| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 184/2019/01022/и |
| Дугаар | 1725 |
| Огноо | 2019-09-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1725
“КС” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “КС” ХХК-ийн хариуцагч С.Тд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 100 466 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч С.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч С.Т нь “А”-аас 50 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар сарын 4.2 хувийн хүүтэйгээр, нэмэгдүүлсэн хүү 0.84 хувийн /төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцохоор/ хүүтэйгээр бизнесийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот СХД, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 11/6 тоот хаягт байрлах 198 метр квадрат талбайтай Ү-2201024713 дугаартай, гэрчилгээний дугаар 000503228 дугаартай хувийн сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нь зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлөх 1 960 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төлсөн, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2 170 000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг тус тус төлж нийт 7 130 000 төгрөг төлсөн.
Зээлдэгч С.Таас үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 41 870 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 596 000 төгрөг, нийт 100 466 000 төгрөгийг гаргуулах, зээлдэгч сайн дураар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд тусгагдсан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 11/6 тоот хаягт байрлах 198 м.кв талбайтай Ү-2201024713 дугаартай, гэрчилгээний 000503228 дугаартай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.
Бид зөвхөн зээлийн гэрээ байгуулсан С.Таас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа, түүний нэр заасан хүний данс руу зээл болох 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.
Хариуцагч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “КС” ХХК-тай 50 000 000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар зээлийн гэрээ байгуулсан. Би уг мөнгийг аваагүй. Д.О мөнгийг авч хэрэглэсэн. Зээлийн барьцаанд би өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын зам 11/6 тоот хаягт байрлах амины орон сууцыг тавьсан.
Тухайн үед Д.Отой хамт явсан нэг залуугийн Хаан банкны дансанд хийсэн бөгөөд тэр мөнгөнөөс Д.О нь надад 10 000 000 төгрөг өгч, зээлийг бүгдийг нь төлж таны гэрчилгээг авч өгнө гэж хэлсэн. Банкны хуулиар банк болон Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчид авсан мөнгийг өгөх ёстой. Тус банк бус санхүүгийн байгууллага нь Д.Огийн танил байсан учир миний данс руу хийлгүй өөр хүний данс руу хийж банкны хуулийг зөрчсөн байна. Би энэ талаарх гомдлоо санхүүгийн зохицуулах хороонд өгнө.
Д.О нь АНУ-д амьдардаг түүний охин болох Халиунаа нь автомашины осол гаргаж их хэмжээний төлбөрт орсон тул мөнгө яаралтай хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр үед надад барилга дуусгах хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул энэхүү хэрэгцээг маань ашиглаж зээл олж өгнө, удахгүй манай компанид хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хуурч, өөрийн танилын банк бус санхүүгийн байгууллагатай оройн цагаар ажил тарсны дараа гэрээ хийлгүүлж, их хэмжээний мөнгө гаргуулж авсан. Тэрээр зээлийг гэрээ байгуулагдсанаас хойш 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж байсан боловч зээлээ эргэн төлөлгүй өнөөдрийн байдлаар 2 жил өнгөрөөд байна.
Зээлийг авсан Д.О нь урьдын танил харьцааг эвдэж, миний итгэлийг урвуулан ашиглаж, удахгүй хөрөнгө оруулалт орж ирэх мэтээр бусдыг төөрөгдүүлж, бодит байдлыг нуун дарагдуулж, бусдыг залилан мэхэлсний улмаас өнөөдөр миний эд хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрээд байна. Энэхүү үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхийг хүсэн цагдаад өргөдөл гаргасан. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн мөрдөгч П-н мэдэлд шалгагдан Д.Ог яллагдагчаар татан удахгүй шүүх рүү шилжүүлэх гэж байна. “КС” ХХК нь цагдаад дуудагдан мэдүүлэг өгч байгаа.
Нэхэмжлэгч нь мөнгийг Д.О авсан гэдгийг сайн мэдэж байгаа, мөн захирал гэх залуу нь надтай биш, Д.Отой өнөөдрийг хүртэл зээлийг төлүүлэх талаар харьцаж ирсэн. Д.О нь тус банк бустай үргэлж харьцаж зээлээ төлөх талаар ярьдаг, зээлийн хүүг Д.О өөрөө төлж байсан. Өнөөдрийг хүртэл би хүнд сайхан сэтгэл гаргаж, хүнд зовлон учирсан үед нь тусалсныхаа хариуд эд хөрөнгөөрөө тоглуулж, байгаад гомдолтой байна. Энэ газар сүүлд шинэ захиралтай болсон байсан. Тэр захиралд нь 69 000 000 төгрөгөө төлье гэж хэлээд бичиг үйлдэж өгсөн байгаа. 100 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Таас 98 238 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “КС” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 227 040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Т нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 11/6 тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 649 145 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч С.Т давж заалдах гомдолдоо:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие нь “КС” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан боловч тус банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө гаргаагүй, зээлдэгч миний данс руу мөнгө ороогүй. Учир нь “КС” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох н.Цын хувийн данснаас энэ зээлэнд ямар ч хамаагүй н.Б гэдэг хүний данс руу орсон байдаг.
н.Б гэх хүний данснаас мөнгө шилжүүлж авсан, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.О гэгч нь энэ мөнгийг би авч хэрэглэсэн дээр хүү, алдангийн хамт бүрэн хариуцаж төлнө гэж шүүх хуралдаанд хэлсээр байтал энэ асуудлыг шүүх авч хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч С.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100 466 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...зээлийн мөнгийг аваагүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
“А” ХХК болон С.Т нарын хооронд байгуулагдсан 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хариуцагч С.Т нь 50 000 000 төгрөгийг 30 хоногт 4.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 11/6 тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон ба банк бус санхүүгийн байгууллагын нэр “К СТМ” болж өөрчлөгджээ. /хх-ийн 18-21 дүгээр тал/
Хариуцагч С.Т нь бичгээр байгуулагдсан дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Харин мөнгийг бодитоор аваагүй гэх боловч 50 000 000 төгрөгийг н.Б 5057299144 дансанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг С.Т гаргасан нь хэрэгт авагдсан /хх33 дугаар тал/ байх бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын захирал Ц.Ц-ын данснаас түүний заасан дансанд 49 500 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх78 дугаар тал/
Ц.Ц- нь хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд байхаас гадна, мөнгөн шилжүүлэг нь ЗГ-17/02/006 тоот зээлийн гэрээний дагуу гэсэн утгатай зээлийн хөрөнгө болох нь тодорхой байна.
Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчийн зөвшөөрлөөр түүний заасан дансанд зээлийн хөрөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт нийцсэн тул үүргийг шаардах эрхтэй, зээлдэгч С.Т нь зээлийг өөр бусдын дансанд шилжүүлэх замаар захиран зарцуулсан байх тул мөнгийг Д.О авсан төлөхөө зөвшөөрсөн гэх тайлбар нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд шүүх талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлдэгч буюу хариуцагч С.Т нь зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй талаар зөв дүгнэжээ.
Дээрхээс дүгнэвэл шүүх хариуцагчаас үндсэн зээл 46 500 000 төгрөг, зээлийн хүү 43 115 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 623 160 төгрөг, нийт 98 238 960 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 227 040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт болон зээлийн гэрээний 1.2, 1.3-т заасанд нийцсэн байна.
Түүнчлэн хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй бөгөөд шүүх барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/ Найрамдлын зам 11/6 тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. Хариуцагч С.Т нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөх хугацааг 1 сараар хойшлуулах хүсэлт шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2019/08259 тоот шүүгчийн захирамжаар төлөх хугацааг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Хариуцагч нь дээрх хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 649 145 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Таас улсын тэмдэгтийн хураамжид 649 145 төгрөгийг нөхөн гаргуулж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот дансанд төлүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
А.ОТГОНЦЭЦЭГ