| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/01028/И |
| Дугаар | 135/шш2024/00163 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 135/шш2024/00163
| 2024 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 135/ШШ2024/00163 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/01028/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** хороо **** гудамж, өөрийн байранд байрлах, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын .... баг .... тоотод оршин суух, Ч.Ц холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,544,110,39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
Хариуцагч Ч.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Ч.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,544,110,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.Ц нь *** оны 08 дугаар сарын 16-ны өдөр барьцаат зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг нэг жилийн 18% хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэрээний хүүд 2,873,238 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8130 төгрөг, үндсэн зээлд 7,168,069 төгрөг нийт 10,049,439 төгрөгийг төлсөн. Гэрээний үүргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээд 9,544,110.39 төгрөгийг Ч.Цаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ч.Ц нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчтэй нэгэн адил эрх, үүрэгтэй. Зээлийн гэрээний 6.5.5-т зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч хэсэгчлэн буюу бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасны дагуу Ч.Цаас нэхэмжилж байгаа гэв.
2. Хариуцагч Ч.Ц шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн зээлийг Э.С Х банкнаас авсан. Би батлан даагчийн хувьд гарын үсэг зураад өг гэж гуйсны дагуу зурсан байдаг. Тэгээд үндсэн зээлдэгчийг хасаад зөвхөн надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед Э.С бид хоёр хамт амьдардаг байсан. Хувь лизингээр орон сууц авсан. Тухайн лизингээ төлөх гээд 15,000,000 төгрөг зээл авсан. Зээлсэн мөнгөөрөө лизингээ төлөөд орон сууцаа зарсныхаа дараа салаад яваад өгсөн. 2022 оны 09 дүгээр сард явсан. Би зээлийн төлөлт огт хийж байгаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Надад хамт хэрэглэсэн зүйл байхгүй гэв
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар *** оны 08 сарын 16-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зээлийн өргөдөл, 2022 оны 12 сарын 16, 2023 оны 01 сарын 23, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн шаардах хуудсууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн хариуцагч Ч.Цд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,544,110,39 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Э.С, Ч.Ц нарыг тодорхойлсны дагуу шүүх иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Э.Саас татгалзаж, хариуцагч Ч.Цд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.
Мөн шүүхэд нийт 8,515,862.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, нийт 9,544,110,39 төгрөгийг гэрээний үүрэгт гаргуулахаар тодорхойлсон болохыг дурдаж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Үндсэн зээлдэгч Э.С хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Цаас дангаар нь шаардаж байгаа. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчтэй нэгэн адил эрх үүрэгтэй, зээлийн гэрээнд үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч хэсэгчлэн буюу бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Ч.Ц нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ зээлийн мөнгийг авч хэрэглээгүй, мөн батлан даагчийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан байхад зөвхөн надаас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
4. Хэрэгт авагдсан *** оны 08 сарын 16-ны өдрийн *** дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хэрэглээний зээл/-ээр Х банк ХХК, Э.С, Ч.Ц нар нь тохиролцон, 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгохоор гэрээ байгуулжээ. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Энэхүү гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч буюу хариуцагч тал зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 7,164,219.52 төгрөг, зээлийн хүүнд 2,873,238.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,780.99 төгрөг тус тус төлсөн боловч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн зэрэг нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч Ч.Цд гардуулж, гарын үсэг зуруулсан шаардах хуудсуудаар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 02 сарын 16-ны өдөр дуусгавар болох ба нэхэмжлэгч тал дээрх үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж, хамтран зээлдэгч Ч.Цаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,544,110,39 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна.
Гэрээний хүчин төгөлдөр байдал, үнийн дүн буюу зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцоолол, гэрээг хугацаанаас өмнө цуцласан үндэслэлийн талаар талууд маргаж тайлбар гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл эдгээр нь маргааны зүйл болоогүй байна.
5. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Ч.Ц нь гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч энэ зээлийг би хэрэглээгүй, энэхүү зээлийг оролцуулан авсан байраа Э.С өөрөө зараад, салаад явсан тул би зээлийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Ч.Ц гэрээний үүргийг хамтран хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдал, зээлийн өргөдөл, түүний тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд дээрх гэрээнд Э.С, Я.Цэрэндулам нар нь энэхүү хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иймд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу банк нь хамтран зээлдэгч Ч.Цаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь тухайн зээлийг ашиглаагүй гэх байдал нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
6. Хариуцагч Ч.Ц нь Э.С зээлийн төлбөрийг төлөх чадваргүй гэх шүүхийн шийдвэр гарсны дараа батлан даагчийн хувиар надтай зээлийн төлбөрийн асуулыг ярих ёстой гэх тайлбарыг гаргаж байгаа боловч талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч Ч.Ц нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсэг зурсан, мөн түүний эрх үүрэг үндсэн зээлдэгч Э.Стай адил байхаар гэрээгээр тохирсон байх тул нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаас татгалзаж, гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч Ч.Цаас шаардаж байгаа нь дээрх хуульд заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч Ч.Цаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,544,110.39 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 180,432 төгрөгөөс 167,656 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 12,776 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 167,656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэсгийн 2-т шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй тул дээрх хуульд заасан ажиллагааны талаар тусгайлан заах шаардлагагүй юм.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т: Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цаас нийт 9,544,110.39 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,432 төгрөгөөс 167,656 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 12,776 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ч.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 167,656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ