| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/01829/И |
| Дугаар | 181/ШШ2024/00462 |
| Огноо | 2024-02-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/00462
2024 02 05 181/ШШ2024/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................. байрлах, Э ХХК /Регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. байрлах,Г ГХОХХК /Регистрийн дугаар: ..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 765.697.446 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б., Э.Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч гэрээний үүрэгт 765.697.446 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Э ХХК Монгол Улс, Дундговь аймаг, Өлзийт сум, Хайрхан орд газарт хайгуулын цооногийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр Ураниум индастри ХХК-тай анх 2021 оны 6 сараас эхлэн хэлэлцээр хийж байгаад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хайгуулын цооног өрөмдөх гэрээ-г байгуулсан. Хайгуулын цооног өрөмдөх ажил эхлэх үед гэрээгГ ХХК-ийн нэр дээр хийхээр болсон бөгөөд захиалагч ньГ ХХК болж өөрчлөгдсөн юм.
Захиалагч 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа төлбөр төлсөн. 2022 оны 11 дүгээр сард Захиалагчийн зүгээс ажлыг зогсооё гэснээр зарим тоног төхөөрөмжөө татаж, тухайн үед эхлүүлсэн байсан цооногуудаа өрөмдөж дуусгахаар ажиллаад 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусч, хүлээлгэн өгсөн юм. Иймд дараах шаардлагыг гаргаж байна.
1.Хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 184,338.09 ам долларыг Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ханшаар тооцож 644,274,528 төгрөг нэхэмжилж байна. Энэ шаардлагад үндсэн 4 төлбөр багтаж байгаа.
а/өрөмдсөн ажлын хөлс 1,474,390.50 ам доллар.
Талууд гэрээний явцад 2022 оны 7-11 сарын хооронд удаа дараагийн ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар манайх нийт 151 ширхэг цооногт 23515 тууш метр өрөмдснийг баталгаажуулсан. Хайрхан ордын талбайд хайгуулын цооног өрөмдөх үнэ өртөг нэг тууш метр тутамд 62.7 ам доллар байхаар гэрээгээр тохирсон. Нийт өрөмдсөн ажлын хөлс 23,515 * 62.7 = 1,474,390.50 ам доллар байна.
б/Сул зогсолтын мөнгө 37,056.25 ам доллар.
Гэрээний 4.5-д Гүйцэтгэгчийн буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаа 24 цагаас дээш болсон тохиолдолд сул зогсолттой 1 өрмийн өдрийн НӨАТ-гүй дүнгээр 550 ам долларын төлбөрийг Захиалагчийн зүгээс нөхөн барагдуулна гэж тохирсон. /НӨАТ орсон үнэ нь 605 ам доллар юм/
Гэрээний явцад орон нутгийн иргэдийн бослоготой холбоотойгоор 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдөр хүртэлх хугацаанд 6 өрөм нь тус бүр 192 цаг, 6 өрөм нийт 1152 цаг буюу 48 өдөр сул зогссон байна. Нийт сул зогсолтын цагаасаа өрөм тус бүр эхний 24 цагийг хасна гэж гэрээнд заасан тул хасч нийт 1062 цаг буюу 44.25 өдөр гэж гаргасан.
2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагаас 14-ний өдрийн 07 цаг хүртэлх хугацааны сул зогсолт 5 өрөм нь тус бүр 84 цаг, 1 өрөм нь 132 цаг, нийт 6 өрөм нийт 552 цаг буюу 23 өдөр болж байна. Эндээс сул зогсолтын цагаасаа тус бүр эхний 24 цагийг хасч 408 цаг буюу 17 өдөр гэсэн тооцоо гарсан.
Дээрх 8, 9 сарын сул зогсолт нийт 61,25 өдөр /44,25 + 17/ байх тул НӨАТ орсон 605 ам доллараар тооцоход 37,056.25 ам доллар болж байна. Хариуцагч ажлын гүйцэтгэлийн тайланд сул зогсолтыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.
в/Шуудайны үнэ 4,420.46 ам доллар.
Өрөмдлөгийн гүйцэтгэлийн тайлангуудад шуудайны тоог баталгаажуулж тусгасан бөгөөд нийт 566 ширхэг шуудай болсон. Гэрээнд шууд заагаагүй ч ажлын явцад шламыг шуудайлахаар ярилцаж, шуудайлсан нэг бүрийн үнийг 7.81 ам доллар байхаар тохиролцсон. Энд шуудайны үнээс гадна шламыг шуудайлахад гарах ажилчдын зардал хөлс багтсан.
г/Тээврийн зардал 9240 ам доллар.
Гэрээний хавсралт 5-д Хайрхан ордын талбайд хайгуулын цооног өрөмдөх үнэ өртөг хэсэгт тээврийн зардлын талаар тусгасан байгаа.
Ингээд гүйцэтгэсэн ажлын хөлс 1,474,390.50 ам доллар, сул зогсолтын төлбөр 37,056.25 ам доллар, шуудай 4420.46 ам доллар, тээврийн зардал 9,240 ам доллар, нийлээд 1,525,107.21 ам доллар болно.
Үүнээс хариуцагч 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 744,816.50 ам доллар, 2022 оны 11 дүгээр сарын 09-нд 310,952.62 ам доллар, 2022 оны 12 дугаар сарын 02-нд 100,000 ам доллар, 2022 оны 12 дугаар сарын 22-нд 185,000 ам доллар, нийт 1,340,769.12 ам долларыг төлсөн. Үлдэгдэл ажлын хөлс 184,338.09 ам доллар байна.
2.Алданги 18,433 ам долларыг Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хаалтын ханшаар тооцож 64,427,421 төгрөг гаргуулна.
Хайгуулын цооног өрөмдөх гэрээний 4.4-т захиалагч гүйцэтгэгчийн гуйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, хугацаандаа хүлээн аваагүй, эсвэл төлөх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах эрхтэй. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тохирсон.
Уг алданги гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтэрсэн тул 18,433 ам долларын алданги шаардах эрх үүссэн.
3.Өмнөх саруудын гүйцэтгэсэн ажлын хөлс төлөхөд үүссэн ханшийн зөрүү 8,420,747 төгрөг гаргуулна.
2022 оны 10 дугаар сард гүйцэтгэсэн ажлын хөлсний зарим хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлсөн.
Талуудын хоорондох гэрээний 5.3-т тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцож ажлын хөлсийг төлөхөөр заасан боловч хариуцагч төлбөрийг төлөхдөө түүнээс бага ханшаар бодож төлсөн. Үүнээс 8,420,747 төгрөгийн зөрүү үүсч, ажлын хөлс дутуу төлөгдсөн байна.
4.Гэрээнээс учирсан хохиролд 48,574,750 төгрөг гаргуулна.
Гэрээний 1.2-т гэрээнд гарын үсэг зурагдсанаас 10 хоногийн дотор хайгуулын талбайд очиж ажилд бэлтгэх байсан. Гэвч Захиалагч нь төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг аваагүй байсан тул ажил гүйцэтгэх талбай дээр очиж байрлах, ажилд бэлтгэх боломжгүй байсан юм. 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн орой 20:59 цагт хариуцагчаас зөвшөөрөл гарсан тул өрөмдлөгийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхийг хүссэн цахим шуудан ирүүлсэн. Энэ үед нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу Үндэсний их баяр наадам таарсан ч бид хээрийн ангийг 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр нүүлгэж, ажил гүйцэтгэх талбайд очин, гэрээнд заасан өрөмдлөгийн ажлыг 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн.
Ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байсан тул манай ажилчид өөр ажилд гаралгүй байнгын бэлэн байдалд Улаанбаатар хот дахь ажлын байран дээр байсан. Энэ хугацаанд унаа, хоол хүнсний зардал болон цалинг нь тогтмол манайх олгож байсан болно. Тиймээс захиалагч ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй улмаас энэхүү зардлын хэмжээгээр манай компанид хохирол гарсан.
Иймд нийт 765,697,446 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 184,669 ам доллар болон 7,283,354.22 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан. Үүнийг шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
Анх гэрээний дагуу нийтдээ 60000 тууш метрийг өрөмдөх ёстой байсан боловч зарим хэсгийг хариуцагч бусдад шилжүүлсэн. Мөн хэд хэдэн асуудлаас болж хугацаандаа амжаагүй юм. Үүнд:
-Гэрээг эхлээд Ураниум Индастри ХК-тай байгуулсан байж байгаад дараа ньГ ХХК-тай нөхөж байгуулсан.
-Хайгуулын өрөмдлөгийн ажил гэрээ байгуулснаас хойш бараг 2 сарын орчмын дараанаас эхэлсэн. Захиалагч тусгай зөвшөөрлөө аваагүй байсантай шууд холбоотой. Наадмын дараа зөвшөөрөл гарснаар даруйхан өрөмдлөгийн талбай дээр очсон. Энд асар их хугацаа алдсан байгаа.
-2022 оны 8 дугаар сарын 10-ны үед нутгийн иргэд бослого хөдөлгөөн дэгдээж 14 орчим хоног ажлыг зогсоосон байдаг. Мөн нутгийн иргэд усны замыг хааж усны машиныг явуулахгүй байх, машин механизмын түлхүүрийг булааж авах зэргээр ажилд саад учруулж байсан.
-Захиалагч тал буюу хариуцагч шламны асуудлыг шийдээгүйгээс маш их хугацаа алдсан нь гол хүчин зүйл болсон. Өрөмдөх явцад шлам гарч түүнийг хадгалах бассейн байхгүйгээс болж шламыг шуудайлах ажил нь өрөмдлөгөө зогсооход хүргэж байсан. Үүнээс болж өрөмдөх ажил удааширч дийлэнх цаг нь шламыг шуудайлахад зарцуулагдаж байсан юм.
Уран нь Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар цацраг идэвхит ашигт малтмалд хамаарах тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлах үүрэгтэй. Цөмийн энергийн комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6. 2.2-т зааснаар цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны хайгуулын үед ч байгалийн цацраг идэвхт материалуудыг гадаргууд ил гаргаснаар цацрагийн аюулын үндсэн нөхцлийг бүрдүүлдэг тул хүн ам хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээг заавал авах ёстой гэдгийг зааж өгсөн байна. Энэ дүрэмд зааснаар өрөмдлөгийн явцад гарсан шлам цацраг идэвхт хаягдал-д хамаарах тул шууд хөрсөн дээр хаяж болохгүй. Мөн талуудын хоорондох гэрээ, түүний хавсралтад зааснаар чГ ГХОХХК бассейн барьж өгөх үүрэгтэй байна. Гэтэл хариуцагч огт бассейн барихгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар 2022 оны 11 дүгээр сар хүргэж 4 бассейныг барьсан.
Манайх гэрээний дагуу өрөмдлөгийн бүхий л явцад үүссэн нийт хаягдал шаврыг захиалагчийн зааж өгсөн шаврын хаягдлын санд аваачиж асгах ёстой.Г ГХОХХК нь цацраг идэвхт хаягдлын төлөвлөгөө байхгүйгээс цацраг идэвхт хаягдал байршуулах сангаа яаж барихаа мэдэхгүй, хаана барихаа төлөвлөөгүй байсан нь тодорхой харагдаж байна. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд энэ шлам буюу цацраг идэвхт хаягдлыг асгах санг заавал тусгах ёстой. Сан байгуулах үүрэг гүйцэтгэгчийнх бус захиалагчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгт хамаарна.
Иймд хугацаа хэтрүүлсэн явдалд гүйцэтгэгч буруугүй харин Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар захиалагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ талаар хоорондоо харилцсан удаа дараагийн мэйлүүд хэрэгт авагдсан, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн.
Харин гэрээний Хавсралт 2-т Өрөмдөж буй цооногт тавигдах техникийн шаардлагын 2-т 200 метрт өрөмдлөгт 2 метрээс ихгүй хазайлт байна гэж заасан болохоос ханын нуралт ийм байна гэж зааж өгөөгүй. Мөн заавал тэгш өрөмдөнө гэж заагаагүй. Түүнчлэн энэ техникийн шаардлагад жижиг, том шигшүүр гэж заагаагүй харин шаардагдах тоног төхөөрөмжид шавар шигшигч байна гэж заасан. Мөн гэрээнд цооногоос гарсан шлам болгоныг буцаад ашиглахаар заагаагүй, зөвхөн бага гаргахыг эрмэлзэнэ гэж заасан. Түүнчлэн талуудын хоорондох гэрээний ажлын үр дүнгийн хувьд голд нөхцөл нь цооногийн кернийн гаралт 90 хувиас багагүй байхаар заасан, хоёр тал актаар баталгаажуулж чанар дундажаар 94,4 керн гэж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа:
Г ГХОХХК болон Э ХХК нар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хайгуулын цооног өрөмдөх гэрээ-г байгуулсан.
Гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалт, нөхцөл-д тодорхойлсноор 169 метрийн гүн бүхий нийт 60.000 тууш метр хайгуулын цооног өрөмдлөгийн ажлыг Эрдэнэдриллинг ХХК 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх,Г ГХОХХК техникийн даалгавар, бусад шаардлагад нийцсэн ажлыг хүлээн авч төлбөр төлөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан.
Талууд ажлыг дүгнэж, 2022 оны 12 дугаар зарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн актаар Хайрхан ордод цооногийн өрөмдлөг 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд, нийт 151 цооногийг 23515 тууш метр, 94.4 хувийн дундаж керний гарцтайгаар өрөмдөж хүлээлгэн өгснийг баталгаажуулсан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж хуульчилсан. Тийм ч учраас талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр яг ямар хэмжээ, чанартай ажил гүйцэтгэхээр анх тохиролцсон, гүйцэтгэгч тухайн ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн эсэхэд шүүх онцгой анхаарах учиртай.
1.Э ХХК нь цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхдээ техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, тухайн ашигт малтмалын өрөмдлөгийн талаар туршлага, мэдлэггүйн улмаас технологийн горимыг хангаж ажиллаагүй, үүний улмаас хаягдал буюу шлам тооцоолсноос илүү их хэмжээгээр гарсан.
Түүнчлэн дээрх шалтгаанаар буюу ураны хайгуулын өрөмдлөгийн ажлын туршлага, хангалттай мэдлэггүйн улмаас гэрээнд заасан хугацаанд багтаан гүйцэтгэх боломжгүй болсон. Дээрх нөхцөл байдлууд гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон гэж үзэж байна.
Дээр дурдсан гэрээний үүргийн зөрчил буюу ажлын дутагдал, доголдол нь захиалагчийн хувьд ихээхэн хохиролтой болсон.Г ГХОХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмал, газрын тосны газарт нөөцийн тайлан хүргүүлж хамгаалах, улмаар уг батлагдсан нөөцийн тайланд тулгуурлан БНЧех улсын хөрөнгө оруулагчдын зүгээс 2023 онд банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд хойшилж, компани бүтэн нэг жилийг алдаж, багагүй хохирох шалтгаан болсон.
2.Э ХХК гэрээний дагуу гүйцэтгэх ажлаа гэрээнд заасны дагуу хугацаандаа гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэх ямар ч бодит боломжгүй болсон нь илэрхий болсон тул арга буюу манайх 60.000 тууш метр өрөмдөх ажлын зарим хэсгийг Ордгео ХХК-тай гэрээ байгуулж тусдаа өрөмдлөгийн ажил давхар гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч Э ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг тухайн талбайд ижил төрлийн ажил гүйцэтгэсэн Ордгео ХХК-тай харьцуулахад нотлогдоно. Тодруулбал ажил гүйцэтгэх хуваарьт зааснаар, Э ХХК бүтэн ажиллах саруудад 12000 тууш метр өрөмдөх үүрэгтэй байсан.
Өөрөөр хэлбэл, гэрээнд заасны дагуу сар бүр 12000 тууш метр (хүндэтгэх шалтгаантай 2022 оны 7 дугаар сарыг тооцохгүйгээр) өрөмдөх үүрэгтэй бөгөөд бүтэн ажилласан 4 сарын хугацаанд тооцож үзвэл хамгийн багадаа 48000 тууш метр өрөмдөнө. Гэрээ байгуулснаас хойш ажлын талбайд очсон хүндэтгэх шалтгаантай байсан 2022 оны 7 дугаар сарыг тооцохгүйгээр бусад сарууд буюу 2022 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын гүйцэтгэл(гэрээ дүгнэсэн актад туссан)-ийг авч үзвэл:
| Өрөмдсөн сарууд /тууш метр | |||||
| 2022-07 сар | 2022-08 сар | 2022-09 сар | 2022-10 сар | 2022-11 сар | 2022-12 сар |
| 517 т.м | 2796 т.м | 6984 т.м | 7346 т.м | 5232 т.м | 640 т.м |
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл аль ч сард гэрээнд заасан сарын ажлын хэмжээ болох 12000 тууш метрийн хэмжээндээ хүрч байгаагүй болно.
Батлагдсан ажил гүйцэтгэх хуваарьт заасан ажлын гүйцэтгэл огт биелэгдээгүй тул захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэлээ сайжруулж, өрмийн машин нэмэх саналыг 2022 оны 8 дугаар сарын 29-нд цахим шуудангаар хүргүүлж, мэдэгдэж байсан. Тухайн үед манайхтай байгуулсан гэрээний зэрэгцээ Эрдэнэс Таван толгой ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд зэрэгцэн ажил гүйцэтгэж байсан бөгөөд анхнаасаа техникийг хангалттай хэмжээнд татаж ирүүлээгүй, нэмэлт өрмийн машиныг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болон 10 дугаар сарын 07-ны өдөр л авчирч ажиллуулж эхэлсэн болно.
3.Талуудын хэнийх нь ч хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу гэрээний 6.1-д заасан давагдашгүй хүчин зүйл буюу төрийн байгууллагын эрх зүйн актын улмаас ажил эхлэх хугацаа тодорхой хугацаагаар хойшилж эхэлснийг талууд тухайн үед харилцан хүлээн зөвшөөрч байсан.
Тодруулбал, захиалагчаас үл хамаарах шалтгаан, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал буюу төрийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан холбогдох зөвшөөрөл тодорхой хугацаагаар саатсаны улмаас ажил 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшилсон. Захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэж буй бүх гэрээлэгч компаниуддаа мэдэгдэж, харилцан ойлголцсон.
-Түүнчлэн 2022 оны 8 сард мөн л хэн алиных нь хүсэл зоригоос үл хамаарах буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал /иргэдийн бослого, үймээн/ үүсэж, манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд ажиллаж байсан гэрээлэгч компаниуд сул зогсолт зарласан. Гэрээний 4.5 дахь заалтын дагуу бүх тооцоог гаргаж, сул зогсолтын төлбөрийг бүрэн олгосон.
4.Нэхэмжлэгч гол үндэслэлээ хариуцагч шламыг байршуулах хаягдлын санг бэлтгэж өгөхгүй хугацаа алдсантай холбон тайлбарладаг. Энэ нь үндэслэлтэй тайлбар биш. Бодит шалтгаан нь гүйцэтгэгч Э ХХК-ийн өөрийн мэргэжил туршлагын хувьд маш их ялгаатай дутмаг байсныг Ордгео ХХК болон нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн цооног дах геофизикийн хэмжилтийн утгаас харагдана.
Э ХХК ураны буюу тунамал хурдсанд өрөмдөх арга, технологийн туршлага, мэдлэггүйн улмаас тухайн ажил гүйцэтгэх гэрээний захиалагч буюу хариуцагчГ ГХОХХК-ийн ажил хариуцсан туршлагатай мэргэжилтнүүдийн зааварчилгаа, чиглэлийг дагалгүй өөрсдийнхөөрөө өрөмдсөнөөс ихээхэн хамаарч, нойтон (усыг гүйцэт шигшээгүй) шламыг асар их хэмжээгээр гаргаснаас ихээхэн хамааралтай.
Анхнаасаа гэрээ байгуулахдаа шламыг цооногт аль болох ихээр үлдэгдэлгүй буцаан хийх, усыг дахин ашиглах, өрөмд шигшүүр тавих, цооногийн зөвшөөрөгдөх хазайлт 1м-ээс ихгүй байх, аль болох тэгш өрөмдөж ханын нуралт бага байх зэргийг хавсралтаар баталсан цооногт тавих техникийн шаардлагад тусгасан, гэрэл зургаар хүлцэх хэмжээнүүдийг үзүүлсэн байгаа.
Гэвч Цооногийн өрөмдлөг хийхдээ туршлага мэдлэг дутуугаас шалтгаалан хана нурж тэр хэмжээгээр шлам ихээр гарсан. Өөрөөр хэлбэл, өрөмдөх технологи, аргыг зөв хэрэглэж, захиалагчийн зааварчилгаа, зөвлөмжийг дагаагүйн улмаас тооцоолсноос их хэмжээний шлам гарсан. Тооцоолсноос их хэмжээний шингэн шлам гарсан тул хадгалах талбай тэр хэмжээгээр их байх шаардлагатай болсон нь бодит үнэн болно.
Үүнээс гадна техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй, шаардлагатай техникийг анхнаасаа татаж авчраагүй. Эхний авчирсан 4 ширхэг өрмийн 2 нь засвартай, засварласан ч шигшүүр шаардлага хангахгүй жижиг байснаас шаардлага хангаагүй гэх зэргээр бүрэн ажиллаагүй талаар гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Манайхаас шаардсны дагуу сүүлд 2022 оны 9 дүгээр сард 2 ширхэг өрмийг талбайд нэмж авчирсан байдаг. Гэтэл ажлын алдаа дутагдал, доголдол гаргасныгаа захиалагч манай буруутай үйл ажиллагаа мэтээр тайлбарлахыг оролдож байна.
Нэхэмжилсэн сул зогсолтын төлбөрийг манайх бүрэн төлчихсөн. Иргэдийн бослоготой холбоотойгоор 2022 оны 8 дугаар сард сул зогсолт хийсэн. Түүнээс хойш манайхаас шалтгаалсан, эсхүл гадны хүчин зүйлээс шалтгаалсан сул зогсолт болоогүй. Мөн шуудайны үнэ гэж шаардсныг зөвшөөрөхгүй. Гэрээгээр өрөмдлөгийн ажлаас үүсэх хаягдалыг байршуулах, устгах үүргийг гүйцэтгэгч өөрөө хариуцахаар хүлээсэн. Мөн санг хугацаа хоцроож барьсанд маргахгүй ч гэрээнд өрөмдлөгийн ажлыг хангах зорилгоор сан барих зэрэг шаардлагатай ажлыг манайхтай хамтран хийх үүргийг гүйцэтгэгч мөн хүлээсэн. Түүнээс гадна хаягдлыг шуудайлуулахад гарах зардлыг төлөх талаар тохиролцоо хийгдээгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй.
Алдангийн тухайд: нэхэмжлэгч бус харин эсрэгээрээ манайх ажлыг хугацаанд нь дуусгаагүй тул гэрээний 4.2 дахь заалтын дагуу захиалагч тал болохГ" ХХК-ийн зүгээс алданги тооцох үндэслэлтэй. Манайхаас гэрээний дагуу алданги тооцно гэдгээ 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/97 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч нэхэмжлээгүй болно.
Гэрээнээс учирсан хохирлын тухайд: Зөвшөөрөл манайхаас үл хамаарч төлөвлөснөөс удаж гарсан ч анхнаасаа гэрээний 1.2-т манайх ажил эхлэхийг бичгээр мэдэгдснээс хойш ажлыг эхлүүлэхээр тохирсон тул үндэслэлгүй.
Иймд Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гурав.нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хайгуулын цооног өрөмдөх №MN002-06/2022, 22/007 тоот гэрээ, түүний хавсралтууд, Ураниум индастри ХХК-тай байгуулсан 2022 Хайгуулын цооног өрөмдөх №MN001-09/2022 тоот, №MN002-06/2022 22/007 тоот гэрээнүүд, түүний хавсралтууд,Г ХХК-ийн 7, 8, 9, 10, 11, 12 сарын хайгуулын өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлүүд, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, Хаан банкны дансны хуулга, Монгол банкны валютын ханшны лавлагаа, 2022.06.13-наас 2022.07.15-ны хоорондох цалингийн тооцоолол, Бараа материалын зарлагын баримтууд, бараа худалдан авсан баримтууд, тооцоолол, Хайгуулын өрөмдлөгийн 7-12 сарын шуудай хэрэглээний тооцоонууд, хайгуулын өрөмдлөгийн 10, 11, 12 сарын шламны бүртгэлүүд, мэйлийн хавсралтууд, Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, Монгол Улын Их хурлын 2009 оны 45 дугаар тогтоолын хавсралт Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, цахим захидалд хийсэн орчуулга, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0308 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2023/0405 дугаар магадлалын хуулбар зэргийг ирүүлжээ. /1хх 5-103, 130-149, 153-164, 2хх 103-119, 120-126, 137-147/
Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01/97 тоот албан бичиг хуулбараар, Өрөмдлөгийн гүйцэтгэлийн тайлангууд, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/24 тоот албан бичиг, шлам гаралтын харьцуулсан гэх сиди 1 ширхэг зэргийг ирүүлжээ. /1хх 108-109, 118-123, 2хх 166-176/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/09440 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03/1582 тоот хариу, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А.Батбаяр, Б.А нарын гэрчийн мэдүүлэг, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн талуудын хоорондох 21 удаагийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл,
хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Ц.Б , Б.Н нарын гэрчийн мэдүүлэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2023/13232 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4276 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ. /1хх 183, 187-200, 201-250, 2хх 1-5, 11-30, 34-85/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э ХХК ньГ ГХОХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 765,697,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа хувьд гэрээгээр тохирсон хөлс, зардлыг алданги, хохирлын хамт гаргуулна гэж тайлбарлав.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Гүйцэтгэгч ажлыг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.
4.1.Нэг талаасГ ГХОХХК, нөгөө талаас Э ХХК нар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын МV-020629 тоот тусгай зөвшөөрөлтэй Дундговь аймаг, Өлзийт суманд байрлах Хайрханы орд нэртэй талбайд кернтэй хайгуулын цооног /60000 тууш метр, 356 ширхэг цооног/ өрөмдөх ажлыг өөрийн техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүчээр холбогдох норм дүрэм, стандартын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр, Захиалагч нь өрөмдсөн тууш метр тутамд 62.7 ам доллараар тооцож нийт 3,771,240 ам доллар төлөхөөр тохирч №MN002-06/2022, 22/007 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /1хх 7-29/
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
4.2.Талууд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Уг актаар өрөмдлөгийн ажлыг 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийсэн, гүйцэтгэгч нийт 151 ширхэг цооног, 23.515 тууш метр, дундаж керн 94,4 хувийн гарцтайгаар өрөмдөж ажлыг хүлээлгэн өгсөн болохыг баталгаажуулсан, энэ үйл баримтад зохигчид маргаагүй. /1хх 89/
4.3.Захиалагч ажлын хөлснөөс гэрээний 5.2-т зааснаар урьдчилгаанд 744,816.50 ам долларыг 2022 оны 6 дугаар сарын 17-нд, түүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,054,462,101 төгрөг /310,952.62 ам долларт тооцож/, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 339,107,000 төгрөг /100,000 ам долларт тооцож/, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 633,145,850 төгрөг /185,000 ам долларт тооцож/ төлсөнд маргаагүй. /1хх 90-92/
Түүнчлэн зохигчдын тайлбараар өвлийн улирал эхэлснээр тухайн жилийн ажил дууссан ч төлбөрийн асуудлаас маргаан үүсч 2023 онд гэрээ цааш үргэлжлээгүй нэхэмжлэгч захиалагчийн талбайгаас 2023 оны 4 дүгээр сарын 27-ноос кэмпээ буулгаж нүүлгэсэн, улмаар захиргааны хэргийн шүүхээс хариуцагчийн эзэмшиж байсан цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор ажил гүйцэтгэх гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон үйл баримтуудад маргаагүй. Ийнхүү ажлын талбайгаас кэмпийг буулгаснаар талууд гэрээг цуцалсан гэж үзнэ. /1хх 223, 224, 2хх 176/
5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр, мөн гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зохицуулжээ.
5.1.Гэрээний 1.6, 3.2-д тухайн сард гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах, хүлээлгэж өгөх актад захиалагч, гүйцэтгэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ажлыг хүлээн авсанд тооцно гэж заасан. Талууд ажлын гүйцэтгэлийг сар бүрээр баталгаажуулсан, улмаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн актаар гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг нэгтгэн баталгаажуулж хүлээн авсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч гэрээнд заасан нэгж үнээр тооцож гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч ажлын хөлс 184,338.09 ам доллар гаргуулахаар шаардснаас гүйцэтгэсэн ажлын хөлс 133,621.38 ам доллар, тээврийн зардал 9,240 ам доллар, сул зогсолтын төлбөр 37,056.25 ам доллар, шуудайн зардал 4420.46 ам доллар тус тус багтсан гэж тайлбарласан тул шүүх нэхэмжлэгчийн тооцсон байдлаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
а/Талуудын хоорондох гэрээний 2.1.20, 4.7, 4.8-д зааснаар кернийн гаралт 90 хувиас бага байвал гүйцэтгэгч өөрийн зардлаар цооногийг өрөмдөх-өөр, хэрэв түүнээс бага хэдий ч дахин өрөмдөх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хөлсийг тооцохдоо нэгж үнээс бууруулж тооцохоор зааснаас үзвэл талууд ажлын чанарт тавигдах гол үзүүлэлтийг керн 90 хувиас дээш байх шаардлагыг тавьжээ.
Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээ дүгнэсэн актад нийт 151 ширхэг цооногийн дундаж кернийг 94,4 хувь гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 23515 тууш метр ажлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Иймд ажлын хөлс 23515 метр * 62,7 ам доллар = 1.474.390,5 ам доллар төлнө. Үүнээс урьдчилгаа 744,816.5 ам доллар, 2022 оны 11, 12 сард нэмж төлсөн 310,952.62 ам доллар, 100,000 ам доллар, 185,000 ам долларыг хасвал үлдэгдэл 133,621 ам доллар байна. Иймд энэ хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.
б/Талуудын хоорондох гэрээний хавсралт 5-р нийт үнийн дүн болох 3,771,240 ам долларт тээврийн зардал 9,240 ам долларыг оруулж тооцжээ. Иймд гэрээгээр тохиролцсон тул тээврийн зардалд нэхэмжилсэн 9,240 ам долларыг хангана.
в/Сул зогсолтын төлбөр 37,056.25 ам долларын тухайд:
Талуудын хоорондох гэрээний 4.5-д гүйцэтгэгчийн буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаа 24 цагаас дээш болсон тохиолдолд сул зогсолттой нэг өрмийн өдрийн 550 ам долларын /НӨАТ ороогүй/ төлбөрийг захиалагч нөхөн барагдуулна гэж заажээ. Мөн гэрээний 6.1-д талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын, ...бусад урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын үр дүнд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж, 6.2-т давагдашгүй хүчин зүйл, байдал үүссэн тухай хуанлийн 5 хоногийн дотор нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ гэж, 6.3-т хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн талаар цаг тухайд нь мэдэгдээгүй бол давагдашгүй хүчин зүйл үүссэнээс бий болох хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заажээ.
Нэхэмжлэгч сар бүрийн ажлын гүйцэтгэл дэх сул зогсолтын хугацааг нэмж тооцон түүнээс өрөм тус бүрт эхний 24 цагийг хасах замаар нийт сул зогсолт 61,25 өдөр, түүнд ногдох нөхөн төлбөр 37.056,25 ам доллар, энэ мөнгийг захиалагч олгоогүй гэж тайлбарлав. Харин хариуцагч 2022 оны 8 дугаар сард нутгийн иргэдийн бослогын улмаас сул зогссон, энэ сул зогсолтын мөнгийг тухайн үед нь тооцож олгосон, түүнээс хойш сул зогсолт захиалагчтай хамааралгүй, мөн давагдашгүй хүчин зүйл тул гэрээний дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тайлбарласан.
Захиалагч ажлын хөлснөөс гадна нэмэлт зардал буюу сул зогсолтын нөхөн төлбөр олгохоор ийнхүү гэрээгээр тухайлан тохиролцсон байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй. Харин гэрээний 4.5-д заасан нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан аргаар тайлбарлавал талууд сул зогсолтын нөхөн төлбөрийг олгох урьдач нөхцлүүдийг сул зогсолт 24 цагаас дээш үргэлжилсэн байх, сул зогссон шалтгаан гүйцэтгэгчийн буруу биш байх, урьдач нөхцлүүдийг гэрээнд заасан байна. Мөн сул зогсолттой 1 өрөмд өдөрт 550 доллар-р тооцохоор зааснаас үзвэл талууд сард нийт өрмийн сул зогссон нийлбэр хугацаагаар нөхөн төлбөр тооцох агуулгаар анхнаасаа тохиролцоогүй байна. Иймд нэхэмжлэгч энэ аргаар тооцсон тооцоолол үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан сар бүрийн ажлын гүйцэтгэлийн тайлангуудаас үзвэл 2022 оны 10, 11, 12 сарын гүйцэтгэлд сул зогсолтын талаар тусгагдаагүй, харин 7, 8, 9 сарын тайлангуудад дараах байдлаар тусгагджээ. /1хх 55-88/
-2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 17-ны өдрийн хоорондох хугацаанд 6 ширхэг өрөм тус бүрийн сул зогссон цагийг, 3-р өрөм 204 цаг, 4-р өрөм 206 цаг, 5-р өрөм 205,5 цаг, 6-р өрөм 210,5 цаг, 7-р өрөм 205,5 цаг, 8-р өрөм 203 цаг гэж тусгасан. Үүнээс 2022 оны 8 дугаар сарын 05, 06, 17-ны өдрийн тухайд өрөм тус бүрийн сул зогссон цаг гэрээний 4.5-д заасан 24 цагаас дээш байх шаардлагыг хангаагүй тул хасна. Харин 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийн хоорондох 7 өдөрт 6 ширхэг өрөм тус бүр сул зогссон талаар тусгагдсан тул үүнд ногдох сул зогсолтын нөхөн төлбөр 19.800 ам доллар байна.
/7х-эхний 24 цаг буюу 1 өдөр = 6 хоног * 6 ширхэг өрөм * 550 ам доллар/
-2022 оны 9 дүгээр сарын тухайд: 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд 3-р өрөм 103,5 цаг, 4-р өрөм 103 цаг, 5-р өрөм 92 цаг, 6-р өрөм 104 цаг, 7-р өрөм 96,5 цаг, 8-р өрөм 132 цаг сул зогссон талаар тайланд тусгагдсан. Гэвч уг баримт дах сул зогсолт эхэлсэн, дууссан хугацаа, өдөрт сул зогссон цагийг өрөм тус бүрээр авч үзвэл нэг бүтэн өдөр буюу 24 цагаас дээш хугацаагаар зогссон байдал тогтоогдоогүй, харин хоногт 3,5-12 цаг хүртэлх хугацаанд зогссон талаар тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээний 4.5-д заасан 24 цагаас дээш сул зогссон байх урьдач нөхцөл хангагдаагүй. Түүнээс гадна гүйцэтгэгчийн буруу биш шалтгаанаар 2022 оны 9 дүгээр сарын тухайд сул зогссон болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.
Гэрээний 6.1, 6.3-т зааснаар давагдашгүй хүчин зүйлийн талаар мэдэгдсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тохиролцсон, захиалагчаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 103/22 тоот албан бичгээр иргэдийн үймээн, бослогоос давагдашгүй хүчин зүйл үүссэн талаар тухайн өдрийн мэйлээр мэдэгдсэн байх тул тэрээр гэрээний 4.5-д заасан сул зогсолт нэг хоног тутамд төлөх нөхөн төлбөрөөс /нэмэлт зардал/ чөлөөлөгдөх үндэстэй. /1хх 208,209, 234, 235/ Гэвч хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрч сул зогсолтын мөнгийг олгосон гэж тайлбарласан тул шүүх төлбөрийг дээрх байдлаар гэрээний 4.5-д заасныг баримтлан тооцох нь талуудын чөлөөт байдлын зарчимд нийцнэ.
г/ шлам шуудайлсан зардал 4420,46 ам доллар гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч өрөмдлөгийн ажлын явцад шламыг шуудайлах ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн, захиалагч шлам хийх сангаа барьж өгөөгүйгээс нэмэлт ажлыг гүйцэтгэсэн үндэслэлээр 566 шуудай, шуудай нэг бүрийн ажлын хөлс 7.81 ам долларт тооцож 4420.46 ам доллар шаардсан. Харин хариуцагч нэмэлт ажлыг тохиролцоогүй, гэрээгээр өрөмдлөгийн ажлаас үүсэх хаягдал зэргийг гүйцэтгэгч хариуцахаар тохирсон, сан байгуулах ажилд хамтран үүрэг гүйцэтгэхээр тохирсон гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж, 345.4-т ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
Талуудын хоорондох гэрээний 2.3.6-д геологи- техникийн бодит нөхцөл нь захиалагчид мэдэгдснээс өөр /гүн нэмэгдсэн, цооногийн бүтцийн өөрчлөлт/ бол гэрээний нийт үнийн дүнг шинэчлэн тогтоож гэрээний дагуу хийх ажлын нийт өртөг нэмэгдэх боломжтой бөгөөд энэхүү нэмэгдэх үнийн дүн гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй. Ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулахад талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж, гэрээний 10.4-т гэрээнд оруулсан бүх өөрчлөлт, нэмэлтүүд зөвхөн бичгээр үйлдэж, хоёр талын гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд хүчинтэй болно гэж, харин гэрээний 5.5-д гэрээний хугацаанд гэрээний үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэж өөр өөрөөр заажээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар зохигчид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдал тогтоогдоогүй. Түүнчлэн хууль болон гэрээний дээрх заалтын дагуу гүйцэтгэгч тал болох Э ХХК нэмэлт зардалд шламыг шуудайлах шуудайн үнэ болоод шуудайлах ажлын хөлс тооцож нэгж өртөг 7.81 ам доллараар тохиролцсон, дээрх нэмэлт ажлын зардлыг захиалагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдоогүй. Талуудын цахимаар харилцсан мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр шламтай холбоотой асуудлыг шийдвэрлэх-ээр тохирсон тухай тусгагдсан, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс захиалагч талд хүргүүлсэн мэйлд өрөмдлөг хийгдэж байсан 2 сарын хугацаанд шлам хийх бассейн байхгүйн улмаас бид шламыг хатааж, савлах үйл ажиллагаа явуулсан бөгөөд гарсан зардлыг хүргүүлж байна. Хэдийгээр гэрээнд ийм зардал тусгаагүй боловч шламыг хатаах савлах ажлыг бид хийхээр заагаагүйг харгалзан үзнэ үү. Зардалд ямар нэг ашиг нэмээгүй зөвхөн цалингийн зардал болон түлшний зардлыг тусгасан. Шламын төхөөрөмж тээвэрлэх, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ гэх мэт бусад зардлыг оруулаагүй гэсэн мэйл хүргүүлсэн боловч захиалагчаас хүлээн зөвшөөрсөн хариуг хүргүүлсэн байдал тогтоогдоогүй. Мөн хэрэгт үүнээс өөрөөр дэмжих баримт авагдаагүй тул Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т зааснаар нэмэлт зардлыг захиалагч төлөхөөс татгалзах эрхтэй гэж үзлээ. /1хх 213-214, 249-250, 2хх 1-3, 124-126/
Мөн захиалагч хаягдлын бассейн барих үүрэгтэй боловч талууд гэрээний 2.1.6-д гүйцэтгэгч ...үйл ажиллагааны үр дүнд үүссэн хаягдал, ялгаралт, хог хаягдлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байршуулах, устгах үүргийг хүлээхээр, 2.1.29-д гүйцэтгэсэн ажлын үр дүнд үүссэн өрөмдлөгийн шингэн, шлам ...-ыг тогтоосон газарт хүргэх-ээр, 2.1.22-т цооног өрөмдлөгийн хугацаанд ашигласан цацраг идэвхт бус өрөмдлөгийн шингэн, шламыг тухайн газарт нь түр байршуулах нөхцлийг хууль тогтоомж, стандартын дагуу хангах-аар, мөн гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор 2.1.31-д ..өрөмдлөгийн шингэн бэлтгэх өөрийн шаврын сан, механик цех ... бусад шаардлагатай дэд бүтцийг захиалагчтай харилцан тохиролцож байгуулахаар тус тус зааснаас үзвэл энэ ажилд гүйцэтгэгч мөн хамтран оролцохоор гэрээгээр тухайлан тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн шаардсан энэ нэмэлт ажлын зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй.
5.2.Ам долларын ханшийн зөрүү 8.420.747 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ гэрээний 5.3-т зааснаар төлбөрийг шилжүүлэхдээ дутуу тооцож шилжүүлсэн гэж тайлбарласан.
Талуудын хоорондох гэрээний 5.3-т гэрээний төлбөрийн гүйлгээг төгрөгөөр хийх тохиолдолд тухайн гүйлгээний өдрийн Монголбанкны зарласан албан ханшийг баримталж шилжүүлнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 09-нд 1.054.462.101 төгрөг шилжүүлэхдээ 310,953 ам долларыг мөн өдрийн Монголбанкны төгрөгтэй харьцах ханш 3,399.57 байтал 3,391.07 төгрөгөөр тооцож шилжүүлснээс зөрүү 2,643,097 төгрөг үүссэн,
-2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 339.107.000 төгрөг шилжүүлэхдээ 100.000 ам долларыг мөн өдрийн Монголбанкны төгрөгтэй харьцах ханш 3,422.41 байтал 3,391.07 төгрөгөөр тооцож шилжүүлснээс зөрүү 3,134,000 төгрөг үүссэн,
-2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 339.107.000 төгрөг шилжүүлэхдээ 185.000 ам долларыг мөн өдрийн Монголбанкны төгрөгтэй харьцах ханш 3,436.70 байтал 3,422.41 төгрөгөөр тооцож шилжүүлснээс зөрүү 2,643,650 төгрөг үүссэн гэж тайлбарлаж тухайн өдрийн Монголбанкны ханшийн лавлагааг тооцооллын хамт баримтаар ирүүлсэн. /1хх 103, 90-92, 93-95/
Хариуцагч энэ шаардлагыг хуралдааны явцад хүлээн зөвшөөрч маргаагүйгээс гадна хэргийн баримтаар тогтоогдсон тул захиалагч энэ хэмжээгээр ажлын хөлсийг дутуу тооцож олгосон гэж үзнэ.
5.3.Нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн актаар талууд өрийг баталгаажуулсан, маргаагүй гэж тайлбарласан.
Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч байгууллагаас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарГ ГХОХХК нь 184,338.09 /хоёр удаагийн мэйлд 184,669.05 гэж зөрүүтэй тусгагдсан/ ам доллар, 8,420,747.27 төгрөгийн өглөгтэй талаар тооцооны үлдэгдлийн баталгааны төслийг цахимаар хүргүүлсэн, хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулж хүргүүлсэн. Гэвч уг мэйлийг хүргүүлсний дараахан 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид мөн өдрийн 01/24 тоот албан бичгээр тооцооноос 51.508 ам доллар хасах талаар цахимаар хүргүүлсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тооцооны үлдэгдлийг эс зөвшөөрч маргасан зэргээс үзвэл зохигчид төлбөрийн үлдэгдэлд маргаангүй, тогтоогдсон үйл баримт гэж үзэх үндэслэлгүй. Түүнээс гадна хэрэгт төлбөр тооцоог баталгаажуулсан өөр дэмжих бичгийн баримт авагдаагүй болно. /1хх 218-222, 2хх 4-5/
Дээрх байдлаар шүүх талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний дагуу үндсэн үүргийн /гэрээгээр тохирсон хөлс, зардал төлөх/ гүйцэтгэлийг хангуулахад чиглэсэн шаардлагуудыг нэгтгэж хариуцагчаас нийт 577.090.109 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
/хөлс 133.621 ам доллар + тээврийн зардал 9.240 ам доллар + сул зогсолтын төлбөр 19.800 ам доллар = 162.661 ам доллар * 3496,04 = 568.669.362 төгрөг + ам долларын зөрүү 8.420.747 төгрөг/
6.Зохигчид гэрээний дагуу ажлыг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй явдал хэний буруугаас үүдэлтэй талаар маргасан ч нэгэнт гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлынх нь хувьд тоо хэмжээ, чанар болоод төлсөн мөнгөн дүнд маргаагүй нөхцөлд үндсэн үүргийн гүйцэтгэлийг дээрх байдлаар шийдвэрлэхэд саад болохгүй. Харин нэмэлт үүрэг болох алданги, хохирол шаардсан хэсэгт зохигчдын маргасан үүргийн зөрчил хамаарч байна.
Нэхэмжлэгч нэмэлт үүрэгт алданги 64,427,421.37 төгрөг, хохиролд 48,574,750 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.
6.1.Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх үүрэг хүлээнэ гэж, Цөмийн энергийн комиссын 2015 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм"[1]-ийн 5.4-т өрөмдлөг ба өрмийн сорьцтой гардан ажиллах талаар зааварлахдаа 5.4.2.-т өрөмдлөгийн явцад угаалгын шингэнээр гадагшилсан цацраг идэвхт материалын хаягдлыг тусгай торхонд цуглуулан авч таглаад хаягдлын менежментийн хөтөлбөрийн дагуу аюулгүй болгоно, шаардлагатай бол уурхай, эсвэл үйлдвэр лүү илгээнэ гэж заажээ.
Талуудын хоорондох гэрээний 2 дугаар хавсралтаар баталсан цооногт тавигдах техникийн шаардлагын 10-т, мөн 3 дугаар хавсралтаар баталсан цооногийг нөхөн сэргээх шлам цэвэрлэх шаардлагад өрөмдлөгийн бүхий л явцад үүссэн нийт хаягдал шаврыг гэрээлэгч компани захиалагчийн зааж өгсөн шаврын хаягдлын санд аваачиж асгах ёстой гэж заасан байна.
Дээрх дүрэм, гэрээний заалтуудаас үзвэл захиалагч болохГ ГХОХХК өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхэд шаардагдах хаягдал шаврын санг байгуулах үүрэгтэй ч энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Мөн дүрмийн 9.1-д заасан хаягдлын менежмент төлөвлөгөөтэй байх үүргээ хэрэгжүүлээгүй. Хэргийн баримтаар талбайд өрөмдлөгийн ажил эхэлсэн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хаягдал шаврын сан байгуулагдаагүй байсан, харин өрөмдлөгийн ажлын явцад 2022 оны 10 дугаар сард шаврын санг нэмж байгуулсан үйл баримт гэрч А.Батбаяр, Б.А , Ц.Б , Б.Н нарын мэдүүлэг, мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
6.2.Түүнээс гадна гүйцэтгэгч болох Э ХХК-ийн хувьд гэрээний хавсралт 2, 3-аар баталсан техникийн шаардлага, цооног нөхөн сэргээх, шлам цэвэрлэх шаардлагад тавигдсан цооногоос гарсан шлам өтгөн шаврыг аль болох үлдэгдэлгүй бүгдийг хийхийг эрмэлзэнэ, шаардагдах тоног төхөөрөмжид шавар шигшигч байхаар, чичиргээт шигшигчээс ялгаран гарсан өтгөн шламыг ..шавран чигжээс байрших гүн хүртэл байнга оруулна. Зэргээр заасан нөхцлийг, мөн гэрээгээр тохирсон хугацаанд, тоо хэмжээнд нь ажлыг гүйцэтгэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон.
Энэ нь гэрч Б.А ийн Э компанийн өрөмдлөгийн технологиос хамаараад тооцоолсноос арай их шлам гарч байсан гэх мэдүүлэг,
-гэрч Ц.Б ын анх гэрээ байгуулахдаа Э компани энэ өрөмдлөгийн ажлыг анх удаа хийнэ, өмнө хийж байгаагүй гэж хэлсэн, анх гэрээ байгуулах тендерийн өгөгдөл өгөхдөө шигшүүр тавих шаардлага тавьсан. Үүнийг Э болно гэсэн боловч анхнаасаа талбайд ирэхдээ шигшүүртэй ирсэн ч тэр нь ажиллахгүй байсан. Өрөм болгон шигшүүртэй ирэх ёстой байсан. Тэгтэл ирсэн шигшүүр жижиг, ажиллаагүй тул том шигшүүр авчирна гэсэн. Тэгтэл авчирсан том шигшүүр нь бас ажиллаагүй. Талбайд анх 4 өрөмтэй ирсэн ч 2 нь бэлэн, 2 өрөм бэлэн биш засвартай ирсэн. 2 өрөм нь засварлаад ажлаа 7 хоногийн дараанаас эхэлсэн. Анхнаасаа график хоцорч байсан. Мөн эднийх анх удаа уран өрөмдөж байгаа тул өрөмдөхдөө цооногоо нураагаад их шлам унаж ирээд байсан. Энэ бол цэвэр өрөмдлөгийн ур чадвар юм. Үүнийг геофизикийн хэмжилтээр баталгаажуулж 7 хоног бүрийн хурал дээр цооног чинь нураад байна, тийм учраас их шлам гараад байна гэдгийг байнга хэлж байсан, хуулиараа тухайн цооногоос гарсан үртэсийг буцааж цооногтоо аль болох ихээр дүүргэх ёстой. Гарсан хаягдал өөрөө бага цацраг идэвхит хаягдал гэсэн ангилалд хамаардаг болохоор тийм зохицуулалттай байдаг. Анх гэрээ байгуулахад шаврын сан гэдэг зүйл байх ёстой талаар би аль аль талд хэлсэн. Энэ дээр аль аль нь удааширсан. Санд ханасан уусмалаа хадгалах ёстой ч өрөмдлөгийн шлам их гарсан тул тэрийг санд байршуулсан гэх мэдүүлэг,
-гэрч Б.Н ийнГ компанийн уурхайн талбайд өрөмдлөгийн ажлыг би хариуцаж ажилласан, шигшүүр ажиллаагүй зүйл бий. Гол нь гарсан шламаа дахин ялгаад өтгөн байдалд оруулаад боломжит хэсгийг буцааж хийгээд үлдэх хэсгийг хадгална гэсэн. Тэгэхээр шигшүүр гэхээсээ илүү технологиос хамаарсан. Өрөмдлөг тасралтгүй 12 цагаар ажиллах ёстой байтал 6 цагаар ажилласан. Үлдэх хугацаанд шламаа зөөх, усаа салгах зэргээс хамаарсан гэх мэдүүлэг,
-2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн мэйлд Хэдийгээр өрөмдлөгийн машинуудыг яаралтай эхлүүлэх боломж байсан боловч эхний өрөмдлөгийн үр дүнгээр бидний тооцоолсноос маш их шлам гарч ирсэн бөгөөд бидний бэлтгэсэн вибраторууд сайн ажиллаагүй нь үнэн. Өнөөдрийн байдлаар нийт 6 өрмийн машин 20 хоногийн хугацаанд 3000 метр өрөмдсөн байна. Гэрээгээр бол 20 хоногт 8000 метр өрөмдөх ёстой байсан. Бид шламыг хатаахын тулд нэлээд хэдэн аргыг ашиглаж үзсэн боловч хаталтын хугацаа их байна. Захиалагчийн зүгээс нэлээд хэдэн бассейн яаралтай бэлдэж өгөхгүй бол хуурай шламыг хураах газаргүй байгаа гэдгийг анхаарна уу гэж бичсэн байдал, түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн бүтэн ажилласан 9, 10, 11 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ /6984+7346+5232 тууш метр/ гэрээний хавсралтаар баталсан сард гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээнд /12.000+12.000+9.300 тууш метр/ хүрээгүй зэргээр тогтоогдсон.
Дээрх байдлаар гэрээний үүргээ захиалагч, гүйцэтгэгч талууд хэн алин нь зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон тул хэн алин нь нөгөө талаасаа учирсан хохирлыг шаардах үндэсгүй.
6.3.Үүнээс гадна нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш ажил эхлэх хүртэлх хугацаанд /2022.06.13-2022.07.12/ ажилчдыг бэлэн байдалд байлгаж өөр ажилд гаргаагүйгээс гарсан зардлыг гэрээнээс учирсан хохиролд тооцож шаардсан.
Талуудын хоорондох гэрээний 1.2-т гэрээнд гарын үсэг зурснаас хойш хуанлийн 10 хоногийн дотор ажил гүйцэтгэх талбайд очиж эхлэхэд бэлэн болсон байх бөгөөд захиалагч ажил эхлэхийг бичгээр мэдэгдснээс хойш 3 хоногийн дотор ажлыг эхэлнэ гэж тохирсон, захиалагч ажил эхлэх талаар 2022 оны 7 дугаар сарын 11-нд мэдэгдснээр гүйцэтгэгч талбайд очиж 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэрээг байгуулагч талууд гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс ажил эхлэхээс өмнөх хугацаанд ажилчдаа бэлэн байлгах үүднээс гарсан зардал гэрээнээс учирсан хохиролд тооцогдох учиргүй, өөрийн хүлээх эрсдэлд хамаарна. Нэхэмжлэгчийн хохиролд 48,574,750 төгрөг гаргуулах шаардлага Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах урьдчилсан нөхцөл болох үүрэг зөрчсөн гэм буруутай үйлдэл байх, түүнээс үүдэлтэй бодит хохирол учирсан байх, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх нөхцлүүд хангагдсан гэж үзэхгүй.
6.4.Алданги 64.427.421 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Гэрээний 4.4-т захиалагч ... төлөх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах эрхтэй гэж заасан, дээрх зохицуулалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хоног тутамд анз тооцох алдангийн талаарх зохицуулалттай нийцээгүй байна. Харин уг заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуулийн талаарх тохиролцоо байна. Гэвч нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэлх хугацааны алданги гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцож хангах үндэслэлгүй.
Дээрх бүгдийг нэгтгээд хариуцагчаас нийт 577.090.109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаарГ ГХОХХК-иас 577.090.109 /таван зуун далан долоон сая ерэн мянга нэг зуун есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188.607.337 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.986.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 3.043.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231044813771 нээлттэй байршсан тул ИХШХШТХ-ийн 40.4-д хамаарна.