Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/04067

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/04067

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 204 442 280 төгрөг, алданги 102 221 140 төгрөг, нийт 306 663 420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******,

хариуцагчийн*******,

хариуцагчийн төлөөлөгч*******,

хариуцагчийн өмгөөлөгч*******,

гэрч*******,,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* хариуцагч*******,******* нарт холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 204 442 280 төгрөг, алданги 102 221 140 төгрөг, нийт 306 663 420 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:******* нь*******-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх орон сууцны хотхоны дээврийн ус тусгаарлалтын ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 13-нд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт 204 442 280 төгрөг төлөх, 4.1.1,4.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах , 4.2 дахь хэсэгт зааснаар заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй бол хоног тутамд төлөх ёстой үнийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд гэрээний үүрэгт 204 442 280 төгрөг гэрээгээр тохиролцсоны дагуу хоногт 204 442 280 төгрөгийн 0,5 хувь нь 1 022 211 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 4 сар 25 хоног буюу 145 хоногоор тооцоход 148 220 653 төгрөг байгаа боловч хуульд заасан 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги 102 221 140 төгрөг, нийт 306 663 420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжпэгч гэрээт ажлын хүрээнд хариуцагчийн Хан хиллс хотхонд 8 барилга, 8 террас, цэцэрлэг, хоолны газар, шүдний эмнэлэг зэрэг 2 давхар 8 барилга, нийт 24 барилгын дээврийн ус тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн. Эдгээр 24 барилгын дээврийн ажил нь дундын талбайг бодвол төвөгшил ихтэй олон булан тохой, агааржуулалтын яндан хоолой, багана, труба зэрэг нарийн ажилбаруудтай бөгөөд барилгын дээврийн ажлуудад доголдол гараагүй байгаа нь манай ажил чанартай гүйцэтгэгдсэн болохыг харуулна. Харин дундын талбайд хийсэн ус тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараа хариуцагч тохижилтын ажил хийхдээ манай тусгаарлалт хийсэн талбай дээр механик гэмтэл /ачаа бараа зөөх, тээвэрлэх, багажаар ажиллахдаа/ учруулснаас ус нэвчиж энэ тухай хариуцагчийг мэдэгдсэн даруйд буюу 2019, 2020 онд нөхөөсний ажлуудыг хийж байсан. Талуудын хооронд байгуулсан 3.12 дах хэсэгт заасан хийсэн дээврийн ажлын гүйцэтгэлд 10 /арван/ жилийн баталгаа гаргаж энэ хугацаанд зөвхөн технологийн доголдлоос үүдэн гэмтэл гарсан тохиолдолд өөрийн зардлаар 100 хувь засаж гүйцэтгэнэ. Үүнд механик гэмтэл, цанаталт, ашиглалтын буруугаас үүдэн цоорсон, урагдсан мөн бетон тэгшилгээ хийх явцад гарсан гэмтлүүд орохгүй гэж заасан бөгөөд харицагчийн 42 хуудастай гаргаж өгсөн баримтуудаар 521, 523, 524, 525, 526 дугаар барилгын дундын талбай, температурын зааг зэргээр дундын талбай буюу грашийн дээд талын талбайд хийгдсэн ус тусгаарлалтын ажлын дараа хийсэн тохижилтын ажлын явцад үүссэн механик гэмтэл учир нэхэмжлэгчийн технологийн алдаа гэж үзэхгүй, энэ хэсэгт 2019, 2020 онд нэхэмжлэгч очиж үзээд талбайн хэв гажилтын зааг дээрхи механик гэмтлүүдийг, хашаа суулгахдаа мембраныг урсан, цоолсон хэсэгт илрүүлэн дээгүүр 379 нөхөөс, хоолойд холбоос зэргийг хийж гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгч. Бид 2018 оноос уг ажлыг хийж эхэлсэн бөгөөд гэрээг ажил дуусах шатанд бичгээр байгуулсан. Хийсэн ажлаа тухай бүрт нь актаар баталгаажуулж, хүлээлгэж өгч байсан. Мөн хариуцагчийн дурьдаж буй 123.234.561 төгрөгийн төсөвтэй мембрамын нөхөөсний ажил хийсэн гэж тайлбарлаж байгаа нь манай хийсэн ажлын доголдолтой хамааралгүй гэв.

2. Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******,******* нь ********* хотхоны дээврийн ажлын гүйцэтгэлд хамтран ажилласан боловч******* нь хамгийн үнэтэй материалууд, бид Америкийн технологийг оруулж ирдэг, 10 жилийн баталгаа өгч ажилласан. Ажлаа гүйцэтгээд дууссаны дөнгөж дараа манай захиалагч компани ажлаа хүлээж аваагүй байхад маш их хэмжээний ус гоожсон. Бид нар 2, 3 удаа хуулуулж маш их хэмжээний зардал гаргасан. Бид нар нэг техник оруулсан. Нэг цоорхой хэсгийг бол гол хэсэгт нь нөхсөн боловч захын 525, 526, 523 болон 521 гэсэн барилгуудыг тойрсон. Хамгийн үнэтэй материал бол 8 000 м.кв талбайд 60 000 гэдэг бол 30 000 силиконы ажил хамгийн үнэтэй материал гэдэг. Тэгэхээр эд нар 8 000 м.кв талбайд 30 000 төгрөг буюу 240 000 000 төгрөгийн материал хэмнэчихсэн байгаа байдал харагдаад байгаа юм. Тэгээд 10 жилийн баталгаа өгч ажилласан мөртөө ус алдчихаад байгаа юм. 210 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч бид нар захиалагч компаниасаа 1 000 000 000 гаруй төгрөгийн гүйцэтгэлийг*******-ийн буруу ажиллагаанаас болоод авч чадахгүй байгаа. Бид нар бас банкны зээлтэй, банкны хүү гээд их алдагдалд орж байгаа. Энэ зүйлсийг та нар хийгээд өгчхөөч ээ, гүйцэтгээд өгчхөөч ээ гэж зөндөө гуйсан боловч хэлж өгдөггүй. Одоо ирчхээд байгаа н.Энхбаатар инженер нь эдний талбайн ерөнхий инженер байсан. Энэ хүнээс би олон удаа шаардсан. ******** захиралд ч бас хэлсэн. Энэ хүнээ соль, энэ хүн чинь ерөөсөө ажлаа мэдэхгүй байна, хийхгүй байна, үгэнд орохгүй байна, энэ ажлыг дутуу хийгээд байна шүү дээ гэж 2, 3 удаа хэлсэн. Энэ хүн үгэнд ордоггүй. Өөрийнхөөрөө зүтгээд байдаг. Тэгээд би ингэж харилцан ярилцаж байсан. Мессежүүд хүртэл байгаа. Бид нар захиалагч компанидаа бид нар ажлаа хүлээлгэж өгөөд гүйцэтгэлээ авмаар байна. танайх ийм ийм ажлаа гүйцэтгээч ээ гээд байхад бид нарын үгийг хүлээж авдаггүй. Энэ инженерийнхээ үгээр явсаар байгаад одоо бид нарыг бас асар их хохиролд оруулчихсан байгаа. Тэгээд тэр материал хэрэглэсэн байдал нь залилангийн шинжтэй ч юм шиг. Бид нар тэр материалаа болохгүй бол авмаар байдаг. 240 000 000 төгрөгийн силиконоо бид нар авмаар байна. Хэрвээ тэрийг хийж өгөхгүй гэж байгаа бол бид нар ийм л саналтай байгаа. Маш их хохиролтой байна, гомдолтой байна гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь-ийн захиалгаар энэ барилгыг барьсан. Энэ барилгын захиалагч нь манай компанид удаа дараа барилга нь чанарын шаардлага хангахгүй байгаа тухай албан бичиг ирүүлж байсан. Манай компани нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дугаартай гэрээний гүйцэтгэлийн ажлын чанарын шаардлага хангахгүй байгаа бөгөөд авто зогсоолын дээрээс 10 гаруй газраас усны дусаал гоожиж байгаа асуудлын талаар удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Ийм учраас нэн даруй одоо ус гоожиж байгаа барилгын тээврийн асуудлыг засаж өгнө үү гэсэн албан бичиг, мөн 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэгдсэн авто зогсоолын дээврийн ажлын талаар мэдэгдэл, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бол **** дугаар барилгын ажлын дээврийн гүйцэтгэлийн талаар 10 гаруй газраас ус гоожиж, одоо оршин суугчдаас маш их санал гомдол ирж байгаа учраас энэ нь хохирлыг танай компанид барагдуулахыг үүрэг болгон мэдэгдэж байна мэдэгдэх хуудас, 2022 оны 2 дугаар сарын 21-ний **** дугаартай шаардлага хүргүүлэх тухай гэсэн албан бичгүүдийг тус тус ирүүлсэн байна. Албан бичигт ******, ****** дугаар байрны нийт 407 нэгдсэн зогсоолын барилгын ус тусгаарлалтын ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Энэ ажлын доголдлыг зассаны дараа, бидний хооронд хийсэн гэрээг дүгнэж төлбөр, тооцоог хийж өгнө. Түүнээс өмнө төлбөр тооцоо хийгдэх ямар ч боломжгүй гэж Могул ибиз буюу ерөнхий захиалагч компаниас манайд албан бичиг ирсэн байдаг. Үүнээс үзэхэд-ийн гүйцэтгэлийн ажил хангалтгүй гэдэг нь болбол хангалттай нотлох баримтаар нотлогдож байна. Бид шүүхийн шатанд маш олон тооны зураг, бичлэгүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хамгийн сүүлд зөвлөх инженер чанарын шаардлага хангахгүй байна, материал хэмнэх байдлаар дутуу ажиллагаа хийснээс энэ эрсдэл үүссэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Ийм учраас бид нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2021.01.13-ны өдрийн 1 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 2021.10.01-ний өдрийн 293 дугаар тэмдэглэл, 2018.10.20-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн акт, фото зураг, 2019.05.19-ний өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн акт, ажил хүлээлцсэн акт, 2019.05.02-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн акт, ажил хүлээлцсэн акт, 2019.05.25-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн акт, ажил хүлээлцсэн акт, 2019.05.15-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн акт, ажил хүлээлцсэн акт, 2019.05.13-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн акт, ажил хүлээлцсэн акт, 2019.05.17-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн акт, ажил хүлээлцсэн акт, 2019.06.13-ны өдрийн, 2019.06.13-ны өдрийн, 2020.05.07-ны өдрийн, 2020.05.07-ны өдрийн 2020.06.30-ны өдрийн, 2020.07.03-ны өдрийн, 2020.07.25-ны өдрийн, 2020.09.15-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэлийн актууд, фото зураг зэргийг ирүүлсэн. /хх-2-9, 90-136/

5. Хариуцагч талаас хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,**********дүрэм, ****дугаар засварын ажлын төсөл, барилга байгууламжийн нэгдсэн төсөв, төсвийн товч тайлбар, төсөв өртгийн нэгдсэн товчоо, цалингийн нэгтгэл, материал ба тээврийн зардал, фото зураг, 2019.03.01-ний өдрийн дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ,*******-ийн дугаар хяналтын дүгнэлт, гэрчилгээний хуулбар, фото зураг зэргийг ирүүлсэн. /21, 27-28, 42-83, 198-209/

6. Талуудын хүсэлтээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.18-ны өдрийн ******дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-141/, гэрч*******, нараас мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:******* нь*******-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх *******орон сууцны хотхоны дээврийн ус тусгаарлалтын ажлыг 2018-2021 оны хооронд хийж гүйцэтгэж, гэрээг ажил дуусах шатанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-нд талууд гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй. Иймд гэрээний үүрэгт 204 442 280 төгрөг гэрээгээр тохиролцсоны дагуу хоногт 204 442 280 төгрөгийн 0,5 хувь нь 1 022 211 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 4 сар 25 хоног буюу 145 хоногоор тооцоход 148 220 653 төгрөг байгаа боловч хуульд заасан 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги 102 221 140 төгрөг, нийт 306 663 420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талын яриад байгаа доголдол нь манай гүйцэтгэсэн ажилтай хамааралгүй бөгөөд үүссэн гээд байгаа асуудал нь тухайн компани тохижилтын явцад үүссэн механик гэмтлээс үүссэн тул бидэнд хамааралгүй. гэж тайлбарласан.

3. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ус тусгаарлах ажил чанарын доголдолтой байсны улмаас олон газраас ус гоожиж манай зүгээс гүйцэтгэлийн ажлын чанарын доголдлыг арилгуулах шаардлага удаа дараа тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл энэхүү ус гоожих доголдол арилаагүй. Нэхэмжлэгч нь гэрээт ажлаа чанарын доголдолтой гүйцэтгэсний улмаас манай компани нь захиалагч талаас санхүүжилтээ авч чадахгүй, мөн нэгэнт гүйцэтгэсэн ажлаа дахин дахин хуулж гүйцэтгэн зардал чирэгдэл болон хохирсоор байна. Иймд-ний гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн бичлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч******* нь-тай 2019 оны 03 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******** орон сууцны хотхоны дээврийн ус тусгаарлах засварын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан талаар талууд тайлбарлаж байна.

5.а. Дээрх гэрээний дагуу хариуцагч******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, нутаг дэвсгэрт ******* орон сууцны хотхоны дээврийн ус тусгаарлалтын ажлыг болон тухайн хотхоны дундын талбайн ус тусгаарлалтын ажлуудыг хийлгэхээр нэхэмжлэгч-тай тохиролцож, улмаар 2018 оны 10 сараас уг ажлыг эхлүүлэн хийж, гүйцэтгүүлсэн байх ба энэ талаар талууд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан, баталгаажуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан барилгын ажил гүйцэтгэх №1 гэрээгээр тогтоогдож байна.

5.б. Гэрээний 1.3-т ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж, дээврийн ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгэхэд 204 442 280 төгрөг болсон ба 2021 оны 03 дугаар сарын 30-ны дотор 104 442 280 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны дотор 100 000 000 төгрөгийг*******-ийн хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

5.в. Мөн гэрээний 3.12-т Гүйцэтгэгч нь хийсэн дээврийн ажлын гүйцэтгэлд 10 жилийн баталгаа гаргаж энэ хугацаанд зөвхөн технологийн доголдлоос үүдэн гэмтэл гарсан тохиолдолд өөрийн зардлаар 100 хувь засч гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-ийн 5-7/

6. Тус гэрээний дагуу******* нь дээврийн ус тусгаарлалтын ажлыг болон гэрээгээр тохирсон ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь 2018.10.20, 2019.05.19, 2019.05.02, 2019.05.25, 2019.05.15, 2019.05.13, 2019.05.17, 2019.06.13, 2019.06.13, 2020.05.07, 2020.05.07, 2020.06.30, 2020.07.03, 2020.07.25, 2020.09.15-ны өдрүүдэд барилгын ажлыг хүлээлгэн өгч, тухай бүрт нь ажлын гүйцэтгэлийн акт үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэ нь нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 90-136 дугаар талд ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

7.а. Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, нутаг дэвсгэрт ********орон сууцны хотхоны дээврийн ус тусгаарлалтын ажлын ерөнхий ажил гүйцэтгэгч нь******* байх бөгөөд туслан гүйцэтгэгчээр ажилласан гэж үзэхээр байна.

8. Эдгээр асуудлаар талууд маргаагүй боловч хариуцагч******* нь нэхэмжлэгч-ийг гэрээт ажлаа чанарын доголдолтой гүйцэтгэсний улмаас манай компани нь захиалагч талаас санхүүжилтээ авч чадахгүй, мөн нэгэнт гүйцэтгэсэн ажлаа дахин дахин хуулж гүйцэтгэн зардал чирэгдэл болон хохироосон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Харин нэхэмжлэгч тал уг доголдол гээд байгаа зүйл нь манай хийсэн ажилтай хамааралгүй бөгөөд тус компани нь ажлыг хүлээж авсныхаа дараа тохижилтын ажлыг хийхдээ механик гэмтэл үүсгэсэн, өөрсдийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж маргажээ.

9. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. гэж заажээ.

10. Дээрх дээврийн ус тусгаарлалтын ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр 1 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажил тухай бүрт ажил хүлээлцсэн актуудыг үйлдсэн байх тул ажлын үр дүнг хүлээлцсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 3 жилийн дотор******* нь захиалагч*******-д холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

11. Шүүх зохигч талуудын маргаан бүхий байдлыг тодруулахаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ********* орон сууцны хотхонд хийгдсэн ажилд үүссэн гэх доголдол ямар шалтгааны улмаас үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, улмаар үүссэн нөхцөл байдлыг тогтоолгож, талуудыг тодорхой шийдэлд хүргэх зорилгоор хугацаа өгсөн боловч талууд тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Харин хариуцагч тал нөхцөл байдлыг тодруулахаар барилгын зөвлөх инженер*******гаар 2023.10.15-ны өдөр ****** Хяналтын дүгнэлт гаргуулж хэрэгт ирүүлсэн байх ба тухайн газарт ажилласан талаараа дүрс бичлэг, фото зургуудаар баталгаажуулж ирүүлснийг, шүүх үзлэгээр баталгаажуулсан болно./хх-ийн /

12. Дээрх үзлэгээр баталгаажсан дүрс бичлэг болон фото зураг, газар дээр нь очиж ажилласан зохигч талуудын тайлбар зэргээс хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгосон ус тусгаарлалтын ажил доголдолтой гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч******* нь хавтаст хэргийн ****** талд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ******* орон сууцны хотхоны дундын талбайн мембран цоорсноос үүдсэн далд болон зам талбайн засварын ажлын төсөвт өртөгийн дүн 123 234 561 төгрөгийн тооцоог гаргаж ирүүлсэн байх боловч уг баримтаар дээрх ажлын доголдлыг тогтоох боломжгүй байна.

13. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т захиалагч гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг барагдуулаагүй бол санхүүжилт саатуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн 0,5%-иар алданги төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байх тул алдангид 102 221 140 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

14. Дээрхийг нэгтгээд хариуцагч*******, ***** нараас 306 663 420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-д олгож шийдвэрлэв.

15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,******* нараас гэрээний үүрэгт 306 663 420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 691 268 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 691 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ