Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Хохирогч Т.Г

Шинжээч П.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Дорноговь аймгийн .... тоот хашаанд хохирогч Т.Гын зүүн нүдэнд цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.05.16-нд дэнжид том машиндаа гагнуур хийлгээд байж байсан юм сүүдэрт сууж байтал Г гаднаас орж ирсэн хажууд суугаад юм яриад байж байтал энд одоо юу болоод байна гээд босч явснаа энд гагнуур хийлгэхгүй ээ, би энд акт тавьдаг хүн нь байна гэхээр нь би гагнуур мэдэхгүй гагнуурчинд л хэл, гагнуурчин цаагуур чинь явж л байх шиг байна гэсэн чинь нэг цаашаа явснаа буцаж ирээд пизда нар минь давраад байгаарай энд гагнуур хийлгээд ална хядна гээд доромжилсон. Би чимээгүй суугаад байсан чинь сүүлдээ миний цамцнаас татаад дээшээ босгож ирэх гээд миний цамцны захыг ураад хаясан. Тэгээд чангаагаад болохгүй болохоор нь Г ахын зүүн нүд рүү нэг цохисон, өөрөө нүдээ бариад доошоо суусан би жижиг тэргээ бариад гараад явсан гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.05.16-нд ажлын өдөр байсан ба цэвэр усны шугам татуулахаар ажлаасаа чөлөө авсан байсан. Хэдэн хүмүүсийг туслуулахаар дуудсан байсан сүүлдээ 5, 6-уулаа болсон тэгээд 2-3 шил архи уусан. Хамт ууж байсан нэг найз маань гаднаас орж ирэхдээ хажуу талд чинь маш том ёмкост гагнуур хийж байна энэ дээр яах вэ гэж орж ирсэн. Миний хувьд гарч очоод шатах тослох материалтай тээврийн хэрэгсэлд гэр хороолол дунд гагнуур хийх дэлбэрэх аюултай гээд анхааруулж урьдчилан сэргийлж хэлсэн. Тухайн гагнуур хийж байсан хүн саван дотроо ороод хийгээд байсан эргэж очоод тавьсан шаардлага биелүүлэхгүй болохоор нь боль гээд түрэмгий зан гаргасан нь үнэн. Тэгээд очтол үгийн зөрүүгүй нэг л цохисон доошоо тонгойгоод суухад нүднээс цус гарсан. Болор мэлмий эмнэлэгт очиж хагалгаанд орсон бүтэн сар битүү хавдартай байсан хавдар буухад нүд маань цав цагаан болсон гоо сайхан алдагдсан. Тухайн үед 2 шатны сонгууль болж дуусгаад, баяр наадмын амралт үргэлжлээд хугацаа алдаж 7 сарын 16-нд эмнэлэгт үзүүлэхэд удааснаас болоод цус хуралттай хагалгаа хийх боломжгүй, эдгээгүй нүд байна гэсэн. Энэ хугацаанд олон эм тусааж хэрэглэж байсан. Эмч маань болорыг авна гээд одоогоор зүүн нүднийхээ болорыг авахуулсан хагалгаа хийлгэсэн байгаа. Надад одоо байгаа баримт нь 870.000 төгрөгийн л баримт байна. Тиймээс энэ мөнгийг л нэхэмжилнэ гэв.

Шинжээч П.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хохирогчийг үзээгүй зөвхөн бичиг баримтыг үндэслэн гаргасан. Хэрэг гарснаас хойш 8 сарын 22-нд гаргасан дүгнэлт. Болорын цайралт гэдэг нь энгийнээр тайлбарлавал хүүхэн харааны тойрсон хэсэг нь цайрахаар цайрсан гэсэн үг, болорын мултрал гэдэг нь тэр хэмжээтэй барьж байх зүйлээсээ мултарсан л гэсэн үг тиймээс энэ 2 бол 2 өөр ойлголт юм. Торлогын ховхрол бол нүдний цаана бүр алиманд цаад талын хананд байдаг нүдний харааг төвлөрүүлдэг хэсэг юм. 2017.02.16-ны өдөр болорын цайралт гэсэн онош тавьсан байгаа миний дүгнэлтээр бол мултралаараа хөнгөн зэрэгт оруулж ирсэн байгаа цайралт бол биш. Болорын мултрал гэмтэл нь цохилтоос үүсэх боломжтой доргисны улмаас тухайн нүд хатингаршин мултрах боломжтой. Группт байсан оношоор бол болорын мултрал үүсэхгүй цохилтоос үүснэ. Намайг дүгнэлт гаргах үед яг болорын мултралаа шинэ гэмтэл гэж бичих гэж байгаад хуучин гэмтэл гээд биччихсэн байсан тэр даруйдаа мэдээд Замын-Үүдээс наашаа явуулах гэсээр жоохон хугацаа алдаж хоцорч очсон байх тэрнээс биш шинэ гэмтэл байсан гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017.05.16-ны өдөр 13 цагийн орчим П ахаар хашаанд нь түлшний том оврын ачааны авто машиныхаа ёомкост гагнуур хийлгэээд амбаарын сүүдэрт сууж байхад гаднаас Сайншанд сумын 2 дугаар багийн засаг дарга Т.Г ах над дээр нилээн согтуу хөл нүцгэн орж ирээд гэр хороололд түлшний том авто машинд гагнуур хийлгэхгүй наадах чинь дэлбэрүүл яах юм гэхээр нь мэдэхгүй ээ та тэр П ахаас асуу надад хамаагүй гэж хэлэхэд цаашаа явж байгаад буцаж ирээд намайг муу бацаан минь битгий давраад байгаарай пиздаа минь гээд миний цамцнаас зулгааж байгаад миний цамцны захыг урчихаар нь босч ирээд Т.Г ахын нүүр лүү нь нэг удаа гараараа цохиход Г ах нүүрээ дараад доошоо хараад суухаар нь би тэр хашаанаас нь гараад явчихсан гэсэн мэдүүлэг /хх 24-25, 74/

Хохирогч Т.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.05.19-ний өдөр … П ахын хашаанд ортол дотор нь түлш зөөдөг ачааны автомашины ёомкост дотор нь гагнуур хийлгээд 3- 4-н залуу зогсож байсан. Би 2 дугаар багийн засаг даргын хувиар та нар энд гагнуур хийж болохгүй наадах чинь дэлбэрээд энэ хавийн айлуудыг байхгүй болгочихвол яах юм гэж хэлтэл тэр түлшний автомашины хажууд сууж байсан Д.Этай хэрэлдэж муудаж байгаад Д.Э нь миний зүүн нүд рүү нэг удаа цохичихоод яваад өгсөн. Миний зүүн нүд харахгүй болсон. Би эмчилгээ зардал болох 3.000.000 төгрөг нэхэмжилсэн гэсэн мэдүүлэг /хх 6- 7/,

Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 сарын 17-ны өдөр 13 цагийн үед дэнжид байдаг П гэдэг айлын хашаанд Д.Эын түлш зөөдөг ачааны том оврын авто машины ёомкостын дээр гагнуур хийж байхад Сайншанд сумын 2 дугаар багийн засаг дарга болох Т.Г нь хөл нүцгэн нилээн согтуу орж ирээд П ах хаана байна, энд яахаараа гагнуур хийж байгаан гээд хашааны сүүдэрт сууж байсан Д.Эыг чи муу банди минь гээд янз бүрээр харааж байснаа Д.Эыг заамдаж аваад өмсөж байсан цамцнаас татаж байгаад захыг нь урчихсан юм. Д.Э юу ч яриагүй Т.Гын нүүр лүү нь нэг удаа цохичихоод яваад өгсөн. Тэгсэны дараа Т.Гын нүүрнээс цус гараад газар сууж байснаа яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

Шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 сарын 03-нд Т.Гын биед учирсан гэмтлийг нэмэлтээр дүгнэлт гаргахад эмнэлгийн бичиг баримтуудыг үндэлсэн гаргасан. Уг эмнэлгийн бичиг баримтанд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Т.Г нь зүүн нүдний торлогын ховхрол зүүн нүдний болор цайралт гэмтлээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгож байсан ба зүүн нүдний хараа /00/ тэглэгдэж юм харах чадваргүй болсон байсан. Т.Г нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлсэн эмчийн оншоор болорын мултарал, болорын цайралт гэсэн онош тавигдсан байсан. Эдгээр баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Уг болорын мултрал гэмтэл нь бүрэн харах чадвартай нүдэнд учирсан бол гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох боломжтой. Гэтэл хохирогч Т.Г нь урьд нь буюу 2017 оны 02 дугаар сарьш 16-нд зүүн нүдний торлогын ховхрол зүүн нүдний болор цайралт гэсэн оношоор зүүн нүдний хараа нь /00/ тэглэгдэж групп тогтоолгосон байсан тул сүүлд учирсан зүүн нүдний болорын мултарал гэмтэл нь урьд гаргасан хөнгөн зэргийн гэмтэлд нөлөөлөхгүй гэсэн мэдүүлэг /хх 70/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Т.Гын гэх эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Т.Гын биед зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэг тогтоогдпоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Г нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэмтлийн гаралтай зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний болор цайралт гэмтлээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгож байсан байх ба 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр учирсан зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цохиулсаны улмаас үүссэн байх боломжтой байна. Т.Г нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэмтлийн гаралтай зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний болор цайралт оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгож байсан байна. Энз нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр учирсан зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлүүдэд хамааралгүй тул дүгнэлтэнд тусгагдахгүй. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр учирсан зүүн нүдний болорын мултрал гэмтэл нь урьд гаргасан дүгнэлтэнд тусгагдсан ч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй гэжээ /хх 62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ....1 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Т.Гын биед зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу 2017.05.16-ны өдөр үүссэн шинэ гэмтлүүд байна. Т.Гын биед учирсан нь болорын мултрал, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэгтогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6- д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 80/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Дорноговь аймгийн .... тоот хашаанд хохирогч Т.Гын зүүн нүдэнд цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … чангаагаад болохгүй болохоор нь Г ахын зүүн нүд рүү нэг цохисон, өөрөө нүдээ бариад доошоо суусан гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … тавьсан шаардлага биелүүлэхгүй болохоор нь боль гээд түрэмгий зан гаргасан нь үнэн. Тэгээд очтол үгийн зөрүүгүй нэг л цохисон доошоо тонгойгоод суухад нүднээс цус гарсан. Болор мэлмий эмнэлэгт очиж хагалгаанд орсон бүтэн сар битүү хавдартай байсан хавдар буухад нүд маань цав цагаан болсон гоо сайхан алдагдсан. … 870.000 төгрөгийн л баримт байна. Тиймээс энэ мөнгийг л нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, шинжээч П.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … болорын мултралаа шинэ гэмтэл гэж бичих гэж байгаад хуучин гэмтэл гээд биччихсэн байсан тэр даруйдаа мэдээд Замын-Үүдээс наашаа явуулах гэсээр жоохон хугацаа алдаж хоцорч очсон байх тэрнээс биш шинэ гэмтэл байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: … Т.Г ахын нүүр лүү нь нэг удаа гараараа цохиход Г ах нүүрээ дараад доошоо хараад суухаар нь би тэр хашаанаас нь гараад явчихсан гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: … Д.Этай хэрэлдэж муудаж байгаад Д.Э нь миний зүүн нүд рүү нэг удаа цохичихоод яваад өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Д.Э юу ч яриагүй Т.Гын нүүр лүү нь нэг удаа цохичихоод яваад өгсөн. Тэгсэны дараа Т.Гын нүүрнээс цус гараад газар сууж байснаа яваад өгсөн гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: … болорын мултрал гэмтэл нь бүрэн харах чадвартай нүдэнд учирсан бол гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох боломжтой. Гэтэл хохирогч Т.Г нь урьд нь буюу 2017 оны 02 дугаар сарьш 16-нд зүүн нүдний торлогын ховхрол зүүн нүдний болор цайралт гэсэн оношоор зүүн нүдний хараа нь /00/ тэглэгдэж групп тогтоолгосон байсан тул сүүлд учирсан зүүн нүдний болорын мултарал гэмтэл нь урьд гаргасан хөнгөн зэргийн гэмтэлд нөлөөлөхгүй гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ....1 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Эаас эмчилгээний зардал болох нүдний мэс заслын төлбөр 870.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Гд олгох зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-с 870.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД