Монгол Улсын ямар хуулинд ямар ч зөрчил гаргаагүй өмгөөлөгчийг хурлын танхимаас хөөж гаргасан учраас ойлгохгүй гайхаж байна. Э.Авирмэд өмгөөлөгчийг нь хөөсөн шүүгч нарыг татгалзсан юм байна. Гэтэл татгалзлыг ерөнхий шүүгч шийдэхээр хуульчилсан байх тул тэр гурван шүүгчийн хэн нь ерөнхий шүүгчийг орлоод байгааг ойлгохгүй гайхаж байна. Олон хойшлуулсан учир хурал хийсэн гэжээ. Хэрэгт 1629 гэсэн хуурамч албан тоот нотлох баримтаар авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2 ижил албан тоотыг нүдээр харахад адилхан юм шиг байтлаа шалгаад үзэхэд хоёр өөр бичгийн машинаар бичигдсэн байдаг. Зөвхөн энэ албан тоотыг шалгуулах гэж 3 жил болсон байдаг. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 1173 тоот шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэгчийг зөвтгөсөн гэжээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 1173 тоот шийдвэрээр 1173 тоот шийдвэр нь гомдол гаргах 10 хоногийн хугацаа дууссан гэсэн болохоос Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг зөвтгөөгүй. 1173 тоотод Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг үндэслэх хэсэгтээ хууль зөрчсөн болохыг тогтоож өгсөн байдаг гэх мэтээр маш олон зөрчилтэй байгаа ба бид өөр хэлбэрээр ч шалгуулах болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 860 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Д.Олзвой, Э.Авирмэд нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Авирмэдээс Л.Бат-эрдэнийг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ оролцож “хэргийн материалтай танилцах шаардлагаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргажээ.
Дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн агуулгыг хуралдаанд уншин сонсгосон байх ба уг тогтоолоор “нэхэмжлэгч өмгөөлөгч аван шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн гэж тэмдэглэгдсэн боловч бичгийн хэлбэрээр гараагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “шүүхийн тогтоол гэж захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан … шийдвэрийг”, 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасныг зөрчсөн.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаагүй ч түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр “өмгөөлөгч энэ шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өмгөөлөгч та явж болно” гэж шаардан, улмаар өмгөөлөгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн, гэсэн атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцсоноор тодорхойлсон зэрэг нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан үндэслэлд хамаарч байна.
Мөн нэхэмжлэгч Э.Авирмэд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлт гаргасныг тухайн шүүх бүрэлдэхүүн өөрсдөө шийдвэрлэж тогтоол гарснаар хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн боловч бичгийн хэлбэрээр гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Татгалзан гаргах хүсэлтийг шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гарган шийдвэрлэнэ”, 85 дугаар зүйлийн 85.4-т “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүх бүрэлдэхүүн өөрсдөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил бөгөөд шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхүйц зөрчилд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “өмгөөлөгчийг хурлын танхимаас хөөж гаргасан, нэхэмжлэгчийн шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан татгалзлыг ерөнхий шүүгч шийдвэрлэхээр хуульчилсан байхад гурван шүүгч бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэсэн нь ойлгомжгүй” гэх гомдлыг хангах үндэслэлтэй.
Харин Д.Олзвой, Э.Авирмэд нарын нэхэмжлэл бүхий хэрэгт захиргааны хэрэг үүссэнээс хойш 4 жил 5 сарын хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч талын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон, өмгөөлөгч авах боломжит хугацаа байсан талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв, нэхэмжлэгч тал шүүн таслах ажиллагаанд хүндэтгэлтэй хандах үүрэгтэйг тусгайлан тэмдэглэх нь зүйтэй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН