| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0134/э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Пагамсүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Н.Н,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн ... тоот гэртээ эхнэр Н.Нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 11- ний өдөр буюу Улсын баяр наадмын үед би хэсэг найзуудтайгаа уулзаад архи уусан. Тэгээд согтуудаа эхнэрээ зодсон гэсэн. Би согтуу байсан учир санахгүй байна, эхнэр маань надад хэлсэн гэсэн мэдүүлэг
Хохирогч Н.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 сарын үед буюу наадмын 2 дахь өдөр бид найзуудтайгаа нийлсэн. Гэртээ очсон хойноо дахиад архи авна гэхээр нь би уурлаад янз бүрийн юм хэлсэн. Тэгээд манай нөхөр уурлаад бид 2 муудалцсан. Архи байнга хэрэглэдэггүй,хаяа найз нөхөдтэйгээ уудаг гэсэн мэдүүлэг Хохирогч Н.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...нөхөр Г.Гг унтаад амар гэж хэлтэл түрүү хавар болсон гэр бүлийн маргааны асуудлыг сөхөж, хэл амаар доромжилж, Т гэх залуутай хардаж загнаад байхаар нь би гэрээсээ гарах гэтэл миний араас үсдэж аваад газарт унагааж, шалан дээр 2 удаа толгойн магнай, хөмсөгний хэсгээр мөргүүлсэн. Тэгээд би гэрээс гарч зугтах гэтэл миний зүүн нүд рүү өшиглөж, дээрээс цемент хавтангаар цохих гэж оролдсон...” гэсэн мэдүүлэг /хх-10-12/,
Шүүгдэгч Г.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хуурай ах Б, Х, өөрийн эхнэр Н нартай Бийн гэрт 3 шил Улаанбаатар архинаас 0.75 литрийг хувааж ууцгаасан юм. Тухайн үед бид нар архи уугаад их согтсон. Тэгээд эхнэр бид хоёр 18 цагийн үед гэртээ харьцгаасан юм. Би гэртээ очоод дахиад архи ууя гэж хэлэхэд манай эхнэр одоо болно, уулгахгүй гээд намайг загнасан. Тэгэхээр нь би уурлаад чи битгий хуцаад бай, би өөрөө мэдэж байна гээд баруун гараараа эхнэрийн нүүрэн тус газарт 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг / хх-32-33 /,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай: “...Н.Нийн биед зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод цус хуралт, өаруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн ... тоот гэртээ эхнэр Н.Нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч Н.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...нөхөр Г.Гг унтаад амар гэж хэлтэл түрүү хавар болсон гэр бүлийн маргааны асуудлыг сөхөж, хэл амаар доромжилж, Т гэх залуутай хардаж загнаад байхаар нь би гэрээсээ гарах гэтэл миний араас үсдэж аваад газарт унагааж, шалан дээр 2 удаа толгойн магнай, хөмсөгний хэсгээр мөргүүлсэн. Тэгээд би гэрээс гарч зугтах гэтэл миний зүүн нүд рүү өшиглөж, дээрээс цемент хавтангаар цохих гэж оролдсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэртээ очоод дахиад архи ууя гэж хэлэхэд манай эхнэр одоо болно, уулгахгүй гээд намайг загнасан. Тэгэхээр нь би уурлаад чи битгий хуцаад бай, би өөрөө мэдэж байна гээд баруун гараараа эхнэрийн нүүрэн тус газарт 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Н.Н нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г, хохирогч Н.Н нар нь эвлэрсэн болохоо шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 450000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд улсын орлогод оруулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН