Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 135/шш2024/00236

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2024/00236

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2024/00086

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** хороо **** байрлах Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** баг **** оршин суух, Г.Д,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, *** баг **** тоотод оршин суух, О.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,879,791.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагч Г.Д, О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Г.Д, О.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,879,791.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.   Нэхэмжлэгч Х банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Д, О.Д нар нь 3,100,000 төгрөгийн хэрэглээний зээлийг Х банк ХК-иас 4 жилийн хугацаатай авсан. Уг гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дууссан. Гэрээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй, сунгагдаагүй. Хариуцагч нар нь 2017 оны 03 дугаар сар хүртэл эхний хоёр удаагийн төлөлтийг графикийн дагуу төлсөн. Тэрнээс хойш бага багаар хугацаа хэтэрч явж байсан. Хүүгийн төлөлтүүд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл тодорхой хэмжээгээр орж ирж байсан. Тэрнээс хойш төлөлт орж ирээгүй. Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийн төлөлт хийсэн. Хариуцагч нар нь нийт 745,600 төгрөгийн төлөлт хийсэн. Үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсний хүү зэрэг нийт 6,879,791.5 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэв.

 

2. Хариуцагч Г.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 3,100,000 төгрөгийн зээлийг 2017 онд авсан нь үнэн. Төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн нь үнэн. Ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч О.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2017 онд Г.Дтай хамтын амьдралтай байх үедээ 3,100,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие тухайн үед Г.Дын гуйлтын дагуу гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн мөнгийг Г.Д өөрийн бусдад төлөх төлбөрт өгсөн. Түүнээс би хэрэглээгүй. Г.Д өөрөө төлбөрийг төлөх ёстой. Өмнө нь банкнаас ч надруу ярьж байсан. Би ч Г.Дт банкан дээр очоод эвлэрлийн гэрээ байгуулаад гарын үсэг зурчихвал хүү зогсоно гэсэн талаар хэлэхэд энэ хүн өөрөө очоогүйгээс одоо ийм хэмжээний төлбөр нэмэгдэхэд хүрсэн. Иймээс энэ төлбөр надад хамааралгүй тул зөвшөөрөхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн албан бичиг, 2017 оны 01 сарын 12-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн бүртгэлийн карт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн хариуцагч Г.Д, холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,879,791.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017 оны 01 сарын 12-ны өдрийн **** дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,591,382.44 төгрөг, зээлийн хүү 3,899,243.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 389,165.49 төгрөг, нийт 6,879,791.05 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Г.Дархан санчир нь зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хамтран хариуцагч О.Д нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн үнийн дүнг авч хэрэглээгүй, Г.Д хэрэглэсэн тул зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

4. Хэрэгт авагдсан 2017 оны 01 сарын 12-ны өдрийн **** дугаартай барьцаат зээлийн гэрээгээр Х банк ХК, Г.Д, О.Д нар нь тохиролцон, 3,100,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгохоор гэрээ байгуулжээ. /хх-ийн 6-8 дугаар хуудас/

Энэхүү гэрээний дагуу 3,100,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч буюу хариуцагч тал зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 508,617.56 төгрөг, хүүгийн төлбөрт 236,982.44 төгрөг, нийт 745,600 төгрөг төлсөн боловч 2017 оны 03 дугаар сар хүртэл эхний хоёр удаагийн төлөлтийг графикийн дагуу төлсөн, түүнээс хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн зэрэг нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 01 сарын 02-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, үнийн дүн буюу зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцоолол зэргийн талаар талууд маргаагүй болно. Өөрөөр хэлбэл эдгээр нь маргааны зүйл болоогүй байна.

5. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч О.Д нь гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч энэ зээлийг би хэрэглээгүй, хариуцагч Г.Д өөрийн өр төлбөрийг төлсөн тул би төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч О.Д нь гэрээний үүргийг хамтран хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдал, түүний тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд дээрх гэрээнд Г.Д, О.Д нар нь энэхүү хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Иймд дээрх хуульд зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь тухайн зээлийг ашиглаагүй гэх байдал нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч нараас гэрээний үүрэгт нийт 6,879,791.05 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 125,027 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 125,027 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Д, О.Д нараас нийт 6,879,791.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,027 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д, О.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 125,027 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.ОЮУНЦЭЦЭГ