Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/04226

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/04226

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,048,703.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.. ХК нь зээлдэгч Г.Б-д 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, жилийн 24-36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн энгийн кредит картын зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2018 оны 8 дугаар сарын 10-ний өдөр 104400522263 тоот барьцааны гэрээг байгуулж, орлогыг барьцаалсан. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 1668 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,967,183.03 төгрөг, үндсэн хүүнд 628,506.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 54,310.42 төгрөг, нийт 5,650,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, үндэслэл бүрдсэн тул Т  ХК нь зээлдэгч Г.Б-тай байгуулсан гэрээг цуцалж, Г.Б-с үндсэн зээл 4,953,166.97 төгрөг, үндсэн хүү 7,653,819.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,431,716.20 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 16,038,703.5 төгрөг, нотариатын хөлс 10,000 төгрөг нийт 16,048,703.5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Г.Б миний бие 2018 оны 8 дугаар сард Т-с 5,000,000 төгрөгийн кредит картын зээлийг авсан. 2019 оноос компани маань доголдож, дампуурсан. Тиймээс төлбөрөө төлж чадахгүй болсон. Одоо Т-ны  нэхэмжлэлсэн 16,038,703.5 төгрөгийн хүү, алдангиас нь багасгах, мөн бага багаар төлөх хүсэлтэй байна. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 2/, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг /хх 4/, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн кредит карт эзэмших гэрээ /хх 8-10/, кредит дансны хуулга /хх 11-13/, Г.Б-н Т-д гаргасан хүсэлт /хх 14/, т-ийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэл /хх 23-15/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 10 дугаартай шийдвэр /хх 16-17/ гарган өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт Г.Б-с 16,048,703.05 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй бөгөөд хүү, алдангийг багасгаж, багаар төлөхийг хүсжээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр кредит карт эзэмших гэрээг бичгээр байгуулж, 5,000,000 хүртэл төгрөгийг жилийн 24-36 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,953,166.97, хүү 7,653,819.88, нэмэгдүүлсэн хүү 3,431,716.20 төгрөг, нотариатын хөлс 10,000 төгрөг, нийт 16,048,703.05 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тооцооллын хувьд үгүйсгээгүй, зээл авснаа хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ талууд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр кредит карт эзэмших гэрээндээ нэмэгдүүлсэн хүү, түүний хэмжээний талаар тохиролцоогүй байна.

7. Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр кредит карт эзэмших гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 5,000,000 хүртэл төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 24-36 хувийн хүүтэй зээлдэгчид шилжүүлж байсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээг цуцалж, гэрээний хариу үүргийг шаардах эрхтэй.

Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 4,953,166.97 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, түүнтэй холбоотой зардлаа шаардах эрхтэй болжээ.

 

Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. тус тус зааснаар үндсэн зээл 4,953,166.97 төгрөг, хүү 7,653,819.88 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөгийг нэхэмжлэгч Т ХК нь хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй юм.

 

Харин гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заагаагүй тул нэмэгдүүлсэн хүүд 3,431,716.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй болжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,193.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б-с 12,606,987.3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, үлдсэн 3,431,716.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,193.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас

 

хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ