Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Зүмбэрэл |
Хэргийн индекс | 102/2023/03767/И |
Дугаар | 102/ШШ2023/03633 |
Огноо | 2023-10-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2023/03633
2023 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2023/03633 | Улаанбаатар хот
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч-д холбогдох,
5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Д.М миний бие тус шүүхэд охин Ч.Э-н сургалтын төлбөрийн 50 хувийг аав Б.Ч-р төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Миний охин Ч.Э нь 2005 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б аймагт төрсөн. Одоо тус аймгийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Т дунд сургуулийн төгсөх … бүлэгт сурдаг. Ч.Э-н ээж Д.М би охиноо төрүүлсэн цагаас хойш өөрийн асрамжид эрүүл саруул хүмүүжүүлсээр ирсэн бөгөөд миний бие ажлаа хийж байгаад 2016 оноос эхлэн хүнд өвчин илэрч, цаашид ажлаа хийх боломжгүй болж одоог хүртэл байнгын эмнэлгийн болон эмчийн хяналтад байдаг. Б.Ч нь охиноо төрснөөс хойш нэг ч удаа эцгийн хайр халамжийг үзүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие ганц охиныхоо ирээдүйг бодож … аймгийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Т… сургуульд 11 дүгээр ангиас нь 12 дугаар анги төгстөл 2 жил төлбөртэй сургаж ирсэн. Охин Ч.Э нь Б.Ч-ийн төрсөн охин бөгөөд үр хүүхдээ сурч боловсроход нь туслах үүрэгтэй гэж бодож байна. Б.Ч нь өөрийн хаягаа хэлэхгүй нуун дарагдуулсаар олон сар өдрийг өнгөрөөсөн. Би найз нөхдөөс нь сураглаж хаяг болон ажлыг нь олж тогтоосон. Түүний аав, ээжтэй холбогдож байж утсыг нь арай гэж олж холбогдсон. Д.М би хүнд өвчтэй байдаг тул үр хүүхдээ сайн сургах, орон байраар хангаж, санаа зовох зүйлгүйгээр байлгахыг хүсэж байна. Учир нь би хэдий хугацаанд амьдрахыг мэдэхгүй. Тиймээс ядаж сайн сургаж, сайн сургуульд оруулах хүсэлтэй байдаг. Иймд охин Ч.Э-н төрсөн эцэг Б.Ч-с 2021 оноос 2023 оны хугацаан дахь 2 жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх хуралдаан нэхэмжлэлийн шаардлагаа 2,600,000 төгрөг гаргуулахаар багасгаж байна. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбартаа Бодит байдлыг үнэн зөвөөр хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Б.Ч охиноосоо зугтаагаад охиноо харж үздэггүй зүйл байхгүй. Ээж нь байнга мөнгө нэхэж, эцэг эхийг нь хүртэл дарамталдаг. Аргаггүй эрхэнд цагдаад хүртэл гомдол гаргаж байсан. Б.Ч-н хувьд охин мөн эсэх талаар шинжилгээ өгөх гээд дагуулаад явж байхад охиноо аваад зугтсан гэж хэлж байсан. Охинтойгоо уулзах гээд эхнэр н.а дагуулаад очсон байсан. Сая утсаа алдсан гэхэд нь охинд утасны мөнгө явуулсан. Амьдралынхаа боломж бололцоогоор тусалж дэмжиж ирсэн. Хамгийн гол асуудал ээжийн авир араншин таарамжгүй харилцаанаас болдог. Сургалтын төлбөрийн баримтуудыг харахад 2022 оноос 2023 онд Т… сургуульд сурч, 2021 оноос 2022 онд Э…суманд суралцаж байсан нь тогтоогдож байна. Мөн төлбөртэй сургуульд сургахдаа эцгээс нь зөвшөөрөл аваагүй. Иймд сургалтын төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс Б аймгийн Т ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар тодорхойлолт /хх 7-8/, Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 584 дугаар захирамж /хх 11-12/, Г аймаг, Ш сумын 1 дүгээр багийн засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 241 дүгээр албан бичиг /хх 15/, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 711 дүгээр шийдвэр /хх 28/, Төгс алгоритм ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эцэг, эхтэй байгуулах гэрээ /хх 84/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.Н болон Ч.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 36-37/ тус тус баримтуудыг гарган өгчээ.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Т.. сургуулийн сургалтын төлбөр болон Ч.Э тус сургуульд сурсан эсэх мэдээлэл /хх 48-54/, Төгс алгоритм сургуулиас Ч.Э-н сургалтын төлбөрийн талаарх санхүүгийн анхан шатны баримт, суралцсантай холбоотой баримт /хх 62-69/, Д.М-с Ч.Э-н сургалтын төлбөр төлсөн талаарх санхүүгийн анхан шатны баримт /хх 73-83/ тус тус гаргуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Д.М нь хүүхдийн нэмэлт зардал гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэсэн агуулгаар тайлбарлаж шаардсаныг хариуцагч Б.Ч эс зөвшөөрч, зардал бодитой гараагүй, хүүхдийг төлбөртэй сургуульд сургахдаа зөвшөөрөл аваагүй тул төлөхгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундаас 2005 оны 6 дугаар сарын 11-ны өдөр охин Ч.Э төрсөн болох нь Б аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хүүхдийн сургалтын төлбөрт 4,148,740 төгрөгийг зарцуулсан болох нь Т сургуулийн тодорхойлолт болон Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд тэрээр 5,200,000 төгрөгөөс 1,051,260 төгрөг төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй болно.
7. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид охин Ч.Э нь эхийн асрамжид байгаа талаар маргаагүй.
8. Нэхэмжлэгч Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. зааснаар охин Ч.Э-н нэмэлт зардалд 2,600,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч хүүхдийн сургалтын төлбөрт 4,148,740 төгрөг төлсөн байх бөгөөд энэхүү төлбөрийг сургалтын төлбөрөөс өөр зориулалтаар шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна 2022, 2023 онд Төгс алгоритм сургуульд Ч.Э-н сураагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны сурагч шилжүүлгийн бүртгэл нь Төгс алгоритм сургуульд Ч.Э сураагүйг, эсхүл сургалтын төлбөр төлөгдсөнийг үгүйсгэхэд хангалттай баримт болохгүй юм.
Мөн төлбөртэй сургуульд суралцуулах талаар зөвшөөрөл аваагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байснаас гадна нэхэмжлэгч хүүхэдтэйгээ уулздаггүй, анхаарал халамж тавьдаггүй талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй учир төлбөртэй сургуульд хүүхдийг сургах талаар зөвшөөрөл авах, харилцан тохиролцох бодит боломж байхгүй байжээ.
Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно зааснаар Ч.Эгшиглэн нь сурч боловсрох эрхийн хүрээнд сургалт сайтай хувийн сургуульд сурч, мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр сонголт хийснийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс буруутгах боломжгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ зааснаар хүүхдийн нэмэлт зардлыг мөн адил хэмжээгээр хариуцах тул хариуцагчаас 2,074,370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2005 оны 6 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин Ч.Э-д 2,074,370 төгрөгийг эцэг Б.Ч-с гаргуулан олгож, нэхэмжлэлийн үлдэх 525,630 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 103,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,139 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ