| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2006 000001524 |
| Дугаар | 2021/ДШМ/846 |
| Огноо | 2021-09-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/846
2021 9 22 2021/ДШМ/846
Б.Мт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батболд,
шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Хатанбаатар,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/913 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мт холбогдох эрүүгийн 2006 000001524 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бариач овгийн Б.М, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Б.М нь иргэн Б.Б“Засгийн газрын авто баазаас актад гарч байгаа автомашин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 5021441026 дугаартай дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Р“Төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй” гэж хуурч, багш шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.М нь урьд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б20.796.000 төгрөгийг, хохирогч Д.Р25.500.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Маас 20.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ролгож, Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотолбол зохих байдал, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон. Гэм буруугийн асуудал шийдвэрлэгдсэн. Шүүгдэгч Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн хуулийн заалтыг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлж өгнө үү. Учир нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж хор уршгийг арилгасан учраас шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэрэг, үйлдлийн арга, гэмт хэргийн сэдэлт, их хэмжээний хохирол учруулсан байдаг. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь:
Б.Б“Засгийн газрын авто баазаас актад гарч байгаа автомашин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 5021441026 дугаартай дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Б“... Би Б.М гэх залуутай 2019 оны 9 дүгээр сард такси үйлчилгээнд явж байгаад танилцсан юм. Тэгээд тухайн үед Б.М “Засгийн газрын баазаас актанд гарч байгаа машин авах уу” гэж асуухаар нь “би авъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.М “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэхээр нь би 2.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 24-өөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Хаан банкны 5021441026 тоот данс руу нийт 25 удаагийн гүйлгээгээр 20.796.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед Б.М хэлэхдээ “Соната-7, Ланд-105 зэрэг машинууд актанд гарна” гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь Б.Мэнд- Амар нь өнөөдрийг хүртэл машин авч өгсөн зүйл байхгүй, утсаар ярихад “өгч чадахгүй, цагдаа шүүхээрээ яв” гэж хэлсэн юм. ...” /1хх 1-7, 14-17/,
шүүгдэгч Б.Мяллагдагчаар өгсөн: “...би Б.Бгэх залууд хандаж “Машинууд хямдхан төрийн өмчийн үйлчилгээний газраас актад гарч байгаа юм байна та сонирхох уу” гэж хэлэхэд Б.Бнь “би сонирхъё” гэж хэлсэн. Тэгээд би “зуучлан авч өгнө” гэж хэлснээр ерөнхийдөө над руу мөнгө төгрөгөө шилжүүлж эхэлсэн. Би өөрийн ХААН банкны 5021441026 дугаарын дансаар мөнгө шилжүүлэн авч байсан. Тэгээд би нэмж Б.Б“за ах ажил чинь болчихлоо “гэж худал хэлж нэмж мөнгө авсаар байсан юм. Ингэж явсаар хэд хэдэн гүйлгээгээр нийт 20.000.000 орчим төгрөг шилжүүлж авсан. Үүнээс хойш ахин нэмж мөнгө төгрөг аваагүй 5.000.000 орчим төгрөгийг Б.Ббуцааж өгсөн. ...” /1хх.51-53/,
хохирогч Б.БХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 12-13/ зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Б.М нь:
2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Р“Төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй” гэж хуурч, багш шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Р“...Б.Мэнд- Амар залгаж “сайн байна уу багшаа” гэж ярьснаа надад “Төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэй хэдэн автомашин актад гарахаар болсон байна, дээрх завшаан хүний амьдралд ганц л тохиох боломж шүү, та алдаж болохооргүй боломж шүү” гэхээр нь би Б.М“тэгээд ямар машин байна, миний хүү” гэхэд “Ланд-105” 8.000.000 төгрөгийн үнэтэй, “Соната-7” 4.000.000 төгрөгийн үнэтэй машинууд байна” гэж өөрөө шууд машиныхаа үнийг хэлсэн... Тэгээд надад “хэрвээ та авахаар бол Соната-7-г 2.000.000 төгрөг байршуул, харин Ланд 105-ыг авах бол 4.000.000 төгрөг байршуулаад авах боломжтой шүү” гэж ярихаар би “надад тийм их мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “та маргааш 12 цагаас өмнө мөнгөө бэлдээд байршуулчих” гэсэн. Мөн намайг “танд өөр хямд машин аваад тус болчих хүн байгаа бол хэлээрэй” гэсэн. Би өөрийн нөхөр Т.Лхагвасүрэнгийн утас руу залгаж “манай шавь хямд машин байна шүү, та хямдхан аваарай” гэж хэлж байна “чамд мөнгө олох боломж байна уу” гэж асуухад “за ярья” гэж хэлээд тасалсан. Тэгсэн манай нөхөр өөрийн төрсөн дүү Лхагвадаш, хүргэн ах Ж.Ганбаатар нарт хямд машины талаар хэлсэн юм шиг байсан. Тухайн хүмүүс над руу залгаж машины талаар асуухад би “тиймээ, манай шавь хямд машин олоод өгье” гэж хэлж байна. Харин “маргааш 12 цагаас өмнө мөнгөө байршуулчих” гэхэд тухайн хүмүүс “за за” гэж мэдээлэл аваад утсаа тасалсан. Харин би өөрийн төрсөн дүү Отгонсүрэн рүү утсаар залгаж тухайн машинуудын талаар мэдээлэл өгөхөд манай дүү “би хүмүүсээс мөнгө асуугаад үзье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь Ганбаатар нь 4.000.000 төгрөг, Лхагвадашийн эхнэр Гэрэлт-Од 2.000.000 төгрөг зэргийг миний данс руу шилжүүлэхэд би өөрөө тухайн мөнгөн дээрээ 2.000.000 төгрөг нэмээд нийт 10.000.000 төгрөгийг Б.МХААН банкны 5021441026 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгсэн над руу Б.М өөрийн утсаар залгаж “машинууд чинь баталгаажсан шүү багшаа” гэж хэлээд “нийт 4 машин болох юм бол 1.000.000 төгрөгийн шагналтай юм байна, хоёулаа нэг Ланд 105 дундаа худалдаж авах уу” гэж ярихад “надад тийм их мөнгө байхгүй” гэхэд Б.М “та урьдчилгаагаа олчих юм бол би бөгс мөнгөн дээр танд тусалж чадна, харин та машин авдаг хүн таних уу” гэхэд “би ямар нэг хүн танихгүй” гэж хариулахад “би ченж танина, тухайн ченжүүд Казакстан улс руу гаргаж 25.000.000 төгрөгөөр зардаг юм байна лээ хоёулаа олсон мөнгөө хувааж авах талаар Б.М ярихаар би урьдчилгаа мөнгөө өөрийн хүүхэд Долгормаагаас 4.000.000 төгрөг зээлж аваад тухайн мөнгийг Ланд 105-н урьдчилгаанд Б.Мданс руу шилжүүлсэн. Тэгэхэд “машинууд бүгд баталгаажсан хүлээх үлдсэн шүү, 7 хоногийн дараа машинууд чинь гарна” гэж хэлээд “одоо тайван хүлээж байгаарай” гэж хэлсэн ба түүнээс хойш өдөрт нэг удаа ярьж байгаад 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр над руу Б.М залгаж “үлдэгдэл мөнгөө хийгээрэй, машин чинь гарахаар болсон шүү” гэсэн. Тэгээд би Б.Мт “надад 9.000.000 төгрөг байна, харин 1.000.000 төгрөг дутаж байна” гэхэд Б.М “би ахаасаа 1.000.000 төгрөг зээл аваад зохицуулчихъя” гээд надаас 9.000.000 төгрөг дахин данс руугаа шилжүүлж авсан. Мөн “машин чинь маргааш гарна шүү” гэхээр нь “машинаа хаанаас авах юм бэ” гэж Б.Масуухад “Баянбүрдийн автобаз болон төрийн өмчөөс нэг бол өөр автобазаас гарна, би тань руу утсаар ярья” гэсэн. Тэгсэн маргааш над руу утсаар залгаж “Төрийн машин хурдан гарахгүй гэж байна, манай ах төрөөс гарч байгаа машин хурдан гардаггүй сар болж байгаад гардаг гэж байна” гээд манай ах маань шоолсон, тийм учраас та тайван хүлээж байгаарай, би охиныхоо нэрээр андгайлж байна” гэсэн... Би машинаа асуухад “Төрийн өмчийн машинууд хөдөө ажлаар явчихсан байна” гэж удаа дараа худлаа ярьж байснаа 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өдөр над руу дахин Б.М залгаж “бид нартай хамт машин авах гэж байсан хүмүүс хэл ам гаргаад машинаа авахаа больчихлоо” нэг Ланд 105 гарсан шүү” гэхээр нь би дүү Ууганчимэг рүү ярьж “ийм учиртай машин байна, чи авах уу” гэхэд “наадах чинь ямар аятайхан боломж вэ, мөнгө олоод авчих юм сан” гэж хэлсэн. Маргааш нь манай дүү 4.000.000 төгрөг олж өгөхөөр нь би Б.Мданс руу шилжүүлсэн “за одоо баталгаажсан шүү” гэж Б.М хэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 26-ны өдөр дахин надад Б.М худал яриад “үлдэгдэл 4.000.000 төгрөгөө шилжүүлээрэй” гэхээр нь би Ууганчимэг рүү утсаар ярьж "нөгөө машиныхаа 4.000.000 төгрөгийг шилжүүл гэж хэлж байна” гэж хэлсэн. Би Б.М луу манай дүү Ууганчимэг автомашинаа ломбардад тавих гэхэд авахгүй байна гэсэн. “500.000 төгрөг шилжүүлчих би компанийн мөнгөнөөс үлдэгдлийг өгье” гэсэн. Дахин би дүү рүүгээ залгаж Б.Мхэлснийг хэлэхэд “тэгье тэгье” гэж зөвшөөрч манай Хөвсгөлд байдаг дүү Цогтбаатар над руу залгаж “ийм сайхан боломж гарчхаад байхад надад яагаад хэлдэггүй юм бэ” гэж хэлсэн. Би “танайхыг машинтай болохоор санаанд орсонгүй” гэж хэлсэн. Тэгээд би Б.Мдахин машин байгаа эсэхийг асуухад “2 машин байна” гэж хэлэхээр нь би Цогтбаатар луу залгаж “2 машин байгаа юм байна, нийт 16.000.000 төгрөг гэж байна” гэж хэлэхэд шууд над руу манай дүү шилжүүлсэн юм. Би тухайн мөнгийг Б.Мданс руу дахин хийж түүнээс хойш худлаа ярьсаар байгаад дахин над руу 4 дүгээр сарын 8-ны өдөр залгаж “компанийн мөнгө нэхэгдээд байна, та 2.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь манай дүү Ууганчимэг 2.000.000 төгрөг Б.Мданс руу өөрөө шилжүүлсэн юм. Түүнээс хойш 4 дүгээр сарын 17-ны өдөр Б.М залгаж “тогтоол шийдвэр нь гарсан эхний ээлжид машинаа авна шүү” гэж хэлээд түүнээс хойш өдөр болгон над руу ярьж “Төрийн өмч дээр машин авч байгаа хүмүүст заавар зөвлөгөө өгөөд өгөх юм байна шүү” гэж хэлсэн ба түүнээс хойш худлаа ярьж байгаад алга болсон. ...” /1хх 109-110/,
иргэний нэхэмжлэгч Т.Лхагвадашийн "... 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай бэр эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 12 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн. ...” /1хх-159/,
иргэний нэхэмжпэгч Д.Отгонсүрэнгийн “... 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн. ... /хх.1.163/,
иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарын “... 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 16.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн ХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед 13.000.000 төгрөгийг нь шилжүүлээд үлдэгдэл 3.000.000 төгрөгөө бол тус өдрөө 12 цагийн үед шилжүүлж өгсөн. ...” /1хх 167/,
иргэний нэхэмжлэгч Э.Ууганчимэгийн “... 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байтал манай ээжийн төрсөн дүү Д.Рэнцэнхорлоо эгч над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан нийт 6.500.000 төгрөгөө Б.М гэх хүний ХААН банкны 5021441026 дугаарын данс руу эхнийх нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед 4.000.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг гурав дахь нь 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 14 цагийн үед 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 6.500.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн. ...”/1хх 171/,
иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаатарын "... 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 8.000.000 төгрөгөө боломжоороо Д.РХААН банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 4.000.000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед 4.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл миний сүүлд нь Д.Рэнцэнхорлоо нөгөө хүндээ залилуулж таараад, ингээд миний бие 8.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн. ...” /1хх 175/,
шүүгдэгч Б.Мяллагдагчаар өгсөн:"... 2019 оны 4 дүгээр сард нэг онлайнаар бараа захиалга авч худалддаг газарт ажиллаж байгаад өрөнд орсон. Энэ өрөө дарахаар хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсээр байгаад өрөө бүр их болгочихсон. Ингэж явахдаа нэг олон нийтийн газарт танихгүй хүмүүсийн “Улсын актлагдсан машинуудыг хямд үнээр худалдан авч болдог” гэж сонсоод өнгөрч байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүмүүсээс мөнгө нэхэгдээд болохоо байгаад байхаар нь ямар ч аргагүйдээд арван жилийн багш болох Д.Рэнцэнхорлоотой утсаар “Надад төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэйгээр хямд үнээр автомашинууд гарч байгаа, энэ боломжийг хоёулаа ашиглая, та машин сонирхох уу, ингээд авсан машинуудаа таньдаг ченжээр өндөр үнээр зараад нөгөө ченжүүд нь цаашаагаа Казакстан улс руу үнэтэй зардаг юм байна лээ” гэх мэтээр ярьж итгүүлэн Д.Рэнцэнхорлоо гэх хүнээс нийтдээ 45.000.000 орчим төгрөгийг Төрийн өмчийн машиныг хямд үнээр өгнө гэж хэлж авч залилсан. ...” /1хх 51-53,152-153,188-190/ гэх мэдүүлгүүд,
Шүүгдэгч Б.МХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 35-42,103-104/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18- ны өдрийн 268 дугаартай Төрийн өмчийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийн дуудлагын худалдааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /1хх 133-143/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Б.Мыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хууль зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Хатанбаатар “...Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж хор уршгийг арилгасан учраас шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэгдэхээс өмнө хохирогч Б.Бучруулсан 20.796.000 төгрөг, хохирогч Д.Ручруулсан 45.650.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан түүнд 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй болсныг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ