Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03593

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03593

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Д

 

Хариуцагч: П ХХК нарт холбогдох,

 

Нэр төрөө сэргээлгэх болон гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч С.О, хариуцагч Л.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ш.Б, иргэдийн төлөөлөгч Б.Н, гэрч С.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Д.О миний бие 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал М-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбогдолтой бичлэгийг өөрийн пэйжээр дамжуулан цахим хэлбэрээр нийтэд түгээж хамтран ажиллах, төлбөрт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг бартераар авахаар тохиролцсон. Гэрээний дагуу өөрийн пэйж цахим хуудсанд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус компанийн бүтээгдэхүүний бичлэгийг тавьж, азтан шалгаруулж, пэйж хуудсанд пост оруулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрт алмаазан шигтгээтэй бөгж авсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр D гэсэн нэртэй фэйсбүүк хаягт эхнэртээ зориулж авсан 25,000,000 төгрөгийн үнэтэй бөгжийг 2 нийлж байгаад луйвардчихсан...ярих юмсан...энэ үйлдэл дээр нь бүгдийг дэлгэчих үү...баримт нь байгаа шүү...шоконд оруулсан...гомдмоор ч юм шиг гутармаар ч юм шиг гэсэн агуулгатай мэдээллийг дээрх гэрээний дагуу төлбөрт авсан бөгж бүхий ЕLP нэртэй торыг барьсан манай нөхрийн зурагтай постын хамт оруулсан байна. Мөн Л.Д нь энэ талаар П телевизээр ярилцлага өгч дээрх зүйлийнхээ талаар ярьсан байна. Дээрх мэдээлэлд оруулсан зураг нь Д.О миний тухайн үед гэрээний хавсралтад заасан Д пэйж хуудсанд оруулсан пост бөгөөд гэрээгээр тохирсон ажлын нэг хэсэг байсан. Энэ мэдээлэл нь гэрээний дагуу хийгдсэн ажлыг хийгээгүй мэтээр мушгин гуйвуулж, ор үндэсгүйгээр гүтгэж, бусдыг луйвардаж 25,000,000 төгрөгийн үнэтэй бөгж авсан мэтээр миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл болсон байна. Гэрээнд М.М гэдэг хүн гарын үсэг зурсан ба энэ мэдээллийг тараасан Л.Д гэдэг хүн тухайн үед хамт байсан бөгөөд бид ажлыг хэрхэн хэрэгжүүлэх, төлбөрийг яаж төлөх талаар харилцан ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан болно. Дээрх мэдээллийг цахим орчинд нийт 600,000 гаруй хүн үзэж янз бүрийн коммент бичсэн бөгөөд Л.Д нь мөн коммент бичихдээ миний нэр төрийг гутааж, доромжилсон зүйлүүдийг бас бичсэн байна. Иймд тухайн үед гэрээнд гарын үсэг зураггүй Л.Д гэдэг хүн гэрээний үүргийн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй, бөгжийг луйвардсан талаар цагдаа, шүүх, хуулийн байгууллагаар шалгуулаагүй байж бүтэн 4 жилийн дараа огт үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох цахимаар нийтэд тарааж Д.О миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан боловч нэмэгдүүлсэн шаардлагадаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511.2-д Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох гэж заасан байна. Д.О нь зар сурталчилгааг олон нийтэд түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тул зар сурталчилгааны салбар, цахим орчинд маш олон дагагчтай бөгөөд дээрх худал мэдээг цахим сүлжээгээр 600,000 хүн, телевизийн нэвтрүүлгийг телевизийн сувгаар нийт орон даяар нэвтрүүлсэн ба энэ худал мэдээлэл, нэвтрүүлгийг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл бичсэн байдлаас харахад олон хүн сөргөөр нэр хүндийг нь гутаах байдлаар хүлээж авсан байх тул сэтгэл санааны хямралд орж хохирон ажил хэргийн нэр хүнд нь энэ хэмжээгээр унасан тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу сэтгэл санааны хохиролд хариуцагч тус бүрээс 50,000 000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.

2. Хариуцагч Л.Д хариу тайлбартаа: Д.О-н гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулж, интернэтээр үндэслэлгүй мэдээлэл тараасан тул нэр төрөө сэргээлгэх, нэхэмжлэлийн үндсэн шаардлага, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018 оны 10 сараас эхлэн Бүгд найрамдах К.. улсаас гаралтай ....Э брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэх ажлыг судалж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М.М-тэй хамтран Т ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар, дээрх тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн брэндийн ОХУ дахь албан ёсны эрх эзэмшигч болох Е болон бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниуд болох EPL Jeweler LTD, Yuvelirnaya Set EPL Daimond Limited Libility Company-тай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах, лицензийн өмнөх гэрээ байгуулах, үнэл эдлэлийн салон дэлгүүр ажиллуулах, бараа болон бичиг баримт илгээх тухай ерөнхий гэрээг байгуулж, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЕPL Yakutian Diamond брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй салон дэлгүүрийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах LS plaza төвийн 1 давхарт нээсэн. Манай дэлгүүрийн үйл ажиллагаа тодорхой хүрээллийн хэрэглэгчдэд маш хурдан хүрч, хоёрхон сарын дотор ОХУ-аас 3-4 удаагийн бараа татан авалт хийж ашигтай ажилласан тул дэлгүүрийн 2 дахь салбараа Улсын их дэлгүүрт нээх тухай яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зах зээлээ тэлэх, илүү олон хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах маркетингийн ажлыг хийж байсан бөгөөд энэ ажлын хүрээнд 2018 оны 8 дугаар сард  инфлүүнсэр Д.О-тай холбогдож, хамтран ажиллах саналыг Л.Д миний бие өөрөө анх тавьсан болно. Д.О-д хамтран ажиллах санал тавихад манай дэлгүүр дээр маргааш нь нөхөр болох дуучин Заяатай хамт хүрч ирэн, манай дэлгүүртэй танилцаж, ямар хэлбэрээр хамтран ажиллахаа санал солилцож, тохиролцоонд хүрснээр гэрээ байгуулагдаж, Д.О-н Бэлэг нэвтрүүлгээр манай дэлгүүрийг рекламдах ажлыг хийхээр болсон. Д.О нь гэрээнийхээ саналыг танилцуулахдаа, манай Бэлэг нэвтрүүлэг маань нь 6,000,000 төгрөгийн ханштай нэвтрүүлэг бөгөөд би өөрийнхөө фэйсбүүк болон нөхөр Заяагийнхаа фэйсбүүк дээр стори, пост оруулж, нэвтрүүлгээ хүмүүст хүргэх ажил нь гэрээнийхээ үнэд багтаж байгаа юм гэж хэлсэн. Миний зүгээс, яг одоогоор бэлэн мөнгөөр тооцоо хийх боломжгүй байгаа учраас ажлынхаа хөлсөнд манай дэлгүүрээс үнэт эдлэл сонгож авах /бартер хийх/ саналыг Д.О-д тавьсан. Д.О ч миний саналыг маш дуртайгаар хүлээн авч, дэлгүүрийн бүх л барааг сонирхож, заримыг нь зүүж үзсэний эцэст тухайн үед 25,000,000 төгрөгөөр зарагдаж байсан 1,803 каратын 160 ширхэг битүү алмазан шигтгээтэй, 585 сорьцын алтан бөгжийг сонгосон. Уг бөгжний үнэ нь Бэлэг нэвтрүүлгийн ажлын хөлснөөс маш их зөрүүтэй байсан тул Д.Од болон нөхөр З нар хямдруулахыг гуйсан. Эхлээд, хямдруулах боломжгүй гэсэн боловч нэгэнт хамтран ажиллах гэж байгаа тул 20-30 хувь хямдруулах боломжтой гэдгийг хэлсэн. Гэвч, тэд тухайн бүтээгдэхүүнийг л авмаар байна, үнэхээр их таалагдаж байна гэж нэлээдгүй гуйсан тул 50 хувийн хямдралтай үнэ 12,500,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож, бөгжний зөрүү үнэ болох 6,500,000 төгрөгийг Д.О нь манайд төлөхөөр болсон. Ингээд, тухайн өдөр бөгжний зөрүү үнэ болох 6,500,000 төгрөг уншуулах гэтэл Д.О-н картны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Ингээд эхний ээлжид 4,000,000 төгрөгийг нь уншуулчихъя гээд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай дэлгүүрийн пос машинд 4,000,000 төгрөгийг уншуулаад, үлдэгдлийг нь дараа төлье гэж хэлээд хамтран ажиллах гэрээгээ би өөрөө танайх руу явуулъя, нэвтрүүлгээ өнөөдрөөс хийж эхэлнэ гэж хэлээд бөгжөө зүүгээд гараад явсан. Хэдэн хоногийн дараа Д.О нь манай дэлгүүр дээр гэнэт орж ирсэн. Би ч түүнийг рекламын гэрээгээ байгуулах гэж байгаа юм байна, нэвтрүүлгээ хийгээд явж байгаа юм байна гэж бодоод мэндэлсэн. Гэтэл Д.О нь Эгчээ, би бөгжөө буцаая аа, Хүмүүс намайг алмаз авч байж цагааныг нь авахгүй яасан юм бэ гээд байна, би буруу сонголт хийжээ..би бөгжөө буцаагаад, мөнгөө авчихъя тэгэх үү гэж гуйсан. Би хүний зүүсэн бөгжийг буцааж аваад зарж чадахгүй учраас буцаах боломжгүй. Миний дүү чи насанд хүрсэн хүн байж өдий насанд хүрчхээд үнэт эдлэл сонгож авч байж буруу сонголт хийчихлээ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд ч чи нөхөртэйгөө ярилцаж байгаад энийг л авмаар байна гээд авсан биз дээ, хамгийн гол нь би чамд хаана ч байхгүй хямдралтай үнээр өгч байхад шинэ бөгж авч зүүж явчхаад одоо буцаана гэдэг чинь байж болох уу гэж хэлсэн. Тухайн үед манай дэлгүүр маш олон үйлчлүүлэгчтэй байсан бөгөөд би дэлгүүр дээр ганцаараа байсан тул хүмүүст бараагаа тайлбарлаад маш завгүй байсан. Гэтэл Д.О хүмүүсийн дэргэд эвгүй байдалд ороод, бөгжөө буцаая тэх үү гээд шалаад зогсоод байсан. Аргагүйн эрхэнд бөгжийг нь буцаахаар болж, би Д.О-н хэлсэн данс болох Төрийн банк дахь 102000045375 тоот Д.О-н өөрийнх нь данс руу нөгөө 4,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлж өгсөн. Гэтэл Д.О нь намайг хүмүүст бараагаа тайлбарлаж байх хооронд бөгжөө тайлж өгөлгүй гараад явчихсан байсан. Би тухайн үед за олон хүнтэй байсан болохоор тэгээ биз, дараа тухтай уулзахдаа бөгжөө өгчих байх гэж бодоод өнгөрсөн. Гэтэл Д.О бөгжөө буцааж өгөхгүй яваад л байсан. Би ч дотроо за нэвтрүүлгээ гарсны дараа л болоё доо, бичлэг хийж, пост оруулахад нь хэрэгтэй юм байлгүй дээ гэж хүртэл бодож үзсэн. Нэвтрүүлэг маань хугацаандаа гарахгүй бага зэрэг хугацаа хэтэрсэн. Ингээд манай дэлгүүрийг онцолсон Бэлэг нэвтрүүлэг нь гарсан боловч яг бидний ярьж, тохиролцсоноор нэвтрүүлгээ хийгээгүй байсан. За ингээд, би гомдол саналаа хэлэхээр утсаар хэд хэдэн удаа холбогдсон боловч Д.О өөрийгөө өмөөрөөд, ерөөсөө ойлголцож чадаагүй. Сүүлдээ утсаа ч авахаа больсон бөгөөд манайхаас авч явсан бөгжөө одоо хүртэл авчирч өгөөгүй зүүгээд явж байна. Өнгөрсөн жил Е брэндийн 2 дахь салбар дэлгүүр байрладаг Голден будда худалдааны төвийн 2 давхарт Д.О-тай санамсаргүй байдлаар таарахад, Д.О намайг эхэндээ танихгүй царайлж байснаа, олон хүмүүсийн дэргэд намайг чирч гулдчих нь холгүй татаж чангааж, хүмүүсээс холдуулаад, Өө сайн байна уу эгч ээ, танайх энд салбараа нээчихсэн юм уу, ямар гоё юм бэ, дараа тухтай орж ирж гоё юм авна гэх мэтчилэн бантсан байдалтай ярьж байгаад гараад явсан. Энэ үед дэлгүүрийн захирал дэргэд байсан. Энэ мэтчилэн Д.О нь мөнгөө буцаагаад авчихсан атлаа одоо хүртэл надаас авч явсан бөгжөө буцааж өгөхгүй явж байгаа нь бодит үнэн юм. Энэхүү болсон явдлын талаар П.. телевизэд ярилцлага өгсөн бөгөөд хэн нэгний нэр төрд халдаж, олон нийтийн сүлжээгээр үндэслэлгүй мэдээлэл тараасан явдал огт байхгүй бөгөөд уг явдлаас болж Л.Д би эд хөрөнгөөрөө хохирсон болохоос Д.О-д ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг огт таньдаггүй юм шиг бичсэн байх бөгөөд тухайн үед Д.О-н ... дугаарын утаснаас надтай бичиж байсан мессежнүүдээс намайг танихгүй, надтай хамтран ажиллах талаар огт ярилцаж байгаагүй, гүйцэтгэх захирал М.М-тэй нь харьцаж байсан гэдэг нь үгүйсгэгдэх бөгөөд тэрээр анхнаасаа М.М-ийг манай дэлгүүрийн менежер гэдгийг мэдэж байсан болох нь түүний хийсэн Бэлэг нэвтрүүлгийн 133 дугаар дугаарт тодорхой бичигдсэн байгаа. Мөн надтай харилцаж байсан гар утасны зурваст бид хоёр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байсан болох, би М.М-г М.М brand manager гэх албан тушаалыг нь мессежээр явуулж байсан зэрэг нь нотлогдож байна. Гэтэл намайг огт таньдаггүй, надтай харьцаж байгаагүй юм шиг нэхэмжлэлдээ бичиж байгаа нь ор үндэсгүй худал зүйл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч П ХХК хариу тайлбартаа: Л.Д нь П сувагтай холбогдоод энэ маргааны тухай ярьсан. Л.Д нь телевизэд нотлох баримтууд болох хамтын ажиллагааны гэрээ, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хоорондоо харилцсан зүйлсээ нотлох баримтаар өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Орлого орж зарлага гарсан дансны хуулга зэрэг баримт, мэдээллийг өгсний үндсэн дээр нэвтрүүлгийг бэлтгэсэн. Бэлтгэхээс өмнө нь утсаар холбогдсон. Энэ талаар мөн нэхэмжлэгч хэлж байна. Энэ талаараа зөрүүтэй тайлбар өгч байна. Энэ мэдээллийн талаар няцаалт өгөх үү гэхэд нэхэмжлэгч хариу хэлэхдээ нэвтрүүлэг цацвал шүүхэд хандана гэдгээс өөр тайлбар хэлээгүй. Тиймээс Л.Д-н өгсөн мэдээлэл баримтыг эх сурвалж болгон мэдээллийг бэлтгэсэн. 1.000.000 хүн үзсэн гэж ярьж байна. Манай зүгээс хэдэн хүн үзсэнийг тогтоох боломжгүй гэж тайлбарлаж байна. Пэйжийг тийм олон хүн дагадаггүй. Нэвтрүүлэг нэг сар гаран болсон гэж байна. Энэ дээр хэзээ устгасныг тогтоох боломжгүй. Тавигдаад нэг өдөр болоод хоёр дахь өдрөөс нэхэмжлэгчийн нөхөр П сувгийн хувьцаа эзэмшигч захирлыг устгаад өгөөч хэмээн гуйж байгаад устгуулсан. Энэ өдрөөс хойш хүн үзэх боломжгүй болсон. Өөрийн ажил хэргийн гэрээнүүд цуцлагдсан гэж байна. Энэ талаар баримт байхгүй. Бэлэг нэвтрүүлэг үргэлжлээд явж байгаа. Дагагчийн тоо өссөөр байгаа. 50.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар ямар нэгэн баримт алга байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэв.

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ /хх 5-9/, хариуцагч Л.Д-н өмгөөлөгчөөс С ХХК-ийн лавлагаа, гэрчилгээ /хх 80, 83-86/, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг /хх 81-82/ шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр си ди бичлэгт /хх 63/, гэрчээр М.М-н асууж /хх 180-186/, Д.О-н гар утсанд байгаа бичлэг, зураг, Д.О-н бэлтгэсэн нэвтрүүлгийн сиди бичлэг, пэйж хуудас дахь постууд, хариуцагчийн Л.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын O фэйсбүүк пэйж хуудсан дахь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн бэлэг 133 гэсний 5 минут 09 секундын бичлэг, Д.О болон Л.Д нарын хоорондоо бичсэн зурвас, кассын дэвтэр, Д.О фэйсбүүк хуудас болон хаягт тус тус үзлэг хийжээ. /хх 140-168/ хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Чингис хаан банкнаас С ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 134-136/ гаргуулж, гэрчээр Х.Ш-г асуужээ. /195-196/

4. Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийг хариуцлага хүлээхгүй, гэм буруугүй гэж үзэж байна. Нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч нь нэр төрөө сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, бодит мэдээ тараасан, хохирол үндэслэлгүй гэж маргажээ.

  7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.О болон Т ХХК нар 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, бараа бүтээгдэхүүн сурталчлах, түүний хөлсийг арилжаагаар солилцохоор гэрээ байгуулсан болох нь хамтын ажиллагааны гэрээгээр тогтоогдож байна. Зохигчид гэрээ дуусгавар болсон эсэх, гэрээний үнийн талаар харилцан зөрүүтэй байр суурь илэрхийлж байх бөгөөд энэ нь гэм бурууг тогтоох замаар гэм хорын хохирол шийдвэрлэх асуудалд хамааралгүй юм.

Т ХХК-ийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар С ХХК болгон нэрийг өөрчилж, хувьцааны хэмжээнд өөрчлөлт оржээ. С ХХК нь Д.О-тай гэрээ байгуулах үед Л.Д 67 хувийн хувьцаатай, М.М 33 хувийн хувьцаатай байсан бөгөөд Л.Д компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харагдаж байна. Компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч М.М нь компанийг төлөөлж Д.О-тай байгуулсан гэрээнд гарсан үсэг зурсан ба Л.Д М.М-н төлөөлөх эрхтэй холбоотой асуудлаар гомдол, хүсэлт гаргаагүй, Д.О-д М.М компанийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлж байжээ.

Хариуцагч Л.Д өөрийн D нэртэй фэйсбүүк хаягаасаа Эхнэртээ зориулж авсан 25,000,000 үнэтэй бөгжийг хоёр нийлж байгаад надаас яаж боловсон луйвардсаныг ярьчих юмсан энэ үйлдэл дээр нь бүгдийг дэлгэчих үү... Баримт байгаа шүү... нөхөр нь яг юу болсныг бас мэдэхгүй л байгаа байх даа... ёстой шоконд оруулсан даа намайг... гомдмоор ч юм шиг гутармаар ч юм шиг гэсэн постыг Д.О-д хандаж, түүний бэлтгэсэн нэвтрүүлгийн зургийг ашиглан, нөхрийнх нь зурагтай мэдээг олон нийтэд тараасан болох нь зохигчийн энэ талаар маргаагүй тайлбар, Д.О-н гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн П ХХК-ийн П телевизийн мэдээгээр Эхний 1 минутын бичлэгт телевизийн мэдээ гэсэн хэсэгт...."О-н бэлэг нэвтрүүлэгт бизнесийнхээ үйл ажиллагааг сурталчлуулахаар 2019 оны 8 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулаад хохирсон гэх эмэгтэй бидэнд хандсан юм. Иргэн Д нь 2019 онд Т компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Якутаас оруулж ирдэг И  брэндийн үнэт эдлэлээ О-н бэлэг нэвтрүүлгээр сурталчлуулахаар болж хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ. Ингэхдээ бэлэн мөнгөөр төлбөр хийх боломжгүй учраас бартерын санал тавьсныг О.О зөвшөөрсөн байдаг байна. Б нэвтрүүлгээ 6 сая төгрөгөөр үнэлсэн ч 25 сая төгрөгийн үнэтэй алмазан бөгж сонгон 50 хувиар хямдруулах санал тавьсныг тухайн компанийн гүйцэтгэх захирал удтал бодсоны эцэст зөвшөөрч байжээ. Д.О нь 4 сая төгрөгийн зөрүү өгөөд бэлэг нэвтрүүлгээрээ ч оруулжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа О бөгжөө солиулмаар байна буруу сонголт хийжээ гэх гомдол хэлж ирээд 4 сая төгрөгөө буцааж аваад явсан төдийгүй 25 сая төгрөгийн үнэлгээтэй Алмазан бөгжийг нь өгөлгүй зүүгээд явчихжээ. гэсэн хэсгийг телевизээс, Сүүлийн 1 минут 41 секундийн бичлэгээр Л.Д-с Тэгээд олны танил хүн юм чинь тэ юу гэж алга болох вэ тэгээд ч манай бэлэг нэвтрүүлгийг хийнэ энэ цацагдах хугацаа нь болоо ч үгүй байсан юм чинь төлбөр тооцооны асуудлаа шийдчих байлгүй дээ гээд л өгөөд явуулчхаж байгаа юм. Ингээд нэвтрүүлэг ч гарсан жоохон яг үнэнийг хэлэхэд санаанд болбол нийцэхээргүй л нэвтрүүлэг болсон л доо. За тэр дээр тэгээд одоо гомдол гаргаад яах вэ гээд. За ингээд хэсэг хугацааны дараа би О руу залгаад үлдэгдэл тооцоогоо авъя аа гэсэн. Тэгсэн чинь тухайн үед О одоо ямар хариу тайлбар хэлж ярьдаг вэ гэхлээр би тантай ярилцаж тохироод надад бөгжөө өгөөд ингээд бөгжөө өгөөд явуулчхаж байна ингээд асуудал шийдэгдчихлээ гэж ойлгосон гэж байгаа юм. Би тийм одоо 25 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэлээ өгчхөөд 6 сая төгрөгийн үйлчилгээ авчхаад үлдэгдэл мөнгөө авахгүй чи аваад яв аа гэх хэмжээний баян хүн биш. Би бизнес хийж байгаа хүн би хэчнээн төгрөгийн ашиг харж байгаа вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Би ашиг харж байгаа. Түрээс төлж байгаа өчнөөн зардал гарч байгаа. Гэтэл би таныг ингээд л өгөөд л явуулж байгаа юм болов уу гэж бодсон гэсэн. Намайг энэ пост оруулснаар бараг 4,5 хүн холбогдсон. За энэ хүмүүстэй ингээд гэрээ байгуулаад ингэж ингэж ийм байдлаар хохирчихлоо. Тэгээд олны танил хүмүүс болохоор зарга хийгээд гомдол гаргах гэхээр зөрүүлээд пост хийнэ гэсэн мэдээ тараасан болох нь зохигчийн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.О нь 100,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирол учирсан болохоо, хариуцагч П ХХК нь Д.О хуудуу үгүй зан гаргасан, Л.Д-г хөнтөрсөн болохыг, хариуцагч Л.Д нь Д.О луйвардсаныг тус тус баримтаар нотлоогүй байна.

8. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг.

Хариуцагч Л.Д нь өөрийн цахим хуудас болон П телевизээр ярилцлага өгөх, өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

Хариуцагч П ХХК-ийн П... суваг телевиз, Parlament TV цахим хуудсаар гаргасан нэвтрүүлэгт О бэлэг нэвтрүүлэгт бизнесийнхээ үйл ажиллагааг сурталчлуулахаар 2019 оны 8 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулаад хохирсон гэх эмэгтэй бидэнд хандсан юм. Иргэн Д нь 2019 онд Т компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Якутаас оруулж ирдэг И Пи Эл брэндийн үнэт эдлэлээ О-н бэлэг нэвтрүүлгээр сурталчлуулахаар болж хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ. Ингэхдээ бэлэн мөнгөөр төлбөр хийх боломжгүй учраас бартерын санал тавьсныг О.О зөвшөөрсөн байдаг байна. Бэлэг нэвтрүүлгээ 6 сая төгрөгөөр үнэлсэн ч 25 сая төгрөгийн үнэтэй алмазан бөгж сонгон 50 хувиар хямдруулах санал тавьсныг тухайн компанийн гүйцэтгэх захирал удтал бодсоны эцэст зөвшөөрч байжээ. Д.О нь 4 сая төгрөгийн зөрүү өгөөд бэлэг нэвтрүүлгээрээ ч оруулжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа О бөгжөө солиулмаар байна буруу сонголт хийжээ гэх гомдол хэлж ирээд 4 сая төгрөгөө буцааж аваад явсан төдийгүй 25 сая төгрөгийн үнэлгээтэй А бөгжийг нь өгөлгүй зүүгээд явчихжээ. Тухайн үед олны танил манлайлагч, ёс зүйтэй, шударга эмэгтэй гэж үнэлж түүнд итгэсэн учраас үнэт эдлэлийг нь буцаагаад авчраад өгөх болов уу гэж хүлээсэн ч бизнесийн хамтрагчаа О-г хөнтөрчихнө өө гэж даанч бодоогүй байна. Хуудуу зан гаргачихна аа гэж төсөөлөөгүй учраас хуулийн байгууллагад хандалгүй хүлээсэн ч хоосон найдлага гомдолтой хоцорчээ. Харин бид О-тай холбогдож тухайн үед "Т" компанитай хийсэн гэрээгээ зөрчсөн эсэх үнэхээр хударгагүй ёс зүйгүй зан гаргаж, бусдад хохирол учруулчхаад өнөөдрийг хүртэл чимээгүй яваад байгаа эсэхийг нь өөрөөс нь асуух гэсэн боловч нэр хүндэд халдвал хуулийн байгууллагад гомдоллоно гэдгээс өөр тайлбар өгөлгүй утсаа тасалсан юм гэсэн хэсгийг телевизийн зүгээс, Л.Д-с Тэгээд олны танил хүн юм чинь тэ юу гэж алга болох вэ тэгээд ч манай бэлэг нэвтрүүлгийг хийнэ энэ цацагдах хугацаа нь болоо ч үгүй байсан юм чинь төлбөр тооцооны асуудлаа шийдчих байлгүй дээ гээд л өгөөд явуулчхаж байгаа юм. Ингээд нэвтрүүлэг ч гарсан жоохон яг үнэнийг хэлэхэд санаанд болбол нийцэхээргүй л нэвтрүүлэг болсон л доо. За тэр дээр тэгээд одоо гомдол гаргаад яах вэ гээд. За ингээд хэсэг хугацааны дараа би О руу залгаад үлдэгдэл тооцоогоо авъя аа гэсэн. Тэгсэн чинь тухайн үед Одзаяа одоо ямар хариу тайлбар хэлж ярьдаг вэ гэхлээр би тантай ярилцаж тохироод надад бөгжөө өгөөд ингээд бөгжөө өгөөд явуулчхаж байна ингээд асуудал шийдэгдчихлээ гэж ойлгосон гэж байгаа юм. Би тийм одоо 25 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэлээ өгчхөөд 6 сая төгрөгийн үйлчилгээ авчхаад үлдэгдэл мөнгөө авахгүй чи аваад яв аа гэх хэмжээний баян хүн биш. Би бизнес хийж байгаа хүн би хэчнээн төгрөгийн ашиг харж байгаа вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Би ашиг харж байгаа. Түрээс төлж байгаа өчнөөн зардал гарч байгаа. Гэтэл би таныг ингээд л өгөөд л явуулж байгаа юм болов уу гэж бодсон гэсэн. Намайг энэ пост оруулснаар бараг 4,5 хүн холбогдсон. За энэ хүмүүстэй ингээд гэрээ байгуулаад ингэж ингэж ийм байдлаар хохирчихлоо. Тэгээд олны танил хүмүүс болохоор зарга хийгээд гомдол гаргах гэхээр зөрүүлээд пост хийнэ гэж дурдагдсан, хариуцагч Л.Д D нэртэй фэйсбүүк цахим хуудсаар Эхнэртээ зориулж авсан 25,000,000 үнэтэй бөгжийг хоёр нийлж байгаад надаас яаж боловсон луйвардсаныг ярьчих юмсан энэ үйлдэл дээр нь бүгдийг дэлгэчих үү... Баримт байгаа шүү... нөхөр нь яг юу болсныг бас мэдэхгүй л байгаа байх даа... ёстой шоконд оруулсан даа намайг... гомдмоор ч юм шиг гутармаар ч юм шиг гэж тус тус дурдагдсан, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

9. Хариуцагч П ХХК-ийн П телевиз, P TV цахим хуудсаар гаргасан нэвтрүүлэгт ...бизнесийн хамтрагчаа О-г хөнтөрчихнө өө гэж даанч бодоогүй байна. Хуудуугүй зан гаргачихна аа гэж төсөөлөөгүй..., хариуцагч Л.Д-н D нэртэй фэйсбүүк хуудсаар Эхнэртээ зориулж авсан 25,000,000 үнэтэй бөгжийг хоёр нийлж байгаад надаас яаж боловсон луйвардсаныг ярьчих юмсан ... гэж нэхэмжлэгчид холбогдуулсан ба эндгээр нь бодит байдалд нийцээгүй байна.

Монгол хэлэнд хуудуу гэдгийг базаахгүй зан байдал, хуудуу гаргах гэсэн утгаар, хөнтрөх гэдгийг юм хумыг цөлмөн дуусгах, ногдол үүргээ хөндийрүүлэх, зайлуулах, луйвардах гэдгийг бусдын юмыг гүжирлэн, мэхлэн, булаан авах гэдгээр тус тус ойлгодог[1] бөгөөд луйвардсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээдэг бөгөөд П ХХК-ийн П суваг телевиз, P TV цахим хуудсаар гаргасан нэвтрүүлэгт ...бизнесийн хамтрагчаа О-г хөнтөрчихнө өө гэж даанч бодоогүй байна. Хуудуугүй зан гаргачихна аа гэж төсөөлөөгүй..., хариуцагч Л.Д-н Д нэртэй фэйсбүүк хуудсаар Эхнэртээ зориулж авсан 25,000,000 үнэтэй бөгжийг хоёр нийлж байгаад надаас яаж боловсон луйвардсаныг ярьчих юмсан ... гэсэн нэхэмжлэгчийн талаарх мэдээ түүний нэр төрийг гутаасан, бодит байдалд нийцээгүй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэвтрүүлэг, мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч П ХХК нь нэвтрүүлэгт оролцогчийн хэлсэн мэдээллээс өөрөөр дүгнэлт хийж, Д.О бусдыг хөнтөрсөн, хуудуугүй зан гаргасан гэснээ, хариуцагч Л.Д Д.О-д луйвардуулсан болохоо баримтаар нотлоогүй. Зохигчийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээний төлбөр тооцоотой холбоотой асуудал нь бусдыг луйвардсан, залилсан, эсхүл хөнтөрсөн, хуудуу гаргасан гэсэн үг биш учир талуудын энэ талаар бүрдүүлсэн нотлох баримтуудыг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзлээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр нэхэмжлэгчээс уучлалт гуйж, залруулга хийхийг хариуцагч П ХХК, Л.Д нарт даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

10. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг бөгөөд мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирлыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээдэг байна.

Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлага болон үндэслэлийн хүрээнд шүүх мөнгөөр тооцож тогтоож болох бөгөөд нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөгийг ямар аргачлалаар тооцсон үндэслэлээ тайлбарлаж, нотлоогүйгээс шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

11. Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Б.Н Хариуцагчийг хариуцлага хүлээхгүй, гэм буруугүй гэж үзэж байна. Нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байна гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгтэй нийцсэн, энэ хэсгээрээ үндэслэл бүхий болжээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчийн төлсөн 728,150 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-н нэр төрийг сэргээж, П ХХК-ийн Д.О бусдыг хөнтөрсөн, хуудуугүй зан гаргасан, хариуцагч Л.Д, Д.О-д луйвардуулсан гэсэн мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Л.Д, П ХХК нарт үүрэг болгож, 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 70,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА