Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0487/з |
Дугаар | 76 |
Огноо | 2018-02-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 76
Б.А-ын нэхэмжлэлтэй,
Цагдаагийн ерөнхий газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Х.Батсүрэн,
Б.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Б.А-д холбогдох хэсэг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0869 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “Б.А-ыг ажлаас чөлөөлсөн” хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.А-г Цагдаагийн ерөнхий газрын харьяа Т а г-н даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 8 сар 1 хоногийн хугацааны цалинг ТТ-15 шатлалаар үндсэн цалин 821.016 төгрөг дээр онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын зэргийн нэмэгдлүүдийг тооцон олгож, энэ хугацааны эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн шаардлагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0869 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгад:
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Т а г-т явуулсан шалгалтаар илэрсэн зөрчилд Б.А-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа “...эрх бүхий этгээд илтгэх хуудсаар тайлагнасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй, дүгнээгүй, ямар үндэслэлээр албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
4. Б.А-ыг албан тушаал бууруулан томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар үр дүнгийн гэрээг үнэлж бус, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж албан тушаал бууруулан томилсон юм.
5. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19, 23 дугаар зүйлд заасан албан тушаал бууруулах үндэслэлүүд нь өөр агуулгатай байна. Давж заалдах шатны шүүхээс магадлалд Төрийн албаны тухай хуулийн 23.1 дэх хэсгийн талаар тайлбарлан дурдсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулаагүй байна.
6. Мөн Б.А-ыг албан тушаал бууруулан томилохдоо Т а г-н үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар тогтоогдсон алба хаагчдын сахилга, ажлын хариуцлага, /шалгалтын дүнгийн талаарх танилцуулгад тодорхой дурдсан байгаа/, мөн Б.А-н гаргасан зөрчлийн байдлыг харгалзан үзсэн болно. Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу Б.А Т а г-н үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, алба хаагчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.
7. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.А-д холбогдох 3 зөрчилд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
8. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт /15 дахь тал/ “...Шалгалтын дүнгийн танилцуулгаас үзвэл Б.А-н 12 асуудалд холбогдуулан шалгаснаас дээрх 3 асуудлаас бусад асуудлын хувьд шалгалтаар тогтоогдоогүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн... асуудлын тухайд шүүх дүгнэхгүй” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.
9. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.2-т зааснаар шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Т а г-н даргаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн б/51 дүгээр тушаалаар “төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг зөрчсөн, дээд шатны албан тушаалтны шийдвэр биелүүлээгүй” гэх үндэслэлээр цалин бууруулах шийтгэл оногдуулж, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
12. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах, 24 дүгээр зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл нь өөр өөр бөгөөд нэг тохиолдолд нэгэн зэрэг хэрэглэгдэхгүй юм. Гэтэл захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдуулан цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан атлаа ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, түүний шалтгаан үндэслэл тодорхойгүй байгаа нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
13. Нэхэмжлэгчийн тухайд цагдаагийн албан хаагч нарт хууль бус үүрэг өгч, ойгоос мод авчруулсан, зарим модыг өөрийн хувийн эзэмшлийн газарт суулгасан, цагдаагийн алба хаагч Н.О-г амралтгүй ажиллуулсан зэргээр зөрчил гаргасан болох нь Цагдаагийн ерөнхий газрын дотоодын хяналт, аюулгүй байдлын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон, уг зөрчилд цалин бууруулах шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангаж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдэл зөв болжээ.
14. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж, албан тушаал бууруулах эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэхүү зүйл нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгтэй хамт хэрэглэгдэх байна. Гэтэл захиргааны байгууллага нь эдгээр заалтыг хамтад хэрэглээгүй, нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүнг зохих журмын үнэлж дүгнээгүй атлаа албан тушаал бууруулж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй. Иймд, энэ тогтоолын “тодорхойлох” хэсгийн 3, 4-д заасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
15. Захиргааны байгууллагын нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан үндэслэл нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэлтэй давхацсан, өөрөөр хэлбэл нэг зөрчилд цалин бууруулах, албан тушаал бууруулах хариуцлагыг давхар хэрэглэсэн алдаатай тушаал байна. Тодруулбал, хариуцагчаас “албан тушаал бууруулахдаа гаргасан зөрчлийн байдлыг харгалзан үзсэн” гэж тайлбарласан, нөгөө талаар “байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, алба хаагчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн гомдлын 7 дахь хэсэгт заасан “алба хаагчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.
16. Хариуцагчийн “шүүх 3 зөрчилд холбогдуулан дүгнэлт хийж, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудлыг дүгнэхгүй зэргээр нотлох баримт буруу үнэлсэн” тухай гомдлын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ...” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд захиргааны байгууллага нь албан тушаал бууруулсан үндэслэл, холбогдох баримтыг тушаал гаргахаас өмнө цуглуулах, шинжлэн судалсан байх үүрэгтэй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хувьд өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй, ийнхүү гаргаагүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.8-д тодорхой заасан учир дээрх гомдол үндэслэлгүй.
17. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0869 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ