Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0574

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хатантулга” ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Маам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, М.Хандармаа,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нарантуяа

Гуравдагч этгээд: “Ялгуун прогресс” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарангарав

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Н.Мандах

Маргааны төрөл: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дугаар захирамжийн "Ялгуун прогресс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Маам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, М.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дугаар захирамжийн “Ялгуун прогресс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.         
  2. Нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд ”Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дугаар захирамжийн “Ялгуун прогресс” ХХК-д олгосон 2617 м.кв газраас “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах 131.05 м.кв  газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 3 дугаартай барилгын баруун урд хэсэг хаягт байрлах “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн 131.05 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх 131.05 м.кв газрыг “Хатантулга” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
  3. “Ману” ХХК, “Хөгнө жавхлант” ХХК, “Хатантулга” ХХК нарын хооронд байгуулсан 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монгол кино үйлдвэрийн баруун талд байрлалтай байрыг хамтран эзэмших гэрээгээр “Ману” ХХК 780 м.кв, “Хатантулга” ХХК нь 94 м.кв, “Хөгнө жавхлант” ХХК нь 60 м.кв талбай бүхий ажлын байрыг тус тус эзэмшихээр тохиролцсон боловч нэхэмжлэгч уг байрыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Харин Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн дэргэд байрлах 62 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгыг 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0002255 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Хөгнө жавхлант” ХХК-д олгосон бөгөөд уг барилгыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр “Хатантулга” ХХК-д худалдсан байна.

  1. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сары 18-ны өдрийн 101 дүгээр захирамжаар “Золбоо инвест” ХХК-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 0.32 га газрыг 4 жилийн хугацаагаар ашиглах эрх олгожээ. 

Дээрх газрын эрхийг “Золбоо инвест” ХХК-иас “Ялгуун прогресс” ХХК-д шилжүүлж Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар “Ялгуун прогресс” ХХК-д эзэмшүүлсэн байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар дээрх газрын хэмжээг багасгаж, 2617 м.кв болгон 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

  1. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ялгуун прогресс” ХХК-ийн нэр дээр байгаа 62 м.кв газрыг чөлөөлж, “Хатантулга” ХХК-ийн эзэмшилд олгох тухай хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/45 дугаар албан бичгээр гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/1772 дугаар албан бичгээр “Ялгуун прогресс” ХХК-д 2005 онд эзэмшүүлсэн тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсний дараа хандах талаар хариуг хүргүүлжээ.
  2. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Маам нь дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
  3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...манай компани нь “Хатанбулаг” ХЭАА, “Хөгнө жавхлант” ХХК нь “Хулсан” ББХК байхдаа буюу 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хамтарсан нотломж” бичгээр 69 м.кв үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу эзэмшин ашиглаж байна.

Мөн бид “Хатантулга” ХХК, “Хөгнө жавхлант” ХХК болсон үедээ буюу 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хамтарсан гэрээ” байгуулан  манай компанийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлсэн болно. “Хөгнө жавхлант” ХХК нь тухайн 62 м.кв хөрөнгийн өмчлөх эрхийг 1998 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлж А/2204000075 улсын бүртгэлийн дугаараар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байдаг бөгөөд манай компани нь тус хөрөнгийг дээр дурдсанчлан 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 62 м.кв үйл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч хууль ёсны дагуу эзэмшин ашиглаж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ү-2204024079 дугаартай 62 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл манай компани нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай хуучна 7 дугаар дэлгүүрийн барилгаас 69 м.кв болон 62 м.кв үл хөдлөх хөрөнгийг нэг компаниас 2 өөр цаг хугацаанд худалдан авсан болно.

Ийнхүү манай компанийн 1995 болон 2000 оноос хойш хууль ёсоор эзэмшин өмчилж буй нийт 131.05 м.кв үйл хөдлөх хөрөнгийн доорх газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжаар “Ялгуун прогресс” ХХК-д 2617 м.кв газар олгохдоо давхцуулан олгосон нь Монгол Улсын Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд манай команийн үл хөдлөх хөрөнгийн доорх газраа эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

1995 оны 03 дугаар сраын 01-ний өдрийн “Хамтарсан нотломж” бичгээр “Хулсан” ББХК буюу “Хөгнө жавхлант”ХХК-иас худалдан авсан 69 м.кв үйл хөдлөх хөрөнгөө харьяа улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр хүсэлт гарагсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхээ нотлох, эсхүл газар эзэмшигчээс зөвшөөрөл авч ирэх шаардлага тавьсан. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/41 тоот албан бичгээр гуравдаг этгээд “Ялгуун прогресс” ХХК-д хүсэлт гаргасан боловч зөвшөөрөол өгөхгүй гэсэн тул 1995 оноос хойш хууль ёсоор эзэимшиж буй үл хөдлөх хөрөнгөө улсын бүтгэлд бүртгүүлэн ү хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй өмчлөх эрх давхар зөрчигдөж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дугаар захирамжийн “Ялгуун прогресс” ХХК-д олгосон 2617 м.кв газраас “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах 131.05 м.кв  газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 3 дугаартай барилгын баруун урд хэсэг хаягт байрлах “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн 131.05 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх 131.05 м.кв газрыг “Хатантулга” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.Маам нь “Хатантулга” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Баянзүрх дүүргийн  41 дүгээр хороонд байрлалтай хуучны 7 дугаар дэлгүүрийн манай эзэмшилд байгаа 131 м.кв талбайн доорх газрыг манай эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Манай эзэмшлийн барилгын доорх газрыг “Ялгуун прогресс” ХХК-д өгчихсөн. Уг барилга нь одоогоос 150 гаруй жилийн өмнө баригдсан. 1995 оноос манай компани эзэмшиж эхэлсэн бөгөөд 900 м.кв хэмжээтэй 1 давхар байшин юм. Үүний 62 м.кв, 69 м.кв гэсэн 2 объектыг эзэмшдэг. Гэрэл, цахилгаан, дулаан, цэвэр бохир усыг бид өөрсдөө шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрийг төлсөн. Энэ байшин нь одоо “Хатантулга” ХХК, “Ялгуун прогресс” ХХК гэсэн 2 эзэнтэй. “Хөгнө жавхлант” ХХК 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Хатантулга” ХХК-д өөрийн эзэмшлийн байрнаас конторын жижиг өрөө, дэлгүүрийн складыг худалдсан. Түүний дараа дахин 62 м.кв талбайг манай компанид зарсан. Тодруулбал 1 байшингийн 2 өөр хэмжээ бүхий талбайг 2 өөр хугацаанд худалдан авсан. Тиймээс эдгээр талбай нь “Хатантулга” ХХК-ийн өмч мөн. Бид 1995 оноос хойш 28 жил үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. 62 м.кв талбайдаа үл хөдлөхийн гэрчилгээтэй, 69 м.кв талбайд гэрчилгээ авъя гэтэл газар нь “Ялгуун прогресс” ХХК-ийн мэдэлд байсан. Газрын гэрээ, гэрчилгээ авчир гэж Газар зохион байгуулалтын албанаас хэлсэн. 

Тиймээс барилгын доорх 131.05 м.кв газрыг эзэмших санал гаргасан. “Ялгуун прогресс” ХХК бүх газрыг эзэмшиж улмаар худалдан борлуулахаар А төлөвлөгөө батлуулсан нь бидний эрх ашгийг зөрчиж байгаад үнэхээр харамсалтай байна. Өмчөө эзэмшиж чадахгүйд хүрч байна. “Ялгуун прогресс” ХХК-ийн захирал н.Надмид нь манай эзэмшлийн газар байшин гэдгийг мэддэг боловч үүнийг нуун дарагдуулж Газар зохион байгуулалтын албанд мэдээлэл өгч газрыг өөрийн мэдэлд авсан. Газар зохион байгуулалтын алба маш хариуцлагагүй хандсан гэдгийг цохон тэмдэглэе. 62 м.кв газар нь 1998 оны гэрчилгээтэй. Бид ямар нэгэн өмч хөрөнгөд маргаагүй.  Үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших хүсэлттэй байгаа юм. Уг барилга нь 900 м.кв бөгөөд үүний 700 м.кв талбайг “Золбоо инвест” ХХК эзэмшдэг. Иймд манай компанийн эзэмшлийн 62 м.кв болон 69 м.кв буюу нийт 131 м.кв талбайн доорх газрыг “Ялгуун прогресс” ХХК-ийн газар эзэмших эрхээс хасч, шилжүүлж өгнө үү” гэв.

9.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 62 м.кв, 69 м.кв талбайг 1995, 1998 оноос хойш эзэмшиж байгаа. Эхлээд 62 м.кв талбайг худалдаж авсан. Хоёулангийнх нь гэрчилгээг аваагүй байсан. “Хөгнө жавхлант” ХХК талбайгаа зарах үед 1 нь гэрчилгээтэй, 1 нь гэрчилгээгүй байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгаа хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн дагуу газрын гэрчилгээгээ авчир гэсэн шаардлага тавигдсан. Ингээд 2022 оноос бүртгэлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Бидний эрх ашиг юунд зөрчигдөж байгаа вэ гэхээр бид 2005 онд газрын эрх үүсээгүй байх үед объект худалдаж авсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. н.Энхжин гэдэг хүний маргааны асуудал байгаа болохоос “Хатантулга” ХХК-ийн эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргааны талаар иргэний шүүхээс дүгнээгүй. 1995 онд хууль ёсны өмчлөгчөөс шилжүүлж авсныг хууль ёсоор эзэмшсэн гэж үзэж байна. “Хөгнө жавхлант” ХХК-ийг үүсэн байгуулагдсанаас хойш 2002 онд “Золбоо инвест” ХХК-ийн газар эзэмших эрх нь үүссэн байна.

Тухайн үед газар олгоход хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжоос үзэхэд газар олгож байгаа Засаг дарга гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, биечлэн очиж шалгах, эсхүл улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Мэдэгдээгүйгээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлээгүй, эрх зүйн байдлаа дордуулсан хэдий ч үүнээс үл хамаарч Газрын тухай хуулийн дагуу захиргааны байгууллага шалгах процесс хийсэн бол нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөхгүй байсан. Газрыг эзэмших зорилго нь өнөөдрийг хүртэл 28 жил эзэмшиж байгаа эд хөрөнгөө бүртгүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй учир газрыг шилжүүлэх зөвшөөрөл хүсэхэд гуравдагч этгээд зөвшөөрөөгүй. Албан бичгээр ч хандсан. Захиргааны байгууллагаас “Хөгнө жавхлант” ХХК-д ч мэдэгдээгүй. Гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгаагүй.  Энэ талаар хэрэгт байхгүй. Олгогдсон газрыг л сунгасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцлагагүй зүйл ярьдаг. Хүснэгтэд заагдсан хэд хэдэн асуумж байгаа боловч түүнийг шалгаагүй, хэмжээ нь бүгд зөрүүтэй байна. Хүчин төгөлдөр захирамжийн агуулгыг харахад хэмжээг багасгаж сунгасан байна. Үүнийг нэхэмжлэгч тал шинээр олгосон гэж үзэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Туул нь бусдад шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл шилжүүлсэн ойлголт огт байхгүй. “Золбоо инвест” ХХК, “Ялгуун прогресс” ХХК нь нэг компани юм. н.Надмид хэлэхдээ “Ялгуун прогресс” ХХК нь надтай хамааралтай. Асуудалгүй, би зөвшөөрөл өгнө гэж аман байдлаар хэлдэг боловч биелэлээ олоогүй. Гуравдагч этгээдээс бидний эзэмшиж байгаа хөрөнгийн доорх газрыг өгөхийг хүсэж байна.

Эзэмшинэ гэдэг үгийн цаана ашигт үйл ажиллагаа явагдах ёстой. Хэн нэг нь энэ газрыг ашиглах боломжгүй байдалд хүргэж байна. Үүнийг гуравдагч этгээд болон Газар зохион байгуулалтын алба зохицуулах бүрэн боломжтой.” гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд яагаад Газар зохион байгуулалтын албанд хандаагүй вэ гэдэг асуудал яригддаг.  Энэ хугацаанд н.Надмид, С.Маам нар нь хөрш бөгөөд барилгад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй. Нэг талд нь эмийн сан, нөгөө талд нь цайны газар, паб ажиллуулдаг. Хоорондоо уулзахдаа би чиний газрын гэрчилгээг авчихсан гэж хэлээгүй. Энгийн харилцаатай байсан учраас С.Маамын хувьд хардлага төрөөгүй, найзын харилцаатай байсан. Гэтэл гуравдагч этгээд үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшиж зарсан гэдэг асуудал яригддаг.

Үл хөдлөх газрын доорх газар нь бүрдэл хэсэг байна гэж нэхэмжлэгч хэлсэн. Объектыг худалдаж авсан учраас газар нь “Хатантулга” ХХК-ийн хууль ёсны эзэмшил гэж ойлгосоор ирсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалттай давхцаагүй байна гэж заасан байдаг. Хүсэлт гаргагч “Ялгуун прогресс” ХХК-ийн газар “Хатантулга ХХК-ийн газартай давхацсан байхад Газар зохион байгуулалтын алба хээрийн судалгаа хийж бодит байдалтай танилцаагүй. Иймд Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж байна.  Судалгаа хийгээгүй, эзэмшигчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Уг газар дахин төлөвлөлтөд орвол хоорондоо зохицож газраа зарна гэсэн итгэлийг өгдөг. н.Надмидыг объёктын доорх газрыг авна гэж С.Маам бодоогүй учраас өнөөдрийг хүртэл явсан. Манай 131 м.кв талбайн доорх газрыг манайх гэж н.Надмид нэг ч удаа нэхэж байгаагүй. Ямар нэгэн зөрчил үүсэж байгаагүй. Иргэний, эрүүгийн шүүхээр явсан тэр асуудлыг С.Маам огт мэдээгүй. “Хатантулга” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн гэж шүүхээс, цагдаагаас албан бичиг ирж байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

11. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг заасан бүрэн эрхийнхээ хүрээндд тус захиргааны актыг гаргасан бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ялгуун прогресс” ХХК-д 1330700357 нэгж талбарын дугаартай, 2030 м.кв газрыг 15 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.

Иймд Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийн хууль, ёсны эрх ашгийг хэрхэн хөндсөн талаар баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн гаргасан үндэслэл бүхий юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. Мөн хуулийн 38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл “Хатантулга” ХХК-ийн гаргасан хүсэлт нь бусдын эзэмшлийн газартай давхцаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас маргааны асуудлыг Газар зохион байгуулалтын албаар шийдвэрлэх боломжтой шүү дээ гэж дурдаж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг Газар зохион байгуулалтын албанд байхгүй. Үүнийг зохицуулахын тулд 2 талын хүсэлтийн дагуу харилцан зөвшилцлийг үндэслэж шийдвэрлэнэ. Маргаан бүхий А/54 дүгээр захирамж нь газрын эрх олгосон захирамж гэж ойлгож байна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Өмнө олгосон А/183 дугаар захирамжийн хугацаа дуусан бол хүчингүй болгож түүний хугацааг сунгасан захирамж гардаг учраас А/54 захирамж нь газрын эрхийг баталгаажуулсан захиргааны акт биш. Газрын хэмжээ, зориулалт өөрчилсөн захиргааны акт юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т  зааснаар бусдын газартай давхацсан байна уу гэдгийг шалгахгүйгээр олгосон нь үндэслэлгүй гэж үзсэн тайлбарлаж байгаад хариу хэлье “Хатантулга” ХХК-ин гэрээ, гэрчилгээ кадастрын нэгдсэн санд бүртгэлгүй, ямар нэгэн эд хөрөнгийн давхцалгүй гэж мэдээ гарсан. Тиймээс Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны акт нь ямар нэгэн хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

13. Гуравдагч этгээдийн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: ”...нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 03 дугар сарын 28-ны өдөр “Хөгнө жавхлант” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан, тухайн объект нь 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0002255 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан атал гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлноос үзэхэд “Хатантулга” ХХК-ийн эрх ашиг газар эзэмших эрх үүсэх үед зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. …нөгөөтэйгүүр “Хатантулга” ХХК нь “Хөгнө жавхлант” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан бол эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авах ёстой ба худалдах худалдан авах гэрээгээр авсан тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах үр дагавар үүсэх тул иргэний эрх зүйн маргаан байхаар байна.

            Иймд дээр үндэслэлүүдийг судлан үзэж “Хатантулга” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

14.  Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн талаар заасан байдаг. “Хатантулга” ХХК-ийн хувьд 2023 онд өмчлөгч гэдгийг тогтоолгосон үйл баримт байна. “Ялгуун прогресс” ХХК нь ямар нэгэн эрхийн доголдолгүй, Нийслэлийн засаг даргын 2022 оны А/54 захирамжтай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй компанийг худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Хатантулга” ХХК 62 м.кв талбайн өмчлөгч болохоос өмнө 2022 оны А/54 дүгээр захирамж гарчихсан байсан. Тухайн үед “Хатантулга” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй. 131 м.кв гэж байгаа боловч 62 м.кв талбайг л “Хатантулга” ХХК эзэмшиж байгаа юм. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т ямар баримтуудыг бүрдүүлж өгөх талаар зааж өгсөн байдаг. Эдгээр баримтуудыг бүрдүүлж өгөх боломжгүй байгаа учраас газар эзэмшиж чадахгүй байна гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Газрыг олгож байгаа субъект нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу бусдын эзэмших, өмчлөх эрхтэй газартай давхацсан эсэхийг шалгах үүрэгтэй болохоос үл хөдлөх эд хөрөнгө хэний эзэмшил вэ гэдгийг шалгах чиг үүрэг байхгүй. Нэхэмжлэгчээс 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Нийслэлийн Засаг даргын захирамж гарах үед “Хатантулга” ХХК-ийн ямар эрх ашиг зөрчигдсөн үйл баримт байхгүй. “Хатантулга” ХХК нь 131 м.кв талбайгаас 62 м.кв талбайг 2023 оны 04 дүгээр сард өмчилсөн байна. Даалгах шаардлагын хүрээнд ярья. Эрх бүхий байгууллагаас эс үйлдэхүй гаргавал түүнийг хүчингүй болгож даалгадаг. “Хатантулга” ХХК нь 2023 оны 04 дүгээр сард өмчлөгч болсноос хойш Нийслэлийн Засаг даргад хандаж хариу өгөөгүй ямар эс үйлдэхүй гаргасны улмаас даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Маргаан бүхий акт гарахад “Хатантулга” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна.” гэв.

15.  Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал 1995, 1998, 2000 оноос хойш нэр бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан гэж тайлбарладаг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх нь Мори” ХХК-иас “Золбоот инвест” ХХК-д “Золбоо инвест” ХХК-иас “Ялгуун прогресс” ХХК-д шилжсэн процесс байгаа юм. “Ялгуун прогресс” ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсний дараа нэхэмжлэгч шүүхэд хандсан.  1995, 1998 оноос хойш яагаад Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бэ хууль тогтоомжийн хүрээнд нотариатын үйлдэл 3 жилийн хугацаатай. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь хоногоор хязгаарлагдана.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлд хуулийг мэдэхгүй, ойлгоогүйгээс үүсэх эрх зүйн харилцааг өөрөө хариуцна гэсэн хуулийн зохицуулалт бий. С.Маам би бүртгүүлэхээ мэдэхгүй байсан гэж тайлбарлаж байна. “Хөгнө жавхлант” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө л худалдаж авсан байна. Газрыг огт худалдаж аваагүй, эрхийн зөрчилтэй эд хөрөнгөтэй нь “Хөгнө жавхлант” ХХК юм байна гэж ойлгож байна. Хөгнө жавхлант” ХХК-иас зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө л худалдаж авсан гэж байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллагатай маргах ёстой. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн огноотой өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 131,05 м.кв,  62 м.кв нь хоорондоо ямар хамааралтай вэ гэдгийг нотлохгүй байна.  Ямар захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас ямар эрх ашиг хөндөгдсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Газар зохион байгуулалтын албаны ямар буруутай үйл ажиллагаа байгаа вэ гэдгийг тогтоох бололцоогүй юм. Яагаад гэвэл 2002 оны А/54 дүгээр захирамжаар олгох газрын давхцалын асуудлыг шалгахад “Хатантулга” ХХК газар эзэмшээгүй байсан. Газар шинээр эзэмших хүсэлт нь Нийслэлийн Засаг даргад очоогүй байсан. Тэдний эрх ашгийг зөрчсөн асуудал огт байгаагүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. 131.05 м.кв талбайтай эд хөрөнгийг ирээдүйд авна гэж шүүхэд хандах бололцоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Туул шүүх хуралдаанд ирээгүй боловч хариуцагчийн нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Нарантуяа шүүх хуралдаанд оролцож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5.”Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.”"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь 1995 оноос үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа тул тухайн хэмжээнд хамаарах газрыг эзэмших эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх бөгөөд энэ тохиолдолд хуулийн дээрх заалтад зааснаар зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэлтэй тул газар эзэмших эрхтэй эсэх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ. 

  1. Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргадаг.

Тус зүйлийн 106.3.4.”захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар даалгах шаардлагын тухайд захиргааны байгууллага албан тушаалтны захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байх учиртай.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хууль бус захиргааны гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл эс үйлдэхүйн талаар дурдаагүй боловч гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн “Ялгуун прогресс” ХХК-д олгосон 2617 м.кв газраас “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах, 131.05 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан болон хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/1772 дугаар албан бичгээр өгсөн хариуг захиргааны гаргахаас татгалзсан шийдвэр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1.”Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” гэж заажээ. 

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 3 дугаартай барилгын баруун урд хэсэг хаягт байрлах “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн 131.05 м.кв талбайгаас 69,05 м.кв талбайг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул өмчлөх эрх үүсээгүй байна.

Харин 62 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хуульд зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрх тус захирамж гарсны дараа үүссэн тул түүнээс өмнө гарсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.

  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүлийн 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.3.”Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.3.1.”аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 32.3.2.”тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 32.3.3.”газар эзэмших зориулалт, хугацаа.”,  гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлт гаргахдаа тодорхой баримтуудыг хавсарган гаргахаар байх ба нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/45 дугаар албан бичгээр хандсан нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. 

Мөн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй байх учиртай бөгөөд нэхэмжлэгч бусдад эзэмшүүлсэн газрыг  чөлөөлж өөрийн эзэмшилд авах хүсэлт гаргахаас өмнө Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй учир нэхэмжлэгч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн улмаас хөндөгдсөн гэж үзэхгүй.

Учир нь газар эзэмших эрх Газрын тухай хуульд зааснаар үүсэх ба бусдын эзэмших эрх бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмшиж, өмчилдөг нь газар эзэмших давуу эрхийг үүсгэхгүй юм.

  1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийн газрын хэмжээг өөрчилсөн бөгөөд тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сары 18-ны өдрийн 101 дүгээр захирамжаар “Золбоо инвест” ХХК-д 0.32 га газрыг 4 жилийн хугацааг ашиглуулсан байх ба улмаар мөн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар “Золбоо инвест” ХХК-иас “Ялгуун прогресс” ХХК-д шилжүүлэн 15 жилээр эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч дээрх захирамжуудад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар тус захирамжийн асуудлаар дүгнэх боломжгүй. 

  1. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж байгаа газар нь (газар эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаагүй) бусдад эзэмшүүлсэн газартай давхцсан, нэг обьектод хамаарах үл хөдлөх хөрөнгө өмчилдөг нь түүний доорх газрыг эзэмших эсвэл хамтран эзэмших эрхийг хуулиар олгоогүй тул нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/45 дугаар албан бичгээр гаргасан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ялгуун прогресс” ХХК-ийн нэр дээр байгаа 62 м.кв газрыг чөлөөлж, “Хатантулга” ХХК-ийн эзэмшилд олгох тухай хүсэлтэд өгсөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/1772 дугаар албан бичгээр “Ялгуун прогресс” ХХК-д 2005 онд эзэмшүүлсэн тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсний дараа хандах талаар хариуг буруутгах үндэслэлгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1заасныг тус тус баримтлан “Хатантулга” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ”Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дугаар захирамжийн “Ялгуун прогресс” ХХК-д олгосон 2617 м.кв газраас “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах 131.05 м.кв  газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 3 дугаартай барилгын баруун урд хэсэг хаягт байрлах “Хатантулга” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн 131.05 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх 131.05 м.кв газрыг “Хатантулга” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН