Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00152

 

 

 

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х. Хаяг: Б аймаг, Д  сум, 3 дугаар багт оршин суух,

Хариуцагч: Н. Хаяг: Б аймаг, Д  сум, 3 дугаар багт оршин суух,

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сумын 3 дугаар багийн Я  гэх газраас олгосон 700 м.кв эзэмшлийн газраас хариуцагч Н ы барьсан 83.5 м.кв талбайтай дээвэртэй өвлийн байшин болон 19.8 м.кв талбайтай зуны байшинг тус тус албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х   ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З ,

Хариуцагч Н ,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х    нь анх шүүхэд хариуцагч Н д холбогдуулан Д   сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Я ” гэх газарт байгаа өвөлжөөнөөс Н ы барьсан байшинг албадан буулгаж, хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хүссэн тухай шаардлага гаргасан байна.

Гэтэл шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тус сумын 3 дугаар багийн Я  гэх газраас олгосон 700 м.кв эзэмшлийн газраас хариуцагч Н ы барьсан 83.5 м.кв талбайтай өвлийн байшин болон 19.8 м.кв талбайтай зуны байшинг тус тус албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлүүлэхийг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарласан байна. Үүнд:

1.1 Тус сумын 3 дугаар багийн Я  гэх газраас 700 м.кв газрыг миний бие хууль журмаар эзэмшдэг юм. Уг газарт өвлийн байшин маань байсныг миний бие нурааж өөр газарт барьсан юм.

1.2 Гэтэл миний эзэмшлийн 700 м.кв газарт миний төрсөн ах болох Н  нь өвлийн байшин мөн зуны байшин барьж авсан. Миний ахад үүнээс гадна хоёр өөр газар байдаг. Миний ганц газарт булаацалдах шаардлагагүй гэж үзэж байна. Уг газар дээр байгаа чулуун байшин миний өмч.

1.3 Тиймээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж миний хууль ёсоор эзэмшиж буй Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт байрлалтай 700 м.кв газарт хариуцагч Н ы барьсан 83.5 м.кв талбайтай дээвэртэй өвлийн байшин болон 19.8 м.кв талбайтай зуны байшинг тус тус албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна гэв.

2.Хариуцагч Н ы хариу тайлбар, татгалзал:

2.1 Би нэхэмжлэгчид эвлэрэх талаар санал гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Маргаан бүхий газарт би ч гэсэн 700 м.кв газрыг эзэмшдэг. Надад эзэмшил газрын кадастрын зургийг гаргаж өгөхийг Д  сумын газрын даамлаас хүссэн. Тэгэхэд 2024 оны газрын төлөвлөгөөнд оруулна гэж хэлсэн. Дахин дахин байшин барих нь миний хувьд бэрх байна. Нэхэмжлэгч өөр газар дээр байгаа байшингаа миний кадастрын зураг гарсан эзэмшил газарт барьсан ч болно шүү дээ. Адилхан нэг өвөлжөө газар учраас ялгаа байхгүй гэж үзэж байна.

 2.2 Харин нэхэмжлэгч болох миний дүү Х    нь 2008 онд уг газарт байдаг байшингаа буулгаад өөр газар луу нүүгээд явсан. Тухайн үед би дүүдээ аавынхаа байшинг битгий буулга, хоёулаа хамт сууя гэж хэлсэн. Тэгэхэд энэ газарт адуу мал тогтохгүй гэж нүүгээд явсан.

2.3 Нэхэмжлэгч одоо ч байшингаа тухайн газарт шилжүүлээд авч ирж барьж болно. Миний төрсөн дүү атлаа яагаад миний саналыг хүлээн авахгүй байгаа вэ? Би ганц бие муутай хүүтэй, дүү маань ч гэсэн 9 дүгээр ангийн ганц хүүтэй. Бусад хүүхдүүд тус тусдаа гараад явсан. Би нас өндөр болж байгаа учраас цаашид мал маллах боломжгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШЗ2023/02821 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Б аймгийн Д  сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “ гэрчилгээ шинэчлэх, гэрээ байгуулах тухай” А/17 дугаартай захирамж, уг захирамжийн хавсралт, нэхэмжлэгчийн нэр дээрх Иргэний газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээ, нэгж талбарын 00 дугаартай газрын кадастрын зураг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймгийн Д  сумын Засаг даргын нэхэмжлэгч Х   д 2023.11.21-ний өдрийн 1/251 дугаар албан бичгээр өгсөн хариу, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.01.26-ны өдөр нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үзлэг хийлгэх, эрх бүхий байгууллагаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахыг хүссэн тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн иргэний үнэмлэх, Б аймгийн Д  сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “3-р багийн дарга Х , иргэн Н , З нарт” бэлчээр эзэмшүүлэх тухай 05 дугаар захирамж, тус сумын Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг үндэслэн Д  сумын 3-р багийн доод Хотгор хороо гэх газраас өвөлжөө, хаваржааны хашаа, гэр, байшин барих зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшлийн газар олгосон №392 дугаартай газар эзэмших гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Д  сумын 3-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр олгосон тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  130/ШЗ2024/00432 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Д  сумын газрын даамал Б ээс 2024.02.05-ны өдөр хариуцагчийн нэр дээрх №392 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Б аймгийн Д  сумын Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай захирамж, мөн сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай “гэрчилгээ шинэчлэх, гэрээ байгуулах тухай” захирамж болон хавсралт, мөн тус шүүхээс маргаан бүхий газарт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн схем зураг, тус газарт буй үл хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн фото зураг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Тус сумын 3 дугаар багийн Я  гэх газраас 700 м.кв газрыг миний бие хууль журмаар эзэмшдэг ба уг газарт миний төрсөн ах болох Н  нь өвлийн байшин мөн зуны байшин барьж авсан. Манай ах үүнээс гадна хоёр газартай. Миний хууль ёсоор эзэмшиж буй Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт эзэмшдэг 700 м.кв газарт хариуцагч Н ы барьсан 83.5 м.кв талбайтай дээвэртэй өвлийн байшин болон 19.8 м.кв талбайтай зуны байшинг тус тус албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна гэж тайлбарлажээ.

8.Хариуцагч Н  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... Маргаан бүхий газарт би ч гэсэн 700 м.кв газрыг хууль журмаар эзэмшдэг. Надад эзэмшил газрын кадастрын зургийг гаргаж өгөхийг Д  сумын газрын даамлаас хүссэн. Тэгэхэд 2024 оны газрын төлөвлөгөөнд оруулна гэж хэлсэн. Дахин дахин байшин барих нь миний хувьд бэрх байна. Нэхэмжлэгч одоо ч байшингаа тухайн газарт шилжүүлээд миний эзэмшлийн газарт авч ирж барьж болно. Миний төрсөн дүү атлаа яагаад миний саналыг хүлээн авахгүй байгаа вэ? Би ганц бие муутай хүүтэй, чи 9 дүгээр ангийн ганц хүүтэй. Би нас өндөр болж байгаа учраас цаашид мал маллах боломжгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1 Б аймгийн Д  сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаартай захирамж, түүний хавсралт, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 00 дугаар нэгж талбарын 00 дугаартай газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын 00 дугаартай газрын кадастрын зураг зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Х    нь Б аймгийн Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт 700 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг нь тогтоогдож байна.

9.2 Мөн тус сумын Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг үндэслэн олгосон  №392 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Д  сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаартай захирамжаар нэр бүхий 400 иргэнд 28 га газрыг өвөлжөө,хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаатай хавсралтаар олгосны хавсралтын 144-рт хариуцагч Н  нь маргаан бүхий Б аймгийн Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт 700 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг нь тогтоогдсон

9.3 Харин хариуцагч Н ы №392 дугаартай  газар эзэмших гэрчилгээг тус сумын Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг үндэслэн олгосныг  шинэчилж 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тус аймгийн Д  сумын Засаг даргын “гэрчилгээ шинэчлэх, гэрээ байгуулах тухай” А/17 дугаартай захирамж,түүний хавсралтаар  нэр бүхий 400 иргэнд олгосон байх бөгөөд уг захирамжийн нэг дэх заалтаар Газрын тухай шинэ хууль үйлчилж эхэлсэн өдрөөс өмнө газар эзэмшиж байсан хуучин газар эзэмших гэрчилгээг ямар нэгэн зөрчилгүй байгаа 400 иргэнд 28 га газрыг өвөлжөө,хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаатай хавсралтад заасан  иргэдэд сольж, шинэ гэрчилгээ олгож гэрээ  байгуулахыг газрын даамалд даалгасан байх боловч тухайн захирамжаар хариуцагчид олгосон Б аймгийн Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт  байршилтай 700 м.кв газарт  кадастрын зураг болон байршлын схем зураг  хийгдээгүй, гэрээ  байгуулагдаагүй болох нь тус сумын газрын даамал Б ийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

10.Эдгээр бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт 700 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус тус эзэмшдэг нь тогтоогдсон.

11.Гэтэл нэхэмжлэгч Х   д олгосон 700 м.кв эзэмшлийн газарт хариуцагч Н ы барьсан 83.5 м.кв талбайтай дээвэртэй өвлийн байшин, 19.8 м.кв талбайтай зуны байшин давхцаж орсон болох нь тус шүүхээс  маргаан бүхий газарт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн схем зураг, фото зургаар тогтоогдож байна.

12.Хэдийгээр хариуцагч Н д тухайн маргаан бүхий Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт 700 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн боловч кадастрын зураг болон байршлын схем зураг хийгдээгүй, байхгүй ба харин нэхэмжлэгч Х   д олгосон 00 нэгж талбарын 700 м.кв эзэмшлийн газарт үйлдсэн газрын кадастрын зургаар хариуцагчийн барьсан 83.5 м.кв талбайтай дээвэртэй өвлийн байшин болон 19.8 м.кв талбайтай зуны байшин давхцаж нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт орсон болох нь үзлэгээр тогтоогдсон болно.

13.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

14.Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд өмчлөгч, эсхүл хууль ёсны эзэмшигч нь хөрөнгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч Н ы барьсан өвлийн дээвэртэй байшин болон зууны байшинг албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

15.Иймд нэхэмжлэгч Х   ы Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газраас олгосон 700 м.кв өвөлжөө, хаваржааны эзэмшлийн газраа эзэмшиж түүндээ өөрийнхөө байшингаа барих гэхэд хариуцагч Н ы барьсан өвлийн дээвэртэй байшин болон зууны байшин давхцаж, саад учруулж, түүний субьектив эрхийг зөрчиж байгаа нь тогтоогдож байгаа тул уг газарт буй хариуцагч Н ы барьсан 83.5 м.кв талбайтай дээвэртэй өвлийн байшин болон 19.8 м.кв талбайтай зуны байшинг тус тус албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

16.Харин хариуцагч Н ы маргаан бүхий Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газарт эзэмшдэг 700 м.кв газарт эрх бүхий байгууллагаас газрын кадастр хийгдсэний дараа тухайн газарт хувийн байшингаа барьж авах эрх нь нээлттэй болохыг дурдлаа.

17.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х д Б аймгийн Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газраас  олгосон 700 м.кв эзэмшлийн газраас хариуцагч Н ы барьсан 83.5 м.кв талбайтай дээвэртэй өвлийн байшин болон 19.8 м.кв талбайтай зуны байшинг тус тус албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлсүгэй.

 

2.Хариуцагч Н ы Б аймгийн Д  сумын 3 дугаар багийн Я  гэх газраас эзэмшдэг 700 м.кв газарт эрх бүхий байгууллагаас газрын кадастр хийгдсэний дараа тухайн газартай хувийн байшингаа барьж авах эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х   д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж