Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 135/шш2024/00120

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/00120

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/01536

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .... баг..... хороолол .... тоотод байрлах, С э Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг ****хороолол **** тоотод оршин суух, Т.У холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С э Ч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаанд 3% хүүтэй тус тус зээлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй учраас Т.У-ын хүсэлтийн дагуу 12 сарын хугацаагаар 4% хүүтэй зээлийн гэрээг сунгасан ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн төлбөр болох хүүг тооцоод нийт 15,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөхөөр хэлцэл хийж тохиролцсон. Гэтэл одоог хүртэл огт төлөөгүй байгаа тул Т.У-аас үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, зээлийн хүү 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Т.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Т.У- нь нийт зээлсэн 10,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй төлөхийг зөвшөөрч байгаа. Харин 15,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. 4,800,000 төгрөгийн хүү тохиролцсон нь нотариатаар баталгаажуулаагүй, хуулийн шаардлага хангаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөгийг сарын 4% хүүгээр тооцоод 8,320,000 төгрөгийг, дараа нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 3% хүүтэй нь тооцоод 260,000 төгрөг, нийт 10,380,000 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 4,620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Мөн зээлийн хүүгийн хэмжээ хэт их байгаа тул багасгаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2021 оны 02 сарын 02, 2021 оны 02 сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2022 оны 04 сарын 08-ны өдрийн Б.Б, хариуцагч Т.У- нарын байгуулсан хэлцэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Т.У-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С э Ч -д олгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 10,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн талууд хэлцэл байгуулан үндсэн төлбөр болон хүүгийн хамт 15,000,000 төгрөгийг төлөхөөр хугацаа тогтоосон боловч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч байгаа боловч 4,800,000 төгрөгийн хүү төлөхөөр тохирсон хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй хуулийн шаардлага хангаагүй тул зөвшөөрөхгүй, мөн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан 2021 оны 0090 дугаартай барьцаат зээлийн гэрээнд Т.У-т 8,000,000 төгрөгийг 02 сарын 02-ны өдөр олгосон, зээлийн хоног, хүү 1 сар, 4 хувь, буцааж олгох он сар өдөр 3 сарын 02-ны өдөр нийт 8,320,000 төгрөг, сунгалт 12 сараар сунгав гэж бичигдсэн, 2021 оны 0126 дугаартай барьцаат зээлийн гэрээнд 02 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг олгосон, зээлсэн хоног хүү 10 хоног, 3 хувь, буцааж олгох өдөр 02 сарын 19-ний өдөр нийт 2,060,000 төгрөг, сунгалт 12 сараар сунгав гэж бичиж, талууд гарын үсэг зуржээ.

 

Мөн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн Баясгалан, Т.У- нарын байгуулж гарсан үсэг зурсан хэлцлээр С э Ч -ийн **** 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр аваад төлөлт хийгээгүй үндэслэлээр хүү 400,000 төгрөгийг 12 сараар тооцож, 4,800,000 төгрөг, үндсэн зээл 10,000,000 төгрөгийн хамт нийт 15,000,000 төгрөгийг 4 сарын дотор төлж дуусгахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч С э Ч -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.Б нь тус компанийн захирал болох нь тогтоогдож байна.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С э Ч нь нь мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Нөгөө талаас хариуцагч Т.У- нь зээлийн гэрээний дагуу мөнгө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т: Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд 2022 оны 11 сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь тус хууль үйлчлэхээс өмнө хийгдсэн байх тул тухайн үед үйлчилж байсан Иргэний хуулийн зохицуулалт хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т: Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно, 286.5-д: Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ. /2023 оны 03 сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Иргэний хуулийн заалтаар/

 

6. Талууд анх байгуулсан 2021 оны 0090, 2021 оны 0126 дугаартай барьцаат зээлийн гэрээнүүдийг нэгтгэн нийт зээлийн дүн болон хүүгийн төлбөрийн үүргийг 2022 оны 04 сарын 08-ны өдрийн бичгийн гэрээгээр нийт үүргийг 15,000,000 төгрөгөөр тогтоож, энэхүү төлбөрийг 4 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохирсон байна.

Энэхүү гэрээ нь дээрх хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд хариуцагч талын гаргасан нотариатаар гэрчлүүлээгүй тул шаардлага хангахгүй гэх татгалзал үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хуульд дээрх бичгээр хийхээр заасан бөгөөд нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага байхгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүгийн хэмжээ хэт өндөр байна гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа барьцаанд тавьсан бөгж, гинжийг төлбөртөө суутгах саналтай байна гэх боловч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийн талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.У-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********** олгож шийдвэрлэсэн болно.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 /2022 оны 11 сарын 04-ний өдрийн хуулиас өмнө үйлчилж байсан хуулийн заалт/-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.У-аас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С э Ч -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С э Ч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ