| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2022/01504/И |
| Дугаар | 135/шш2024/00083 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 135/шш2024/00083
| 2024 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 135/ШШ2024/00083 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01504/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, *******гол сум, 2 дугаар баг, ******* хөдөө тоотод оршин суух, ******* ******* *****гийн *******,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, *******гол сум, 2 дугаар баг, ******* хөдөө тоотод оршин суух, Баруун харгана ******* *******доржийн ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 3 дугаар байр, тоотод оршин суух, Боржгон ******* ***** холбогдох,
Гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс хариуцагч ****** нэрийг хасуулах, талийгаач ******гийн хууль ёсны өвлөгчөөр охин Ч.*******, эхнэр **** нарыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ****, Ч.******* нарыг бүртгүүлэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч ****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Хариуцагч ****,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Б.Содболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч ****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Миний бие ******гийн төрсөн охин, миний ээж ******* гэдэг хүн байдаг. Миний эцэг эх хоёр хууль ёсны эхнэр нөхөр юм. Миний эцэг ****** нь бөөрний архаг дутагдал өвчтэй байсан боловч хэвтэрт байгаагүй, нас барах хүртлээ малаа маллаад хэвийн амьдарч байгаад 2022 оны 07 сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тэгтэл ***** гэж эмэгтэй аавын маань нас бараад 49 хоног дуусаагүй байхад аавын мал хөрөнгөөс мал эдээ, машин тэрэг, дансанд байсан мөнгө төгрөгийг нь болон байрных нь түлхүүрийн голыг солиод, эд хөрөнгийг нь захиран зарцуулаад эхэлсэн тул би цагдаагийн байгууллагад ****** шалгуулахаар гомдол гаргасан юм. Гэтэл ***** нь талийгаач надад эд хөрөнгөө өвлүүлсэн, надад гэрээслэл хадгалуулсан учир хөрөнгүүд нь миний өмч юм гэсэн байдлаар мэдүүлэг өгч улмаар цагдаагийн байгууллагад аавын өмнөөс хэн бичсэн нь тодорхойгүй гэрээслэл *****, ***** гэх бичвэр гаргаж өгснийг нь би гомдол мэдээллийг шалгуулахдаа гомдлын материалтай танилцаад мэдсэн. Манай аав гэрээслэлийг өөрөө бичих боломжгүй, албан ёсны боловсролгүй, Монгол хэл бичгийн боловсролгүй уншиж бичиж чаддаггүй хүн байсан бөгөөд тухайн бичвэрт юун тухай бичсэнийг өөрөө унших боломжгүй хүн учраас би эцгийгээ хань ижил, төрсөн үр хүүхэд, ач зээдээ биш асрагч гэх эмэгтэйд эд хөрөнгөө гэрээсэлж үлдээсэн гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас *****гийн өмчлөлийн орон сууцын өмчлөлд өөрсдийнхөө нэрийг оруулах хүсэлтэй байна. Энэ орон сууцыг аав минь амьд байх үедээ надад авч өгсөн. Тэгээд орон сууцын өмчлөлд *****ийн нэр орсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нотариат дээр үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх талаар хүсэлт гаргасан ч *****ийн нэр байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх хариуг өгсөн гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлэгт эвлэрэх саналыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн үндсэн гурван шаардлагаа дэмжиж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд *****ийн нэр байгаа. Энэ хүн нотариат дээр үдсэн гэрчилгээгээ авч очихгүй бол миний үйлчлүүлэгч нарын өв залгамжлах эрх нээгдэх боломжгүй. Хариуцагч *****ийн зүгээс *******, ******* нарыг хууль ёсны өвлөгчийн нэр дээр нэмэхэд татгалзахгүй гэдгээ нотлох хэрэгтэй. Хэрвээ хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлбэл, шүүхийн шийдвэрт тусгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Шүүх хуралдааны эхлэхийн өмнө хариуцагчийн өмгөөлөгчид хүлээн зөвшөөрсөн байр суурийг илэрхийлсэн. Тэгтэл шүүхийн хэлэлцүүлэгт эсрэг байр суурийг илэрхийлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв
3. Хариуцагч **** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие **** нь талийгаач ******тэй 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл буюу нас барах хүртэл нь хамтын амьдралтай байсан. Эхнэр ****гаас салсан. 2017 оноос хойш тусдаа амьдарч байсан юм. Биднийг хамт амьдарч эхлэхэд ****** ер нь л бие муутай хүн байсан, эхнэр хүүхэд, ах дүү нар нь харж ханддаггүй байсан. Тийм учраас адуу малаа хүнээр маллуулж, хөлс өгдөг байсан. 100-аад адуутай байсан. 2019 оны 10 сараас 2020 оны 10 сар хүртэл сарын 500,000 төгрөгийн хөлс төлж хүнээр маллуулдаг байсан. Би хамт амьдарч, асарч халамжилж эмнэлэгт үзүүлж, эмчилгээ сувилгаанд нь 7 хоногт 2 удаа хүргэж өгч, авах зэргээр асаргаа сувилгаа хийж биеийн байдал нь эрс сайжирсан.
Ингээд бие нь сайжирсан тул 2020 оны 10 сараас хойш адуу малаа өөрсдөө малладаг болсон ****** маань 2022 оны наадмын өмнө хүртэл мориор болон машинаар адуу малаа эргэж тойрч хардаг байсан. Бөөрний архаг дутагдалтай байсан учир байнгын эмчилгээ сувилгаа, асаргаа шаардлагатай байсан бөгөөд би асарч сувилж харж хандаж хамт амьдардаг байсан. 2022 оны 07 сарын 16-ны өдөр бие нь суларч сульдаад байсан тул дуудлага өгч үзүүлсэн эмнэлэгт хэвтүүлэх гээд аваад очсон боловч ор байхгүй гээд буцаасан тул маргааш өглөө нь буюу 2022 оны 07 сарын 17-ны өдөр өглөө эрт 08:00 цагт очиж хэвтүүлсэн эмчилгээнд шууд яаралтай орж эмчлүүлсэн боловч төгсгөлийн 4-р үе шатандаа орсон, архаг диалез гэсэн оноштойгоор 2022 оны 07 сарын 18-ны өдөр нас барсан юм. Би хамт амьдарч эхэлснээсээ хойш нас барах хүртэл нь байнгын дэргэд нь байж адуу малд нь хамт явж, халуун хоол, цайгаар тордож асарч, сувилж байсан. Эмнэлэгт бөөрний аппаратанд 2018 оны 06 сарын 17-ны өдрөөс хойш нас барах хүртлээ тасралтгүй ордог байсан. Би 2019 оны 06 сараас хойш байнга дагуулж явж аппаратанд нь оруулдаг байсан. Эмнэлгийн эмч сувилагч нар нотолно. Энэ 4 жилийн хугацаанд өмнөх эхнэр **** төрсөн охин Ч.*******, хүргэн нь нэг ч удаа ирж байгаагүй. Нэг ч удаа эргэж тойрч, харж хандаж байгаагүй. Цагаан сараар хүртэл аав дээрээ ирж золгож байгаагүй. Зээ нарыг нь нэг ч удаа дагуулж ирж уулзуулж байгаагүй. ****** маань маш их гомдож байсан. Нас барахаасаа өмнө зээ нарынхаа барааг харчих юмсан гэж их ярьдаг байсан. ****** бид хоёр бог малгүй байсан, охиных нь мянган малтай айл байсан хэрнээ эцгийнхээ биеийг муу байхад шөлний ганц хонь ч авч ирж өгч байгаагүйд нь ****** маш их гомдож байсан. Бид хоёр групп тэтгэврийн мөнгөөрөө л болгодог байсан. Ганц охиных нь нөхөр *****2019 оны хавар ******гийн өвөлжөөнөөс 12 эмээлийн 6 мөнгөн даруулга, талийгч хүүгийн 12 мөнгөн даруулга, шинэ хурган дотортой дээл 1, хромон гутап 1 зэргийг хулгайлж авч байсан. Одням ахындаа тавьсан байсан 25 эр хонийг нь портер дээр ачаад явсан байсан. Мөн охин нь 30.000.000 төгрөгийг байр авна гээд ааваасаа авч байсан, мөн тэр хоёрт мотоцикл эвч өгсөн зэргийг надад хэлж байсан. Ингээд намайг асарч, халамжилж, өдий зэрэгтэй хамт амьдарч, намайг авч яваад баярлаж талархсанаа илэрхийлнэ, бие муутай хүн хэзээ ч нас барж магадгүй гээд 2022 оны 04 сарын 20-ны өдөр гэрээслэл бичиж үлдээсэн юм.
Гэрээслэлд нь ***** өрөө байр болон миний хөрөнгө болох 4 азарга адуунаас өөрийн биеэр зүсэлж Хондлой цоохор азаргатай /20-иод тооны/ адууг хамтран амьдрагч, асран хамгаалагч ****д зүсэлж өгч энэхүү гэрээслэлийг үлдээж байна гэж бичсэн байдаг.
Иймд энэхүү гэрээслэлийн дагуу 2 өрөө орон сууц, зүсэлж өгсөн 1 азарга адууг миний бие **** нь авах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 02 сард ****** бид хоёр 2 талаасаа мөнгө нийлүүлж 18,000,000 төгрөгийн авто машин худалдаж авсан. Машинаа талийгаачийн нэр дээр бүртгүүлсэн байсан. Гэтэл нас барсных нь маргааш нь охин Ч.******* нь ирээд аваад явсан гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх маргааныг шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээдэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс манайх хоёр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учраас нэгийг нь зөвшөөрөө гэх хандлага нь ойлгомжгүй байна. Анхнаасаа хуульд заасан шаардлага хангаагүй гэрээслэлийг хүчингүйд тооцох асуудлаас маргаан үүссэн. Шүүх бол тоглоомын байгууллага биш шүү дээ. Тухайн гэрээслэлийг хууль зүйн мэдлэггүй хоёр иргэн хийсэн байж болно. Гэхдээ хуульч хүний хувьд шүүх хуралдааны танхимд тухайн гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж маргахгүй. Гэхдээ шүүх хүчингүй болгох үндэслэлгүй учраас гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хоёрдугаарт *****ийн нэрийг хасуулах хууль зүйн үндэслэлтэй нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нарын зүгээс талийгаачийг хууран мэхлээд өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрээ оруулсан гэх тайлбарыг өгсөн. Бодит байдал дээр талийгаач нь амьд байх үедээ бөөрний дутагдлын улмаас долоо хоногт 2 удаа аппаратад орох, адуу малаа маллах үед нь *****ийн зүгээс сүүлийн гурван жилийн хугацаанд асарч, дэмжлэг үзүүлж, сэтгэл гаргасан гэдгийг бүгд мэдэж байгаа. Талийгаач амьд сэрүүн байх үедээ *****ийн зүгээс өөрт нь гаргасан сэтгэл, халамж, бусад үйлдлийг нь үнэлээд орон сууцын өмчлөл дээрээ нэрийг нь нэмсэн үйл баримт тогтоогдсон. Тэгэхээр өмчлөх эрхээс *****ийн нэрийг хасуулах боломж байхгүй. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Манай талаас талийгаач *****гийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 50%-ийг *******, ******* нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтооход огт маргахгүй. Маргах эрх ч байхгүй, өв залгамжлах эрх нь нээлттэй. Харин татгалзалгүй гээд эвлэрлийн гэрээ хийх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Учир нь хуулийн дагуу явагдах бөгөөд *****ийн зөвшөөрөл огт хамааралгүй юм. Дараа нь хүлээн зөвшөөрөхгүй гэвэл яах вэ гэх тайлбарыг өгч байна. Бид бүхэн ирээдүйд болох зүйлийг урьдчилан таамаглаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй. Нотариатын зүгээс өв нээх талаар татгалзсан нотлох баримт байхгүй. нэхэмжлэгч талаас *****ийн нэрийг хасуулах шаардлага гаргасан учраас маргаан үүссэн. Үүний дараа нотариат дээр очиж өв нээлгэх гэтэл маргаанаа шийдүүлэхийг шаардсан гэж бодож байна. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, шүүгчийн захирамж 7 хоногийн дараа гарахаар нотариатын байгууллагад үзүүлээд өв нээлгэх бүрэн боломжтой юм. *******, ******* нарын эрх зөрчигдсөн зүйл байхгүй.
Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч талын шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэв.
гэв.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Содболд өмгөөлөгчтэй нэг байр суурьтай байна. ****** хувьд 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл талийгаачийг асарч байсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийг өмчлөх захиран зарцуулах эрх нь *****д байсан. Өөрийг нь сүүлийн 3 жил орчим хугацаанд асарч хамгаалсан *****ийн сэтгэлийг үнэлээд бэлэглэсэн байдаг. Урьд нь хүүхдүүдтэйгээ орон сууцны өмчлөгчийн асуудлаар маргаж байсан. Тиймээс намайг нас барсны дараа хүүхдүүд маргах нь зайлшгүй учраас амьд сэрүүн байх үедээ бэлэглэлийн гэрээгээр өгье гээд шилжүүлсэн байдаг. Гэрээслэлийг хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч бэлэглэлийн гэрээ бол хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэв.
6. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Ч.*******ийн төрсний гэчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 дугаар хуудас/, ******гийн нас барсны гэрчилгээний болон ****гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрээслэл гэх бичиг /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.
7. Хариуцагч талаас нотлох баримтаар Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчийн 0012 дугаартай өв хүлээн авах тухай хүсэлт ирүүлсэн байна.
8. Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32-43 дугаар хуудас, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 732 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материал /хх-ийн 77-102 дугаар хуудас/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.*******, **** нарын хариуцагч ****д холбогдуулан гаргасан Гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс хариуцагч ****** нэрийг хасуулах, талийгаач ******гийн хууль ёсны өвлөгчөөр охин Ч.*******, эхнэр **** нарыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ****, Ч.******* нарыг бүртгүүлэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.*******, **** нар нь шүүхэд анх гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаартай *****, **** нарын хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс *****ийн нэрийг хасуулах тухай гэж, мөн 2023 оны 11 сарын 17-ны өдөр талийгаач ******гийн хууль ёсны өвлөгчөөр ****, Ч.******* нарыг тогтоолгож, дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч Ч.******* дангаараа гарын үсэг зурсан байх бөгөөд 2022 оны 09 сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч нар хамтран, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч Ч.******* хамтран нэхэмжлэгч ****гаас олгосон итгэмжлэлийн дагуу тус тус гаргасан байх бөгөөд шүүх хуралдаан дээр тодруулахад анхаасаа хамтран нэхэмжлэгчээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
Мөн Хэрэгт авагдсан 2023 оны 08 сарын 26-ны өдрийн ****гаас Ч.*******т олгосон итгэмжлэлд шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг 3 жилийн хугацаанд олгосон байх тул ****, Ч.******* нарыг хамтран нэхэмжлэл гаргасан гэж үзэж шаардлагуудыг шийдвэрлэсэн болно.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Тус орон сууцыг аав маань амьд байхдаа надад авч өгсөн байр бөгөөд миний бие талийгаачийн төрсөн охин, мөн ээж маань гэрлэлтийн бүртгэлтэй эхнэр нь тул хууль ёсны өвлөгч учраас тус байрнаас хариуцагч ****** нэрийг хасуулж, өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэх үндэслэлтэй. Мөн гэрээслэл нь цаашид үр дагавар үүсгэх магадлалтай тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч **** нь талийгаач ******тэй 2019 оноос хойш нас барах хүртэл нь хамт байж, асарч сувилж байсан тул амьд байхдаа орон сууцны хамтран өмчлөгчөөр өөрийн хүслээр миний нэрийг бүртгүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.
4. Хэрэгт Миний бие ****** нь Дархан-Уул, Дархан сумын 13-р баг, Алфа хотхон 3- тоотод хамтран амьдрагч асран хамгаалагч болох ****д оршин суугаа 2 өрөө байр болон миний хөрөнгө болох 4 азарга адуунаас өөрийн биеэр зүслээд хондлой цоохор азаргатай адууг зүслэж өгсөн. Үүнийг бичих учир нь: Миний бие нь байнгын эмчийн хяналтад байдаг учир миний бие өвчний улмаас байнга хавагнаж, даралт ихсэж биеийн байдал байнга тогтворгүй байдаг тул асран хамгаалагч болох ****д энэхүү гэрээслэлийг үлдээж байна. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Гэрээслэл бичсэн: *****, ***** гэж гарын үсэг зурсан бичвэр бүхий баримт авагдсан байгаа бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг гэрээслэл гэж үзэж, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-т: гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ., 523.3-т Энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.
6. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т: Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 39.2-т: Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно гэж тус тус заасан бөгөөд гэрээслэл нь нэг тал хүсэл зоригоо илэрхийлэн хийгддэг хэлцэл юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлон заасан бөгөөд энэхүү хуульд заасан хэлцлүүдийг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцох зохицуулалт байхгүй, хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.
Гэтэл нэхэмжлэгч нар нь хэрэгт авагдсан бичгийн баримтыг гэрээслэл гэж үзээд дээр дурдсан хуульд заасан шаардлагуудыг хангаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т: Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заагаад эрхийг хамгаалах аргуудыг хуульчилсан бөгөөд дээрх гэрээслэл гэх бичвэр нь нэхэмжлэгч нарын эрхийг хэрхэн зөрчсөн, түүний улмаас ямар үр дагавар үүссэн болох нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргах үндэслэл нь тус хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд нэхэмжлэгч нар нь тодорхой шаардлага гаргаагүй байх тул зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга хэрэгслийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Иймд гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзсэн болно.
7. Нэхэмжлэгч нарын гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс хариуцагч ****** нэрийг хасуулах тухай шаардлагын тухайд дүгнэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.
****** нь 2019 оноос хойш нас барах хүртлээ хариуцагч ****тэй хамтран амьдарч байсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 47,84 мкв талбай бүхий хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 09 сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ***** Ч.*******т шилжүүлж, 2018 оны 09 сарын 24-ний өдрийн гэрчилгээгээр өмчлөгчөөр Ч.******* бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 247 дугаартай гүйцэтгэх хуудсаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тус орон сууцны өмчлөгчөөр ******г тогтоож, уг байрыг Ч.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсний дагуу ****** тус байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн, улмаар 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ-ээр ****** нь ****д дээрх орон сууцны тал хувийг шилжүүлсний үндсэн дээр 2022 оны 01 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ****, ****** нар өмчлөгчөөр бүртгэгдсэн зэрэг нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 135/ШЗ2022/06078 дугаартай захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 01/1263 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 32-43 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд хариуцагч **** нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т: Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу тус орон сууцны хамтран өмчлөгч байна.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.****** ... өөрийн эцэг ******г бие муу байдлыг далимдуулан өөрийн нэрээ орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар баримтаар тогтоогдоогүй, мөн ****** өмчлөгч болох үндэслэл болсон тус орон сууцны ногдох хэсгээс бэлэглэх гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд түүний үндсэн дээр бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байна.
Энэ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцох зарчимд хамаарна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс хариуцагч ****** нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзнэ.
8. Нэхэмжлэгч нарын гаргасан ******гийн хууль ёсны өвлөгчөөр охин Ч.*******, эхнэр **** нарыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ****, Ч.******* нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
Хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээ, Ч.*******ийн иргэний үнэмлэх, нас барсны бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар ****** нь нэхэмжлэгч ****тай гэр бүл болж, 1991 оны 07 сарын 16-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 1991 оны 06 сарын 12-ны өдөр охин Ч.******* төрсөн, ****** нь 2022 оны 07 сарын 18-ны өдөр нас барсан зэрэг нь тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаангүй байна.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нар нь ******гийн хууль ёсны өвчлөгч мөн бөгөөд нэхэмжлэгч Ч.******* нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчид 2023 оны 01 сарын 09-ний өдөр өв хүлээн авах хүсэлт гаргажээ. /хх-ийн 115 дугаар хуудас/
Тус хүсэлтэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 3- тоот, 47,84 мкв орон сууцыг өвлөж авах хүсэлттэй талаар дурдсан байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь дээрх хүсэлтийг нотариатч орон сууц маргаантай байна гэх үндэслэлээр татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т: Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана, 531.2-т: Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж, мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т: Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нар хууль ёсны өвлөгч мөн болох нь хуулиар тогтоогдсон байх бөгөөд тэдний өвлөх эрхийг хариуцагч **** зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нөгөө талаас дээрх хуульд зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох үүргийг нотариат хүлээх бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсанаас хууль ёсны өвлөгч нарын эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэл нь хуулиар үүрэг хүлээгээгүй иргэн хүнд хамааралгүй юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-т өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар маргаан бүхий асуудлыг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү зохицуулалт нь өвлөгч нарын хооронд гарсан маргаантай хамааралтай юм.
Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 108 дугаар зүйлийн 108.1, 532 дугаар зүйлийн 532.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ****д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.*******, **** нарын Гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс хариуцагч ****** нэрийг хасуулах, талийгаач ******гийн хууль ёсны өвлөгчөөр охин Ч.*******, эхнэр **** нарыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ****, Ч.******* нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ