Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Зүмбэрэл |
Хэргийн индекс | 102/2023/03852/И |
Дугаар | 102/ШШ2023/03448 |
Огноо | 2023-09-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2023/03448
2023 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2023/03448 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.З-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.М-д холбогдох,
10,806,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хариуцагч Н.М-с 6,532,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.З-т олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрт холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Н.М нь төлбөр болох 6,532,400 төгрөгийг нэг сарын дотор төлнө гэж бичгээр баталгаа гаргаж улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэвч Н.М нь төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 6,500,000 төгрөг дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2 сар 5 хоногийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6,500,000 төгрөг, хүү 704,000 төгрөг, алданги 3,602,000 төгрөг, нийт 10,806,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Б.З-н нэхэмжлэлтэй, Н.М-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч Б.З-тай анх 2017 онд танилцсан ба 2018 оноос харилцан тохиролцож, хамтран ажиллаж байсан бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсэж байгаагүй болно. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний зүйлийг буюу мөнгийг бодитоор шилжүүлэн өгсөн зүйл байхгүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй тул хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээхгүй болно. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4487 дугаар зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, мөн 6.1 дэх хэсэгт зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд хариуцагчид бодитоор мөнгө хүлээлгэн өгөөгүй болохоо илэрхийлсэн байх тул Иргэний хуульд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан хэдий ч хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг нотолж байна. Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу зээлийн зүйлийг бодитоор шилжүүлэх буюу хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний 3.3, 3.7 дугаар зүйлд заасан хүү, алдангийг нэхэмжлэх эрх үүсэхгүй болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг шаарддаг. Зээлдүүлэгч нь зээлээ бодитоор олгоогүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэгт заасны дагуу дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсанаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны 1231 дугаар шийдвэрийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөрөө нэг сарын дотор төлнө гэж баталгаа гаргасан. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 6,500,000 төгрөг дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон байна. Энэ нь уг гэрээг дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг нотолж байна. Иймд Б.З-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
5. Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ /хх 3/, хариуцагчийн гараар бичсэн бичвэр /хх 4/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9060 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 5/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1231 дугаар шийдвэр /хх 6-13/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 10,806,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулаагүй учир төлөхгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.З болон хариуцагч Н.М нар харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ. Гэхдээ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа бодитоор 6,500,000 төгрөг шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1231 дугаар шийдвэрээр хариуцагч Н.М-с 6,532,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З-т олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг төлүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, хариуцагчийн гараар бичсэн бичвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9060 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1231 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Хариуцагчаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 6,532,400 төгрөгийг төлсөн эсэх талаар шүүх хуралдааны явцад тодруулахад хариулахаас татгалзсан бөгөөд энэхүү төлбөрийг төлсөн болохоор баримтаар нотлоогүй байна.
7. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь 6,500,000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлэн өгөөгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.
8. Харин шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг төлүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, дахин гэрээ хийсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй зааснаар хариуцагч Н.М нь 6,532,400 төгрөг төлөх үүрэгтэй хэвээр үлджээ.
Төлбөр төлөх талаар шинэ гэрээ байгуулах замаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болох ч тэрхүү гэрээгээ хүчин төгөлдөр бус гэдгээр төлбөрөөс чөлөөлөгдөх нь шударга бус үр дагавартай.
Иймд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 6,532,400 төгрөгөө 6,500,000 төгрөгийг гаргуулахаар дахин шаардах эрхтэй.
9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн байна. Гэхдээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учир нэхэмжлэгч хүү авах эрхээ алджээ.
10. Харин талууд гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.
Алдангийн хэмжээг гэрээний хугацаа дууссан буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 6,500,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 3,250,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
11. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 6,500,000 төгрөг, алданги 3,250,000 төгрөг, нийт 9,750,000 төгрөг хариуцагчаас гаргуулахыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 232 дугаар зүйлийн 232.2, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Мөнхбаяраас 9,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З-т олгож, нэхэмжлэлээс 1,056,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ