Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 150/ШШ2024/00046

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** дугаар хороо, **ийн ** тоотод оршин суух ******* овогт ******* *******, /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дүгээр багт байрлах “******* ” ХХК-д холбогдох,

“******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч /цахим/, /цахим/, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* ******* нь “******* ” ТӨХК-ийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргаар 2022 оны 04 сарын 13-ны өдөр ажилд орсон. 2022 оны 05 сарын 27-ны өдөр Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын дарга албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “******* ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын Б/622 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан бөгөөд үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 43.1.4 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ДОА22/06 дугаартай зөвлөмж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ДОА22/07 дугаартай зөвлөмж, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9.8, 8.9.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1.4, 5.1, 10.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн болно. Тушаалын тушаах хэсэгт шууд удирдлагаас өгсөн албан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил байх тул 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэжээ. Миний бие “******* ” ТӨХК-д ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Тушаалд бичигдсэн зөрчлүүд нь хэзээний ямар зөрчил болох нь тодорхойгүй, ямар үүрэг даалгаврыг хэрхэн өгч, хэрхэн биелүүлээгүй нь тодорхойгүй байх бөгөөд миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байсан болно. Мөн надаас зөрчилтэй холбоотой ямар нэгэн тайлбар аваагүй, ямар зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтыг баримтлаагүй байна. Мөн 2022 оны 10 дугаар сарын 10-21-ний өдрийг дуустал хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж байсан ба энэ тухайгаа Гүйцэтгэх захирал мэдэгдэж, эмнэлгийн магадалгааг байгууллагын цахим хаяг хаяг руу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр илгээсэн бөгөөд магадалгааг эх хувиар нь байгууллагад хүргүүлсэн билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасныг зөрчиж, хуулийн 123.3-д заасныг баримтлалгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа учраас урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар иргэн *******ыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/298 дугаар тушаалаар Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянах хүртэлх хугацаанд Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Гэвч ******* нь тус компанид ажиллаж байх хугацаандаа Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн хэмжээнд мөрдөгдөх хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх архив, албан бичиг хэргийн хөтлөлтийг стандартын дагуу явуулах, ТУЗ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах энэ чиг үүргээ удаа дараа зөрчиж, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байгаагүй. ******* нь өөрөө компанийн хүний нөөцтэй холбоотой бүхий л ажлыг хариуцах, хянах компанийн дүрэм, журмыг хуульд нийцүүлэн явуулах гол чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан боловч дээрх албан тушаалд түр томилогдсоноос хойш ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаар талууд хоорондоо тохиролцоогүй явж ирсэн. Хэдийгээр ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулагдсантай агуулгын хувьд адилтгаж үзэж болохоор байгаа юм. Ажил олгогч нь ажилтан *******ыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан туршилтаар ажиллуулахаар 2022 оны 5 дугаар сард түр томилж 2022 оны 10 дугаар сард ажил олгогчийн зүгээс түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цаашид сунгахгүйгээр цуцалсан нь хугацааны хувьд хууль зөрчөөгүй болно. Мөн “******* ” ТӨХК компанийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 127 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2.1.4-д зааснаар компанид ажилтан шалгаруулж авах, ажлаас чөлөөлөх асуудлыг тусгасан байх бөгөөд ажилтныг ажилд авахтай холбогдсон харилцааг компанийн ажилтан сонгон шалгаруулах журмаар зохицуулна гэж тус тус заасан. *******ын хувьд компанийн дүрэм болон компанийн ажилтан сонгон шалгаруулах журмыг баримтлаагүй, түр томилогдсон болно. Учир нь ажил горилогчийн хувиар бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлээгүй, бичгийн болон ур чадварын ярилцлагын шалгалтуудыг өгөөгүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй төдийгүй тухайн албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, боловсролын шаардлагуудыг тус тус хангаагүй болно. “******* ” Компанийн дүрмийн ТӨХК-ийн дүрмийн 7.1 Хувьцаа эзэмшигчийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна. Дүрмийн 7.13.1-т Төлөөлөн удирдах зөвлөл  гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, гаргасан бодлого, шийдвэр нь компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн эсэх, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн эсэхэд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөрчил илэрвэл уг зөрчлийг арилгах, холбогдох этгээдээс шаардах шаардлагыг нь эс биелүүлбэл асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх,  дүрмийн 7.14-т компани нь шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудал эрхэлсэн байнгын болон түр хороог байгуулж болох бөгөөд өөрийн үйл ажиллагааг үр өгөөжтэй, байнгын мэргэшсэн байдлаар үйл ажиллагааг явуулах зорилготой аудитын цалин, урамшууллын нэр дэвшүүлэх хороог заавал байгуулан ажиллуулна гэж тус тус заасан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай тэмдэглэлээр компанийн гүйцэтгэх захиралд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгаж, компанийн удирдах албан тушаалтан бүрийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулсны дараа томилох буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэх үүднээс хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хянуулах хүртэл түр хугацаанд түр томилсугай гэсэн тушаалуудыг хүчингүй болгохоор заасан байна. ТУЗ-ийн тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг компанийн гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжилтийн хүрээнд иргэн *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь дээрх шийдвэртэй нийцэж байгаа юм. Түүнчлэн ******* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын 5 дугаарт энэ тогтоол батлагдсантай холбогдуулан ТУЗ-ийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаар тогтоол тус тогтоолоор баталсан зохион байгуулалтын бүтцийг хүчингүй болсонд тооцсугай гэж заасан. Өнөөдрийн байдлаар дээрх ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоол 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн газар гэсэн бүтэц, орон тооны хамт цомхотголд байхгүй болсон. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйгээс гадна холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй, түүнчлэн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар баталсан Захиргаа, удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байх тул ажил эгүүлэн томилох боломжгүйг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч ******* нь тус компанид ажиллах хугацаандаа шууд удирдлагаас өгсөн албан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөөт, зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: ******* нь ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудиторын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай зөвлөмжөөр өгөгдсөн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэх, ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудиторын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай зөвлөмжөөр өгөгдсөн хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүй. Гүйцэтгэх захирлын зүгээс Дотоод аудиторын зөвлөмжийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч *******т цохолт хийж, хэрэгжилтийг хангаж хариу өгөх, өгөхөөр үүрэгжүүлсэн боловч хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Энэ нь компанийн гүйцэтгэх захирлын компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.1.10, 6.2.7, 6.3.9, 7.7, 8.2 дахь заалт, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 163 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, хэсгийн ТУЗ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх албан тушаалын зорилт хэсгийн номер 3 Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр, архив, албан хэрэг хөтөл хөтлөлтийн үйл ажиллагааг стандартад нийцүүлэх ажлыг удирдан зохион байгуулж зохион байгуулах, 6 гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврын биелүүлэх гэсэн заалтуудыг тус тус мөрдөж ажиллаагүй. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан компанийн хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш даруй 1 сарын дараа боловсруулж, гүйцэтгэх захирлын тушаалаар баталж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 386 дугаар тогтоолын тогтоолоор ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх захирал Л., захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч *******т үүрэг даалгаврын биелэлтийг төлөвлөгөө гаргаж тайлагнах үүргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн боловч мөн биелүүлээгүй. Компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 127 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.6-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн шууд удирдах ажилтанд ажил эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй 3.1.7-д урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох 3.2.1.4-д Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллагсад, нэгжүүдийн дарга нарт гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр чөлөөг олгоно гэж заасныг зөрчиж 2022 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд ажил тасалж, журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй болно. Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 148 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ажилтан нарын цаг, бүртгэл, хоолны хөнгөлөлтийн карт ашиглах тухай журмаар ажилтан ******* нь хурууны хээ, нүүр царайгаар ажлын цагаа бүртгүүлэх үүрэгтэй боловч бүртгүүлээгүй нь журмын 4.1-д зааснаар ажил тасалсанд тооцогдож байна.     Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. Холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа...” гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:

 

Нэхэмжлэгчээс “******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаартай тушаал /хх-ийн 3/, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх-ийн 4/, үндсэн хөрөнгө шилжүүлсэн 221031 дугаартай баримт /хх-ийн /, ажил хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7/, ажлын хэсэг байгуулах тухай /хх-ийн 8/ “******* ” ТӨХК-ийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын ажлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 10-13/, ХК-ийн төлбөрийн баримт /хх-ийн 14/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-ийн 15/, сэргээн засах эмчилгээний карт /хх-ийн 15/, энгийн эмийн жор /хх-ийн 16/, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн төлбөрийн баримт /хх-ийн 17/, “******* ” ТӨХК-ийн Хөдөлмөрийг маргаан таслах комисст гаргасан гомдол /хх-ийн 18-21/, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 795 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамж /хх-ийн 24-25/, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоол /хх-ийн 26-28/, бичиг баримт явуулсан дэвтрийн хуулбар /хх-ийн 29-31/, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 40 дугаартай “гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-ийн 33-34/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/10 дугаартай албан бичиг /хх-ийн 35/, ******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/13 дугаартай албан тоот /хх-ийн 36/, нэхэмжлэл /хх-ийн 37-38/, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 150/ШЗ2023/000127 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-ийн 39-40/, нэхэмжлэл /хх-ийн 41/, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 150/ШЗ20023/00177 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 43-44/, өргөдөл /хх-ийн 45-46/, “******* ” ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 47-50/, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх-ийн 79/, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 288 дугаартай албан бичиг /хх-ийн 81/, өрхийн эрүүл мэндийн төвийн баримт /хх-ийн 193/, “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг,

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр “******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/204 дугаартай тушаал /хх-ийн 115/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/151 дугаартай тушаал /хх-ийн 116/, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаартай тушаал /хх-ийн 117/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/257 дугаартай тушаал /хх-ийн 118/, “******* ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл /хх-ийн 119-120/, ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ДОА22/06 дугаартай зөвлөмж /хх-ийн 121/, ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ДОА22/07 дугаартай зөвлөмж /хх-ийн 122/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 141/, эмнэлгийн магадалгаа /2-р хх-ийн 44/, гэрч мэдүүлэг /2-р хх-ийн 139-145/, гэрч ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/267 дугаартай хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 123-140/, “******* ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/148/ дугаартай тушаал /хх-ийн 151/, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “ажилтан нарын цаг бүртгэл, хоолны хөнгөлөлтийн карт ашиглах тухай” журам /хх-ийн 152-157/, /, “******* ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаартай тушаал /хх-ийн 158/, Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 159-170/, /, “******* ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаартай тушаал /хх-ийн 170/, “******* ” ХК-д ажилтан сонгон шалгаруулж авах журам /хх-ийн 171-181/, ажиллагсдыг ажилд томилох тухай Б/163 дугаартай тушаал, хавсралт /хх-ийн 182-185/, Төрийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 386 дугаартай “шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоол /хх-ийн 190-191/, “******* ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 04 дугаартай тогтоол /хх-ийн 195-196/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай “цалингийн жишиг батлах тухай” тогтоол /хх-ийн 197-198/, ******* ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 8 дугаар хавсралт /хх-ийн 199/, 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоол /хх-ийн 200-201/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /х-ийн 215/, хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 46-57/, ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/80 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 149/, өртөгт суурилсан менежментийн урамшуулал болон жилийн эцсийн урамшуулал цалин олгох тооцоо /2-р хх-ийн 150/, цалингийн жагсаалт /хх-ийн 151/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

 

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь “******* ” ТӨХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ 2022 оны 10 дугаар сарын 10-21-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж байсан ба гүйцэтгэх захиралд мэдэгдэж, байгууллагын цахим хаягаар эмнэлгийн магадалгаа илгээсэн, албан ёсны чөлөө зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байсан гэж тайлбарласан.       

           

            Хариуцагч “******* ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  “...А.*******ыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулахаар 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл ажиллуулсан, ажил олгогчийн зүгээс түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сунгахгүйгээр цуцалсан нь хугацааны хувьд хууль зөрчөөгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг баримтлаагүй томилогдсон, албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшил, туршлага, боловсролын шаардлага хангаагүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т зааснаар нэхэмжлэгч А.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “******* ” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, шийдвэрлүүлсний дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Хэргийн үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигч маргасан байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд “******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, ТУЗ-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарн 12-ны өдрийн ДОА22/06, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ДОА22/07 дугаартай зөвлөмж, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9.8, 8.9.9, хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1.4, 5.1.10.6 дахь заалтыг тус тус үндэслэн  

 

Шууд удирдлагаас өгсөн албан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр А.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 3/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг тушаалд  баримтлаагүй боловч А.*******ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэж зөрчлийг тодорхой нэрлэн заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

“******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/163 дугаартай тушаалын хавсралт болох Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилт хэсгийн 2 дугаарт:

Компанийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих мөн хууль тогтоомжийн хүрээнд ажиллахад шаардлагатай дотоод хэм хэмжээг тогтоох замаар эрх зүйн зөрчилгүй ажиллах талаар холбогдох нэгжийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх,

Албан тушаалын чиг үүрэг хэсгийн 2-р зорилтын хүрээнд: компанийн дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм журмыг боловсронгуй болгож эрх зүйн зөрчил гаргахгүй байх орчныг бүрдүүлэх,

6-р зорилтын хүрээнд Удирдлагаас тавьсан шаардлага өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх гэж тус тус тодорхойлжээ.

“******* ” ТӨХК-ийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ДОА22/06 дугаартай зөвлөмжөөр “компанийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, баталгаажуулах шаардлагатай талаар, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ДОА22/07 дугаартай зөвлөмжөөр хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх талаар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 386 дугаартай тогтоолоор шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авах талаар  “******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгаж шийдвэрлэсэн болох нь албан бичгүүд, гэрч мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л. дээрх 2 зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг, ТӨБЗГазрын тогтоолд дурдсан үүрэг даалгаврын биелэлтийг төлөвлөгөө гаргаж, тайлагнах ажлыг хариуцуулахаар А.*******т цохолт хийсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.******* нь дээрх зөвлөмж, тогтоолын биелэлтийг хариуцуулсан буюу цохолт хийсэн албан бичгийг надад хүлээлгэн өгөөгүй, хавтаст хэрэгт цугларсны дараа энэ талаар мэдсэн гэж маргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Өөрөөр хэлбэл Л.******* ажлын байрны тодорхойлолтод заасанчлан компанийн дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм журмыг боловсронгуй болгож эрх зүйн зөрчил гаргахгүй байх орчныг бүрдүүлэх, удирдлагаас тавьсан шаардлага өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүрэг хүлээсэн байгаа боловч маргааны зүйл болох дээрх 2 зөвлөмж, 1 тогтоолыг А.*******т ямар хугацаанд, хэрхэн мэдэгдэж гардуулсан талаарх нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул нотлоогүй гэж үзнэ.

 

Ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

 

Хөдөлмөрийн  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэж, мөн хуулийн 100.2Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж заажээ.

Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн шууд удирдах албан тушаалтанд ажил эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй гэж, гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажилладаг нэгжүүдийн дарга нарт гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр чөлөөг олгоно гэж тус тус заажээ.

А.******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 21-ны өдрийн хооронд эмчилгээ хийлгэж, эмнэлгийн магадалгаатай байсан болох нь эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, сэргээн засах эмчилгээний карт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, БГД-ийн БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 69 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож боловч  байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасанчлан А.******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдсэн, гүйцэтгэх захирал чөлөө зөвшөөрөл олгосон гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэв.

 

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т ажил олгогч хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасан ба Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд ажиллаж байсан А.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлж байсан талаар зохигч маргаагүй.

 

“Ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Иймээс хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин хөдөлмөрийн дотоод журмын заалтыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм.

Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогчийн үндсэн үүрэг байхаар Хөдөлмөрийн тухай хуульд хуульчилсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд ажилтан А.*******ыг  буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Ажилтан ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцоогүй тул ажилтан А.******* хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил гэж тодорхойлсон ажил тасалсан зөрчлийг гаргасан буруутай байсан ч уг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх ажил олгогчид үүсэхгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгч А.*******ыг “******* ” ХХК-ийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

“******* ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоолын хавсралтаар нэхэмжлэгч А.*******ын ажиллаж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн газар нь зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Захиргаа удирдлагын газар гэж өөрчлөгдсөн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүйг дурдсугай.

Мөн нэхэмжлэгч “******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох эрх зүйн үр дагаврыг бий болгож байх тул тухайн тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа А.*******ыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулахаар 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл ажиллуулсан, ажил олгогчийн зүгээс түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сунгахгүйгээр цуцалсан нь хугацааны хувьд хууль зөрчөөгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг баримтлаагүй томилогдсон, албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшил, туршлага, боловсролын шаардлага хангаагүй гэх зөрчлүүдийг дурдаж байгаа боловч тухайн зөрчлүүдийг тушаалдаа тодорхой нэрлэн заагаагүй байх тул шүүхээс тайлбар хийх шаардлагагүй гэж үзэв.

 Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сард 6,182,104 төгрөг, 08 дугаар сард 5,151,319 төгрөг, 09 дүгээр сард 5,602,840 төгрөг, нийт 16,936,236 төгрөг байна. /2-р хх-ийн 151/,

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо 16,936,236 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан нийт 63 хоногт хуваахад нэг өдрийн цалин 268,830 төгрөг болох ба нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажлын нийт 353 хоног ажилгүй байсан тул нийт 94,896,990 төгрөгийг олгохоор байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин нийт 118,476,190.18 төгрөг нэхэмжилсэн боловч нийгмийн даатгалын байгууллагаас цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг авч, шүүхэд гаргаж өгөх боломжтой байхад гаргаж өгөөгүй тул хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн цалингийн тооцооллыг хийсэн болно.

Иймд хариуцагч “******* ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 94,896,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож шийдвэрлэв.

2022 оны жилийн эцсийн урамшуулал 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч 2022 оны жилийн эцсийн урамшуулал олгох тооцооллыг шүүхэд ирүүлсэн бөгөөд зохигч урамшууллын хэмжээний талаар маргаж байна.

Нэхэмжлэгч ажиллавал зохих 1960 цагийн 968 цаг ажилласан гэж цаг ашиглалтын үзүүлэлтээр дүгнэж 2,963,265 төгрөг олгогдохоор байна гэж хариуцагч талаас тайлбар гаргаж байгаа ба нэхэмжлэгч нь энэ шаардлагатай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул хариуцагчаас 2,963,265 гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч “******* ” ТӨХК нь ажилтан А.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.*******  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* ” ТӨХК-иас ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 97,860,255 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 647,251 төгрөг, нийт 717,451 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

             Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч А.*******ыг “******* ” ХХК-ийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх  олговорт 94,896,990 төгрөг, 2022 оны жилийн эцсийн урамшуулал 2,963,265 төгрөг, нийт 97,860,255 төгрөгийг “******* ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 717,451 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА