Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 143/ШШ2024/00018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр                                   Дугаар 143/ШШ2024/00018                                                      Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Голомт банк ХК /РД: ............./, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ........ын талбай 5, Голомт банкны төв байр

 

Хариуцагч: ......... овогт Б-ны Хишигдалай /РД: КЮ87030812/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ......-р хороо, ................................................... тоот

 

Хариуцагч: М............ овогт Э-ны Ууганбямба /РД: КЮ88062566/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, .......-р баг, .................. тоот

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Хишигдалайгаас 2 540 530.77 төгрөг, хариуцагч Э.Ууганбямбаас 2 540 530.77 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, хариуцагч Б.Хишигдалай, хариуцагч Э.Ууганбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Хишигсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Хишигдалай, Г.Эвийхүү нар нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ5205105815 тоот зээл болон барьцааны /цалингийн зээл/ гэрээ байгуулж 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан.

Б.Хишигдалай, Г.Эвийхүү нар нь хүсэлт гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж нэмэлтээр 1 500 000 төгрөгийг, мөн хүсэлт гаргаж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ520505815-2 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж нэмэлтээр 15 000 000 төгрөгийг авч, үндсэн зээлийн үлдэгдлийг 29 015 666.10 төгрөг болгожээ.

Мөн Б.Хишигдалай, Г.Эвийхүү нар нь хүсэлт гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ5205105815 тоог зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, нэмэлтээр 5 000 000 төгрөг авсан. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ5205105815 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж нэмэлтээр 3 500 000 төгрөгийг авч, үндсэн зээлийн үлдэгдлийг 24 734 229.93 төгрөг, мөн Б.Хишигдалай хүсэлт гаргаж хамтран зээлдэгчээ сольж хамтран зээлдэгчээр Э.Ууганбямбыг оруулан 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ЗГ5205105815-5 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж нэмэлтээр 8 500 000 төгрөгийг авч үндсэн зээлийн үлдэгдлийг 28 047 214.35 төгрөг болгож, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ.

Зээлдэгч Б.Хишигдалай нь зээл авах үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг TTJVCO ХХК-д механикчаар 4 дахь жилдээ ажиллаж байсан.

Б.Хишигдалай, Э.Ууганбямба нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Голомт банк нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.

Зээлдэгч Б.Хишигдалай, Э.Ууганбямба нар нь зээлийн гэрээний 2.4 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөх үүргээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс зөрчиж, гэрээний үүргийн зөрчил: Үүнд:

ЗГ5205105815 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах ЗГ5205105815-1, ЗГ-5205105815-2, ЗГ5205105815, ЗГ5205105815-5 тоот гэрээнүүдийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар:

- Үндсэн зээлийн төлбөрт 4 068 064.53 төгрөг

- Үндсэн хүүгийн төлбөрт 866 218.56 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 146 778.44 төгрөг

Нийт 5 081 061.53 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Голомт банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нартай нэг нэг удаа уулзахад Б.Хишигдалайгаас зээлээ би бүрэн хариуцна, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь надад гаргаад өгөөч гэх хүсэлт хэлдэг. Шүүхэд хандахаас өмнө нэг удаа энэхүү хүсэлтээ хэлсэн байсан. Яагаад энэ хүсэлт нь болоогүй вэ гэхээр манайх салбарын хэмжээнд энэ асуудлыг шийдэх боломж байхгүй. Энэ нь “Монгол банк”-ны чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон, үүнийг нь хянаж байдаг учраас Э.Ууганбямбыг хамтран зээлдэгчээс хасах боломжгүй гэсэн хариу тухайн үедээ ирсэн юм байна. Энийг тухайн үедээ Б.Хишигдалай мэдсэн үү, банкнаас мэдэгдсэн эсэхийг хариуцаж байсан хүн нь ажлаасаа гарсан учраас мэдэж чадаагүй. Өр барагдуулагчийн хувьд тусгай активын хэлтэс рүүгээ энэ хоёр хүний шүүхэд өгсөн хариу тайлбарыг тусгайлан файлаар Э.Ууганбямбыг хамтран зээлдэгчээс хасаад өгвөл Б.Хишигдалай нь зээлээ төлье гэж байна гэх хүсэлтийг явуулсан. Гэвч муу зээлдэгчийн ангилалд шилжсэн, энэ ангилалд шилжээд зээлээ төлөөгүй удаан хугацаа өнгөрсөн учраас хамтран зээлдэгчийг хасах боломжгүй. Зээлийн 50 хувийг хугацаа өгөөд төлчих юм бол Э.Ууганбямбыг хасаж өгье гэсэн боловч Б.Хишигдалай зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар өгсөн. Б.Хишигдалайгийн энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй байгааг “Голомт банк”-ны зүгээс зөвшөөрөх боломжгүй, эвлэрэхгүй байгаа учраас шүүхээр шийдүүлье гэж ирсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Б.Хишигдалай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярсайхан овогтой Хишигдалай миний бие Голомт банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Зээлийн 5 081 061.53 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдэл мөнгөө өөрийн биеэр зуун хувь төлж барагдуулна. Иймд Энхсайханы Ууганбямбыг хамтран зээлдэгчээр орсон байсныг чөлөөлж өгнө үү. Зээлийн хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажил хийх боломжгүй /түр хугацаанд/ байгаа. Энэ үлдэгдэл зээлд ямар нэгэн маргаан байхгүй. Би 6 сарын хугацаанд нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь ганцаараа төлж барагдуулмаар байна гэв.

 

Хариуцагч Э.Ууганбямба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхсайхан овогтой Ууганбямба миний бие 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банкны нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баярсайхан овогтой Хишигдалайтай хамтран амьдарч байхдаа зээл авсан. Одоогоор бид хоёр салаад тус тусын амьдралаар амьдарч байгаа. Салахдаа бид хоёр Б.Хишигдалай Голомт банкны зээлээ төлнө, Э.Ууганбямба Транс капитал банк бусын зээлээ төлнө гэж тохирсон. Мөн Голомт банкны хамтран зээлдэгчээс Э.Ууганбямба миний нэрийг хасуулна гэж хэлсэн. Ингэж тохирсны үндсэн дээр би 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Транс капитал банк бус дээр байсан нийт 2 789 879 төгрөгийн зээлээ хаасан.

2023 оны намар Голомт банканд хамтран зээлдэгч хэвээрээ байгаагаа мэдсэн. Голомт банкнаас “Хамтран зээлдэгчээс салгах хүсэлт Б.Хишигдалай өгсөн. Манайх зөвшөөрөөгүй юм байна” гэсэн тайлбар өгсөн. Б.Хишигдалайтай санал нэг байна. Анх ярихдаа л чамайг хамтран зээлдэгчээс салгана, би төлнө гэсэн байгаа болохоор үүнтэй нь санал нэг байна. Би 2 800 000 төгрөгийн банк бусын зээлээ төлсөн тул хамтран зээлдэгчээсээ хасуулах хүсэлтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Голомт банк” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн н/522 дугаартай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/757 дугаартай итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээл болон барьцааны 5205105815 дугаартай цалингийн зээлийн гэрээний хуулбар, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягтууд, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ5205105815, ЗГ5205105815-1, ЗГ5205105815-2, ЗГ5205105815-3 ЗГ5205105815-5, дугаартай гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.Хишигдалайгийн өргөдлүүд, Б.Хишигдалай, Э.Ууганбямба нарын улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, зээлийн дансны хуулга, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Э.Ууганбямба, Б.Хишигдалай нарын иргэний үнэмлэхийн хуулбар, мэдэгдэл хүргүүлэх тухай шаардах хуудаснууд, хүү тооцооллын хүснэгт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Б.Хишигдалай, Э.Ууганбямба нарт холбогдуулан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 4 068 064.53 төгрөг, хүү 86 218.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146 778.44 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 5 081 061.53 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч Б.Хишигдалайгаас 2 540 530.77 төгрөг, хариуцагч Э.Ууганбямбаас 2 540 530.77 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа дараах зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаарджээ.

 

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг “Голомт банк нь хариуцагч Б.Хишигдалай, Э.Ууганбямба нартай 2020 оны 07 сарын 24-ний өдөр ЗГ5205105815-5 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, нэмэлтээр 8 500 000 төгрөгийн зээл олгон үндсэн зээлийн үлдэгдлийг 28 047 214.35 төгрөг болгож, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч Б.Хишигдалай, Э.Ууганбямба нар нь зээлийн гэрээний 2.4 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөх үүргээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс зөрчсөн. Иймд үндсэн зээлийн төлбөрт 4 068 064.53 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 866 218.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 146 778.44 төгрөг, нийт 5 081 061.53 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулна” гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч Б.Хишигдалай нь “...Зээлийн 5 081 061.53 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдэл мөнгөө өөрийн биеэр зуун хувь төлж барагдуулна. Иймд Энхсайханы Ууганбямбыг хамтран зээлдэгчээр орсон байсныг чөлөөлж өгнө үү...” гэж тайлбар гаргадаг.

 

Хариуцагч Э.Ууганбямба нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 

4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг талаас “Голомт банк” ХК, нөгөө талаас зээлдэгч Б.Хишигдалай, Г.Эвийхүү нар нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5205105815 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдэгчид 15 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцсон байна.

-2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ5205105815-2, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ5205105812-3, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ5205105815 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээр зээлийн хэмжээ, хугацаанд тус тус өөрчлөлт оруулсан байна.

 

Дээрх үндсэн болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд зээлдэгч Б.Хишигдалай, хамтран зээлдэгч Г.Эвийхүү нар гарын үсэг зурсан байна.

 

 Мөн нэг талаас “Голомт банк” ХК, нөгөө талаас зээлдэгч Б.Хишигдалай, Э.Ууганбямба нар нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ЗГ5205105815-5 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлийн хэмжээг 8 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 19.2 хувийн хүүтэй, хугацааг 30 сар байхаар өөрчилж тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Энэхүү гэрээнд хамтран зээлдэгч Э.Ууганбямба гэж гарын үсэг зурагдсан байх ба гэрээний хугацаа 2023 оны 01 сарын 20-ны өдөр дууссан байна.

 

Зээлдэгч нар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх ба нэхэмжлэгч нь хариуцагч Б.Хишигдалайд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж шаардсан байна.

 

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ууганбямбад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 540 530.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзжээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 000 000, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3 500 000 төгрөгийн цалингийн зээл болон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг зээлдэгч Б.Хишигдалай, хамтран зээлдэгч Г.Эвийхүү нартай байгуулсан байх бөгөөд харин 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8 500 000 төгрөг олгох зээлийн гэрээнд хариуцагч Э.Ууганбямба нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

 

Дээрхийг дүгнэвэл “Голомт банк” ХК нь зээлдэгч Б.Хишигдалайд 6 удаагийн зээлийн гэрээгээр нийт 48 500 000 төгрөгийг олгосон байх ба үүнээс эхний 5 удаа буюу нийт 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд ээж Г.Эвийхүү нь хамтран зээлдэгчээр, сүүлийнх буюу 8 500 000 төгрөгийн нэмэлт зээлийн гэрээнд Э.Ууганбямба хамтран зээлдэгчээр оролцжээ.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь банк зээлийн хөрөнгийг хариуцагч нарт бодитой шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг өөртөө захиран зарцуулсан байх явдал юм.

Зээлдүүлэгч нь анх олгосон зээлийн 15 000 000 төгрөг, түүнчлэн нэмж олгосон зээлийн мөнгө нийт 48 500 000 төгрөгийг зээлдэгч Б.Хишигдалайгийн 5205105815 тоот дансанд шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар нотлогдож байна. Зээлийн мөнгийг дан ганц Б.Хишигдалайнгийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн болон мөн зээлийн зориулалттай уялдан хамтран зээлдэгч гэх Э.Ууганбямбын эрхэлдэг ажил, орлогын талаарх мэдээлэл болон зээл олгохтой холбоотой бусад баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ5205105815 дугаартай цалингийн зээл болон барьцааны гэрээний 4.1-т “Зээлдэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн цалингийн орлого болох дараах картын ба БГ5205105778-1, БГ5205105778-2 гэрээнд тусгагдсан хөрөнгийг барьцаанд тавьж байна. Барьцааны нэр: цалин, дансны дугаар 5205104373” гэжээ.

 

Энэхүү 5205104373 тоот данс нь Голомт банкны харилцагч Б.Хишигдалайгийн данс болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Б.Хишигдалайгийн цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Гэтэл нийт 48 500 000 төгрөгийн үндсэн зээл авсан зээлдэгч Б.Хишигдалайтай 1 удаа буюу 8 500 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Э.Ууганбямбаас зээлийн төлбөрийг түүний авсан зээлийн хэмжээтэй холбоотой шаардаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул “Голомт банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт Э.Ууганбямбаас 2 540 530.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

8. “Голомт банк” ХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хишигдалайгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Хишигдалай нь зээлийн гэрээний үүрэгт 5 081 061.53 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул түүнээс 5 081 061.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

9. Хариуцагч Б.Хишигдалайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 246 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хишигдалайгаас улсын тэмдэгтийн хураамж 96 246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Хишигдалайгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 5 081 061.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасан үндэслэн тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Ууганбямбад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 540 530.77 төгрөг гаргуулах тухай “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 246 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хишигдалайгаас улсын тэмдэгтийн хураамж 96 246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНСҮРЭН