Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0547

 

   

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Алтангэрэл овогтой Тамираа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Хүрэлбаатар

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Эрхэмбаяр

Маргааны төрөл: Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр тушаал нь хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Тамираа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Хүрэлбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ашигт малтмал газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн Хар өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ.                  

2. А.Тамирааг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар тушаалаар Хар металл хариуцсан мэргэжилтнээр түр томилсон, мөн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Цацраг идэвхт металл, газрын ховор элемент, хар, ховор металл ашигт малтмалын хайгуул хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

3. Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/69 дүгээр тушаалаар бүтэц орон тоо шинэчлэн баталжээ.

      Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын  бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг металл ашигт малтмал хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

4. Харин Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг хууль, журмыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр төрийн албанаас халсан байна.

5. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/283 дугаар албан бичгээр ...халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар байна...” хариуг хүргүүлжээ.

            А.Тамираас дээрх тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“...Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтэст 2006 оноос эхлэн цацраг идэвхт металл, газрын ховор элемент, хар, ховор, өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж ирсэн, Олон улсын ураны группийн албан ёсны гишүүн. ... Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/77 дугаартай “Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал гарч, миний ажиллаж байсан “Цацраг идэвхт, ховор, үнэт металл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны чиг үүрэг маань 2 хуваагдаж, “Металл ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн” болон “Хар, өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсантай ахлах мэргэжилтэн” гэсэн хоёр ажлын байр болж хуваагдсан. Миний бие Ашигт малтмал газрын тосны газрын даргын дээрх тушаал батлагдсан өдрөөс  “Хар, өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсантай ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдон сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тушаал гарсан өдрийг дуустал ажиллаж байсан.

Ашигт малтмал газрын тосны газрын даргын надад сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халахдаа байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан/-ыг үндэслэсэн ба энэ үеэр миний бие Бүгд Найрамдах Чех улсад 2022 оны 10 дугаар сарын 03-28-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /0УАЭА/-ийн Техникийн хамтын ажиллагааны "Байгалийн гаралтай цацраг идэвхт материалын хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаа, уран олборлоход гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэх нь” бүх хоорондын INT/2022 төслийн хүрээнд “Ураны геологи, хайгуул, ураны үйлдвэрлэл, байгал орчны нөхөн сэргээлт ба цацрагийн аюулгүй ажиллагаа" сэдэвт сургалтад Монгол улсаа төлөөлөн оролцож байсан.

Энэ сургалтад миний бие оролцох асуудал нь 2021 онд шийдвэрлэгдсэн байсан. Учир нь тухайн үед буюу 2021 оны 08 сарын 09-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Б.Түвшинжаргал намайг албан өрөөндөө дуудаад “Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас сургалтад нэр дэвшүүлэх тухай албан бичиг ирсэн байна. Энэхүү сургалт ураны геологи, хайгуулын чиглэлээр Бүгд Найрамдах Чех улсад 2021 оны 11-р сарын 01-26-ны өдрүүдэд явагдах юм байна, чи чехэд сурч байсан англи чех хэлтэй, цацраг идэвхт ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн тул энэ сургалтад оролц” гэж үүрэг өгсөн. Уг сургалтын материалыг судлахад бүртгэлийн эцсийн хугацаа нь “2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ОУАЭА-ийн цахим системд бүртгүүлнэ" гэсэн тул хугацаа хэтэрсэн байсан ч тэр өдөрт нь бүртгэлийн хуудсыг цахимаар бөглөөд илгээсэн.

А.Тамираа миний бие Олон улсын ураны группийн гишүүн, мөн өмнө ОУАЭА-ийн сургалтууд болон, Олон Улсын Улаан номын хуралд оролцож Монгол орны ураны тухай удаа дараа илтгэл тавьж байсан, тус цахим системд бүртгэгдсэн бүртгэлтэй байсан учраас хугацаа хоцорч бүртгүүлсэн ч миний бүртгэл баталгаажсан. Ингээд миний Цахим шуудангаар, миний хаягаар 2021 оны 09-р сарын 16-ны өдөр “энэхүү сургалтын үйл ажиллагаа ковидын улмаас энэ ондоо зохион байгуулах боломжгүй болсон тул 2022 он болгон хойшлуулж байна” гэсэн албан захидал хүлээн авсан.

ОУАЭА-аас надад 2022 оны 09-р сарын 06-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсад болох сургалтад хамрагдах болсон тухай албан ёсны урилга ирсэн тул тэр өдөртөө хамгийн түрүүнд хэлтсийн дарга М.Энхжаргалд танилцуулж, Хэлтсийн дарга маань Ашигт малтмал газрын тосны газрын даргад танилцуулахаар болсон.

Ингээд хэсэг хугацааны дараа Хэлтсийн даргатайгаа уулзахад дарга маань “Агентлагийн дарга надтай уулзахгүй байгаад байна. Би тушаалыг чинь гаргуулна” гэж хэлж байсан. Ингээд сургалтад явах хугацаа дөхсөн тул миний бие ОУАЭА-аас ирүүлсэн урилга болон бусад тухайн сургалттай холбоотой бүх материалаа хэвлэж, бэлтгээд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л. Баярмандалд өөрт нь танилцуулахаар туслах О.Оргилд тайлбарласан боловч надад “даргад танилцуулахаар асуутал газрын даргаараа дамжуулаад оруулаад ир” гэсэн хариу өгсөн. Даргын өгсөн үүргийн дагуу Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболдод тухайн асуудлыг танилцуулахад, С.Энхболд “Томилолтын тушаалын төслийг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн М.Урансолонгоор бэлтгүүлээд оруулаад ир" гэж чиглэл өгсөн. Гэтэл мэргэжилтэн М.Урансолонго ээлжийн амралттай байсан учир М.Урансолонгын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Г.Ариунтунгалаг би асуудлыг тайлбарлан, Г.Ариунтунгалаг холбогдох баримт бичгийн төслийг бэлтгэн газрын дарга С.Энхболдод танилцуулаад, улмаар Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Энхтайван, AMXX-ийн дарга М.Энхжаргал нарт танилцуулан зөвшөөрсөн гарын үсэг зуруулан баримтжуулан, тус агентлагийн газрын дарга Л.Баярмандалд танилцуулж, шийдвэрлүүлэхээр оруулсан боловч томилолтын тушаал гарахгүй байгаад байсан. Би агентлагийн даргатай уулзаж тайлбар өгөх гэсэн боловч надтай уулзаагүй. Иймд энэхүү учир байдлыг хэлтсийн дарга М.Энхжаргалд танилцуулахад, тэрээр надад "за би даргын ая эвийг олоод чиний томилолтын тушаалыг гаргуулж өгнө" гэж удаа дараа хэлсэн боловч асуудлыг шийдвэрлэлгүй цаг хугацаа өнгөрсөөр байсан. Холбогдох хүмүүсээс мэдээлэл авахад агентлагийн дарга томилолтын тушаалыг үзсэн сургалтын хугацааг урт байна гээд, сургалтад 7-10-оор явуулах боломжтой, ирээд холбогдох ажилтнуудад сургалт оруулах шаардлагатай гэсэн өөрчлөлтүүдийг оруулсан гэсэн мэдээлэл авсан. Ингээд удаа дараа агентлагийн даргатай уулзаж, сургалтад хэсэгчлэн суух боломжгүй талаар тайлбарлах гэсэн боловч түүний туслахаас "Ахлах мэргэжилтэнтэй уулздаггүй" гэсэн хариу авсан.

Миний бие энэ асуудлаар 2022 оны 09 сарын 30-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянгатай уулзахад “ОУАЭА-ийн урилгаар та явахгүй бол болохгүй шүү дээ. За та миний цахим шуудан руу материалаа илгээ" гэсэн. Миний бие тэр даруй Б.Уянга даргын цахим хаягаар холбогдох материалуудаа илгээсэн ч ямар нэг хариу аваагүй. Тухайн өдрөө буюу 2022 оны 9 сарын 30-ны өдрийн үдээс хойш би "Хэлтсийн даргаа яах вэ?" гэж аргаа баран асуухад, М.Энхжаргал дарга "өнөөдөр агентлагийн дарга надтай уулзахгүй зугтаад байна, би 1 дэх өдөр орж уулзъя, тушаалыг чинь гаргуулна" гэсэн. Ингээд миний бие томилолтын тушаал гарна гэсэн итгэлтэйгээр нэгэнт хугацаа тулсан тул сурталтандаа явсан. Сургалтад оролцож ирсний дараа миний бие Цөмийн энергийн ажлын албанаас өгсөн үүргийн дагуу ажлын 5 хоногийн дотор гадаад томилолтоор ажилласан талаарх илтгэх хуудас, цаашид авах арга хэмжээний саналаа тус албанд хүргүүлж ажилласан.

Гэтэл миний гадаад улсад Олон улсын байгууллагын сургалтад байгууллага, улс орноо төлөөлөн сургалтад оролцсон маань ажлаас халах шалтгаан болж, Ашигт малтмал газрын тосны газрын дарга 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон намайг төрийн албанаас халах тушаал гаргасан.

Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр тушаалд баримталсан хууль, дүрэм, журмын заалтуудыг зөрчсөн гэх үйл баримт болон намайг төрийн албанаас халах үндэслэл болсон гэх зөрчлүүдийг миний зүгээс огт гаргаагүй бөгөөд тус даргын зүгээс намайг ямар нотлох баримт, ямар үйл баримтаар намайг буруутгаж байгаагаа надад мэдэгдээгүй, надтай энэ асуудлаар уулзаагүй, надаас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй тул миний зүгээс огт мэдэхгүй байгаа тул уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Тодруулбал, уг тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 7.1.8, 37.1.7, 37.1.10-д заасныг баримталсан байгаа ба миний хувьд төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримталж, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах, төрийн албаны ёс зүйг чанд мөрдөх, үүрэг хариуцлагаа хатуу сахин биелүүлж, ажиллаж ирсэн туршлагатай төрийн албан хаагч нарын нэг юм.

Төрийн албан хаагч миний бие ажлаас халсан уг тушаалд дурдагдсан зөрчлүүдийг гаргасан гэж үзэхгүй байгаа бөгөөд надаас ямар нэг тайлбар гаргуулаагүй, нотлох баримт гаргуулаагүй, шалгаж тогтоогоогүй байж ийнхүү дүгнэж, намайг ийнхүү хууль зөрчин төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан миний баталгаа, нэр төр, сэтгэл санаа, санхүүгийн хувьд их хохирол учруулж байна. Үүнээс гадна миний бие 2023 оны 02-р сарын 23-25-ны хооронд Австри улсын Вена хотод зохион байгуулагдах Улаан номын хуралд мөн Монгол орны ураны талаар илтгэл танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байгаа билээ. Намайг хууль болон дүрэм, журмын олон зүйл заалтуудыг удаа дараа давтан зөрчсөн, мэтээр уг ажлаас халсан тушаалд бичсэн байгаа нь илт хууль бус болно. Дээрх сахилгын зөрчлүүдийг гаргасан гэдгийг би зөвшөөрөхгүй бөгөөд сахилгын шийтгэл хүртэх үндэслэл надад огт байгаагүй гэж үзэж байгаа болно.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаал эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил гаргасан гэж үзвэл шинж байдалд тохирсон байх ёстой. Тушаалд хууль журмын олон заалтыг зөрчсөн гэх боловч ганцхан ажил тасалсан гэсэн зөрчил яригддаг. Нэхэмжлэгч нь хувийн ажлаар яваагүй Улс орноо төлөөлж Олон Улсын байгууллагын сургалтад явсан. Сургалтад явуулахгүй гэж яригдаагүй.

Тушаалын төсөл боловсруулагдаж хэлтсийн дарга, газрын даргад танилцуулагдаж гарын үсэг зурсан байсан. Сургалтын хоног 28 байгаа нь их байна. 7-10 хоног болгоё гэж засвар оруулж байсан. Сургалтыг төгсөж ирээд мэдлэгээ хуваалцах, зохион байгуулж буй газрын зардлаар явах зэргээр Л.Баярмандал дарга өөрөө төсөлд засвар хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд тушаал гарна гэсэн итгэлээр сургалтад явсан. Шууд удирдлага буюу хэлтсийн дарга тушаалыг нөхөн гаргана Сургалтад яв гэж хэлээд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу 5 дахь өдөр явуулсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр онгоцоор ниссэн. Ашигт малтмал, газрын тосны газраас явуулах хүний нэрийг өгсөн. Сургалтад оролцох хүний нэрсийг зохион байгуулах газраас буюу цаанаас нь сонгодог. Ингээд А.Тамираа, н.Ганзориг явсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас Цөмийн энергийн комисс руу дахин өөр хүн нэр явуулсан гэж үзвэл эдгээр хүмүүсийн холбогдох материалыг судалж үзээд сонгоно. Гэтэл аль хэдийн А.Тамираагийн урилга, зардал даатгал зэрэг бүх асуудлууд шийдвэрлэгдсэн байсан. Нэхэмжлэгчийн оролцсон сургалт нь Олон Улсын Засгийн газар хоорондын зохион байгуулагдсан. Гишүүнээр Монгол Улс 1975 онд элссэн. Сургалтад оролцогчийн 5 хувийг манай улс төлдөг. Олон Улсын гэрээгээр зохицуулагддаг. Энэ сургалтад оролцох боломжгүй гэсэн хариуг өгөх боломжгүй. А.Тамираа нь Төрийн албан хаагчийн хувьд дээд шатны удирдлагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хэдий ч хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.10 Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглосон заалтын дагуу гадаад байгууллагын зардлаар сургалтад явсан. Ажлаас халсан шийдвэр үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

8. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Тус агентлагийн Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А.Тамираас Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газарт хандан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийг мөн өдөр уг газрын дарга нь Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрхэмбаярт цохжээ.

Уг өргөдлийн дагуу мэргэжилтэн Ч.Эрхэмбаяр Ахлах мэргэжилтэн А.Тамираас ирүүлсэн 4 хуудас өргөдөл, 25 хуудас хавсралт баримтыг Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Манлайдуламд хэвлэн өгч сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэж улмаар захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан байдаг.

Шийдвэр гаргахтай холбоотой сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 43 минутад Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн ахлах мэргэжилтэн байсан А.Тамираад 99254340 дугаарын утсаар ярьж мэдэгдэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 52 минутад Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Манлайдуламын хамт Ашигт малтмал газрын тосны газрын 309 тоот өрөөнд сонсох ажиллагааг хийж нэмэлт тайлбарыг авахад Ахлах мэргэжилтэн байсан А.Тамираа нь гадаад томилолтын тушаалаа нөхөн гаргуулах, 10 дугаар сарын цалингаа нөхөн авах хүсэлт гаргасан.

Ахлах мэргэжилтэн байсан А.Тамираагийн 2022/10/01-2022/11/07-ны өдрийг хүртэл цаг бүртгэлийг тус агентлагийн ТЗУГ-ын СХОХ-ийн нягтлан бодогч У.Цэвэлмаагаас гаргуулан авахад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл “тасалсан” төлөвтэй бүртгэгдсэн байсан.

Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрхэмбаяр тухайн өргөдлийн дагуу асуудлыг судалж илтгэх хуудас боловсруулж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр агентлагийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын хэлтсийн дарга П.Цэрэнлхамд хүргүүлснийг хянан үзэж, гарын үсгээр баталгаажуулж, Төрийн захиргааны удирдлагын газрын даргад танилцуулан хянуулж, гарын үсгээр баталгаажуулан Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн С.Манлайдулам “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай" тушаалын төслийг боловсруулж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Сонсох ажиллагааны илтгэх хуудаст хэрхэн дүгнэсэн талаар: Ахлах мэргэжилтэн байсан А.Тамираа нь гадаадын улсад болох сургалтад бүртгүүлсэн байсан хэдий ч байгууллагад хийгдсэн бүтцийн өөрчлөлт, ажил үүргийн шинэчлэгдсэн хуваарилалтын улмаас тус сургалтад ямар нэгэн төлөөлөл оролцуулах боломжгүй болсон удирдлагын шийдвэрийг зөрчиж албан томилолтын тушаал гараагүй байхад гадаад улсад 25 хоног сургалтад оролцохоор явсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8. захирах, захирагдах ёсыг баримтлах, 37 дугаар зүйлийн 37.1.7. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.7.5, 11 дүгээр зүйлийн 11.2.2, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны A/119 дүгээр тушаалаар баталсан /2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/127 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан/ журмын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасныг баримтлан энэхүү илтгэх хуудсыг хянан баталгаажуулж мөн журмын 11.5-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Сахилгын шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэлийн тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4814 дугаартай албан бичгээр Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжавт Олон улсын атомын энергийн агентлагаас Бүгд Найрамдах Чех улсад зохион байгуулж байгаа сургалтад төлөөлөл оролцуулах боломжгүй тухай албан бичгийг хүргүүлсэн байгааг Ахлах мэргэжилтэн А.Тамираа мэдэж байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/69 дүгээр тушаалын дагуу хийгдсэн бүтцийн өөрчлөлт, ажил үүргийн шинэчлэгдсэн хуваарилалтын улмаас тус сургалтад ямар нэгэн төлөөлөл оролцуулах боломжгүй болсон тул уг сургалтад Ахлах мэргэжилтэн А.Тамирааг оролцох шаардлагагүй талаар удирдлагын зүгээс хэлтсийн даргаар нь дамжуулан удаа дараа хэлж, мэдэгдсээр атал тус сургалтад нэрээ бүртгүүлсэн байсан гэх шалтгаанаар удирдлагын шийдвэрийг зөрчиж гадаад албан томилолтын тушаал албан ёсоор гараагүй байхад гадаад улсад 25 хоног сургалтад оролцох нэрээр ажил тасалсан үйлдэл нь дараах хууль тогтоомжийн холбогдох хэсгүүдийг зөрчсөн үйлдэл юм. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 “Захирах, захирагдах ёсыг баримтлах", 37 дугаар зүйлийн 37.1.7 "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.10 "Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих”, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны Зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.7.4 “Албан хаагч өөрөө өвчлөх, хөдөлмөрийн чадваргүй болон хүнд өвчтэй гэр бүлийн гишүүн, үр хүүхдээ эмнэлэгт яаралтай үзүүлэх, хорио цээрийн дэглэмд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар урьдчилан мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авсан авч чадахгүйгээр ажлаас хожимдох, таслахад хүрвэл газар, хэлтэс, нэгжийн даргад утсаар нэн даруй мэдэгдэнэ", 5.7.5 "Албан хаагч томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагүйгээр болон энэ журмын 5.7.4-д заасны дагуу мэдэгдэлгүйгээр ажилдаа ирээгүй, түүнчлэн бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно", 11 дүгээр зүйлийн 11.2.2 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан", Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны А/119 дүгээр тушаалаар баталсан /2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/127 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан/ журмын 2 дугаар зүйлийн 2.2-т "Гадаадад томилолтоор ажиллуулахдаа тухайн хэлтсийн дарга газрын даргад танилцуулан, тушаалаар томилж ажиллуулна. Тушаалд томилолтын зорилго, хугацаа, зардлыг тодорхой заана" гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг бичгээр өгсөн. Төрийн албан хаагч төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг мөрдөж ажилладаг. Манай байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулан агентлаг дотроо 4 газартай олон хэлтсүүдтэй болсон. Ахлах мэргэжилтэн А.Тамираа нь Ашигт малтмалын хайгуулын хэлтэст хамаардаг байсан учраас удирдлага болох газар, агентлагийн дарга бий. Энэ нь төрийн албанд мөрдөгддөг л зарчим. Агентлагийн дарга шууд албан хаагчийн асуудлыг шийдвэрлэх зарчим байхгүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д захирах, захирагдах ёсыг баримтлах гэж зохицуулсан байдаг.

Цөмийн энергийн комиссын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01/658 дугаар тус сургалтын талаарх албан бичиг агентлагт ирсэн байдаг. Тухайн үеийн Эрдэс баялгийн салбар хариуцсан даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Түвшинжаргал амаар чиглэл өгсөн гэдэг хүн нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3/3451 албан бичгээр танай ирүүлсэн сургалтад цацраг идэвхт Ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнхүү оролцуулъя гэж нэрийг нь хүргүүлсэн байсан. А.Тамираа ахлах мэргэжилтнийг сургалтад явуулна гэж яригдаагүй. Агентлагийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн нь агентлагийн дарга. Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бичигдсэн байдаг. Энэ албан бичиг 2021 онд явсан. Ашигт малтмал, газрын тосны газын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдийн 1/4814 дугаартай албан бичгээр Г.Манлайжав даргад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон, сургалтад оролцох боломжгүй гэсэн албан тоотыг хүргүүлсэн байдаг. Бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор Хайгуул ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн О.Оргил Цацраг идэвхт, ховор металлын албан тушаалын тодорхойлолтод заагдсаны дагуу хариуцдаг байсан. А.Тамираа ахлах мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Сургалтад явуулах боломжгүй гэсэн учраас тушаал шийдвэр гараагүй. Тушаал шийдвэр гарахад хуулийн хэлтсээс хууль зүйн хувьд зөв томьёологдсон эсэхийг хянадаг. Нэгж, газрын дарга магадгүй зөвшөөрсөн байж болно. Агентлагийн дарга бүтэц зохион байгуулалт өөрчлөлттэй холбоотойгоор энэ тушаалыг батлаагүй, гаргаагүй. Төрийн албан хаагчид дотоод томилолтоор явдаг. Дотоод болон гадаад томилолтоор явахад байгууллагын дотоод хөдөлмөрийн журмуудыг зайлшгүй мөрдөж ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/04 дугаар тушаалд дурдагдаж байгаа журмуудыг зайлшгүй мөрдөж ажиллана. Агентлагийн даргын томилолтоор ажиллуулах удирдамж батлагдаагүй байхад бид нэг ч км явах эрхгүй.

А.Тамираа нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл ажил тасалсан төлөвтэй байсан. Энэ талаарх баримтыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч энэ хугацаанд Монгол Улсаа төлөөлж сургалтад явсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн мэдлэг ур чадвартай маргаагүй. Сургалтад оролцуулах боломжгүй байхад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг дур мэдэн зөрчиж ажлын 14 хоног ажил тасалсан гэж үзэж байгаа юм. Сургалтаас ирээд 20 хоног өвчтэй, чөлөөтэй байсан. Энэ талаар баримтаар нотлогддог. Агентлагийн гаргасан тушаал хуулийн үндэслэл бүхий акт юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.”Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 7.1.8.”захирах, захирагдах ёсыг баримтлах.”, 37 дугаар зүйлийн 37.1.”Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7.”төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 39 дүгээр зүйлийн 39.1.”Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.10.”Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;”, 48 дугаар зүйлийн 48.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4.”төрийн албанаас халах;” гэж заажээ. 

Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг хууль, журмыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй тогтоогдохгүй байна. 

  1. Нэхэмжлэгч “Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Б.Түвшинжаргал намайг албан өрөөндөө дуудаад “Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас сургалтад нэр дэвшүүлэх тухай албан бичиг ирсэн байна. Энэхүү сургалт ураны геологи, хайгуулын чиглэлээр Бүгд Найрамдах Чех улсад 2021 оны 11-р сарын 01-26-ны өдрүүдэд явагдах юм байна, чи чехэд сурч байсан англи чех хэлтэй, цацраг идэвхт ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн тул энэ сургалтад оролц” гэж үүрэг өгсөн. Уг сургалтын материалыг судлахад бүртгэлийн эцсийн хугацаа нь “2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ОУАЭА-ийн цахим системд бүртгүүлнэ" гэсэн тул хугацаа хэтэрсэн байсан ч тэр өдөрт нь бүртгэлийн хуудсыг цахимаар бөглөөд илгээсэн, … тус цахим системд бүртгэгдсэн бүртгэлтэй байсан учраас хугацаа хоцорч бүртгүүлсэн ч миний бүртгэл баталгаажсан, … Ингээд миний бие томилолтын тушаал гарна гэсэн итгэлтэйгээр нэгэнт хугацаа тулсан тул сурталтандаа явсан.” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
  2. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар “Ашигт малтмал, газрын тосны газрын хөдөлмөрийн дотоод журам”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр тушаалаар “Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчдын албан томилолтоор ажиллах үед дагаж мөрдөх журам”-ыг тус тус баталжээ.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.7.4 “Албан хаагч өөрөө өвчлөх, хөдөлмөрийн чадваргүй болон хүнд өвчтэй гэр бүлийн гишүүн, үр хүүхдээ эмнэлэгт яаралтай үзүүлэх, хорио цээрийн дэглэмд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар урьдчилан мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авсан авч чадахгүйгээр ажлаас хожимдох, таслахад хүрвэл газар, хэлтэс, нэгжийн даргад утсаар нэн даруй мэдэгдэнэ", 5.7.5 "Албан хаагч томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагүйгээр болон энэ журмын 5.7.4-д заасны дагуу мэдэгдэлгүйгээр ажилдаа ирээгүй, түүнчлэн бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно", 11 дүгээр зүйлийн 11.2.2 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан” гэж, “Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчдын албан томилолтоор ажиллах үед дагаж мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т "Гадаадад томилолтоор ажиллуулахдаа тухайн хэлтсийн дарга газрын даргад танилцуулан, тушаалаар томилж ажиллуулна. Тушаалд томилолтын зорилго, хугацаа, зардлыг тодорхой заана” гэж заажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Цөмийн энергийн комиссын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01/658 дугаар албан бичгээр тус сургалтад албан хаагч оролцуулах талаар Ашигт малтмал, газрын тосны газарт ирсний дагуу тус газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3/3451 дүгээр албан бичгээр сургалтад Ашигт малтмалын зах зээлийн судалгаа, цацраг идэвхт ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн Э.Мөнгөнхүүг оролцуулахаар хүргүүлжээ.

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4814 дүгээр албан бичгээр бүтцийн өөрчлөлт, ажил үүргийн шинэчлэгдсэн хуваарилалтын улмаас сургалтад албан хаагч оролцуулах боломжгүй талаар мэдэгджээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийг сургалтад оролцуулах талаар эрх бүхий этгээдээс албан ёсны шийдвэр гараагүй байна.

  1. Хэдийгээр нэхэмжлэгч хариуцсан нэгжийн даргын зөвшөөрсний дагуу сургалтад оролцогчийг бүртгэх ОУАЭА-ийн цахим системд бүртгүүлсэн, улмаар түүнийг оролцохыг зөвшөөрсөн хариу ирсэн, Олон Улсын Атомын Энергийн газраас зохион байгуулж буй “FS-INT2022-2205217-Ураны геологи, хайгуул, үйлдвэрлэл, цацрагийн хамгаалал болон байгаль орчны нөхөн сэргээлт” сургалтад оролцуулах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаагаар албан томилолтоор ажиллуулахаар тушаалын төсөл боловсруулж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан боловч энэ нь дээр дурдсан журмын дагуу эрх бүхий этгээдээс албан ёсоор чөлөө олгоогүй байхад сургалтад нэрээ бүртгүүлсэн байсан гэх үндэслээр гадаад улсад 25 хоног сургалтад оролцож ажил тасалсан гэж үзсэн хариуцагчийн тушаалыг үгүйсгэх хангалттай үндэслэл болохгүй ба маргаан бүхий тушаал Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.10, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасантай нийцсэн гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.10, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг тус тус баримтлан иргэн А.Тамираагаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ашигт малтмал газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн Хар өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН