Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/00679

 

 

 

 

 

 

 

 

               2024         02        16

182/ШШ2024/00679

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ТӨХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь ******* ТӨХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие ******* ТӨХХК-д 2017 оноос гэрээт нягтлан бодогч, Аж ахуйн албаны дарга, тайлан тооцооны ахлах нягтлан бодогч, Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

Ажлаас халсан тушаалаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.4-т заасныг үндэслэн гаргасан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүй халдсан тул уг тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасан байх бөгөөд мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэхээр ******* 2022 оны 06 дугаар сард ерөнхий нягтлан бодогчийн албан үүрэгт томилогдохдоо мэргэжсэн нягтлан бодогч болоогүй байсан гэдгийг ажил олгогч өөрөө мэдэж байгаад, энэ нь ажил олгогчоос гаргаж өгсөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Өөрсдөө мэргэшсэн нягтлан бодогч биш, тухайн ажлын байрны шалгуурыг хангахгүй гэдгийг мэдсээр байж болно гээд томилсон байж өнөөдөр ингээд гэнэт мэдсэн юм шиг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байгаа.

Ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох ёстой байхаар хуульчилж ажил олгогчид үүрэг болгосон байгаа. ******* нь хоёр шатны шалгалт буюу эхний шатны шалгалтад 2022 оны 11 дүгээр сард тэнцээд гэрчилгээгээ авсан. Дараагийн шатны шалгалтад 2022 оны 06 дугаар сард Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн институтээс зохион байгуулсан шалгалтад оролцохоор бэлтгэж байсан. Үүнийгээ ажил олгогчид амаар мэдэгдсэн. Тэгэхэд үүнийг харгалзан үзээгүй. Үүнээс үзэхэд энэ боломжит хугацааг *******д олгоогүй. Хуулиар заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т уг хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон бол ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэхээр хуульчилсан. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл гардан авсан бөгөөд 2023 оны 5 дугаар 12-ны өдрийн Б/28 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Хөрөнгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний сул ажлын байрны мэргэжил ур чадварт тэнцэж байсан тул 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Хөрөнгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилогдсон. Гэтэл хариуцагчаас Б/30 дугаарыг мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа. Харин Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг гаргахдаа ямар ч мэдэгдэл өгөөгүйгээр ажлаас халсан. Уг тушаалыг ажилтанд мэдэгдсэн ямар нэг зүйл байхгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан нь хууль бус байна. 

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад *******г ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/1851 дүгээр албан бичгийг үндэслэсэн ба уг албан бичгийн хавсралтаар “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдээс сонгон шалгаруулалтын талаар ирүүлсэн гомдлын дагуу төрийн орон сууцны корпорацын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас” гэх баримтыг Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн байсан. Үүнийг үндэслээд тушаал гаргасан байгаа юм. Төрийн орон сууцны корпорац нь 100 хувь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани ба үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлдэг. Төрийн орон сууцны корпорац нь бие даасан хуулийн этгээд *******тай үүсгэсэн хөдөлмөрийн харилцаанд Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээ баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах ёстой. Гэтэл Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/1851 дүгээр албан бичгийг үндэслээд тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/1851 дүгээр албан бичигт *******г Түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулалтгүйгээр хүмүүсийг оруулдаг гэсэн. ******* нь Төрийн орон сууцны корпорац ТӨХХК-нд дурдсан иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахад ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод Түрээсийн орон сууцанд оруулах иргэдийг сонгон шалгаруулах, уг үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг огт байдаггүй. Гэтэл *******г сонгон шалгаруулалтгүй иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан мэтээр огт үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэв тэгж үзсэн бол үүнийг эрх бүхий байгууллага буюу Авлигатай тэмцэх газар шалгах ёстой. Мөн Барилга, хот байгуулалтын яам нь Төрийн орон сууцны корпорац ТӨХХК-ийг үндсэн үйл ажиллагааны чиглэл, бодлогоор ханган ажилладгаас бус компанийн хүний нөөцийн бодлогод огт оролцох, чиглэл өгөх эрх хэмжээ байхгүй этгээд юм. Гэтэл энэ албан бичгийг үндэслээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь огт үндэслэлгүй.

1.4. Ажил ологч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд түүнийг ажил олгогч өөрөө шалган тогтоож, ажилтанд мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангах ёстой. Гэтэл ажил олгогч нь *******гийн  үйлдсэн гэх сахилгын зөрчлийг өөрөө шалгаж тогтоогоогүй, надад мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг бичгээр гаргаагүй зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд зөрчсөн байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/1851 дүгээр албан бичгээр сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон гэж тайлбарладаг боловч Барилга, хот байгуулалтын сайд нь компанийн ажилтны сахилгын зөрчлийг шалгаж тогтоох, арга хэмжээ авах талаар мэдэгдэх эрх хэмжээ огт байхгүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан үндэслэл байхгүй, ******* сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл байхгүй.

1.5. Хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй. Ажилтан, ажил олгогч нарын хооронд үүсэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3-т заасан эрх зүйн актуудын эрэмбээр зохицуулдаг. Тус хуулийн зохицуулалтад хөдөлмөрийн гэрээ нь байгууллагын дотоод хэм хэмжээнээс илүү хүчин чадал бүхий байхаар хуульчилсан байна. Гэтэл ажил олгогч нь тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээний нэг ч заалтыг баримтлалгүй, зөвхөн дотоод журмын заалтыг баримталсан нь талуудын гол тохиролцоо болох хөдөлмөрийн гэрээг баримтлалгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж тушаал гаргасан. ******* нь Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооны хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болж, шийдвэр гаргасан. Шийдвэрийн 6 дах Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/33 тоот тушаал, гаргасан шийдвэрээ хэвээр хадгална гэснээр талууд тохиролцоогүй тул *******гийн хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгов гэсэн байна. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд зохицуулах, маргааны талаар дүгнэлт хийж, шийдвэрлэх чиг үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл уг гурван талд хороо нь маргааны талаар огт дүгнэлт хийлгүй, талууд тохиролцоогүй хэмээн маргааныг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.2-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэсэн хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

1.6. Иймд Төрийн орон сууцны корпорац ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Төрийн орон сууцны корпорац ТӨХХК буюу нэхэмжлэгчийн ажил олгогч нь иргэн *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол Улсын Засгийн Газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үүний хүрээнд шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлэхээр зарласан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх Газраас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичгээр Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захиралд авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомж, шаардлагыг зөрчин ажилд томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх чиглэлийг ирүүлсэн. Холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор холбогдох хяналт, шалгалтыг тус компанийн ажилчдын хүрээнд явуулсан ба тухайн шалгалтаар нийт 6 ажилтан албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн. Энэ нь ЗГХЭГ-аас ирүүлсэн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 4-т заасан “...ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон” гэх үндэслэлд хамаарч байсан тул тухайн ажилтнуудад холбогдох арга хэмжээг авсан.

 Дээрх зөрчилтэй 6 ажилтны нэг нь ******* байсан бөгөөд түүний ажил мэргэжил, мэргэшлийн ур чадвар нь эрхэлж буй ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байсан. Тухайлбал, ******* нь Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийнГүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон боловч тус компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны А/37 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Ерөнхий нягтлан бодогч АБТ-ын 3-т заасан “мэргэшсэн нягтлан бодогч байх” гэх шаардлагыг хангаагүй нь хяналт, шалгалтаар илэрсэн тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

2.2. Ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн зүгээс түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасны дагуу Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг 1 жилийн турш эрхэлсэнтэй нь холбогдуулан 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Түүнчлэн нэхэмжлэгч нь компани надад энэ тухай мэдэгдсэн, сануулсан, боломжит хугацааг огт олгоогүй гэж нэхэмжлэлдээ дурджээ.

******* нь тус албан тушаалд 2022 оны 06 дугаар сард буюу чөлөөлөгдөхөөс 1 жилийн өмнө томилогдсон бөгөөд ийнхүү томилогдохдоо мэргэшсэн нягтлан бодогчийн эрх нь Ерөнхий нягтлан бодогч албан тушаалд тавигддаг суурь шаардлага байсныг мэдэж байсан. Ажил олгогч тухайн ажилтныг ажлын байрандаа тэнцэхгүй буюу мэргэшсэн бус гэдгийг мэдсээр байж томилсон нь тухайн үйлдлийг хууль ёсны үйлдэл гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь 2018 онд мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтад хамрагдан, мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх хүсэлтээ ажил олгогчид гаргаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс ч тухайн хүсэлтийг нь хангаж, холбогдох зардлыг гарган сургалтад хамруулж байсан. Үүнээс үзвэл ажил олгогч нь *******г ажилд томилогдсон хугацаанаас эхлэн мэргэшлийн түвшингээ сайжруулах боломжийг тогтмол олгосоор ирсэн.

2.3. Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дугаар зүйлд Гүйцэтгэх захирал нь дэд захирал, ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөнө. Шаардлагатай бол Төлөөлөн удирдах зөвлөл өөрийн санаачилгаар тэдгээрийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно гэж заасан. Гэтэл Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийнтухайн үеийн гүйцэтгэх удирдлага Л.Батжаргал нь *******г ажил үүргээс нь чөлөөлөхдөө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, асуудлыг хурлаар хэлэлцүүлээгүй бөгөөд өөрийн санаачилгаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн.

Ерөнхий нягтлан бодогчийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй ийнхүү чөлөөлсөн асуудал нь тус компанийн дүрэмд заасан дээрх зохицуулалтыг зөрчсөн байх бөгөөд үүнээс үзвэл Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаал нь анх үйлдэгдсэн хугацаанаас эхлэн хүчин төгөлдөр бус байсан. Гүйцэтгэх захирлын дээрх тушаал нь хүчингүйд тооцогдсоноор хууль зүйн үр дагаврын хувьд Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар *******г Ахлах мэргэжилтнээр томилсон тушаал нь мөн адил эрх зүйн хүчингүй бөгөөд тус ажилтан нь Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргээсээ анхнаасаа чөлөөлөгдөөгүй байсан юм.

Дээрх шалтгаанаар компанийн ТУЗ 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, ерөнхий нягтлан бодогчийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд 01 дугаар хуралдааны тэмдэглэлээр *******г ажил, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Энэ учраас ажлаас чөлөөлөх мэдэгдлийг дахин өгөх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд анхны мэдэгдлийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгснөөс хойш 51 хоног буюу 2 сарын дараа тус албан тушаалаас чөлөөлсөн. Компанийн ТУЗ нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шүүр ажиллагааны хүрээнд илэрсэн зөрчлөөс гадна Барилга, хот байгуулалтын сайдаас тус компанийн Гүйцэтгэх захиралд ирүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдээс шалгаруулалтын талаар ирүүлсэн гомдлын дагуу *******-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай илтгэх хуудас, дүгнэлтийг харгалзан үзсэн байна.

2.4. Ажил олгогч нь тус ажилтныг ажил, үүргээс нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэсэн. Учир нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдэгт: 6.2.23-т Ажлын байрны нөхцөл шаардлагад тавигдах мэргэжлийн ур чадвар, туршлага, боловсролын үнэлэмж тэнцэхгүй болсон гэж заасан бөгөөд тус ажилтны мэргэшлийн түвшин нь гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцээгүй байдал нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдал үүсгэсэнтэй холбоотой байна.

2.5. Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн эрх барих дээд байгууллага нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар бөгөөд үүнийг холбогдох хууль тогтоомж болон компанийн дүрмээр баталгаажуулсан байна. Барилга, хот байгуулалтын яамны хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрхэлсэн салбар, хүрээний төрийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, захиалга, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, шаардлагатай бусад асуудлаар санал боловсруулж холбогдох газарт оруулна гэж, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 328 дугаар тогтоолын 3-т Төрийн орон сууцны корпорац төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, компанийн өр, авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай гэж тус тус заасны дагуу Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийнсанхүү, хөрөнгө оруулалт, аж ахуй, түрээсийн орон сууцтай холбоотой асуудал болон холбогдох бусад асуудлаар мэргэжлийн арга зүйн туслалцаа өгч оролцдог. Мөн Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолын 3-т Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шалгуур үзүүлэлт болон тухайн жилд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг баталж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгасугай гэж заасны дагуу тус яамны сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан бөгөөд ******* ТӨХХК нь тус журмын дагуу түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулж байна.

 Үүнээс үзвэл хууль болон холбогдох тогтоолуудад заасны дагуу БХБЯ нь Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, захиргааны хэм хэмжээний акт баталж мөрдүүлэх бүрэн эрхтэй байгууллага мөн бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд баталсан журмынхаа хэрэгжилтийг хангуулах зорилгоор тус байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн хяналт, шалгалт нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.

Тус хяналт шалгалтын үр дүнд Барилга, Хот байгуулалтын Сайдаас Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захиралд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1851 дугаар албан бичгээр Түрээсийн орон сууц хөтөлбөр болон тус компанийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг ирүүлсэн бөгөөд шалгалтаар ******* нь өөрийн албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан өөрийн ээж, төрсөн эгч, зээ дүү нар болон өөрт хамаарал бүхий өөр бусад 5 этгээдийг сонгон шалгаруулалтгүйгээр түрээсийн орон сууцанд хамруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь илэрсэн.

 Дээрх илтгэх хуудас болон дүгнэлтийн хүрээнд тус компанийн Дотоод аудитор мөн адил хяналт, шалгалт явуулсан бөгөөд тухайн шалгалтаар “... Илтгэх хуудсанд дурдсан 13 ширхэг Төрийн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ”-нүүдийг байгуулсан хугацааг авч үзэхэд 2020.07.30-2020.12.10 хооронд 9 гэрээ, 2021.06.25-2021.12.22-ны хооронд 4 өмчлөх гэрээ байгуулагдсан байх ба тус хугацаанд манай байгууллагад бичгээр хүсэлт гаргасан иргэдэд Тайлбар хүргүүлэх тухай 105 ширхэг албан бичиг явсан байна. Тус албан бичгүүд нь ижилхэн утга санааг агуулсан байх бөгөөд 2016 оноос хойш хэрэгжүүлсэн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд бүрэн хамрагдаад байна, 2017 оноос хойш Төрийн түрээсийн орон сууцны санд орон сууц нэмж шилжүүлсэн шийдвэр гараагүй байна, иймд шинээр бүртгэл явагдах үед зохих журмын хүрээнд бүртгүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг иргэдэд явуулж байсан...” гэх нөхцөл байдлыг илрүүлсэн.

 Энэхүү нөхцөл байдал нь тус ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл бүхий шалтгаануудын нэг болсон бөгөөд Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам, Төрийн өмчийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ыг зөрчсөн үйлдэл нь ажил олгогчийн зүгээс түүний болон түрээсийн орон сууцанд хамрагдах эрх бүхий зорилтот бүлгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна.

2.6. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын аль нэг нь гэрээг цуцлахдаа зайлшгүй хуульд нийцүүлсэн байх шаардлагатай бөгөөд хууль зөрчөөгүй боловч хуульд тусгагдаагүй нөхцөлүүдийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон тохиолдолд гэрээг цуцлах үед тухайн зохицуулалтыг зайлшгүй үндэслэх шаардлагатай. Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны Б/33 тушаалын хувьд хуульд заасан үндэслэлийн дагуу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тул холбогдох хуулийн зохицуулалтууд болон түүний үндэслэл болсон эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгүүдийг үндэслэн тушаалыг баталсан байна. Түүнчлэн хуульд Хөдөлмөрийн дотоод журмыг гэрээ цуцлах тушаалд үндэслэхгүй гэх, эсхүл үүнтэй утга ойролцоо зохицуулалт байхгүй бөгөөд гэрээ цуцалснаас үүдэн бий болж буй асуудал нь тус журамд тусгагдсан ба энэ нь тушаалын нэг хэсэг болж батлагдсан тул Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн нь хууль зөрчсөн асуудал огт биш юм.

 Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан *******г ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй бөгөөд ахлах мэргэжилтэн албан тушаалын хувьд ч дээр дурдсаны дагуу Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаал нь анх үйлдэгдсэн хугацаанаасаа эхлэн хууль зүйн үр дагавар үүсгэх хүчин чадалгүй баримт бичиг байсан тул нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байна. Иймд иргэн *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар хуралдааны шийдвэр /хх 5-7/

3.2. Итгэмжлэл /хх 8/,

3.3. *******йн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх 9-12/,

3.4. *******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 13-14/,

3.5. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх 15-18/,

3.6. Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчийн Институтын гэрчилгээ /хх 103-106/.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Итгэмжлэл /хх 29-30/

4.2. Хариу тайлбар /хх 32-36/,

4.3. ******* ТӨХХК-ийн дүрэм /хх 37-48/,

4.4. ******* ТӨХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх 49-58/,

4.5. ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.05.25-ны өдрийн 01 дугаар хуралдааны тэмдэглэл /хх 59/,

4.6. ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.05.25-ны өдрийн 04 дугаар хуралдааны тэмдэглэл /хх 60-63/,

4.7. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 64-65/,

4.8. ******* ТӨХХК-ийн 2023.04.06-ны өдрийн 1/457 дугаар албан бичиг, түүний хавсралт /хх 168-176/,

4.9. Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Сайдын 2023.05.18-ны өдрийн 1/1851 дугаар албан бичиг, түүний хавсралт /хх 176-184/,

4.10. *******йн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх 81-82/,

4.11. *******йн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх 83/,

4.12. *******йн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх 84/,

4.13. *******йн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаар *******г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх 85/,

4.14. *******йн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/65 дугаар Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт /хх 86-87/,

4.15. *******йн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаар *******г ажилд томилох тухай тушаал /хх 88/,

4.16. *******йн ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаар *******г гэрээт ажилтнаар ажиллуулах тухай тушаал /хх 89/,

4.17. Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хх 90-91/,

4.18. *******  ТӨХХК-ийн Дотоод аудиторын 2023.06.26-ны өдрийн дүгнэлт /хх 92-93/,

4.19. *******гийн 2018.10.29-ний өдөр гаргасан Сургалтанд хамрагдах  тухай хүсэлт /хх 94/,

4.20 *******йн ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/140 дугаар сургалтанд хамруулах тухай тушаал, түүний хавсралт /хх 95-96/,

4.21. Монгол Улсын Сангийн Яамны 2022.06.21-ний өдрийн 03/4349 дугаар албан бичиг /хх 109/,

4.22. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023.10.25-ны өдрийн 06/17091, 06/17092, 06/17093 дугаар албан бичгүүд /хх 110-111, 113/,

4.23. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023.10.13-ны өдрийн 06/16346 дугаар албан бичиг /хх 112/,

4.24. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбар /хх 167/.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх Авлигатай тэмцэх газраас 2022.07.07-ны өдрийн 220200391 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, Барилга хот байгуулалтын яамны 2023.10.03-ны өдрийн 3/3577 тоот албан бичгийн хуулбар зэргийг гаргуулсан байна.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023.10.13-ны өдрийн 06/16346 дугаар албан бичгийн хуулбар /хх 211/, *******йн гүйцэтгэх захирлын 2020.02.13-ны өдрийн А/17 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, ажлын хэсгийн 2020.08.31-ний өдрийн дүгнэлтийн хуулбар /хх 212-215/, Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам /хх 216-226/ зэрэг баримтыг гаргуулсан.

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******гаас хариуцагч ******* ТӨХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсжээ.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

 

Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй гээд 155.1.3-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэж, 156 дугаар зүйлийн 156.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна гэж, 156.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.

 

Ийнхүү хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

2. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь ******* ТӨХХК-д 2017 оны 02 дугаар сараас хойш нягтлан бодогч, Аж ахуйн албаны дарга, Тайлан, тооцооны ахлах нягтлан бодогч зэрэг албан үүргийг гүйцэтгэж ирсэн байна.

 

Улмаар Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна /хх 85 хуудас/.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 4.1.15-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тус тус заажээ.

 

 Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр болон бусад үндэслэлээр үүсэж, энэхүү харилцаагаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин хөлс олгох, бусад шаардлагатай нөхцөлөөр хангах үүргийг хүлээдэг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж, 50.2-т Улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тус тус заасан.

 

 Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр тодорхой хугацаатай байгуулж болох ба үүнээс бусад тохиолдолд хугацаагүй байгуулна.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 70 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар зохигч нар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. /хх 15-18/,

 

Түүнчлэн энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан бөгөөд зохигчид хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иймд, талууд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь тус компанид Санхүү хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд хугацаагүй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

3. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт,  Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Сайдын 2023.05.18-ны өдрийн 1/1851 дугаар албан бичиг, ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.04.25-ны өдрийн 01 дугаар хуралдааны тэмдэглэлд тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *******г 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгож түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх 9-10/

 

Тодруулбал, хариуцагч ******* ТӨХХК нь нэхэмжлэгч *******гийн мэргэшлийн түвшин нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй, албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан түрээсийн орон сууцанд өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл садангаа оруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг ажилтан болон ажил олгогч нарын аль нэг нь цуцлах санал гаргах эрхтэйгээс гадна ажилтны мэргэшлийн түвшин нь гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон бусад дүрэм, журамд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас цуцалж болно.

 

******* ТӨХХК-ийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Компанийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байна ... гэж заасан, мөн 2022.05.24-ний өдөр баталсан Санхүү хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 3-т тавигдах шаардлагыг тусгасан байх ба нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч байх мэргэшлийн шаардлага тавигджээ.

 

Хариуцагч компанийн зүгээс *******г ажлаас чөлөөлсөн нэг үндэслэлээ дээрх дурдсан “мэргэшсэн нягтлан бодогч” байх мэргэшлийн шаардлага хангаагүй гэжээ.

Талууд ******* нь Санхүү хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох цаг үед мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй буюу тухайн албан тушаалд тавигдах мэргэшлийн шаардлагыг хангахгүй байгаа талаар хэн аль нь мэдэж байсан болох нь талуудын тайлбар, Монгол Улсын Сангийн Яамны 2022.06.21-ний өдрийн 03/4349 тоот албан бичиг, ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.05.25-ны өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд түүнийг тус ажил албан тушаалд томилсон үйл баримтад маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч талаас мэргэшлийн шаардлага хангахгүй байгаа талаар ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авахад боломжит хугацаа олгох ёстой байсан, уг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон бол ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой ч мэдэгдээгүй гэж, хариуцагч байгууллага нь хуульд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг *******д өгсөн, дахин мэдэгдэх шаардлага байхгүй, компаниас түүнийг сургалтанд хамруулж, төлбөрийг төлсөн удаатай гэж талууд маргаж байна.

 

Хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх асуудлыг тус компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд:

******* ТӨХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6-д Гүйцэтгэх захирал нь дэд захирал, ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөнө. Шаардлагатай бол Төлөөлөн удирдах зөвлөл өөрийн санаачилгаар тэдгээрийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно, 14 дүгээр зүйлийн 14.2-т Компанийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд түүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх удирдлага томилж, чөлөөлнө гэж,

Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.16-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай  хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна, 8 дугаар зүйлийн 8.4-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон буюу байгууллагын санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Гүйцэтгэх захирал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний нөхцөлд нийцүүлэн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах ба дуусгавар болгох тухай тушаал гаргана гэж тус тус заасан байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлын 2023.05.12-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар *******г Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас мэргэжил, мэргэшил нь гүйцэтгэж байгаа ажил албан тушаалын мэргэжилтэй тэнцэхгүй байгаа нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлсөн.

Улмаар Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлын 2023.05.12-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар *******г Хөрөнгийн удирдлагын газрын Ахлах мэргэжилтнээр 2023.05.15-ны өдрөөс эхлэн томилсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гүйцэтгэх захирлын тушаалуудыг хариуцагч байгууллагаас “гүйцэтгэх захирал Л.Батжаргал нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, асуудлыг хурлаар хэлэлцүүлээгүй бөгөөд өөрийн санаачилгаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Ө.*******г ажлаас чөлөөлсөн. Ерөнхий нягтлан бодогчийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй ийнхүү чөлөөлсөн асуудал нь тус компанийн дүрмийн 10.6 дах зохицуулалтыг зөрчсөн учир Б/28 дугаар тушаал нь анх үйлдэгдсэн хугацаанаас эхлэн хүчин төгөлдөр бус байсан. Гүйцэтгэх захирлын дээрх тушаал нь хүчингүйд тооцогдсоноор хууль зүйн үр дагаврын хувьд Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар *******г Ахлах мэргэжилтнээр томилсон тушаал нь мөн адил эрх зүйн хүчингүй бөгөөд тус ажилтан нь Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргээсээ анхнаасаа чөлөөлөгдөөгүй байсан гэж” тайлбарласан байгаа бөгөөд энэхүү тайлбар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.05.25-ны өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь энэхүү тайлбарыг үгүйсгэн няцаагаагүй болно.

 

Иймд  нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 тоот тушаалаар цуцалсан гэх зохигчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ...  80.1.2 ... -т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.

 

******* ТӨХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023.05.25-ны өдөр хуралдаж тус хурлаас компанийн ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******г албан үүргээс чөлөөлөхийг дэмжсэн 01 дугаартай хурлын тэмдэглэл гарсан байна.

 

Ийнхүү ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарснаас 1 хоногийн дараа гүйцэтгэх захирлын 2023.05.26-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар *******г 2023.05.26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.4-т заасан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал нь ерөнхий нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэйгөө зөвшилцөөгүй үедээ буюу 2023.04.05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.4-т заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

 

Мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн гэрээний 6.2-т Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдэгт 6.2.23-т Ажлын байрны нөхцөл шаардлагад тавигдах мэргэжлийн ур чадвар, туршлага, боловсролын үнэлэмж тэнцэхгүй болсон гэж заасан бөгөөд тус ажилтны мэргэшлийн түвшин нь гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцээгүй байдал нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдал үүсгэсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох сахилгын зөрчил гаргах болон ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд тэнцэхгүй гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэшлийн түвшин шаардлага хангахгүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл биш юм.

 

4. Хариуцагч компанийн зүгээс *******г ажлаас чөлөөлсөн удаах үндэслэлээ албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан түрээсийн орон сууцанд өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл садангаа оруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдсон гэжээ.

 

Тушаалын энэхүү үндэслэлээ Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Яамны Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдээс сонгон шалгаруулалтын талаар ирүүлсэн гомдлын дагуу Төрийн орон сууцны корпорацын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай 2023.04.17-ны өдрийн илтгэх хуудас, ******* ТӨХХК-н Дотоод аудиторын 2023.06.26-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байгаа гэж мэтгэлцсэн.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч *******гийн ажлын байрны тодорхойлолтонд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээ байгуулах талаар гүйцэтгэх ямар нэгэн чиг үүрэг алга байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд  хариуцагч ******* ТӨХХК-ийн санхүүгийн төсөв, тайлан, бланс гаргах, санхүүгийн үйл ажиллагаа сайжруулах, бараа үйлчилгээ худалдан авах, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад хяналт чиг үүрэгтэй байна /хх  90-91 хуудас/.

 

Тодруулбал: Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Яамны Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдээс сонгон шалгаруулалтын талаар ирүүлсэн гомдлын дагуу Төрийн орон сууцны корпорацын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай 2023.04.17-ны өдрийн илтгэх хуудасны хүснэгт 3-т *******гийн хамаарал бүхий гэх нэр бүхий иргэний мэдээлэлд болон тэдгээрийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан талаарх зөрчлийг тусгажээ.

Хүснэгт 3-аас үзвэл *******гийн хамаарал бүхий гэх 8 иргэний мэдээлэл авагдсан байх бөгөөд сонгон шалгаруулалт хийсэн эсэх талаар нотлох баримтгүй, түрээсийн гэрээгүй гэх зөрчил илэрсэн гэжээ.

Мөн илтгэх хуудасны дүгнэлтийн 1-д ******* нь “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.1 дэх хэсэг, “Төрийн өмчийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын 3.15, 3.14.3, 7.12, 7.13 дахь заалтыг тус тус хэрэгжүүлээгүй зөрчсөн нь албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан түрээсийн орон сууцанд өөрсдийн хамаарал бүхий этгээд болон төрөл садангаа оруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан нөхцөл байдал нь тогтоогдсон. Тухайлбал: … Нягтлан бодогч ******* нь ээж Д.Халтар, төрсөн эгч О.Насанжаргал, зээ дүү Б.Дөлгөөн нар болон төрөл садандаа давуу байдал бий болгож, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн байна.

 

Гэтэл ******* нь “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.1-д Түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс энэ журмын 2.2-т заасан ангилал, квот /хувь/-ын дагуу сонгон шалгаруулах ажлыг эрэмбэлж зохион байгуулна,

 “Төрийн өмчийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын 3.15-д Түрээсийн мэргэжилтэн, түрээсийн асуудал хариуцсан нэгжийн дарга хамтран зорилтот бүлэг тус бүрийн жагсаалт бүхий материалыг үндсэн журмын дагуу эрэмбэлж, эрэмбийн дарааллаар гэрээ байгуулах эрх олгож, “Орон сууц түрээслүүлэх тухай мэдэгдэл”-ийг хүргүүлнэ,

3.14.3-т Түрээс хариуцсан мэргэжилтэн нь шалгах хүснэгтийн дагуу шаардлага хангасан бүх материалыг зорилтот бүлэг тус бүрээр гарган, жагсаалтын сан үүсгэнэ,

7.12-т Энэ журмын 7.11.1, 7.11.2-т заасан иргэдийг энэ журмын 3.6-д заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл олгох саналыг ерөнхий захиралд хүргүүлнэ,

7.13-т Ерөнхий захирал гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг баталж, шаардлага хангасан иргэнтэй гэрээ байгуулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэж тус тус заасан байх бөгөөд *******гийн ажил албан тушаалын чиг үүрэгтэй огт хамааралгүй байна.

 

 Түүнчлэн ******* ТӨХХК-н Дотоод аудиторын 2023.06.26-ны өдрийн дүгнэлтэд “… Илтгэх хуудсанд дурдсан 13 ширхэг Төрийн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ”-нүүдийг байгуулсан хугацааг авч үзэхэд 2020.07.30-2020.12.10 хооронд 9 гэрээ, 2021.06.25-2021.12.22-ны хооронд 4 өмчлөх гэрээ байгуулагдсан байх ба тус хугацаанд манай байгууллагад бичгээр хүсэлт гаргасан иргэдэд Тайлбар хүргүүлэх тухай 105 ширхэг албан бичиг явсан байна. Тус албан бичгүүд нь ижилхэн утга санааг агуулсан байх бөгөөд 2016 оноос хойш хэрэгжүүлсэн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд бүрэн хамрагдаад байна, 2017 оноос хойш Төрийн түрээсийн орон сууцны санд орон сууц нэмж шилжүүлсэн шийдвэр гараагүй байна, иймд шинээр бүртгэл явагдах үед зохих журмын хүрээнд бүртгүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг иргэдэд явуулж байсан байна. Тус баримтуудыг судлан дүгнэхэд … Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ******* нь ээж Д.Халтар, төрсөн эгч О.Насанжаргал, зээ дүү Б.Дөлгөөн нар болон бусад төрөл садандаа албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан, сонгон шалгаруулалтгүйгээр түрээсийн орон сууцанд хамруулан ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж хардах үндэслэлтэй байна. … ******* нарын хамаарал бүхий этгээд мөн эсэхийг тогтоолгож, бусдад давуу байдал бий болгон ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхийг … Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн, шалгуулах саналтай байна” гэжээ.

 

 Дээрх илтгэх хуудсанд нэхэмжлэгч *******г албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан түрээсийн орон сууцанд өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл садангаа оруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдсон гэж тодорхой бичээгүй бөгөөд харин ийнхүү нөхцөл байдлыг бий болгосон гэж хардах үндэслэлтэй байна. … ******* нарын хамаарал бүхий этгээд мөн эсэхийг тогтоолгож, бусдад давуу байдал бий болгон ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхийг … Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн, шалгуулах саналтай гэсэн байна.

 

Дээрх илтгэх хуудас, аудиторын дүгнэлтээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч *******г  албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан түрээсийн орон сууцанд өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл садангаа оруулсан гэж  түүний ажил үүрэгтэй шууд холбоогүй асуудлыг үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, мөн 2020, 2021 онд ******* нь ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоогүй байсан буюу энэхүү ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлын 2020.02.13-ны өдрийн А/17 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр ажилласан, шалгалтын ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтэд тусгагдсанаар Хангай хотхоны 16 иргэн, Буянт-Ухаа 2 хорооллын 23 иргэн орон байрыг давхар түрээслэхгүй байх гэрээний заалтыг зөрчсөнөөс, 7 иргэн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүйгээс тэдгээртэй байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, нэхэмжлэгч ******* нь гэрээ цуцлагдсан иргэдийн орон сууцыг түрээслэх боломжтой буюу бусдад түрээслэх төрийн түрээсийн орон сууц байгаа талаар мэдээлэлд ойр, давуу байдалтай байсан байх хэдий ч энэхүү мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

5. Авлигатай тэмцэх газар нь “******* ТӨХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-н 3.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгож, түрээсийн орон сууцанд хамруулах гэрээ байгуулсан байж болзошгүй” гэх өргөдөлд  мөрдөгчийн 2022.07.07-ны өдрийн тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн 220200391 дугаар авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор нотлогдож байна.

 

Гэвч энэхүү 220200391 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт ******* шууд хамааралтай гэх  баримт хэрэгт авагдаагүй буюу түүний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт  хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох ажиллагаа энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх нөхцөлд хамаарахгүй болно.

 

Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлөх тухай хариуцагч Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.1.6-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах гэж, түүнчлэн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заажээ.

 

 Өөрөөр хэлбэл, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

 

7. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 /гурав/ сарын хугацаанд 16,206,000 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тодорхойлбол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 257,238 төгрөг болж байна /16,206,000:3=5,402,000:21=257,238 төгрөг/.

 

Үүний дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан 266 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 68,425,308 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /хх 14 хуудас/.

 

8.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 500,076.54 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан буюу Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ТӨХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 68,425,308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 500,076.54 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА