Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2024/00138

 

 

 

 

  2024             02           07     

                         130/ШШ2024/00138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга Б.Г/

Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт М-ны Г

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 5,922,000 /таван сая есөн зуун хорин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Хариуцагч М.Г-д шүүх хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч М.Г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г-ын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч М.Г-д холбогдуулан нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 5,922,000 /таван сая есөн зуун хорин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн М.Г хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.

1.2. М.Г-тай уг асуудлаар уулзахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч хууль бус авсан 5,922,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул шүүхэд хандсан.

1.3. М.Г-тай холбоотой асуудлаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан боловч М.Г нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд  оролцохоос татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан юм.

1.4. Иймд хариуцагч М.Г-аас нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 5,922,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 212 дугаартай тэмдэглэл, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай Төлбөр барагдуулах тухай акт хавсралтын хамт, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, тус газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/38 дугаар албан бичгээр Б.Д-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч М.Г нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь Төрийн аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан. М.Г-д тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулахад төлж өгөхийг зөвшөөрсөн боловч төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

5. Хариуцагч М.Г-д 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар  хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1 Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай актаар Б аймгийн Б сумын халамжийн сангаас 2020-2021 онд хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосныг илрүүлж уг актын хавсралтад заасан нэр бүхий этгээдээр нөхөн төлүүлж улсыг хохиролгүй болгохоор тогтоосон байх ба уг актын нэгдүгээр хавсралтын 1 дүгээрт РД:, М Г, акт тогтоох дүн 5,922,000 төгрөг гэж тусгасан байна.

6.2 Дээрх актын дагуу Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга А.П, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Д, С.Е, Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.О нар хариуцагч М.Г-тай биечлэн уулзаж халамжийн тэтгэвэрт 5,922,000 төгрөг авсан зөрчил илэрч нөхөн төлүүлэхээр акт тогтоосон талаар сонсох ажиллагаа явуулсан байх ба хариуцагчаас уг мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлээр тогтоогджээ.

6.3. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 212 дугаартай тэмдэглэлээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын газрын өргөлтэй, уригдах тал М.Г-д холбогдох 5,922,000 төгрөг гаргуулах тухай өргөдлийг М.Г нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан байна.

 

7.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3 дахь хэсэгт Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр олгоно гэж заажээ.

8.Мөн хуулийн 14 дүгээр зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааны талаар зохицуулсан бөгөөд уг зүйлд зааснаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлэхээр тогтоосон байна.

9.Хариуцагчаас нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авсан үе буюу 2020, 2021 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 2.1 дэх хэсэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасан ба уг журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өгөхөөр зохицуулсан байна. Үүнд: өргөдөл (маягтын дагуу), сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 2 хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт; Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх зэрэг 8 төрлийн баримт бичгийг бүрдүүлэхээр байна.

10.Хариуцагч М.Г нь Халамжийн сангаас халамжийн тэтгэвэрт 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар дуусталх хугацаанд 5,922,000 төгрөгийг дээрх хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

11.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна.

12. Хариуцагч М.Г-д хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу, гэрээнд зааснаар үүсээгүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

13. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж хариуцагч М.Г нь нийгмийн халамжийн сангаас бичиг баримтгүйгээр 5,922,000 төгрөгийг хууль бусаар авч хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас 5,922,000 төгрөг гаргуулан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгох нь зүйтэй байна.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,922,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 109,702 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт М-ы Г-аас Нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 5,922,000 /таван сая есөн зуун хорин хоёр мянган/ төгрөг гаргуулан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 109,702 /нэг зуун есөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б