Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 143/ШШ2024/00033

 

 

 

 

 2024 оны 01 сарын 18 өдөр                                   Дугаар 143/ШШ2024/00033                                                      Д******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Т*******” ХК /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум, ......-р баг, Т*******ны Ө******* салбар

 

Хариуцагч: Ц... овогт Б*******ийн А******* /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум, .....-р баг, ............. гудамж, ........ тоот

 

Хариуцагч: Т...:.... овогт Ц....гийн О******* /РД: *******/, Ө******* аймаг, Н сум, ......-р баг,  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6 931 137.50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хамтран зээлдэгчээр тогтоосон үйл баримтыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А /Т******* ХК-ийн Ө******* салбарын захирлаас олгосон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38/755 дугаартай итгэмжлэл/

 

Хариуцагч Б.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б /Б.А*******аас олгосон 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0140 дугаартай Ө******* аймгийн тойргийн нотариатчийн итгэмжлэл/

 

Хариуцагч Ц.О*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хишигсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т*******ны Ө******* салбарын харьяа Н тооцооны төв нь Б.М, хамтран зээлдэгч Б.А******* нартай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр MN тоот зээлийн гэрээ байгуулан 8 342 000.00 төгрөгийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол бус буюу хагас жил бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд: Мал-300 толгой /хонь, ямаа/, 4 ханатай гэр-1 ширхэгийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Б.М, хамтран зээлдэгч Б.А******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч Б.М нь 2022 оны 06 сарын 18-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Б.А******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 3.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлийн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.А*******аас банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн.

Иймд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8 342 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 932 022.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 227.58, нийт 9 274 250.28 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч “Т*******” ХК нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Т*******ны Ө******* салбарын харьяа Н тооцооны төв нь Б.М, Б.А******* нартай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр MN8100342107001566037-02 тоот зээлийн гэрээ байгуулан 8 342 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол бус буюу хагас жил бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.

Зээлийн барьцаанд мал 300 толгой /хонь, ямаа/, 4 ханатай гэр 1 ширхгийг барьцаалж, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зөвшөөрсөн. Дээрх зээл, барьцааны гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан ойлголцож байгуулсан бөгөөд хариуцагч Б.М, Б.А******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээг нотариатаар баталгаажуулсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл юм.

Зээлдэгч Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Б.А******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасныг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно.

Зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.А*******аас банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэл анх гаргасан өдрийн байдлаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8 342 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 932 022.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 227.58, нийт 9 274 250.28 төгрөг байснаас үндсэн зээлдэгчийн өвийг хүлээн авсан хууль ёсны өвлөгч буюу Б.Мын ээж Ц.О******* 2 100 000 төгрөг болон МИД-ын нөхөн төлбөр болох 243 112.78 төгрөг нийт 2 343 112.78 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн.

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт өр төлбөрийн үлдэгдэл 6 931 137.50 байна.

Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дэх хэсэгт заасан “Хариуцагчийг тодорхойлох” эрхийнхээ дагуу “Өвлөгч хүлээн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн хүлээх хариуцлагыг хүлээнэ" гэх үндэслэлээр Б.Мын ээж Ц.О*******ыг хамтран хариуцагчаар татах гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн.

Иймд шүүгчийн захирамжийн дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, зээлийн төлбөрөөс тодорхой төлөлт хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасган хүргүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэгч хэдэн төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаа, хамтран зээлдэгч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар хэлээгүй, зээл төлөх чадвар чадамжтай талаар тайлбар, судалгаа аваагүй, гарын үсэг зур гэхэд нь гараараа тэмтэрч байгаад зээлийн гэрээнд гарын үсгээ зурсан гэх үндэслэлийн тухайд,

Иргэний хуулийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн “Зээлийн гэрээ”-нд хамтран хариуцагчаар оролцож гарын үсэг зурахдаа ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаараа мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн талаар мэдлэггүй байх нь тухайн хүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох. 196.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 451.1, 451.2 болон Иргэний хуулийн 196.1, 451.1, 451.2-т заасны дагуу нэхэмжлэгчтэй “Зээлийн гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч тус гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ. Зээлийн үйл ажиллагааны журмын хавсралт 1.12-т зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд зээлийн ерөнхий мэдээлэл, зээлийн нөхцөл, зээлийн зардлын тооцоо, шимтгэл хураамж, барьцаа хөрөнгө хураах нөхцөл гэх мэт дараах агуулгууд орсон мэдээллийн хүснэгтийг зээл олгохоос өмнө бид зээлдэгч болон хамтран зээлдэгчид танилцуулж харилцагч зөвшөөрсөн бол гарын үсэг зуран баталгаажуулдаг. Иймд зээл олгох тухайн үед уг мэдээллийн хүснэгтэд гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, хамтран хариуцагч Б.А*******т зээлийн гэрээний дүн, хүү, хугацаа зэрэг гэрээний гол нөхцөлийг тайлбарлаж өгсөн болно.

2. Нэхэмжлэгчээс өөрийгөө “Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан” тул зээлийн гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээх боломжгүй гэх тухайд,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 28.1 /Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадалгаа гэнэ/ дэх хэсэгт зааснаар Оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан хүнийг хөдөлмөрийн чадваргүйд тооцох тухай заажээ. Иргэний хуулийн 18 дугаар зүйлд “Иргэний эрх зүйн чадамж”-н тухай ойлголтыг хуульчилсан. Иргэний хуулийн 18 дугаар зүйлд өөрөө хариуцлага хүлээх боломжгүй хүмүүсийн жагсаалтад Хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадваргүй гэдэг нь тухайн иргэн хариуцлага хүлээх боломжгүй гэсэн үндэслэл биш юм. Хуульд зааснаар насанд хүрсэн иргэний хувьд шүүхээс түүнийг “Иргэний эрх зүйн чадамжгүй”-д тооцож шийдвэр гаргадаг.

Нөгөөтээгүүр Үндсэн хуулийн 14.1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 4.1.1. "хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэдэгт бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг, 6.1. Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно”. Дээр дурдсан хуулиудад мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хууль, шүүхийн өмнө бусадтай адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчилсан байна. Иймд Б.А*******ийг нь хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэх үндэслэлээр "Зээлийн гэрээ"-ний дагуу хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 181 толгой мал 1 нь 29685 төгрөг гэж үзэхэд энэ нь 5 372 985 төгрөг, дөрвөн ханатай гэр 600 000 төгрөг гэвэл нийт 5 972 985 төгрөгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна. Мөн Иргэний хуулийн 18 дугаар зүйлд өөрөө хариуцлага хүлээх боломжгүй хүмүүсийн жагсаалтад хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулаагүй байгаа. Хөдөлмөрийн чадвар алдсан гэдэг нь хамтран зээлдэгчээс хасуулах шалтгаан болохгүй, Б.А******* нь хариуцлага хүлээх боломжгүй гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгэхээрээ хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй гэв.

 

2. Хариуцагч Б.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т*******ны Ө******* салбараас надад хариуцуулан нэхэмжлэл гаргасныг шүүхээс гардан аваад тайлбар гаргах тогтоосон хугацаанд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Манай гэр бүлийн хүн байсан Б.М нь /нас барсан/ 2022 оны 05 дугаар 23-ны өдөр Т*******наас зээл авсныг би мэдэж байгаа. Үүнтэй маргахгүй. Харин хэчнээн төгрөгийн зээл авсан болохыг би сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл би хөгжлийн бэрхшээлтэй, 2 нүд хараагүй, бусдын туслалцаа дэмжлэгтэйгээр нийгмийн харилцаанд оролцдог. Тухайн үед нөхөр маань уг зээлийг авч байгаа, чи гарын үсгээ зурах ёстой гээд банк дээр намайг хөтөлж очоод гарын үсэг зуруулсан. Тухайн мөнгийг Б.Мын дансанд хийсэн байх. Тэгээд нөхөр маань захиран зарцуулсан үйл явдал болж өнгөрсөн. Энэ зээлээс миний данс руу хийсэн зүйл байхгүй, би нэг ч төгрөгийг гар дээрээ авч захиран зарцуулаагүй, хэрхэн юунд зарцуулсныг ч сайн ойлгоогүй өнөөдрийг хүрсэн байна. Тэгэхээр банкнаас намайг хамтран зээлдэгчээр зээл авсан гэх зүйлээр надаас энэ мөнгийг нэхэмжилж байгаа юм байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад  гэвэл би нэгдүгээрт, гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлсэн. Цагдан хоригдож байна. Надад эрхэлсэн ажил хөдөлмөр болоод ямар нэгэн орлого байхгүй. Нөгөөтээгүүр хорих ялтай учир төлөх боломжгүй. Цаашлаад нийт авсан зээлийг би яагаад 100 хувь төлж барагдуулах ёстой юм бол. Дээрээс нь тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй, бусдын туслалцаатайгаар нийгмийн харилцаанд оролцдог надад банкнаас таныг хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зуруулж байгаа, та ийм эрх, үүрэгтэй шүү гэдгийг тайлбарлан ойлгуулж хэлээгүй, нөхөр л гарын үсэг зур гээд зуруулж байсан болохоос намайг зээл төлөх чадвартай хүн мөн үү гэдэгт банк судалгаа хийгээгүй.

Би 2 нүд хараагүй болоод хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар алдагдсан гэх зүйлээр Ө******* аймгийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүгнэлтээр хугацаагүйгээр тогтоолгосон. Үүнээс үзвэл би нийгмийн харилцаанд оролцох эрх зүйн чадваргүй гэх зүйлд тооцогддог болно. Эрх зүйн чадваргүй хүнтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж Зээлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ мөн эсэхэд марган явна. Зээлийн эдийн засагч судалгаагаа сайн хийгээгүйгээс мөн надтай уулзаж ямар хүн бэ гэдгийг хараагүйгээс болж гэрээ хийгдсэн, батлагдсан байхаар байна.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болсноос улбаалан тухайн үндсэн зээлийг нөхөр төлж байсан байгаа байх. Үүнээс үзвэл төлөгдсөн зээл хасагдаж тооцогдоно. Хүү, алданги хасагдах ёстой болов уу. Нөгөөтээгүүр хэрвээ зээл төлөх ёстой гэж үзвэл 2 хүн зээл авлаа гэхэд тухайн зээлийг хуваан хариуцах буюу өөрт ногдох хэсгийг л төлөх ёстой гэж үзнэ. Надаас бүх зээлийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлд 300 толгой бог малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бичсэн байна гэнэ. Тэгэхээр миний зүгээс банкны ажилтан та бүхэн яаралтай бог малыг хариуцаж байгаа талийгаач Б.Мын ээжтэй холбоо барьж малаа авах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хөдөөгөөс 181 малыг тоолон авч явсан гэдэг. 181 бог малыг банк яаралтай авах битүүмжлүүлэх арга хэмжээгээ авах нь хэрэгтэй. Яагаад гэвэл би мал хаана байгааг мэдэхгүй байна. Талийгаачийг өнгөрсөн өдрөөс хойш маргааш нь тэдний ах дүү нар ирээд бүх мал, хөрөнгийг нь аваад явсан гэдэг. Хөрөнгө хаана байгаа талаар надад мэдэх зүйл алга байна. Малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад надад татгалзаад байх зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Б.А******* нэхэмжлэлийн багасгасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Т******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гарган өгч байна.

Тухайн нэхэмжлэлд барьцаагаар хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлээ гаргасан байх тул надад татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Барьцаанд тавьсан байгаа хонь, ямаа, 4 ханатай гэр зэрэг бүгд талийгаач нөхрийн ээж болох Ц.О*******д өвлөгдөж очсон байгаа ба би гэрийнхээ хөрөнгөнөөс нэг ч хөрөнгө аваагүй, нийгмээс тусгаарлагдан Улаанбаатар хот руу явсан ба аймагтаа ирээгүй удаагүй, ар гэрийнхнийхээ асаргаанд асруулж байгаа. Би өөрөө хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй, 2 нүд 100 хувийн хараагүй тул зээл төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Б.А******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т*******ны Ө******* аймаг дахь салбараас надад холбогдуулан шүүхэд 9 274 250.28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай холбогдуулан доорх сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Б.А******* би 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ММ-32 тоот зээлийн гэрээг байгуулан 8 342 000 төгрөгийг зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон гэх зээлийг хөөцөлдөж, хүсэлт гарган өгч аваагүй. Харин нөхөр байсан Б.М мөнгөний хэрэгтэй хэрэгцээ байна гээд банкин дээр очоод гарын үсэг зуруулна гэдэг байсан ба гарын үсэг зур гэхэд нь гараараа тэмтэрч байгаад зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед хэчнээн төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаа, хамтран зээлдэгч ямар эрх, үүргийг эдлэх ёстой талаар нөхөр М болон банкны зээлийн эдийн засагч нараас хэн нь ч тайлбарлан өгөөгүй.

Шүүхээс нэхэмжлэл аваад их хэмжээний зээл М авсныг мэдлээ. Аливаа зээлийг зээлдэгчид олгохдоо хамтран зээлдэгч зайлшгүй шаардлагатай зээл мөн эсэх, цаашлаад хамтран зээлдэгч нь хөрөнгө орлогын ямар эх үүсвэртэй, намайг хамтран зээлдэгчээр гэрээний нэг тал болж чадах эсэх тал дээр банкны ажилтан надаас юу ч нэхэж аваагүй, ямар ч тайлбар аваагүй, намайг зээл төлөх чадвар, чадамжтай эсэх тал дээр нэг ч судалгаа явуулаагүй. Тэгэхээр би тухайн зээлийг төлөх хөдөлмөрийн чадваргүй, орлогын ямар ч эх үүсвэргүй, бусдын асаргаанд байж өөрийгөө асруулдаг, нийгэмтэй харилцах чадваргүй, чадамжгүй, гэрээс ч гарахгүй, ойр зууртаа гэртээ байдаг, хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдагдсан тул банкны ажилтан намайг тус 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр MN тоот зээлийн гэрээг байгуулан 8 342 000 төгрөгийг зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар олгосон зээлд хамтран зээлдэгчээр тогтоон гэрээ байгуулсан үйл баримтыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Б.А*******, Ц.О******* нараас нийт 6 931 137.50 төгрөг гаргуулахдаа хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Энэ мөнгийг гаргуулж байгаа бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэрэг байна уу. Банк үүргийн гүйцэтгэл хангагдахгүй бол эрх нь зөрчигдсөн цагаас барьцаа хөрөнгийг өөрийн мэдэлд аваад захиран зарцуулах эрхтэй байдаг. Холбогдох дүрэм журам, Иргэний хуульд ч энэ эрх нээлттэй байдаг. Ц.О******* нь 3 сая төгрөгийг төлье, барьцаа хөрөнгүүдийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Б.А*******аас мөнгө гаргуулахгүй, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байгаа.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Миний зүгээс энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бас нэг нөхцөл байдал нь банк хамтран зээлдэгч болон үндсэн зээлдэгч нарыг хэр судалж байж зээл олгосон бэ, хөдөлмөрийн чадваргүй хариуцлага хүлээх чадваргүй гэдэг нь тогтоогдсон хүн хамтран зээлдэгч байж болох уу. Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүн мөн эсэх талаар судалгаа хийсэн үү. Хөдөлмөрийн чадвар алдалт буюу хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, нийгэмд оролцох чадваргүй, өөрөө бие засаж ч чадахгүй гээд хорих ял эдлэх хугацаанаасаа чөлөөлөгдсөн. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

2.1 Хариуцагч Ц.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цэрэн овогтой О******* миний бие “Т*******” ХХК-ийн Ө******* аймгийн Н сумын салбарын нэхэмжлэхтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Миний хүү Б.М нь эхнэр болох Б.А*******ийн хамтаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Т*******наас 8 342 000 төгрөгийн зээлийг авсан байсныг би сүүлд мэдэж, өөрийн төлөх боломжийн хэмжээгээр 2 100 000 төгрөгийг төлсөн. Миний хүү Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эхнэр А*******ийн гарт амь насаа алдаж бидэнд нөхөж баршгүй, хүнд гарз тохиолдсон. Миний хүүгийн амь насыг хохироочхоод Б.А******* нь нүдний хараагүй гэх үндэслэлээр ял шийтгэлээс чөлөөлөгдсөн. Миний хувьд хүүгээ эхнэрийнхээ гарт алдсан эх хүний сэтгэлийн шаналал зовлонг үгээр илэрхийлэх боломжгүй хүнд хэцүү цаг хугацааг туулж байна.

Банкнаас авсан зээлийг нь А******* авхуулж, хамт захиран зарцуулсан байна. Одоо хүү маань нас эцэслэсэн болохоор үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр хамаг өр төлбөрийг нь надаар төлүүлж, өөрийгөө өр төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүсэж байна. Хамтран зээлдэгч нь хамтран үүрэг хүлээх ёстой учир Б.А******* нь энэ зээлийг төлөх үүргээс чөлөөлөгдөх учиргүй. Мөнхүү Мын хамаг эд хөрөнгийг намайг аваад явсан гэж бичсэн байна.

Б.А******* өөрөө хүүгийн маань амь насыг хохироож, ял шийтгэлээс чөлөөлөгдөх гэж бидэнд нэг ч хохирол төлбөрийн мөнгө төгрөг өгөлгүй, сэтгэл санааны хохирол, оршуулгын зардалд мал эд хөрөнгийг нь өгье гэж, хохирол төлбөр төлөгдсөн гэж тооцуулж өгөөч гэж гуйсан. Хүүтэй маань хамт амьдарч байх хугацаанд бий болгосон эд хөрөнгөө надад өгсөн болохоос би өвийн журмаар хүүгийнхээ бүх эд хөрөнгийг авсан юм байхгүй. Хүүгийнхээ эд хөрөнгийг хүүгээ эхнэрийнхээ гарт алдсан хохирол төлбөрт авсан. Учир хүүгийн маань амьд сэрүүндээ хөдөлмөрлөж, зүтгэж байж бий болгосон зүйл учир миний хувьд юунаас илүү үнэ цэнэтэй эд зүйл үлдээсэн бүх зүйлийг нь ч болтугай хамгаалахыг хүссэн учир А*******аас авах хохирол төлбөрөө тооцоод ч болтугай авахыг хүссэн юм. Хэрвээ хүү маань амьд сэрүүн байсан бол малаа өсгөөд, ажил хөдөлмөр эрхлээд банкнаас авсан зээлээ төлчих байсан. Гэтэл гэмт хэргийн улмаас буюу учирсан хохирол учир гэмт буруутай этгээд болох Б.А******* хариуцан арилгах ёстой. Тиймээс банкнаас нэхэмжилж буй 6 931 137.50 төгрөгийг бүхэлд нь Б.А*******аар төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээл авсан мөнгөнийхөө 2 500 000 төгрөгөөр мотоцикл авсан байсныг нь мэдэж байна. Тухайн мөнгөөр өөр юу авсныг мэдэхгүй. Би аймагт олон жил болж байгаа. Хүү хөдөө амьдарч байсан болохоор ойр дотно байдаггүй байсан. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яаж зээл авсныг нь мэдэхгүй байна. Миний хүү 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Тэр хооронд аймгийн төв рүү орж ирээгүй. Б.А*******ийн данс руу орсон байх. Барьцаанд тавьсан эд хөрөнгө нь миний хүүдээ хүлээлгэж өгсөн эд хөрөнгө. Мотоцикл авсанаас өөр эд хөрөнгө авсныг нь мэдээгүй. 300 толгой мал гээд байгаагаас 180 гаруй нь багийн мал байсан учраас багаас малаа авсан. 50 толгой мал ахынх нь мал байсан, тэрийгээ авсан. Ингээд 70 гаруй мал үлдсэнийг өнгөрсөн жил айлд маллуулаад цаг зуд ихтэй байсан учраас бараг мал үлдээгүй байна. Үлдсэн хэдхэн малыг самнаад би 2 100 000 төгрөг тушаасан. Би мотоциклийн үнийг нь төлбөл төлнө. Бусад мөнгийг Б.А******* төлөх байх. Мотоцикл нь 3 000 000 төгрөг гээд байгаа. Уг нь 2 500 000 төгрөг гэсэн бичиг нь байсан юм. Олдохгүй байгаа. Мотоцикл авсан болохоор 3 000 000 төгрөгийг хүүгийнхээ өмнөс банкинд төлье. 4 ханатай гэр бол манай хуучин хөрөнгө, миний хүүдээ өгсөн хөрөнгө учраас би өөрөө авах эрхтэй, барьцаа хөрөнгө авсан гэдгээр би орохгүй байх гэж бодож байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: “Т*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/1175 дугаартай итгэмжлэл, Б.М, Б.А*******, Б.Цэцэгбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №210700156037 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн MN дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар, барьцааны зүйлийн жагсаалтын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн MN дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар, барьцааны зүйлийн жагсаалт, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн MN дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөл оруулах гэрээ-Малчны зээл”-ийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б.М, Б.А******* нарын гарын үсэгтэй гар өргөдлийн хуулбар, барьцаанд тавих хөрөнгийн жагсаалтын хуулбар, Б.М, Б.А******* нарын зээлдэгчийн анкетийн хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбар, Б.Мын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.А*******ийн “Тэтгэврийн зээлийн өргөдөл”-ийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №8064 дугаартай “Тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б.А*******ийн “Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн” лавлагааны хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/687, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 38/736, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38/755 дугаартай итгэмжлэлүүд, “Т*******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Т*******” ХК-ийн Зээлийн үйл ажиллагааны журмын хуулбар, зээлдэгчид бүтээгдэхүүн борлуулах хуудасны хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №20220523817891077791 дугаартай мемориалын баримт, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б.Мын 210700156021 тоот харилцах дансны хуулгууд, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б.А*******ийн 210000236290 тоот харилцах дансны хуулга, Б.А*******, Б.М нарын Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа, “Т*******” ХК-ийн дүрэм, 

Хариуцагчаас: “Г” нүдний эмнэлгийн эмчлэгч эмч Б.Эийн тодорхойлолт, Ө******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тодорхойлолтын хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Н.Н, Б.А******* нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2872 дугаартай Ө******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн комиссын шийдвэрийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ц.О*******, Б.А******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т*******” ХК нь хариуцагч Б.А*******, Ц.О******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6 931 137.50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.А******* нь “Т*******” ХК-д холбогдуулан хамтран зээлдэгчээр тогтоосон үйл баримтыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

4. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  

4.1 Хариуцагч Б.А*******ийн тухайд: “Т*******” ХК нь зээлдэгч Б.М, Б.А******* нартай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр MN тоот зээлийн гэрээ байгуулан 8 342 000 төгрөгийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд 300 толгой мал /хонь, ямаа/, 4 ханатай гэр 1 ширхэгийг барьцаалсан.

Зээлдэгч Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Б.А******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 3.2.1-р зүйлийг зөрчсөн, мөн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.А*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж;

 

4.2 Хариуцагч Ц.О*******ын тухайд:

“Өвлөгч хүлээн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээнэ" гэсэн үндэслэлээр Б.Мын эх, өвлөгч Ц.О*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна гэж тус тус тайлбарладаг.

 

5. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:  

5.1 Хариуцагч Б.А******* “...Би хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй, 2 нүд 100 хувийн хараагүй тул зээл төлөх боломжгүй. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь барьцаанд тавьсан хонь, ямаа, 4 ханатай гэр зэрэг бүгд талийгаач нөхрийн ээж болох Ц.О*******д өвлөгдөж очсон...” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргадаг.

 

5.2 Хариуцагч Ц.О******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1 Нэг талаас зээлдүүлэгч “Т*******” ХХК, нөгөө талаас зээлдэгч Б.М, Б.А******* нар нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №210700156037 дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлдэгч Б.М, Б.А******* нарт 5 000 000 төгрөгийг малын өвс тэжээл болон мотоцикл худалдан авах зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгохоор тохиролцсон байна. Уг гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 4 ханатай гэр-1 ширхэг, 2*3 хэмжээтэй төмөр пин-1 ширхэг, зурагт DDISH ком, 278 толгой мал /хонь, ямаа/ зэргийг барьцаалжээ.

 

-Зээлийн гэрээний талууд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, уг гэрээгээр өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 630 000 төгрөг дээр 1 000 000 төгрөгийг нэмж зээлдүүлж, зээлийн хэмжээг нийт 3 630 000 төгрөг болгож, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 23 хүртэл сунгаж;

-2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, уг гэрээгээр өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 3 409 000 төгрөг дээр 3 000 000 төгрөгийг нэмж зээлдүүлж, зээлийн хэмжээг нийт 6 409 000 төгрөг болгож, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 07 дугаар сарын 04 хүртэл сунгаж;

-2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт MN дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 3 342 000 төгрөг дээр 5 000 000 төгрөгийг нэмж зээлдүүлж, зээлийн хэмжээг нийт 8 342 000 төгрөг болгож, зээлийн гэрээний хугацааг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, барьцааны зүйлийг 4 ханатай гэр-1 ширхэг, 300 толгой мал /хонь, ямаа/ болгон өөрчлөн барьцаалжээ.

 

6.2 Дээрх үндсэн болон нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдэд зээлдэгч Б.М, хамтран зээлдэгч Б.А******* нар гарын үсэг зурсан байна.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй буюу эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2022 оны 11 сарын 21, 2023 оны 05 дугаар сарын 22, 2023 оны 11 дүгээр сарын 20, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар байх ба зээл төлөгдөөгүй 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлжээ.

 

6.3 Зээлдэгч Б.М 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ө******* аймгийн Н суманд нас барсан болох нь 4601000112 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлдэгч Б.А*******т зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичгээр хүргүүлсэн байна.  

 

6.5 Хариуцагч Ц.О******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 100 000 төгрөгийг төлсөн, мөн малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр болох 243 112.78 төгрөг, нийт 2 343 112.78 төгрөгийн зээлийн төлөлт хасагдсан.

 

Нэхэмжлэгч нь анх үндсэн зээл 8 342 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 932 022.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 227.58, нийт 9 274 250.28 төгрөг нэхэмжилснээс төлөгдсөн 2 343 112.78 төгрөгийг хасаад үндсэн зээлийн үлдэгдэл нийт 6 931 137.50 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгасан. 

 

7. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зохигч барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний үндсэн үүрэг 6 931 137.50 төгрөг үлдсэн гэх үйл баримтуудад маргаагүй.  

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.

Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.2-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байхаар тохиролцжээ.

 

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх ба Т******* ХК нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, уг нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд нэмэлт хугацаанд үр дүн гараагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Хариуцагч нарын татгалзлын тухайд:

 

9.1 Хариуцагч Б.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хамтран зээлдэгчээр тогтоосон нь үндэслэлгүй” талаар тайлбарлаж байна.  

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Б.А*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ.

 

Хариуцагч Б.А******* нь хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.7 /зээлдэгч нас барсан тохиолдолд зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч нь гэрээний дагуу ...зээлийг бүрэн хариуцах/, 3.3 /хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ/ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлийг төлөх үүрэгтэй.

 

9.2 Хариуцагч Ц.О******* нь шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргадаг.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар хэнийг тодорхойлж, шаардлага гаргах эсэх нь нэхэмжлэгчийн эрх юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлдэгч Б.Мын ээж, өвлөгч Ц.О*******д холбогдуулан шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2 дахь хэсэгт өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх ба өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан, мөн зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг хууль ёсны өвлөгч гэж тус тус зохицуулсан байна.

 

Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн ба хариуцагч Ц.О******* нас барагчийн төрүүлсөн эх, түүнд хуульд зааснаар өв залгамжлагдсан талаар талууд маргахгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, ...этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу зээлдэгч Б.М нь банктай зээлийн гэрээ байгуулах, хөдлөх хөрөнгө барьцаалах хүсэл зориг илэрхийлж гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдэгч нас барсан хэдий ч хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байх тул зээлийн гэрээний үүрэг өв залгамжлагчид шилжих үндэслэлтэй.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нарт зээлийг бүхэлд нь хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Б.А*******, Ц.О******* нараас нийт 6 931 137.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

11. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д ...гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэнтэй нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Уг гэрээгээр барьцааны зүйл болох 4 ханатай гэр-1 ширхэг, 300 толгой мал зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх баталгаа болгон харилцан тохиролцжээ.

 

Хариуцагч Ц.О******* нь гэрээнд заасан барьцаа хөрөнгийг өвлөн авсан талаар маргахгүй байх боловч малын тоо толгойны талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч Ц.О******* нь 181 толгой малыг өвлөн авсан эвлэрлийн гэрээ гэх баримт хэрэгт авагдсан тул 181 толгой малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбар гаргасан тул уг шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж зааснаар барьцааны зүйл болох 4 ханатай гэр 1 ширхэг, 181 тоо толгой мал буюу хөдлөх эд хөрөнгийн үнээс шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

12. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Б.А******* нь “Т*******” ХК-д холбогдуулан “2022 оны 05 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр тогтоон гэрээ байгуулсан үйл баримтыг хүчингүй болгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.А******* хамтран зээлдэгчээр оролцох эрх зүйн үндэслэлгүй, учир нь 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, мөн иргэний эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй” гэжээ.

 

Иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд хамаарах этгээд болон шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцох үндэслэлийг Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасан ба үүнд хариуцагч Б.А*******ийн хөдөлмөрийн чадвар алдсан байдал нь хамаарахгүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг Иргэний хуульд зааснаар хууль зөрчсөн, эрх зүйн чадамжгүй этгээдтэй хийсэн, хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй гэж үзэх болон андуурч, төөрөгдсөн, хууран мэхэлж, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсонгүй.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан гаргуулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.А*******, Ц.О******* нараас 6 931 137.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т*******” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А*******, Ц.О******* нар нь 6 931 137.50 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд 4 ханатай гэр 1 ширхэг, 181 толгой мал зэрэг барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.А*******ийн “Т*******” ХК-д холбогдуулж гаргасан хамтран зээлдэгчээр тогтоосон үйл баримтыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн төлсөн 233 538 төгрөг, хариуцагч Б.А*******ийн төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******, Ц.О******* нараас улсын тэмдэгтийн хураамж 233 538 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХК-д олгосугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНСҮРЭН