Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00190

 

 

 

 

 

 2024              02            21      

                   130/ШШ2024/00190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, М овогт С-ий Г

Хариуцагч: Б аймгийн С сумын Засаг дарга /К.Б/

Хариуцагч: Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газар /дарга Х.Ш/

Нэхэмжлэлийн шаардлага: М.А-ийн нэг удаагийн тэтгэмжийн мөнгө 17,701,659 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч С.Н,

Хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газар дарга Х.Ш,

Орчуулагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Б аймгийн С сумын Засаг дарга /К.Б/, Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газар /дарга Х.Ш/ нарт холбогдуулан М.А-ийн нэг удаагийн тэтгэмжийн мөнгө 17,701,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Миний нөхөр М.А нь улсад нийт 38 жил, үүнээс төрийн байгууллагад 23 жил ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Б аймгийн С сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй юм. Ингээд С сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч А.М нь төрийн албан хаагч М.А-ийн төрд 23 жил ажилласан хугацааг тооцож, 17,701,659 төгрөгийн тэтгэмж авах ёстойг нотолж уг тэтгэмжийг олгохоор Б аймгийн С сумын Засаг дарга, сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Ш-д уламжилсан боловч одоо хүртэл М.А-д уг нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг элдэв шалтгаан зааж өгөхгүй хохироож байна.

1.2. Өндөр настан М.А-ээс өнгөрсөн хугацаанд уг тэтгэмжийн 17,701,659 төгрөгийг олгож өгөхийг хүсэж, УИХ-ын гишүүн, аймаг, сумын удирдлагад удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч шийдвэрлэгдээгүй өдий хүрлээ. М.А нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараахан хүнд өвчин тусаж, хүндээр өвчилж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан.

1.3. Иймд Б аймгийн С сумын Засаг дарга, түүний Тамгын газраас М.А-ийн нэг удаагийн тэтгэмж болох 17,701,659 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б аймгийн С сумын Засаг дарга /К.Б/, Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газар /дарга Х.Ш/ нарт хариу тайлбартаа: Үүнд...

2.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. М.А нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б аймгийн С сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллах болсонтой холбогдуулан өөрийн хүсэлт ёсоор тус сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээртэй “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар М.А-ийг сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын түшмэлийн албан тушаалаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн. Б аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар М.А-ийг С сумын Засаг даргын орлогчоор томилон ажиллуулж улмаар С сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар М.А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт албан тушаал буюу тус сумын Засаг даргын орлогчоос чөлөөлөгдсөн.

2.2. М.А нь сумын Засаг даргын орлогчоор буюу улс төрийн албан тушаалд нийт 3 жил 6 сар тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ба 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгө болох нийт 5,340,078 төгрөгийг байгууллагаас олгосон. С сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч А.М нь нийгмийн бодлогын ажилтнаар ажиллаж байсан М.А-ийн 2015, 2016, 2017 онуудын 36 сарын дундаж цалинг тогтоосон нь сүүлийн 36 сарын дундаж цалингийн тодорхойлолт биш байх ба М.А нь тухайн онуудад тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй буюу түүнээс хойш 3 жил 6 сар улс төрийн албанд ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан тул энэ нь нэхэмжлэгчийн шаардсан 17,701,659 төгрөгийн тэтгэмж авах ёстойг нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. М.А 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөж сумын Засаг даргын орлогчоор томилогдон 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жил 6 сар улс төрийн албанд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өөрийнх нь хүсэлтээр сумын Засаг даргын орлогч даргын албан үүргээс чөлөөлөгдсөн.

2.3. Иймд Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн/-ийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн байгууллагын төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”, "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.1. дэх заалт “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 -д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.”, 1.2. дахь заалт “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангах хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

2.4. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.2 дахь хэсэгт “Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно'' гэж заасны дагуу М.А төр, нийгэмд 25-аас доошгүй жил ажилласан тул түүнд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгогдох ба М.А-ийн 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нь 8,586,667 төгрөг ба үүнээс урьд тус байгууллагаас авсан 5,340, 078 төгрөгийн зөрүүг хасаад үлдэгдэл 3,246,589 төгрөгийг цаашид сум, орон нутгийн төсвөөс олгох боломжтой ба нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс М.А-ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 592837 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ32021/000318 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн С сумын Засаг даргын тамгын газрын тамгын газрын нягтал бодогчийн А.А-ийн сүүлийн 36 сарын дундаж цалин бодсон байдал, Б аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/64 дугаартай албан бичгийн хуулбар, М.А-ийн Б аймгийн Засаг даргад 2021 оны 02 дугаар сард гаргасан хүсэлтийн хуулбар, С сумын Засаг даргад гаргасан хүсэлтийн хуулбар, Б аймгийн Засаг даргад 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Улсын их хурлын гишүүнд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Б аймгийн Засаг даргад 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, М.А, С.Г нарын иргэний үнэмлэхийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.А-ийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.А, С.Г нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.А-ийн Я.С-д олгосон итгэмжлэл, С.Г-ийн Я.С-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Я.С-д олгосон итгэмжлэлээс татгалзсан хүсэлт  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагч нараас Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээртэй “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 дүгээртэй “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.А-ийн С сумын Санхүүгийн албанд гаргасан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.А-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Ж-ы иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын төлбөрийн хүсэлт /№07/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн С сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаар баталгаажуулсан Төрийн сангийн  тоот дансны хуулга, М.А-ийн орлогч даргаар ажилласан сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж тодорхойлолт, Б аймгийн С сумын Засаг даргын Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын даргад олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч С.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1. Миний нөхөр М.А нь улсад нийт 38 жил, үүнээс төрийн байгууллагад 23 жил ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Б аймгийн С сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй юм. Иймд Б аймгийн С сумын Засаг дарга, түүний Тамгын газраас М.А-ийн нэг удаагийн тэтгэмж болох 17,701,659 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Б аймгийн С сумын Засаг дарга /К.Б, Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газар /дарга Х.Ш/ нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1. М.А нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б аймгийн С сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллах болсонтой холбогдуулан өөрийн хүсэлт ёсоор тус сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээртэй “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.2 дахь хэсэгт “Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно'' гэж заасны дагуу М.А төр, нийгэмд 25-аас доошгүй жил ажилласан тул түүнд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгогдох ба М.А-ийн 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нь 8,586,667 төгрөг ба үүнээс урьд тус байгууллагаас авсан 5,340, 078 төгрөгийн зөрүүг хасаад үлдэгдэл 3,246,589 төгрөгийг цаашид сум, орон нутгийн төсвөөс олгох боломжтой ба нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч С.Г нь талийгаач М.А-д олгогдох албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламжийн  мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл шаардлага гаргажээ.

8.2. Нэхэмжлэгч С.Г нь 1985 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр М-ийн А-тэй гэр бүл болж байсан нь гэрлэлтийн гэрчилгээгээр, мөн М.А нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр тус тус нотлогдож байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар нэхэмжлэгч С.Г нь хууль ёсны өвлөгч учир шаардах эрхтэй гэж үзлээ. 

9. Нэхэмжлэгч С.Г-ийн  нөхөр /талийгаач/ М.А нь Б аймгийн С сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өөрийнх гаргасан хүсэлтийг нь үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь Б аймаг С сумын засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн Б/09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар болон талуудын тайлбараар нотлогдож байгаа ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно. 

9.1. Хариуцагч Б аймгийн С сумын Засаг дарга /К.Б/, Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газар /дарга Х.Ш/ нар “... М.Аийн 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нь 8,586,667 төгрөг ба үүнээс урьд тус байгууллагаас авсан 5,340, 078 төгрөгийн зөрүүг хасаад үлдэгдэл 3,246,589 төгрөгийг цаашид сум, орон нутгийн төсвөөс олгох боломжтой” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн байна.

9.2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн улс төрийн албан тушаал буюу 11 дүгээр зүйлийн 11.1-т Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19-т бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч албан тушаал хамаарна гэж зааснаар талийгаач М.А нь С сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

9.3.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж зааснаар талийгаач М.А нь улс төрийн төрийн албан хаагч байсан учир төрийн албан хаагчид олгох тусламж хамаарахгүй болно.

9.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно гэжээ. 

10. Харин нэхэмжлэгч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа ... нөхөр /талийгаач/ М.А нь Б аймгийн С сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, төрд 23 жил ажилласан 17,701,659 төгрөгийг тэтгэмж авах ёстойг нотлож С сумын ЗДТГ-ын нябо А.М тооцож өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч талийгаач М.А нь 17,701,659 төгрөгийг тэтгэмж авах үндэслэл буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна.

 

10.1. Нэхэмжлэгч С.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно.

 

11. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач М.А нь улсад нийт 38 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан, улс нийгэмд он удаан жил ажилласан боловч тэтгэвэрт гарах үед ямар нэгэн тэтгэмж тусламж авч чадаагүй тул гомдлыг барагдуулж тодорхой хэмжээний тэтгэмж олгож өгөхийг хүсэж байна гэсэн агуулгатай өргөдлүүдийг холбогдох байгууллага болон аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч дарга,УИХ-ын гишүүдэд тус тус гаргаж байсан байна.  

11.1. Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Талийгаач М.А нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа С сумын Засаг даргын тамгын газраас 5,340,078 төгрөгний мөнгөн тусламж олгож байсан нь 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 07 дугаартай төлбөрийн хүсэлтээр болон уг мөнгийг талийгаач М.А-ийн хүсэлтээр түүний хүү Ж-ы ХААН банкны  дугаартай данс руу шилжүүлж байсан нь баримтаар, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

11.2. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 293320 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт талийгаач М.А нь С сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхад сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 988,000 төгрөг гэж бичигдсэн бичилтийг үндэслэн нэг удаагийн мөнгөн тусламж олгох зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ.

Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.3Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг төрийн тусгай албанд  энгийн албан үүрэг хариуцсан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол энэ журам үйлчилнэ, 4.4Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан байна.

11.3. Харин талийгаач М.А нь С сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд улс төрийн албан хаагч байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ...урьд нь эрхэлж байсан албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж авах эрхтэй гэж үзлээ.

11.4. Талийгаач М.А нь нас барсан учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т заасан талийгаач М.А-ийн хууль ёсны өвлөгч эхнэр нь С.Г-д талийгаач М.А-ийн ... урьд нь эрхэлж байсан албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламжийн мөнгийг олгох нь зүйтэй байна.  

12. Иймд талийгаач М.А-ийн ... урьд нь эрхэлж байсан албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж  6515922 төгрөг /988000 х 12  сар=11856000 төгрөг – 5340078 төгрөг/ - ийг хариуцагч С сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан талийгаач М.А-ийн хууль ёсны өвлөгч С.Г-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,185,737 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

 13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байна гэж зааснаар хариуцагч С сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь хэсэгт заасан тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 119,205 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргын тамгын газраас талийгаач Т овогт Мийн Амийн мөнгөн тусламж 6,515,922 /зургаан сая таван зуун арван таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М овогт Сны Гд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,185,737 /арван нэгэн сая нэг зуун наян таван мянга долоон зуун гучин долоон/ төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргад  холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 119,205 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрбусэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б