Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0265/З |
Дугаар | 128/ШШ2023/0581 |
Огноо | 2023-07-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0581
2023 07 04 128/ШШ2023/0581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З******* овогт Л*******ын Н*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э*******,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б*******,
Гуравдагч этгээд: Ш******* овогт Д*******ийн Ө*******,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Н.Б,
Гуравдагч этгээд: З овогт Бын О нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, гуравдагч этгээд Д.Ө*******, гуравдагч этгээд Д.Ө*******ын өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжаар тус дүүргийн 24 дүгээр хороо, Б зусланд 673 мкв газрыг Г.Шд эзэмшүүлж, мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/338 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Г.Шгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Ө*******ад шилжүүлснийг баталж, 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2014 оны А/415 дугаар захирамжийн Ггийн Шд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.5. Нэхэмжлэгч Л.Н*******гээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хүний эрхийн хуульч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* би нэхэмжлэгч Л.Н*******г 3 удаагийн давтамжтайгаар хохироогоод байгаа, Төрийн албан хаагч болох нийтийн албан тушаалтан, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны, газар зохион байгуулагч С.Сгийн авсан авлигал, ашиг сонирхлын зөрчилд бид маш их гомдолтой байна! Үүнд:
1. Нэхэмжлэгч Л.Н*******д дундын өмч болох м.кв газраас оногдох хувь 2.825.000 төгрөгийг олго гэж эцэслэн шийдвэрлэсэн, УДШ-ийн ИХТ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1685 тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул шүүгч Ц.Мөнхзул таниар УДШ-ийн ИХТ-ын 1685 тогтоолыг нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна!
Бүрдүүлбэрт тайлбар гаргах нь:
2. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны, газар зохион байгуулагч С.С нь өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа, УДШ-ийн ИХТ-ын 2018.11.22 өдрийн 1685 тогтоолын эсрэг Төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг ээ маш ноцтойгоор зөрчин байж, УДШ-ийн ИХТ-ын 1685 тогтоолд заагдсан, нэхэмжлэгч Л.Н*******д олгогдох ёстой 2.825.000 төгрөгийн төлбөрөөс 1 ч төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байхад, төлбөрийн уг үндэс болсон дундын өмч болох м.кв газрыг, иргэн Г.Шгээс иргэн Б.О хууль бусаар нотариатын баталгаажилт хийгдсэн итгэмжлэлд үндэслэн бусад руу м.кв газрыг хууль бусаар шилжүүлснийг, шүүгч Ц.Мөнхзул таниар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна!
3. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны, газар зохион байгуулагч С.С нь хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа шударгаар хийхгүйгээр дахин давтан хууль бус гэмт үйлдэл хийж, “Иргэн Б.О нь хууль бусаар эзэмшиж байгаа газраа, цааш нь иргэн Д.Ө*******ад дамлан худалдсан гэмт үйлдлийг дэмжсэн!!!” учраас, иргэн Д.Ө*******ад холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж нь бас л хууль бус болохыг, шүүгч Ц.Мөнхзул таниар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна !!!
4. Иргэн Д.Ө******* нь хууль бусаар худалдаж авсан газраа дураараа авирлан сунгаж, бусдын эзэмшил газар луу байшин болон 40 тонны контнер бас бохирын цооногоо оруулж барьсан байдаг учраас СХД-ийн ЗД-ын газар захирамжийн Д.Ө*******ад эзэмших холбогдох хэсгийг хүчингүй болгуулах!
5. СХД-ийн Газрын албаны, газар зохион байгуулагч С.С нь бас л авлигал, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөж, иргэн Д.Ө*******ын эхнэр Ад хууль бусаар газрын тухай хуульд “Ой модны ай сав бүхий газарт газар эзэмшүүлэхгүй!!!” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, иргэн Д.Ө*******ын эзэмшил газартай залгуулж, эхнэр Ад нь хууль бусаар газар эзэмшүүлсэн!
Жич: Шүүгч Ц.Мөнхзул таниас, СХД-ийн ЗД-ын 2014.11.12 өдрийн А/415 захирамжийг, СХД-ийн газрын албанаас, шүүгчийнхээ захирамжаараа татаж авахыг хүсье!!!
Бидний АТГ-т гаргасан гомдлын хариу болох, НПГ-ын 2023.01.30 өдрийн 50 тоот прокурорын тогтоолд бид маш их гомдолтой байна! Учир нь: Прокурорын тогтоол 50 тоотод зөвхөн нэг талыг барьж, ганцхан НИХДЗШШ-ийн 2018.05.16 өдрийн 1148 магадлалыг л дурьдсан байгаа! АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллуудад, иргэд бид итгэхийн аргагүй болсон байдал нь энэ мөн юм!!! Тэгээд ч МУ-ын Үндсэн хуульд гэм бурууг “шүүх эцэслэнэ” гэж заасан байдаг!!!
Иймд: НЗХАШШ-ийн шүүгч Ц.Мөнхзул таниас, СХД-ийн ЗД-ын 2014.11.12 өдрийн А/415 газар эзэмшүүлэх захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье!” гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би эхлээд иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр магадлал тогтоол гурвыг тайлбарлана. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлдээ Ш агсантай гэр бүлийн баталгаа салгахдаа дундын өмч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 415 тоот захирамжтай 675 м.кв газрыг дундын өмч учраас дундуур нь хувааж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн эхнэрийн талд шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар Ш агсан буюу нэхэмжлэгч гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан байдаг. Гэтэл иргэний хэргийн 3 шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэр эхнэрийн талд, давж заалдах шатны шүүхийн магадлал нөхрийн талд гарсан байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх хоёулаа эхнэр, нөхрийн талд гаргасан. Ингээд шийдвэр магадлал хоёр эсрэг талд гарсан учраас Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх энэ хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1685 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Улсын Дээд шүүхийн эцэслэн шийдсэн тогтоол нь нэхэмжлэгчийн талд буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр баталсан байдаг. Ерөөсөө гол маргаан энэ юм. Гэтэл Улсын Дээд шүүх нэхэмжлэгчийн талд гаргасан байхад үүнээс хойш Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нууна дарагдуулаад магадлал хүчин төгөлдөр мэтээр яваад байдаг. Ийм хууль бус үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн байдаг. Энэ нотолгоо бол Улсын Дээд шүүхийн тогтоолыг нуусан. Хууль бус үйл ажиллагаа тасралтгүй явагдсан нь хавтаст хэргийн 185 дугаар талд байгаа. Иргэн Л.Н*******д Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2002 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 21665 тоот хариуг өгсөн байгаа. Газрын алба бол магадлал үндэслэлтэй гэдэг хариу өгдөг. Энэ магадлал хүчинтэй байна гээд доромжилж хариу өгч байна. Сонгинохайрхан дүүрэг газрын албыг тэр чигээрээ авиалгалд идэгдсэн газар байдаг гэж шууд хэлж байсан. Үүнийгээ Сонгинохайрхан дүүргийн албан тоотоор баталж байна. н.С гэдэг газар зохион байгуулагч авлига авдаг хүн байгаа юм.
Би нотлох баримтаа л ярина. н.С гэдэг газар зохион байгуулагч авлигал авч, Г.Ш гэдэг авлигал өгсөн байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоолыг нуун дарагдуулаад хууль бусаар дамжуулаад авсан байдаг. Тэр битгий хэл зэрэгцээ эхнэр н.Адаа, н.Сдаа авлигал өгч байгаад зэрэгцүүлж газар авсан байдаг. Газрын тухай хууль, Ойн сан бүхий газарт газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг маш ноцтой зөрчөөд авлигал өгөөд авдаг. Хүссэн хууль бус үйлдлээ хийдэг. Үүнийгээ авлигатай тэмцэх газар авлигддаг. Хавтаст хэргийн 3 дах хуудсанд прокурорын тогтоол байгаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар О.Сг авиалгалдсан байгаа. Авлигатай тэмцэх газрыг авиалгалдаад хаядаг.
Авлигатай тэмцэх газраас магадлал хүчин төгөлдөр байна гээд ирдэг. Улсын Дээд шүүх гэж байдаггүй тогтоолыг хэрэгсэхгүй хууль бус үйл ажиллагаа явагдсан байна. Сонгинохайрхан дүүргийн хариуг үнэлүүлнэ. 185 дугаар хуудсанд байгаа. Үүнийг 1 номерт үнэлж өгөөрэй.
Хоёрдугаарт, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд Улсын Дээд шүүхийн тогтоол байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1685 тоот тогтоол юм. Гуравдугаарт хавтаст хэргийн 3 дах хуудсанд байгаа. Авлигатай тэмцэх газрын прокурорын тогтоол байгаа. Энэ гурав нотлох баримтыг үнэлж өгөөрэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийг олон жил хохироосон байдаг. Анх өмчийн маргаан 2013 онд үүсээд хохирсон байгаа. Тэгээд цагдаа, прокурорын газраар яваад ингээд 10 жил хохироод явж байна. Хохирлын гэм хор гэж байдаг л байх. Нэмж үндсэн хэсгээ ярих болно.
Би нэг зүйл товчхон хэлж байна. Нэхэмжлэгч маш их хохирсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3752 тоот шийдвэр гарсан байдаг. Шүүгч Б.М шийдсэн байгаа. Энэ нэхэмжлэл болохоор Шгийн Энхзаяа гээд эмэгтэйн бас л хамтран амьдарч байхад ирж зодоод гэмтээгээд хөл гар бэтэрч хугарсан асуудал байдаг. 3 гэрийг нь аваад явсан. Алт нь бөгж гэж бас байдаг. Энэ нэхэмжлэл Баянзүрх дүүргийн шүүх дээр явж байгаа. Хуульгүй орон хууль хэрэгжихгүй ийм л замбараагүй байдал үргэлжилсэн учраас бухимдалтай ярьж байгаа уучлаарай. Бүх зүйл хуулиар хууль эрх зүйт орон биш юм шиг үйлчилж байна. Хуулийн дагуу явж байгаа зүйл юу ч алга. Үүнийг нэмж хэлэх гэсэн юм” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Иргэн Л.Н******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Ггийн Ш болон Г.Шгээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан Б.О, Д.Ө******* нарт холбогдох газар эзэмших хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Иргэн Ггийн Ш () нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гаргаж, бүртгэл хяналтын 6253 дугаарт бүргүүлж, 2014 оны А/415 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болж, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэгж талбарын 18 дугаар бүхийн м2 газрыг 15 жилийн хугацаатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. Улмаар Иргэн Г.Ш нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, иргэн Д*******ийн Ө******* ()-т Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 07 сарын 02-ны өдрийн А/338 дугаар захирамжаар иргэн Д.Ө*******ад шилжиж, 2018 оны 07 сарын 15-ны өдөр нэгж талбарын 18 дугаар бүхий м2 газрыг 15 жилийн хугацаатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. Мөн Г.Ш нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр талбайн хэмжээ нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 07 сарын 23-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар нэгж талбарын 1 дугаар бүхий 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай иргэн хуулийн этгээдтэй 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01******* дугаар гэрээг байгуулсан байна.
Иргэн Г.Ш нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Л.Н*******н хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны акт нь зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Ш нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хамгийн анх 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж өргөдөл гомдлын бүртгэл хяналтын 6253 дугаарт бүртгүүлж, 2013 оны 415 захирамжаар газар эзэмших эрхийг олж, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэгж талбарын 3697 дугаартай м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэн хуулийн этгээдтэй газар эзэмших эрхийн гэрээг гаргасан. Улмаар Г.Ш 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаж иргэн Д.Ө*******ад Газрын тухай хуулийн 38-д заасны дагуу хүсэлт гаргаж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/338 дугаар захирамжаар Д.Ө*******ад хуулийн дагуу 3697 дугаартай м.кв газрыг 15 жилийн хугацаатай эрх шилжүүлэхээр хүсэлт гаргаж шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд Д.Ө*******аас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус шүүхэд хянагдаж буй Л.Н*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Д.Ө******* би дараах тайлбарыг гаргаж байна.
Д.Ө******* би Сонгинохайрхан дүүргийн 24 хороо, зуслан б хаягт байрлах 18 нэгж талбарын дугаартай, Г, м.кв талбай бүхий газрыг 2018.05.31-ний өдөр Г.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отэй байгуулсан “газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авсан. Энэхүү газрыг талийгаач Г.Ш нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014.11.12-ний өдрийн захирамжаар 15 жилийн хугацаатайгаар, эзэмших эрхтэй болж, гэрээ байгуулсан байсан. Дараа нь би энэхүү газрыг хуулийн дагуу эзэмшиж ашиглаж ирсэн юм.
Харин Л.Н*******гийн нэхэмжлэлтэй, Г.Шд холбогдох гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг нь 2018.11.22-ний өдрийн 001/ХТ2018/01685 дугаарын Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү тогтоолоор тэдний гэрлэлтийг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 24 хороо, зуслан б хаягт байрлах 18 нэгж талбарын дугаартай, Г.Шгийн эзэмшлийн газрын газар эзэмших эрхийн үнэ болох 5,650,000 төгрөгийн тал хувь 2,825,000 төгрөгийг Г.Шгээс гаргуулж нэхэмжлэгч Л.Н*******д олгуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Г.Ш, Л.Н******* нарын хооронд үүссэн газартай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018.07.02-ний өдрийн А/338 дугаарын захирамжаар тухайн газрыг эзэмших болж, 2018.07.10-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тул хууль ёсны эзэмшигч гэж би өөрийгөө үзэж байна.
2014 онд нэхэмжлэгч Г.Штэй 2015 онд гэрлэсэн гэдэг. Г.Ш гэдэг хүн бол хань ижил нь өнгөрөөд 2, 3 жилийн дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас тэндхийн өндөр настанд үйлчлэхээр газрыг өөрийнхөө нэр авсан гэрчилгээтэй. Гэр бүл гэж хүн байхгүй. Дүүргийнхээ ард иргэдийн төлөө ажиллахаар болоод амралт сувиллын газар байгуулахаар авсан байдаг. Л.Н******* гэдэг хүн үйлчлэгчээр ажиллаж байгаад хань ижил нь өнгөрсний дараа 2015 онд гэрлэлтээ батлуулсан байдаг. Батлуулахаас өмнө гэрчилгээ авсан учраас 2015 онд албан ёсоор гэр бүл болсон гэдэг. Гэр бүл болсноос хойш удаагүй 3, 4 жилийн дараа Г.Ш гэдэг хүний газрыг охиныхоо нэр дээр барьцаанд тавиад хэдэн төгрөг зээлж аваад хүүхдэдээ машин авсан байдаг. Гэтэл Г.Ш гэдэг хүн миний өмчид халдаж байгаа юм байна, ийм учраас салах хүсэлтээ тавиад албан ёсоор салаад өөрийн байсан газраа интернетээр зарна гэсэн зар өгсөн. Үүний дагуу тэр хүний газрыг үзээд боломжийн газар байна гэхдээ тэнд хашаа гэхээр жижигхэн хашаа байна, цахилгааны шугам байхгүй гээд тийм газар үзээд авахаар болсон. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд өөрийн гэсэн фермтэй байж байгаад фермийнхээ хашаагаа бартер өгөөд 46,000,000 төгрөгийн үнэтэй канад барилга барьсан. Барилга барихад цэг тогтоолгоод барьсан. Гэтэл надаас хойш нисэхийн тэнд байдаг н.Жавзан гэдэг хүнээс Л.Н******* гэдэг хүн газрыг худалдаж аваад манай талд ирсэн. Манайх газар өмчилснөөс хойш газрыг авсан. Тухайн газрыг миний газар миний байсан газар гэж Г.Шгийн зарсан газрыг сүүлд нь ирээд зарга хийдэг хийсэн. Өглөө орой хэрүүл хийгээд маргаан хийгээд тэнд баахан хүмүүс авчраад архи уулгаж тэнд ямар ч үйлчлэх эрх байхгүйгээр баахан хүмүүс байлгаад 5, 6 гэртэй ингээд хэрүүл салахаа байсан.
Тухайн үед Г.Шгээс газраа авахад хөрөнгийн маргаантай яриа гарлаа гэхэд гурав дах шатны шүүх давахаас өмнөх асуудалтай хоёр дах шатны шүүхийн тогтоолыг авчирч өгөөд хүчин төгөлдөр миний нэр дээр гарсан. Л.Н*******тэй 64,000,000 төгрөгийн өмчийн талаар маргаж байгаа болохоос газрын албатай маргаан байхгүй гэсэн. 2,000,000 төгрөг өг гэсэн гэхдээ тэр бол эцсийн эцэст миний нэр дээр байсан газар. Л.Н*******д гэр бүлээ гэсэн хүн байхгүй. Тэрийг бичгийн газрын албанд өгөөд надад гэрчилгээ албан ёсоор гараад авсан. Улмаар үүний дараа нэхэмжлэгч намайг үнэгүй авсан, архидуулж авсан гэж янз бүрийн юм ярьдаг. Би бол архидуулах битгий хэл өөрөө архи тамхи хэрэглэдэггүй хүн. Өгсөн мөнгө банкны хуулга байгаа. Би хоосон үнээр аваагүй. 10 гаруй сая төгрөгөөр үнийг төлөөд албан ёсоор төлөөд гэрчилгээ авсан. Авснаас хойш зарга хийгээд энэ газрыг би аваад танай байрыг трактороор түрүүлнэ гэсэн. Би 73,000,000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Миний нэр дээр гэрчилгээ гарсан тул сүүлд нь ийм зүйл болно гэж бодоогүй. Хашаа татаж 5,000,000 төгрөгөөр гэр татуулаад тойрсон хашлага хийгээд 73,000,000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан учир яаж ч чадахгүй хааяа нэг очиж очих үед сэтгэл санаагаар доромжлуулаад байдаг. Цагдаагийн хэлтэс хүртэл энэ талаар мэднэ. Энэ байдлаар хөрөнгө буюу танай энэ газрыг би авна. Энэ газар хүчингүй гэдэг. Манаач залуу мэдэж байгаа. Өөрийн гэсэн газраа нэмж аваад л байгаа. Бүүр замаас эхлээд жорлоно барьсан. Манай газрыг авах зорилго тавиад байгаа. Мөнгөө зарцуулсан учир өөрийн гэсэн хөрөнгөө хамаагүй алдмааргүй байна. Би хуульд ажиллаж байсан, хүүгээ хуулийн сургуулийн төгсгөсөн танай энэ газрыг ямар ч мөнгөгүй авна гэж хэлдэг. Хуульчид иргэдийн хөрөнгийг луйвардаж авах номтой байдаг юм уу, эсвэл хуулийн гэсэн нэр хүндээрээ биднийг дарамтлах гээд байгаа юм уу гэдэг зүйл байна. Нэхэмжлэгчийн эгч гэж яриа тохирсон хүн байсан. Сүүлд нь танайх энэ газраа өгчих хуучин Г.Шгийн контейнер байсан газрыг нэхэмжлэгчид өгье гээд газрын албаны эмэгтэй ирж байсан. Хэмжилт хийх болоод маргааш болсон чинь би газраа өгөхгүй. Уул нь ярьж тохирвол болохоор зүйл ярьсан. Хувьчлагдаагүй газрыг авч баахан амралтын газар бариад тэрийгээ өргөтгөх гээд байгаа. Ийм зүйл байж болохгүй. Яриа сайтай хүмүүс асуудлаа хангаад, дуугүй байсан хүмүүс доромжлуулаад хөрөнгөгүй хоцрох үндэслэл байхгүй байх. Надад гэрчилгээ гээд бүх зүйл байгаа. Банкаар өгсөн талаарх баримт хүртэл байгаа. Би бол хоосон үнээр авч хүмүүсийг хуурч луйвардах бодол санаа байхгүй. Өмгөөлөгч хүн хуулийг зөв талаас нь ярих байх. Хахууль өгсөн гэж ярьдаг. Албан ёсны нотлох баримт байвал нотлох хэрэгтэй. Хуульч хүн тэгж бусдыг доромжилж гүтгэж болохгүй. Мөнгө өгсөн зүйл байхгүй. Иймд энэхүү шаардлага хуулийн болон нотлох баримтын хувьд үндэслэлгүй нэхэмжлэл байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбар хэлсэн. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэл өнөөдрийг хүртэл тодорхойгүй ирсэн. Шат шатны шүүхээс ч гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлана уу, тодруулна уу гэдгийг удаа дараа бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байгаа тайлбар нэхэмжлэлд бичиж байгаа зүйлийг харахаар хуульч гэж өөрийгөө бичсэн учраас хуулийн дагуу үйлчлүүлэгч буюу төлөөлүүлэгчид зөв зүйтэй хууль зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгч байгаа байх гэж ойлгож байна. Бид шүүх дээр хэрүүл хийхгүй. Нотлох баримтын хүрээнд асуудал шийдвэрлэхээ хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй. Шүүхээс хэд хэдэн удаа асуусан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч янз бүрийн байдлаар зөвхөн Засаг даргын захирамжийг хүчингүй болгоно гэж тайлбарлаад байгаа. Миний асуусан асуултад итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулахдаа Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр явсан маргаантай холбоотойгоор миний нэхэмжлэл тодорхойлогдоно гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэ маргаанаар Л.Н*******, Г.Ш гэдэг хоёр хүн гэрлэсэн байна уу гэрэлснээс хойш бий болсон дундын хөрөнгө юу байна, гэрлэлтийг цуцлах шалтгаан үндэслэл юу байна гээд энэ маргааныг шийдвэрлэсэн. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлагын хүрээнд 3 шатны шүүх яваад шийдсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч уншаад ойлгосон. Шийдвэрийн дагуу маргаж байгаа газрын асуудал 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр гарч байх үед яригдаж байсан. Энэ газар Г.Ш гэдэг хүний нэр дээр 2014 онд А/415 дугаартай Сонгинохайрхан дүүргийн захирамж гараад авсан байна гэдгийг мэдсэн. Тэгэхээр шүүхэд гаргах энэ захирамжтай холбоотой актын маргаан үүсгэх ямар үндэслэл байгаа вэ гэж харж байна.
Хоёрдугаарт, энэ хугацаа бол дууссан байна. Шүүхийн шийдвэрээр газрыг үнэлээд хуваагаад оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдсэн. Үүний дагуу гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Ажиллагааны дагуу нас барсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 буюу төлбөр төлөгч нас барсан үндэслэлээр ажиллагаа дуусгавар болсон. Үүнийг эрх хүлээн авагч хүлээн авсан үр хүүхдүүдээс төлбөрийг төлөхөөр явагдах шаардлага байхгүй учраас ажиллагаа дууссан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө ойлгосон байх. Үйлчлүүлэгчид зөв зөвлөгөө өгнө үү гэж хүсэж байна. Ингээд гэр бүлийн дундын өмч энэ асуудал шийдвэрлээд бүрэн дууссан. Үүнийг дахиад энэ нэхэмжлэлдээ энэ шийдвэрийг дурдаад байгаа үүнийг шүүхээр шийдвэрлүүлэх гээд бичээд байдаг. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрийг өөр шүүх буюу захиргааны хэргийн шүүх яаж хянуулах гэж байгаа вэ энэ ойлгомжгүй байна. Иргэний журмаар 3 шатны шүүхээр шийдэгдсэн маргааны асуудлыг энэ дахиж оруулж ирж шийдвэрлүүлээд хүчингүй болгоод тэр өмчлөлд эзэмших эрхтэй байгаа газрыг дахин эрхийн сэргээх гэж яриад байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Гуравдагч этгээдийн тухайд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эзэмших эрхийг шилжүүлж авсан. Газрын тухай хуулийн 30-34-д заасан шаардлага шаардсан баримтуудыг бүрдүүлээд холбогдох байгууллагад хандсан. Үүний дагуу А/338 дугаар захирамж гаргаад тухайн газар шилжсэн байдаг. Ингээд хууль ёсны дагуу эзэмшиж тухайн газрыг эзэмшиж байна гэж дүгнэж байгаа.
2018 онд 3 хүн дамжсан мэтээр тайлбарлаад байна. Г.Шгээс н.О, н.Оээс Д.Ө*******ад шилжсэн гээд энэ хүмүүст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага бичээд явдаг. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г.Шгээс Б.От итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэл өнөөдөр хуулийн дагуу хүчин төгөлдөр юм. Итгэмжлэлийг үндэслээд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр юм. Хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр Д.Ө******* өнөөдөр энэ газрыг эзэмшиж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Геодези зураг зүйн газраас ирсэн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар тухайн хоёр иргэний газар дээр ямар нэгэн давхцал байхгүй байна. Агаараас авсан зураг юм. Өөр өөрийнхөө солбицол дээр байна. 2020 онд нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрх нь 2018 онд Д.Ө*******ад шилжсэн газар эзэмших эрх нь хоорондоо давхцал маргаан байхгүй. Ингээд маргаан байхгүй давхцал байхгүй байхад маргаан үүсгээд улмаар үүнийг шүүхээр дүгнэх шаардлага байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч ямар эрх ашиг сэргэх талаар тайлбарлахгүй байна. Мөн хуулийн 54.1.6-д заасан нэхэмжлэлд зааж байгаа үйл баримт захиргааны үйл ажиллагааны талаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин хянах боломжгүй юм. Түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй ийм нөхцөл байдал байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэр бүлийн дундын өмчтэй холбоотой маргаан шийдвэрлээд хүчин төгөлдөр болсон үйл баримт хэрэгт авагдсан. 2014 оны захирамжтай холбоотойгоор мэдсэн буюу мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ эдлээгүй, энэ хугацаа өнгөрсөн байдал байна. Эргэлийн цэгээ тогтоосон, үнэхээр давхцаад байгаа бол эргэлтийн цэгээ үндэслэж нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг газраа өөрчлөөд засаад гуравдагч этгээд зургаа өгсөн байгаа. Энэ бүхнийг шүүх харгалзан үзэж шийдвэрээ гаргах байх” гэв.
4.3. Гуравдагч этгээд Б.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Иргэн Л.Н******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан тус шүүгчийн шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/Ш32023/3435/дугаар захирамжаар Б.О намайг гуравдагч этгээдээр оролцуулахаар болжээ. Гуравдагч этгээдийн хувиар цугларсан бичгийн нотлох баримтуудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өвөө тухайн үед бие нь өвдөж ХСҮТ-д хэвтэж эмчлүүлж байсан. 2018.05.31-нд итгэмжлэл хийж өгч үүний дагуу 2018 оны 5-р сарын 31-нд Д.Ө*******ад итгэмжлэлийн дагуу газрын эрхээ шилжүүлсэн. Энд гаргасан нэхэмжлэлийн үйл явдлын талаар огт юу ч мэдэхгүй. Энэ талаар бид нарт юм ярьж байгаагүй. Өвөө маань насан эцэс болоод 5 жил гаран хугацаа өнгөрч байна. Иймд хэлж ярих зүйл байхгүй байна. 2023 оны 4-р сарын 4-ний өдөр тус шүүхэд харилцагчийн бичсэн хариу тайлбарыг дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч Л.Н*******гээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ, иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байхад Улсын Дээд Шүүхийн тогтоолыг нуун дарагдуулж, магадлал хүчинтэй мэтээр тайлбарлаж газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжаар тус дүүргийн 24 дүгээр хороо, Б зусланд 673 мкв газрыг Г.Шд эзэмшүүлж, тус дүүргийн Газрын алба/хуучин нэрээр/-аас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 0005 тоот “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгожээ.
3.2. Г.Шгээс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.От олгосон итгэмжлэлийг үндэслэж мөн өдөр Б.О, Д.Ө******* нарын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан байх ба хариуцагч нь Б.О, Д.Ө******* нараас гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх газрын эзэмших эрх шилжүүлснийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/338 дугаар захирамжаар баталгаажуулжээ.
3.3. Нэхэмжлэгч Л.Н*******гийн эзэмшлийн нэгж талбарын 18 дугаартай 700 мкв газар нь гуравдагч этгээд Д.Ө*******ын эзэмшлийн нэгж талбарын 1/хуучнаар 18/ дугаар бүхий 700 мкв газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/960 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.
3.4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Г.Ш, Л.Н******* нарыг гэрлэлтийг цуцалж, 2 дахь заалтаар “... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бн дахь нэгж талбарын 18 дугаартай, улсын бүртгэлийн 005 дугаар гэрчилгээтэй, мкв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн зах зээлийн үнээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг болох 2,825,000 төгрөгийг хариуцагч Г.Шгээс гаргуулж нэхэмжлэгч Л.Н*******д олгох”-оор шийдвэрлэжээ.
3.5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1148 дугаар магадлалаар “... 642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... нэхэмжлэгч Л.Н*******гийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ...” гэж өөрчилж шийдвэрлэсэн байна.
3.6. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1685 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1148 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.7. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулагч С.С нь хахууль авч газрыг Г.Шгээс Б.От шилжүүлж, улмаар Б.О нь бусдад зарж борлуулсан” гэх Л.Н*******гийн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын ерөнхий прокурорын газраас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/864 тоот хариу мэдэгдэх хуудсаар “...Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч С.С албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье” гэж мэдэгджээ.
4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, З1 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, ...-т заасан газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.
5. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/415 дугаар захирамж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан акт гэж үзэхээр байна.
6. Учир нь хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч Засаг дарга нь иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээтэй ба, уг шийдвэрээр иргэн Г.Шд олгогдсон газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцалгүй байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын дээд шүүхийн тогтоол гарсан” тайлбарлах боловч Г.Шд газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр нь 2014 онд гарсан, дээрх 3.4 дэх хэсэгт дурьдсан анхан шатны шүүхийн шийдвэр болон 3.6 дахь хэсэгт дурьдсан тогтоол 2018 онд гарсан байх тул цаг хугацааны хувьд өмнө гарсан шийдвэрийг цаг хугацааны хувьд хойно гарсан шүүхийн шийдвэрт үндэслэн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
8. Түүнчлэн дээрх 3.6 дахь хэсэгт дурьдсан шүүхийн тогтоолд “гэр бүлийн хамтын хэрэгцээний газар” гэж дүгнэж, “газрын үнийн 50 хувьтай тэнцэх 2,825,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох”-оор гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаагаас үзвэл, уг тогтоол нь газрын үнэлгээний 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснээс бус Г.Шгийн газар эзэмших эрхийг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэгч талын “маргаан бүхий газрын 50 хувийг нэхэмжлэгч эзэмших эрхтэй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй тул нэхэмжлэгч талын “авлига өгсөн, хариуцагч авлига авсан” гэх агуулга бүхий тайлбарт дүгнэлт хийх боломжгүй.
10. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21/665 дугаартай албан бичгээр “Таны тус албанд ирүүлсэн хүсэлтийг судалж үзлээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1148 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу нэхэмжлэгч Л.Н*******д өгчээ.
11. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх хариуг нэхэмжлэгчид өгсөн байх боловч уг тогтоол газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдаагүй, Г.Шгээс уг шийдвэрийг газрын хувийн хэрэгт өгөөгүй байна.
12. Мөн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Л.Н*******гийн нэхэмжлэлтэй, Г.Шд холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцоогүй байх тул шүүхийн тогтоол гарсныг мэдэх боломжгүй.
13. Иймд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 21/665 дугаартай албан бичгээр “...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1148 дугаар магадлалаар шийдвэрлэсэн...” гэсэн хариуг өгсөнд хариуцагчийг хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 1685 дугаартай тогтоол нь 2,825,000 төгрөгийг Г.Шгээс гаргуулж Л.Н*******д олгох агуулгатай, Г.Шгийн газар эзэмших эрхийг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч талын дээрх тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй гэдгээ шүүх хуралдаанд удаа дараа илэрхийлсэн тул дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Н*******гээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Н*******гээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Г.Ш, Б.О, Д.Ө******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ