| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/01987/И |
| Дугаар | 135/ШШ2024/00226 |
| Огноо | 2024-02-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2024/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/01987/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ....... сум, ......... баг, ......... тоот оршин суух Э /Утас:........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ....... сум, ..... баг өөрийн байранд байрлах Д Компанид холбогдох,
"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,799,229 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э нь 1994 оноос хойш тухайн байгууллагад гэрээт замчин, сахиулаар ажиллаж байгаад 2018 онд өндөр настны тэтгэвэрт гарсан. Улмаар тэтгэвэрт гарсныхаа дараа тухайн байгууллагадаа үргэлжлүүлэн сахиулаар ажилласан. Гэтэл байгууллагын удирдлагын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нийтдээ 3 удаа ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Тухай бүрд нь шүүхэд нэхэмжлэл гаргаад ажилдаа эргүүлэн тогтоогдсон. ДКомпани нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа огт биелүүлдэггүй. Заавал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэн ажилт томилох тушаалыг гаргадаг байсан. Ажилд томилогдсон тушаал гараад удалгүй ямар нэгэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлдөг үйл баримт болсон.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай шийдвэр болон Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай магадлалаар Д.Эыг ДК-ийн Хөтлийн шуурхай хэсэгт сахиулын ажилд эргүүлэн тогтоосон. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажилд томилох тушаалыг гаргасан. Тэгэхээр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн үеэс эргүүлэн томилсон хугацаа буюу нийт 275 хоногт ноогдох цалин буюу 4,216,575 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин нь 460,000 төгрөг бөгөөд 24 цагаар ажилладаг учраас 30 хоногт хуваагаад нэг өдрийн цалинг 15,333 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу ДКомпаниас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаартай ажилд томилох тухай тушаал гаргасан. Уг тушаалыг Д.Эт биечлэн танилцуулаагүй. Улсын дээд шүүхээс гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанитайгаа холбогдон ажилдаа орохыг шаардсан ч захирал солигдсон гэх шалтгаанаар хойшлуулж байсан. Тэгээд ажилд томилох тушаал гарахаас өмнө Д.Э нь 3 удаа очиж уулзсан. Тэр үед Д.Эт сахиулын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ галч, тогоочийн ажлыг хамт хийхийг мэдэгдсэн. Харин Д.Э гуай тогоочийн ажлыг зэрэг хийж болно, галчийн ажлыг хийж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь байгууллагаас нь энэ талаараа бичээд хүсэлтээ өгөхийг шаардсаны дагуу бичиж үлдээгээд явсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.Э руу гар утсаар холбогдоод ажил хүлээлцэж байна, та хүрээд ирээ гэж хэлсэн байдаг. Д.Э гуай миний өмнөх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад гурван ажлын хамт хийнэ гэх хариуг өгсөн. Тэгээд Д.Э гуай галчийн ажлыг хамт хийх боломжгүй гээд ажил хүлээлцэх үед очоогүй байдаг. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгууллага дээрээ очиж уулзаад юу болж байгаа талаар асуухад тантай холбоотой баримтуудыг шуудангаар явуулна гэх тайлбарыг өгсөн. Монгол шуудангаас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, мэдэгдсэн баримтуудыг хамтад нь ирүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлсөн тухай тушаалын үндэслэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-т заасныг тус тус дурдсан байдаг. Ажил олгогчийн зүгээс дээрх тушаалын үндэслэлээ шүүхэд нотлох үүрэгтэй. Мөн ажил олгогчийн тушаал, эрх зүйн акт нь хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг огт баримтлаагүй. Ажилтны гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн баримтгүй үндэслэлгүй шийдвэр байгаа учраас ажилд эргүүлэн тогтоолгож, цалинг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дугаар зүйлийн 124.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу нийт 38 хоногт ноогдох 582,654 төгрөгийг нэхэмжилж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т хуульд заасан үндэслэлээр заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ гэж заасан. Мөн ДКомпанийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1.9-т ажилтнуудын салбарт удаан жил ажилласан болон ур чадваруудын нэмэгдлүүдийг холбогдох яам, газраас гаргасан тогтоол, шийдвэр, тушаал, хамтын гэрээнд заасныг үндэслэн зохих журмын дагуу олгоно гэж заасан. Тус журмын нэгдүгээр хавсралтаар баталсан удаан жил ажилласан нэмэгдэл олгох журмын хоёрдугаар хэсэгт 26 ба түүнээс дээш жил ажилласан бол сарын үндсэн цалингийн ...%-аар тооцож, сар бүр олгохоор заасан. Үүний дагуу нэхэмжлэгч Д.Э нь ДКомпанид өнөөдрийн байдлаар тасралтгүй 29 жил ажилласан байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар нотлогдож байгаа. Д.Эын сарын үндсэн цалин 460,000 төгрөгийн ...%-аар тооцно. Анх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөс хойш одоог хүртэл удаан жил ажилласан нэмэгдлийг аваагүй. Энэ хугацаанаас хойш 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаа буюу нийт 5...сарын нэмэгдэл болох 5,980,000 төгрөгийг ДКомпаниас нэхэмжилж байгаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
Байгууллагаас гаргаж буй тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Д.Эыг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. 2017 оны хөдөлмөрийн гэрээ байгаа. Шүүхийн шийдвэрээр хөлсөөр ажиллах гэрээ нь хуульд нийцээгүй болохыг тодорхойлсон байдаг. Тухайн 2017 оны гэрээнд заасан ноцтой зөрчил гэх агуулгыг үндэслээд 2023 онд Д.Эыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн тушаалд ямар зохицуулалтаар ноцтой зөрчил гэж үндэслэснийг дурдах ёстой. Нэхэмжлэгч Д.Эыг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан үндэслэл огт хамаарахгүй. Нэхэмжлэгчийн зүгээс надад ажилд томилсон тушаал, ажлын хэсэг томилсон тушаалын талаар огт хэлээгүй, харин тантай холбоотой баримтуудыг шуудангаар явуулна гэх тайлбарыг өгсөн талаар хэлдэг. Тэгээд шуудангаар ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалыг хамт ирүүлсэн учраас гомдол гаргасан гэдэг. Мөн тухайн байгууллагад удаан жил ажилласан цалингийн нэмэгдэл олгодог журам байдаг. Гэтэл энэ нэмэгдлийг авдаг нэг ч ажилтан байдаггүй. Эсвэл бүх ажилчид нь өндөр настын тэтгэвэрт гарсан гэж дүгнэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ гэх зохицуулалтын дагуу Д.Эын зүгээс удаан жил ажилласан нэмэгдлээ шаардах эрх үүсэж байна. Иймд нэхэмжлэгч Д.Эын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, Д.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын гүйцэтгэх захирал солигдсоны дараа Д.Эыг ажилд нь эргүүлэн томилсон. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тушаал гаргаад 10 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцэх шийдвэр гарсан. Түүнээс өмнө Д.Эыг олон удаа дуудсан. Өөрөө ДКомпани дээр ирээд уулзсан. Бидний зүгээс ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг нэг шуудангаар явуулах ухамсар байхгүй. Иргэн Д.Э нь ажилд томилсон, ажил хүлээлцэх шийдвэрийг мэдэж байсан. Тэгээд ажил хүлээлцэх үедээ Д.Э ирээгүй байж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил хүлээлцэх үедээ миний албан тушаалд заагаагүй тогооч, галчийн ажлыг хамт хүлээж авахыг шаардсан гэж бичсэн. Ажил хүлээлцэх комисс Д.Эыг 3 цаг хүлээсэн ч ирээгүй учраас явсан. Манай байгууллагаас ажилд нь эргүүлээд авсан ч өөрөө ирээгүй. Д.Э нь ажлаа хийхгүй талаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан ахмад Э хэлсэн. Тэгэхээр ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлд дээрх тайлбарыг өгье. Хоёрдугаарт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,799,000 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэн Д.Э нь манай байгууллагад 2023 онд нэг ч өдөр ажиллаагүй учраас мэдэхгүй байна. Тэгээд Д.Эт бодогдсон цалин байхгүй учраас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх боломжгүй.
Нэхэмжлэгчээс удаан жилийн нэмэгдэл авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хавтаст хэргийн 85 дугаар хуудаст байгаа манай байгууллагын дотоод журмын 7.1.10-т тэтгэвэрт гарсан өндөр настан цаашид эрүүл мэндийн байдал хэвийн ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр ажил эрхэлж буй тохиолдолд хоол, унааны нэмэгдлээс бусад нэмэгдлийг олгохгүй гэж заасан. Нэхэмжлэгч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын .... тоот тушаалаар өндөр настны тэтгэвэрт гарсан. Тийм учраас байгууллагын дотоод журмын 7.1.10-т заасныг үндэслэн удаан жил ажилласан нэмэгдлийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
ДК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын ...дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрддөг. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.Эт хамтын гэрээнд заасны дагуу 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 510 дугаартай тогтоол, ДК-ийн ажилд томилсон тухай тушаал ДК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ....... дугаартай ажлын хэсэг гаргах тухай тушаал, ...... дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, шууданч Уранбайгал, нэхэмжлэгчийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэл, Ууганбаярын иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, төлбөрийн даалгавар, ажлын цаг ашиглалтын бүртгэл, ажилд томилох тухай ...... дугаартай тушаалын хуулбар, ...... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаартай албан тоот, 2019 оны тэтгэмж олгох тухай тушаал, 2019 оны дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, фото зураг, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, 3 дугаар хавсралт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаал, ........ дугаартай нэхэмжлэгч ******* нийгмийн даатгалын дэвтэр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр, 2020 оны 3 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн ..... дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн ...... дугаартай магадлал, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчийн итгэмжлэл, Д.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2011 оны Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн ......... дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч ДК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Э нь Д компанид холбогдуулан, өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацааны буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 4,216,575 төгрөг гаргуулах, энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, Д компанийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны цалин 582,654 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь удаан жил ажилласан нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/00... дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2023/000... дугаар магадлалаар намайг ДКомпанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгосон. Гэтэл хариуцагч ДКомпани нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаар ажилд томилох тухай тушаал гарсан. Уг тушаалын дагуу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцэхээр очиход сахиулын ажлын хамтаар миний албан тушаалын тодорхойлолтод заагаагүй тогооч, уурын зуухны галчийн ажлыг хамт хүлээж авахыг шаардсан. Би тогоочийг давхар хийж болно, уурын зуух бол ажиллагаа ихтэй, байнга галлах шаардлагатай, давхар хийх боломжгүй байгаагаа хэлсэн. Улмаар хариуцагч ДКомпаниас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...... ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, мэдэгдлийн хамт шуудангаар явуулсныг би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч мэдлээ. ...Миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй атал ийнхүү хууль бусаар ажлаас чөлөөлж, удаа дараа чирэгдүүлж байгаад гомдолтой байна гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ Манай байгууллагын гүйцэтгэх захирал солигдсоны дараа Д.Эыг ажилд нь эргүүлэн томилсон. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тушаал гаргаад 10 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцэх шийдвэр гарсан. Түүнээс өмнө Д.Эыг олон удаа дуудсан. Өөрөө ДКомпани дээр ирээд уулзсан. ...Иргэн Д.Э нь ажилд томилсон, ажил хүлээлцэх шийдвэрийг мэдэж байсан. Тэгээд ажил хүлээлцэх үедээ Д.Э ирээгүй байж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил хүлээлцэх үедээ миний албан тушаалд заагаагүй тогооч, галчийн ажлыг хамт хүлээж авахыг шаардсан гэж бичсэн. Ажил хүлээлцэх комисс Д.Эыг 3 цаг хүлээсэн ч ирээгүй учраас явсан. Манай байгууллагаас ажилд нь эргүүлээд авсан ч өөрөө ирээгүй. Д.Э нь ажлаа хийхгүй талаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан ахмад Э хэлсэн. Тэгэхээр ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлд дээрх тайлбарыг өгье. Хоёрдугаарт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,799,000 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэн Д.Э нь манай байгууллагад 2023 онд нэг ч өдөр ажиллаагүй учраас мэдэхгүй байна. Тэгээд Д.Эт бодогдсон цалин байхгүй учраас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх боломжгүй гэж маргаж байна.
5.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/00... дугаартай шийдвэрээр ДКомпанийн захирлын 202...оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.Эыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 5,765,328 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгож, дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг ДКомпанид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 3-13/
Дээрх шийдвэрийг хариуцагчийн гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2023/000... дугаартай магадлалаар хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх-ийн 14-22/
Мөн магадлалыг хариуцагчийн гомдлоор хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн .......... дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 23/
6.Шүүхийн шийдвэрийг биелүүлж, ДКомпанийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаартай ажилд томилох тухай тушаалаар Д.Эыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар томилсон байх ба мөн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 24, 26/
7.Дээрх тушаалыг Д.Э нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. /хх-ийн 32/
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн талаарх гомдлыг шууд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Хуулийн энэхүү зохицуулалтад зааснаар нэхэмжлэгч Д.Э нь гомдол гаргасан байгаа бөгөөд шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн бөгөөд хуулийн хугацаанд гомдол гаргасан байх тул гомдлыг хянан шийдвэрлэсэн болно.
8.Нэхэмжлэгч Д.Э нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/00... дугаартай шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 4,216,575 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч Д.Эын сарын цалин 460,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь байнгын буюу 24 цагаар сахиулын ажил үүргийг гүйцэтгэдэг байх тул 30 хоногт хувааж өдрийн цалин 15,333.33 төгрөг, нийт ажилгүй байсан 275 өдрөөр тооцоход 4,216,666 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа тодорхойлж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарснаас ажилд томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговрыг 4,216,757 төгрөг гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тодруулахад ...техникийн шинжтэй алдаа гаргасан байна 4,216,666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
9.ДКомпанийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын хувьд дүгнэхэд тус тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг үндэслэн Хөтөлийн шуурхай ажлын штабын сахиул Д.Эыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг ...нэхэмжлэгч Д.ЭыгД Д компанийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаартай тушаалаар Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн томилсон боловч ажилдаа ирээгүй 14 хоног болсон тул хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2027 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөнД Д компанийн сахиулын ажлын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд талууд гарын үсэг зураагүй байна.
11.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Эын хувьд анх тухайн ажилд томилогдож байгаа ажилтан биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хариуцагч байгууллагын даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ажилд томилсон байна.
Иймд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар дээрх үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх бөгөөд талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болохоор байна.
12.Хариуцагч талаас нотлох баримтаар ДКомпанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ...тоот хурлын тогтоолын нэг дүгээр хавсралтаар баталсан ДКомпанийн хөдөлмөрийн дотоод журам, Д.Этай байгуулсан 2017 оны 04 сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-г шүүхэд ирүүлсэн байна.
13.ДКомпанийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.
Д.Эыг ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуульд заасан хоёр нөхцөл бүрдсэн талаар дурдсан байна. Харин хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч тус тушаалд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслээгүй байна.
Хариуцагч ДКомпанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ....... дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 20 минутад ажлыг хүлээлцүүлэхээр Хөтөлийн шуурхай хэсэгт очиж ажилласан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн очоогүй, ажлаа аваагүй, ажилд томилсон тушаалыг мэдсээр байж очиж ажлаа аваагүй нь хэрэгт авагдсан гэрэл зураг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгч Б.Э тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн ..., 60, 75, 76/
Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 12.7....дахь хэсэг гэснийг хариуцагч талаас тодруулахад дээр дурдсан 2017 оны 03 сарын 15-ны өдөр баталсан ДКомпанийн хөдөлмөрийн дотоод журмын заалт бөгөөд энэхүү журмын 12.7.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан... гэх зөрчлийг ноцтой зөрчилд тооцдог гэж тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөх тухай ...... дугаар тушаалд хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй боловч нэхэмжлэгч Д.Эын гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад заасантай нийцэж байх тул тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
14.Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд тухайн тушаалд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг баримтлаагүй боловч ажилтны гаргасан зөрчлийг нэрлэн заасан, тухайн зөрчлийг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан ажлын цаг ашиглалтын 2023 оны 10 дугаар сарын бүртгэлээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 52/
Иймд ДКомпанийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.Эыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 582,654 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 0...дугаар сарын 01-ний өдөр удаан жил ажилласан нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2-т заасан шүүх шууд харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь удаан жил ажилласан нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулахтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг эхлээд маргаан таслах комисст, ДК хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол Дархан-Уул аймгийн Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандах эрхтэй байна.
Иймд удаан жил ажилласан нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
16.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасны дагуу Д.Эын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарснаас ажилд томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговор 4,216,666 төгрөгөөс хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.
17.Д.Эын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 91,738 төгрөгийг улсын төсвийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үнийн дүн 4,216,757 төгрөгөөс бодон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 82,416.6 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар ДК-иас 4,216,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгож, ДК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.Эыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ажлаас чөлөөлөх тухай тушаал гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны 38 хоногт ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 582,654 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарснаас ажилд томилсон буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговор 4,216,666 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг ДК-д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эын удаан жил ажилласан нэмэгдэл 5,980,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,738 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгож, хариуцагч ДК-иас 82,416.6 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС