Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2024/00040

 

 

 

 

   2024             01            10     

                        130/ШШ2024/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал М.Тилеуберди/

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт М-ийн Е

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөг алданги 507,267 төгрөг, нийт 1,521,801 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Хариуцагч М.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/ нь хариуцагч М.Е-т холбогдуулан дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөг, алданги 507,267 төгрөг, нийт 1,521,801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч байгууллага хариуцагч М.Е нь манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу 2020-2023 онд 1,014,534 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар харилцагч эрчим хүчний дулааны төлбөрийг бичилт хийгдсэнээс тухай сарын 30-ны дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч тал сүүлийн 34 гаруй сарын дулааны эрчим хүчний мөнгийг дутуу төлснөөс шалтгаалан өр хуримтлагдаж, өр нэмэгдсэн. Манай байгууллагын зүгээс уг үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас алданги нэхэмжилж байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцуулахаар хуульчилсан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоногт тутамд үнийн дүнгийн 0,5 хувь алданги төлөхөөр тохиролцсон. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа хэтэрсэн алданги тооцож үзэхэд, 3,587,840 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар тухайн алданги тооцоо нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх гэж заасны үндэслэл болгоход, алданги нь 507,267 төгрөг болж байна. Тийм учраас хариуцагчаас гэрээний дагуу нийтдээ эрчим хүчний төлбөрт 1,521,801 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартай холбогдуулан тайлбар хэлэхэд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой заасан. Хариуцагчийн зүгээс уг үүргээ биелүүлээгүй. Тийм учраас хариуцагчид хамаарах дулааны шугамын засварыг манай байгууллага хийх ёсгүй. Яагаад гэвэл хэрэглэгчийн өөрийн эзэмшлийн шугамыг жилд нэг удаа цэвэрлүүлж, засвар үйлчилгээ хийх ёстой байдаг. Хариуцагчийн зүгээс мөн уг үүргээ биелүүлээгүй. Манай байгууллага хэрэглэгчийн өөрийн эзэмшлийн шугамд засвар үйлчилгээ хийх эрх байхгүй. Яагаад гэвэл тухайн хариуцагч талын гэртээ орж буй шугам нь тухайн хүний өмч юм. Мөн хариуцагч талаас өөрийн гаргасан тайлбараа өөрөө нотлох ёстой. Дээрх үүргүүдээ биелүүлсэн эсэх,хэдэн хэм халах ёстойгоос хэдэн хэм халж байгаа өөрөө нотлох ёстой байсан. Гэхдээ хариуцагч тал зүгээр л хэлдэг болохоос нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тайлбараа нотолж чадаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч М.Е хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХК-ийн надаас нэхэмжилж буй Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөг алданги 507,267 төгрөг, нийт 1,521,801 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020-2022 онд уг байранд гэр бүлээрээ амьдарч байсан. Уг байр нь 65 жилийн түүхтэй, аймгийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөд орох шийдвэр гарсан байр юм. Энэ байрны халаалт бусад шугам маш их асуудалтай байна. Энэ талаар тус байрны оршин суугчид болон Э ХК сайн мэдэж байгаа. Өвлийн улиралд маш хүйтэн, тус компанид энэ талаар саналаа хэлэхэд үзэж байгаад ядаж 50 хувийг төлж байхаар зөвлөдөг байсан. 2023 оны 09 дүгээр сараас уг байраа хямд хөлслөөд одоогоор дулааны ашигласны төлбөрөө хугацаандаа төлж байгаа ба хөлслөгч талын зүгээс байнга хүйтэн гэсэн гомдол гаргадаг. 2020-2022 онд Кобид-19 цар тахлын үед тус компанийн зүгээс зохих ёсны хөнгөлөлт үзүүлэх талаар хариуцдаг байцаагчид нь хэлж байсан. Мөн алданги ногдуулж болохоор нэхэмжлэлдээ дурдсан боловч алданги авахаар тусгагдсан гэрээ нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулснаа огт санахгүй байна. Уг гэрээний утга агуулгыг тайлбарлаж танилцаагүй. Хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр байх ёстой гэж үзэж байна. Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр хэмжээн нэхэмжилж буй 1,014,534 төгрөгийг 100 хувь төлөх үндэслэлгүй. Учир нь дээр дурдсан стандартын дагуу халаах байтугай өвөл шугам хөлдөж, удаа дараа шугам хөлдөж өөрсдийн зардлаар засаж янзлуулан эд хөнөгийн хохирол гарч байсан. Иймд нэхэмжилж буй дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөгийн байрны халаасан хэмжээгээр нь 30-40 хувийг хувааж төлөх боломжтой харин алдангийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Э ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, А.Сд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

5. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

5.1. Хариуцагч М.Е нь манай ХК-тай дулааны эрчим хүч худалдах, хадалдан авах тухай гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөг алданги 507,267 төгрөг нийт 1,521,801 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун нэг/ төгрөгийг М.Еээс гаргуулж өгнө үү гэв.

6. Хариуцагч М.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

6.1. Манай байрын дулааны шугам нь сайн халахгүй өвөлдөө хүйтэн байдаг тул би Э ХК-ийн дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөгийг байрны дулааны дагуу 30-40  хувийг л төлнө, харин тус компанитай гэрээ байгуулсан талаар санахгүй байна, гэрээ байгуулахдаа доторх агуулгатай танилцаагүй байсан тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Хавтаст хэрэг нотлох баримтаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн,мөн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” -г нэхэмжлэгч байгууллага гаргаж өгсөн ба дээрх гэрээнд нэхэмжлэгч байгууллага Э ХК нь тамга тэмдгээ дарж, хангагчийг төлөөлж гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг гэрээнд хэрэглэгчийг төлөөлж М.Е нь гарын үсэг зурахаас татгалзсан гэж тэмдэглэл хийгдсэн байна.

7.2. Нэхэмжлэгч талаас эдгээр Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ-г хариуцагч М.Ет хэзээ хүргүүлсэн буюу хүлээлгэн өгсөн эсэх нь, мөн хариуцагч М.Ет хэзээ хэрхэн гарын үсэг зурахаас татгалзсан эсэх нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

7.3.Тухайн үед мөрдөгдөж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай Тариф батлах тухай тогтоолын 1 дэх заалтаар Б аймгийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 3-д: Орон сууцны халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 800 төгрөгөөр /НӨАТ-гүй/, 5-д Дулаан эрчим хүчний үйлчилгээний тариф 41м.кв хүртэл талбайтай айл өрх сар 3000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ тус тус тогтоосон байна.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаартай Тариф батлах тухай тогтоолын 1 дэх заалтаар Б аймгийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 3-д: Орон сууцны халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 800 төгрөгөөр /НӨАТ-гүй/, 5-д Дулаан эрчим хүчний үйлчилгээний тариф 41м.кв хүртэл талбайтай айл өрх сард 3000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ гэж, Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай тушаалаар Б аймгийн дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тус тус тогтоосон байна.

7.4. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт , хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 36, тариф /НӨТ-тэй үнэ/ 858, нэг сард төлөх 30,886, халаах сар 8 сар,  халаалтын хөлс жилд 247,104 гэж,

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт , хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 36, тариф /НӨТ-тэй үнэ/ 880, нэг сард төлөх 31,680, халаах сар 8 сар, халаалтын хөлс жилд 279,840 гэж бичигдсэнээс харахад  хариуцагч М.Е нь хэрэглэсэн дулаан, эрчим хүчний төлбөрт 2020 онд сард 30,886 төгрөг,  2023 онд сард 31,680 төгрөг төлөх ёстой байх ба хэрэглэгчийг дулааны эрчим хүч халаалтаар хангах хугацаа 8 сар гэснийг үгүйсгээгүй маргаагүй болно.

7.5. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, нэхэмжлэгч Э ХК нь М.Еээс авах төлбөр бодсон тухай Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж үзлээ.

7.6. Дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч (хангагч) Эрчимбаян Ө ХК болон хариуцагч (хэрэглэгч) М.Е нарын хооронд бичгээр хийсэн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай хууль ёсны гэрээ байхгүй боловч нэхэмжлэгч (хангагч) Э ХК нь хариуцагч (хэрэглэгч) М.Еийн байрыг дулааны эрчим хүч халаалтаар хангаж байсныг хариуцагч үгүйсгэсэн хууль ёсны нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хэдийгээр хариуцагч М.Е нь Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэж тэмдэглэл хийгдсэн боловч хариуцагч М.Е нь дулаан эрчим хүч буюу халаалт авч байгаа нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

8. Нэхэмжлэгч Э ХК нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл үнэ 1,014,534 төгрөгийг хариуцагч М.Е нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги ногдуулна гэжээ.   

Уг гэрээнд зааснаар гэрээний хоёр тал гэрээгээр алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч М.Еээс алданги 507,267 төгрөгийг нэхэмжилсэн байна.

8.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

9.1. Гэтэл хариуцагч дээрх эрх үүргээ биелүүлээгүй, хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Манай байрын дулааны шугам нь сайн халахгүй өвөлдөө хүйтэн байдаг, шугам хөлдөж засвар хийж байсан энэ талаар оршин суугч нараас тодруулж болон байр хүйтэн учраас энэ байранд амьдрахгүй байгаа. Э ХК-ийн дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөгийг байрны дулааны дагуу 30-40  хувийг л төлнө” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар ямар нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.

 10.Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э ХК-ийн нягтлан бодогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан-г үндэслэн хариуцагч М.Еээс 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын төлбөр 1,014,534 төгрөг, алданги (төлөөгүй төлбөрийн 50 хувь) 507,267 төгрөг, бүгд 1,521,801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгох нь зүйтэй байна.

            11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүхэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

11.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Еээс 39,299 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Ш овогт Мсийн Еээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,014,534 төгрөг алданги 507,267 төгрөг нийт 1,521,801 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,299 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Еээс 39,299 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б