Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/867

 

   

 

 

 

 

     2021             9             29                                        2021/ДШМ/867

 

Э.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/833 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Хд холбогдох эрүүгийн 2103000000085 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Дуулдаг овгийн Э.Х, 1988 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 01-34 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо тодорхой оршин суух хаяггүй, /РД:ОЮ88040413/;

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжинд Я.Энхбатад хүч хэрэглэн довтолж, 685.000 төгргийн үнэ бүхий “Samsung A51” загварын гар утас, 227.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A5” загварын гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 912.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжинд 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутад Я.Эбиеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох буюу 912.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авах зорилгоор түүнийг гараараа татаж хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж “суман заадсаас дух яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хажуу хана, хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл учруулж амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.7 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Хыг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.7 дахь заалтад зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.Хаас 8.028.299 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лолгож, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Samsung A51” загварын гар утас 1 ширхэг, “Samsung A5” загварын гар утас 1 ширхгийг тус тус уг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лбуцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Э.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Цаашид дахин алдаа гаргалгүй, ажил хөдөлмөр эрхэлж улс эх орондоо ихийг бүтээж, амьдралаа сайн сайхан болгохыг хүсэж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Л.Амартогос давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэл буруу. Э.Х нь амь хохирогч Я.Эалах санаа зорилго байгаагүй. Хэрвээ Э.Хын хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлээс болж Я.Энас барсан гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх учиртай. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Амь хохирогч Я.Эбиед зөвхөн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх гавал тархины битүү гэмтэл учраагүй, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бусад гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр гэмтлийг хэн учруулсныг шалган тогтоогоогүй нөхцөлд Э.Хын хүч хэрэглэсэн үйлдлээс болж Я.Энь амь хохирсон гэх дүгнэлтийг хийж Э.Хыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хянаж, дээр дурдсан гомдлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

             Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэдгийг нь мэдсээр байж түүний эд зүйл буюу гар утсыг авах зорилгоор шууд хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хатуу хучилттай асфальтан зам дээр дагзны ар хэсгээр нь хүчтэй унагаасны улмаас хохирогчийн толгойд амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогч нас барсан үйл явдлын хооронд зайлшгүй шалтгаант холбоо тогтоогдсон. Хохирогчийн амь нас хохирсон нь автомашинд мөргүүлсэн болон өөр бусад үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

             Шүүгдэгч Э.Х нь Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжинд 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутад Я.Эбиеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох буюу 912.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авах зорилгоор түүнийг гараараа татаж хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж “суман заадсаас дух яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хажуу хана, хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл учруулж амь насыг нь санаатай хохироосон болох нь:

             гэрч Ш.Энхээгийн “...Энхбатыг ирнэ гэхээр 2 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пиво авчихсан байсан. Архины дараа тэр пивыг ууж байгаад талд нь оруулаад Э“гэр лүүгээ харилаа” гэхээр нь би “хоноод явахгүй юу гэсэн чинь би айлд хонож сураагүй, харина” гээд зүтгээд байхаар нь “тэгвэл автобус, унаа зогсохоос өмнө эртхэн явахгүй юу” гэсэн. Тэгээд орой 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байхад манай гэрээс гарсан. Би 21 цаг 30 минутын орчим сэрээд Энхбатын 96112880 гэсэн дугаар луу өөрийнхөө 96060717 гэсэн дугаараас залгахад дуудаад авахгүй байхаар нь дахиж залгаагүй. Тэгээд 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас залгаад Энас барчихлаа гэсэн. ...” /1хх 163-166/,

             гэрч Т.Батхүүгийн “...Тэр өдөр манай ажлын хүн “Эирнэ гэнэ ээ” гэхээр нь би жоохон дурамжхан “хөл хориотой байхад” гэхэд манай нөхөр “хүн ирнэ гээд байхад яах юм бэ” гэсэн ... орж ирэхдээ нэг сүү, нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэр өдөр би хоол хийж байсан. Тэр хоолноос идчихээд манай нөхөр тэр хоёр 1 шил архиа уусан. ...” /1хх 168-170/,

             гэрч Ч.Наранбаатарын “...Х миний авсан пивыг барьчихсан, бид хоёр замын хажуугийн явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлд алхаад явж байтал замын эсрэг талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд нэг согтуу хүн хоёр тийшээ найгаад алхаад ирсэн. Х “май үүнийг авч бай, би хүнтэй уулзаадахъя” гээд надад пиво өгөөд өөрөө ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд нөгөө согтуу хүнийг угтаад зам хөндлөн гарахаар нь би бас араас нь дагаад гарсан. Тэгээд замын нөгөө талд гарах үед нөгөө согтуу хүн ч хойноос ирээд бид гурав халз өөд өөдөөсөө тарах үед Х үгийн зөрөөгүй нөгөө хүний хувцаснаас татаж байгаад цээж рүү хоёр гараараа түлхэх үед нөгөө согтуу хүн биеийн ар хэсгээр толгойгоороо саваад газарт нэлээн хүчтэй унасан. Унах үедээ пид гэсэн чанга чимээ гарахаар нь би айгаад “чи чинь яаж байгаа юм бэ, хүн алчихлаа” гэсэн чинь Х хувцаснаас хэд татаж байснаа “үхээгүй байна, амьсгаатай байна” гэсэн. Тэр үед би маш их айсан болохоор Хыг тэр хүнтэй үлдээгээд Хайрхан 15 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд түрүүлээд алхаад явсан. Яг намайг явах үед Х тэр согтуу хүнийг “босооч” гээд татаад өмднийх нь халаас руу нь гараа хийгээд байсан. Тэгсэн удалгүй араас Х ирээд бид хоёр хамт тухайн гудамжаараа алхаж байхад Х “ер нь буцаж очиж нөгөө хүнээ нэг харъя” гээд буцаад алхаад явахаар нь би араас нь дагаад явсан. Нөгөө согтуу хүн Хайрханы 15 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрийн асфальтан хэсэгт дээшээ харчихсан толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу газрын уруу хэсэг рүү харчихсан ямар нэгэн хөдөлгөөн байхгүй хэвтэж байсан. Тэгээд бид хоёр хэвтэж байсан хүн рүү дөхөөд ойролцоогоор 5-6 метрийн зайтай ирэхэд Зүүн салааны төв замаас тухайн гудамж руу нэг цагаан өнгийн “Тoyota Prius” загварын машин ороод ирэхээр нь Х бид 2 гараа өргөөд “хөөе наана чинь хүн байна дайрлаа” гэсэн чинь тэр машины жолооч хараагүй юм шиг байсан. Урд 2 дугуйныхаа голоор хэвтэж байсан хүний хөл хэсгээс нь хүзүү хүртэл дээгүүр гарчихсан юм. Хэвтэж байсан хүний толгой нь цухуйчихсан байсан. Тэгээд жолооч нь бууж ирээд тонгойж харснаа сандраад буцаж ухрахад хэвтэж байсан хүн ил гараад ирсэн. Тэр үед Х “цагдаа, юм уу түргэн дуудаач” гэсэн чинь жолооч хамт явсан зорчигчтой хэвтэж байсан хүнийг өргөөд машиныхаа баруун хойд хаалгаар оруулаад эмнэлэг рүү явлаа гээд яваад өгсөн. ... Согтуу хүнийг харчхаад Х очсон, яг өөдөөс нь тулж очоод тухайн хүний цамцны баруун урд талаас татахад нөгөө хүн бүтэн эргээд Хын өөдөөс нь харж таарсан чинь Х хоёр гараа атгаж байгаад цээж хэсэг рүү нэг удаа цохисон чинь нөгөө хүн замын уруу хэсэг яг ар дагзаараа саваад газар дээшээ хараад унасан. Тэр газар нь баруун тийшээ уруу төв замаас гудамж руу орсон хэсэг газар нь асфальт байсан яг тэр асфальт хэсэгт ар дагзаараа газар унасан. Газар унахдаа нэлээн чанга пид гэсэн чимээ гарсан би тэр чимээг сонсоод айгаад Хыг хүн алчихлаа гэж хэлсэн. ...”  /1хх 82-84, 85-86, 2хх 163-166/,

            гэрч Д.Отгонтуяагийн “...Яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг орой манай нөхөр Наранбаатар гаднаас орж ирээд Х “энэ 2 утсыг 20.000 төгрөгөөр авч гэнэ ээ” гэж орж ирэхээр “би юун утас юм бэ” гэсэн чинь Х “найзынх нь гэнэ, түр авч бай гэсэн юм” гэж хэлсэн ... Тэр 2 утас хар өнгийн гэртэй “Samsung” загварын гар утас байсан. Би тэр утаснуудыг асааж үзэхэд дэлгэц нь хэвийн ажиллаж байсан ... Тэгсэн Х тулгасаар байгаад нийт 120.000 төгрөг авсан. ...” /1хх 121-124/,

            гэрч Б.Цэрэндоржийн “...Баянхангай дэлгүүр орох гээд явж байтал замын ертөнцийн зүгээр баруун талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд нэг эрэгтэй нэлээн махлаг биерхүү согтуу хүн хөл дээрээ тогтож чадахгүй хоёр тийшээ найгаад явж байхыг нь хараад энд тэнд унаж элдэв юм болох вий дээ гэж бодоод хажуугаар нь зөрөөд өнгөрсөн. Тэр хүн манай хайрханы 15 дугаар гудамжнаас ойролцоогоор 100 метрийн хойд талд явж байсан ... Хайрханы 15 дугаар гудамж руу баруун эргээд орох гэтэл нэг цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын машин гудамжнаас гарах гэж байгаа юм шиг ухарч байснаа зогссон. Тэр үед би ч гэсэн зогссон. Тэгтэл тухайн гудамжнаас 2 бага зэрэг халамцуу эрэгтэй хүн алхаад гараад ирэхээр нь “юу болов" гэж асуусан чинь “энэ хоёр юм хүний дээгүүр гараад нэдрээд хаячихлаа” гэсэн. Тэр үед цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын машинаас хоёр хүн гарч ирээд хэвтэж байсныг өргөөд машиндаа суулгасан. Тэгэхээр нь би цагдаа дууд гэсэн чинь эмнэлэг авч явна гээд аваад явсан. Тухайн мөргүүлсэн гээд байгаа хүн анх намайг дэлгүүр орох гэж байхад надтай зөрсөн согтуу хүн мөн байсан би хараад шууд таньсан. ... би цаашаа дэлгүүр орчхоод буцаад явсан. ... намайг эхний өдөр Наранбаатарын гэрт байхад Х Доогий хоёр хоорондоо “дээр гудамжинд мөргүүлсэн хүнийг жолооч нь гэртээ аваад харьсан гэж байна, одоо тэр хүн эмнэлэгт байгаа гэж байна” гэж яриад байсан. Тэгээд би маргааш нь очоод Доогийгоос дахиад асуусан чинь “мөргүүлсэн гээд байгаа хүнтэй Наранбаатар, Х орооцолдсон юм шиг байна” гэсэн. ...” /1хх 60-62, 64-67/,

            гэрч Т.Батчулууны “...Намайг дэлгүүр ороод буцаад гэрийн үүдэнд ирж байхад хашааны үүдэнд Билгээ таараад “за баларсан Амараа бид хоёр хүн мөргөчихлөө, одоо машинд байгаа хамт өргөлцөөд гэр лүү оруулаад өгөөч” гэхээр нь “гэр лүүгээ ороод дэлгүүрээс авсан юмаа тавьчхаад гараад ирье” гээд гэр лүү ороод эхнэр Мөнхбаярт энэ талаар хэлээд Амараа /Амарсанаа/-гийн гэрт очиход аль хэдийн нөгөө хүнээ гэртээ оруулаад баруун талын буйдан дээрээ хэвтүүлсэн байсан. Эхнэр гаднаас орж ирээд намайг загнаад гэр лүү оруулсан. ...” /1хх 71-73/,

            гэрч Р.Амарсанаагийн “...Түвшин дэлгүүрийн гаднаас хөдлөөд Зүүн салааны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд 20 орчим метр яваад зүүн гар тийшээ Хайрханы 15 гудамж руу 15 орчим км/цагийн хурдтай эргээд ортол миний урд нэг саарал бараан өнгийн зүйл харагдахаар нь тоормос гишгээд зогссон. Тэр үед 19 цаг 45 минут болж байсан. Тэгээд буугаад харсан чинь миний машины урд гуперын доогуур нэг хүн хэвтэж байсан. Тэр хүний хөл хэсэг нь машины урд 2 дугуйны голоор орчихсон бүсэлхий хүртлээ машины доогуур орчихсон хэвтэж байсан. Хүний толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харчихсан хэвтэж байсан. Тухайн гудамжны зам төв замаас эргэж ороод хэсэг газар алфальтан замтай уруу зам байсан. Тэр хүний толгой хэсэг нь уруугаа харчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би “өө яана аа хүн хэвтэж байна” гээд Эрдэнэбилэгийг “гараад ир” гээд дуудсан чинь Эрдэнэбилэг гарч ирээд харж байснаа “Амарсанаа жоохон ухарчих” гэхээр нь би бага зэрэг 50-60 см орчим ухарсан чинь Эрдэнэбилэг нөгөө хүнийг татаад босгоод ирэхээр нь би бууж очоод хамт сугадалцаад машиныхаа баруун хойд хаалгаар суулгасан. Тэгээд би “хөөе хөөе” гээд татсан чинь ерөөсөө юм ярихгүй байхаар нь нэлээн согтуу хүн байна гэж бодсон. Тэгээд би тухайн гудамжнаас ухарч гараад Зүүн салааны зам руу ороод ерөөсөө эмнэлэг явъя гэж бодоод тухайн замаараа ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байгаад хуучин эцэс дээр явж байснаа гэнэт одоо хөл хорио тогтоосон явуулахгүй байх гэж бодоод буцаж яваад гэртээ ирсэн. Тэгээд Эрдэнэбилэг бид хоёр нөгөө хүнээ сугадаж гэртээ оруулаад буйдан дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлээд гал түлсэн чинь хурхираад унтаад өгсөн. Надтай хамт ажил хийж байсан Түвшин дэлгүүр дээр үлдсэн Батчулууны гэр нь манай хажуугийн залгаа хашаанд байдаг би түүний эхнэр нь сувилагч тул орой 22 цагийн үед Батчулууны эхнэрийг дуудаж нөгөө хүний даралтыг нь үзүүлсэн чинь зүгээр байна гэсэн. Тэгээд удалгүй би ч гэсэн унтсан тэгсэн шөнө 04 цагийн үед бөөлжихөөр нь би босож тэрийг цэвэрлээд буцаад унтаад эргээд үүрээр 06 цагийн үед сэрээд харсан чинь нөгөө хүн сэрэхгүй унтаад байхаар нь би дахиад Батчулууны эхнэрийг дуудаад даралтыг нь үзүүлсэн чинь “хэвийн байна, гэхдээ та түргэн дуудаж үзүүлээрэй” гэхээр нь би өөрийнхөө 89611222 гэсэн дугаараас түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд эмч нь гэх залуу үзэж байгаад “архиных биш юм шиг байна харвалт өгчихсөн байж магадгүй” гээд 3 дугаар эмнэлэг рүү аваад явахаар нь би эмчийн дугаарыг авч үлдээд жолоочтой нь хамт өргөөд машинд нь оруулж өгсөн. Би тэр хүнийг машинаараа мөргөөгүй, зам дээр хэвтэж байсан нэлээн их согтуу тасарчихсан хүн дээр нь зам тээврийн осол биш байна гэж бодсон. ... миний урд нэг саарал юм харагдаад би тоормос гишгээд машинаас гарч ирэхэд миний өөдөөс буюу тухайн гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд хоёр хүн зэрэгцээд алхаад ирж байгааг харсан. Өндөр нам хоёр эрэгтэй хүн байсан. Машин дотор байхдаа тэр хоёр хүнийг хараагүй машинаас буух үедээ тэр хоёр хүнийг харсан. Тэгээд би машин доор хүн байгааг харчхаад маш их сандарсан буцаж машиндаа суугаад хойшоогоо ухраад буцаад Эрдэнэбилэгтэй хамт буугаад ирэхэд тэр хоёр хүн бид хоёрын хажууд ирчихсэн байгаа харагдсан. Одоо санахад нэг гартаа том савтай пиво барьчихсан байсан. ...” /1хх 98-100, 103-104, 2хх 151-153/,

            гэрч Л.Эрдэнэбилэгийн “...Би тухайн үед зүүн хойд суудал дээр сууж байсан ба доошоо хараад утсаа оролдож байсан учраас цонхоор ийш тийшээ хараагүй Хайрханы гудамж руу бол бүр хараагүй ... гэнэт л Амарсанаа тоормос гишгээд бууснаа эргэж орж ирээд “урд согтуу хүн хэвтэж байна” гэж хэлээд буцаж ухраад зогсохоор нь би хамт буусан ... цаанаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд ойролцоогоор бид хоёроос 30 метрийн цаана маск зүүсэн хоёр эрэгтэй хүн алхаад ирж байсан. Бид хоёр нөгөө хэвтэж байсан хүнийг машиндаа суулгах гэж байхад нөгөө хоёр хүн чинь хажууд ирчихсэн нэг нь гартаа том савтай пиво барьчихсан наад хүнээ эмнэлэгт хүргэж өгөөд гэж загнаад байгаа бололтой юм яриад байсан ... ослын газраас бид хоёр яваад Амарсанаагийн гэрт нь оруулаад нөгөө хүний гадуур хувцсыг нь тайлаад орон дээр хэвтүүлсэн ... Тэгээд Мөнхбаяр нөгөө хүний даралтыг үзээд “хэвийн байна” ... 100 хэд гэлээ дээ тоо хэлээд байсан ... Маргааш өглөө нь сэрэхгүй байхаар нь дахиж Мөнхбаярыг дуудаж үзүүлсэн. ...” /1хх 77-78, 2хх 158-159/,

            гэрч Л.Даваажавын “...тэр өдөр над руу яриад “гэртээ харих гээд гудамж руу эргээд ороход нэг хар саарал юм байхаар нь зогссон чинь машины урд нэг хүн байхаар нь гэртээ аваад ирлээ” гэхэд нь “гэртээ авчраад байхдаа яадаг юм цагдаа дуудахгүй яасан юм” гэсэн чинь “тасарчихсан юм шиг байна, гэртээ унтуулж байгаад архи нь гарахаар явуулна” гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь 8 цагийн үед залгаад “хүн чинь юу болсон бэ” гэсэн чинь “унтаж байна” гэхээр нь би “одоо болтол унтана гэж юу байсан юм, түргэн дуудаач” гэсэн. Тэгсэн удалгүй залгаад “түргэн дуудчихлаа” гэж байсан. ...” /1хх 160/,

            гэрч И.Лхагва-Очирын “...2021 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө манай ажлын газрын жижүүрээс залгаад “танай хэсэгт Эгэж хүн байдаг уу” гэхээр нь би “байдаг, яасан” гэсэн чинь нэг дугаараас залгаад “Баянхошуунд Эгэдэг хүн согтуу явж байхаар нь би гэртээ аваад ирсэн, өглөө сэрэхгүй байхаар нь түргэн дуудаад өгөөд явуулчихлаа, гэрийнх нь хүмүүсийн дугаар байвал хэлээд өгөөч гэж байна” гэхээр нь “ямар дугаар байна” гээд ажлынхаа хүнээс 896112** гэсэн дугаарыг аваад тухайн хүний утас руу залгахад тэр утасны эзэн нь надад хэлэхдээ “намайг Амар гэдэг, өчигдөр орой 20 цагийн үед танай энэ хүн чинь Баянхошуунд согтуу тасарчихсан байхаар нь би гэртээ аваад ирсэн, өглөө босгох гэтэл унтаад, юм асуухад ярихгүй байсан, тэгээд би түргэн дуудаад өгөөд явуулчихлаа, анх харахад энэ хүн үс зүсээ засуулчихсан гудамжны хүн шиг биш байхаар нь гэртээ авчирсан, маргааш өглөө яваг гэж бодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний гэрийн хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад Энхбатын ар гэрийнхэнд болон ажлынхан холбогдох хүмүүст мэдэгдсэн. Энь 4 дүгээр сарын 10-ны өглөө ээлжээс буугаад амарч байсан юм. /1хх 127/,

            гэрч Э.Батбаатарын “...Би 2021 оны 4 дүгээр сарын 10-наас 11-ний хооронд жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгээд 11-ний өглөө 09 цагийн үед санагдаж байна дуудлага орж ирсэн. Дуудлагын дагуу Сонгино хайрхан дүүргийн 42 дүгээр хороо Хайрханы 13-87 тоотод очиход 40 орчим настай эрэгтэй гэрийн буйдан дээр дээшээ харсан байрлалтай, хурхирсан унтсан байдалтай байхаар нь зүрхний цохилт, даралт, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг үзэхэд хүчил төрөгчийн хэмжээ багассан, даралт тодорхойгүй байсан. Нарийн хэмжээсүүдийг нь одоо санахгүй байна өвчтөний түүх дээр бичсэн байгаа. 3 дугаар эмнэлэгт харвалт гэсэн онош тодруулахаар хүргэн өгсөн. Хохирогчоос архи үнэртэж байсан. Цамцыг нь дээш сөхөөд үзэхэд гэдэсний хүйсээс дээш 2-3 см урттай зулгаралт шинэ шархтай байсан. Толгой хэсэгт ил шарх байгаагүй. ...”  /1хх 147-149/,

            шинжээч Ч.Эрдэмболорын “...Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид автомашинд мөргүүлсэн дайруулсан гэхээр гэмтлүүд тогтоогдоогүй бөгөөд талийгаачийн үхэлд хүргэсэн гавал, тархины битүү гэмтэл нь цохилтын улмаар толгойгоороо савж унах, өргөн том талбайтай зүйл мөргөж унаснаас үүссэн гэмтлүүд байна. Хэвлий хэсгийн зулгаралтууд нь зодуулж цохиулах, автомашинд мөргүүлж дайруулах аль ч үед үүсэж болохоор гэмтэл байсан. Талийгаачийн хувьд гавлын орой хэсэг буюу зулай хэсгийн суман заадас салсан хугарал уг хугарал нь дух яс зүүн ухархайн дээд хана хүрсэн байснаас үзэхэд өргөн талбайтай зүйл цохигдох мөргөж, савж унах зэрэгт үүсэх гэмтэл бөгөөд ийм тохиолдолд хуйханд гэмтэл үүсэх магадлал багатай учир хэргийн газар цус гарах боломжгүй. Талийгаачийн хувьд анх гэмтэл авах үед 130-150, мэс заслын дараа 70-80 мл цусан хураа үүссэн уг гэмтэлтэй хавсарч гавлын ясны хугарал, хугарлын дагуух хатуу хальсан дээр цусан хураа, тархины зүүн талд бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн эдийн гүн дэх цусан хураа няцрал ихтэй байсан учраас эдгээр гэмтэл талийгаачийг шууд үхэлд хүргэсэн байна. ...” /1хх 221-224/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3283 дугаартай “...Я.Эбиед суман заадсаас дух яс рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хажуу хана, хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 192-194/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 794 дугаартай “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Эцгээр гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ГССҮТ-ийн 2647 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 06 цагт нас баржээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай. ...” /1хх 208-215, 217-219/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1251 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хүрмийн урд талын хэсэгт 49мм хэмжээтэй гэмтэл, ар талын хэсэгт 100х87мм, 92х43мм, 42х8мм, 40х25мм хэмжээтэй гэмтлүүд, уг гэмтлүүдийн хажуу хэсгүүдээр олон тооны жижиг хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гуталд урагдалт, гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрмийн урд талын хэсэгт үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, ар талын хэсэгт үүссэн гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлцсэний улмаас шинээр үүссэн урагдалт, цооролтууд байна. ...” /1хх-180-182, 183-185/ гэсэн дүгнэлтүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            шүүгдэгч Э.Хын яллагдагчаар өгсөн “...Наранбаатар бид 2 таксинд суугаад Зуүн салааны Түвшин дэлгүүрийн гадаа замынхаа ертөнцийн зүгээр баруун талд нь буугаад Хайрханы 15 дугаар гудамж руу орох гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гарч байхад замынхаа ертөнцийн зүгээр баруун талын явган хүний замаар нэг согтуу хүн хоёр тийшээгээ найгасан байдалтай хөл дээрээ тогтож чадахгүй алхаад ирж байсан. Тэр хүнийг харсан чинь өмдний зүүн талын халаасанд нь юм байгаа бололтой түнтийгээд байхаар нь би гар утас байна гэж бодоод гар утсыг нь авах зорилгоор гартаа барьж байсан пиво Наранбаатарт өгөөд би энэ хүнтэй уулзаадахъя гэж хэлээд өөдөөс нь очоод тэр хүнийг над руу дөхөөд ирэхээр нь би эхлээд зүүн гараараа тэр хүний зүүн талын мөрнөөс татсан чинь тухайн хүн бүтэн эргэхдээ баруун гараараа Наранбаатараас зуураад салах үед нь би баруун гараараа тухайн хүний зүүн мөрнөөс татаад хойшоо унагаасан ... Анх хараад өөдөөс нь очих үед амандаа нэг юм яриад байсан ганцаараа яриад байгаа юм шиг яг юу гэж ярьж байсныг нь ойлгож сонсоогүй ээ. Намайг татаад газар унах үедээ юу ч яриагүй гар утас байгаа өмдний зүүн талын халаасаа гаднаас бариад байхаар нь би гарыг нь хүчээр тавиулаад халааснаас нь утсыг авсан ... Тэгээд 2 ширхэг хар өнгийн /маркийг нь мэдэхгүй байна/ гар утас аваад шууд тухайн Хайрханы 15 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд алхсан, тэр үед Наранбаатар миний урд надаас түрүүлээд алхаж байсан. Тэгэхээр нь би хөөе байж бай гэж дуудаж зогсоогоод араас нь гүйцэж очоод “ийм 2 гар утас байна авчихлаа, чи үүнийг халаасандаа хийчих” гэж хэлээд өгсөн ... Тэр үед хохирогчийн хөлөөс цээж хэсэг хүртэл машины урд 2 дугуйны голоор оруулчихсан зогсож байсан. Тэгээд жолооч машиныхаа доогуур хүн байгааг хараад сандраад буцаж машиндаа суугаад хойшоогоо ухрахад хохирогчийн бие бүхэлдээ ил гарахад машин зогсоод жолооч бууж ирээд машины зүүн хойд хаалганаас дахиад нэг эрэгтэй хүн бууж ирээд хохирогчийг талын суганаас өргөөд машиндаа оруулсан. Тэр үед би “эмнэлэгт хүргэж өгөөч ээ” гэсэн жолооч нь “за” гэж хэлээд машиндаа суулгаад аваад явсан. ... урдаас нь харах үед тэр хүний өмдний зүүн талын халаасанд утас байхаар нь тэр утсыг авах санаатай өөдөөс тулж ирэх үед нь ямар нэгэн үгийн зөрөөгүй барьж авсан. Би тэр хүний цамцнаас нь татаж унагаасан, намайг унагаахад тэр хүн биеийнхээ зүүн талаар, мөрөөрөө унасан. Тэр үед 2 ширхэг утсыг нь өмдний халааснаас авч чигээрээ явсан. ...” /2хх 18-19, 21-22, 125-128/ гэх мэдүүлгүүд,

            хэргийн газарт үзлэг хийсэн “...Ослын улмаас автомашинд учирсан эвдрэл байхгүй. Жолооч Р.Амарсанаа нь явган зорчигчийг мөргөсний дараа автомашиндаа суулгаж Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 13-87 тоот хашаанд байх гэртээ хонуулаад маргааш нь 103-т дуудлага өгч Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байв. Жолооч Р.Амарсанааг драйгер багаж үлээлгэн шалгахад 100% согтолттой байсныг Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд тор саатуулав. Хэргийн газрын Түвшин дэлгүүрийн гадна талын хяналтын камераас 33 минутын бичлэгийг хуулбарлан авав. ...” гэх тэмдэглэл /1хх 5-6/, компакт диск дэх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Хыг “хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Хын хохирогч Я.Эбиеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, түүний эд зүйлийг нь авах зорилгоор алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор”, 2.7 дахь заалтад зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.7 дахь заалтад зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

             Шүүгдэгч Э.Хаас “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Л.Амартогосоос “...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, амь хохирогч Я.Эбиед зөвхөн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх гавал тархины битүү гэмтэл учраагүй, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бусад гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр гэмтлийг хэн учруулсныг шалган тогтоогоогүй нөхцөлд Э.Хын хүч хэрэглэсэн үйлдлээс болж Я.Энь амь хохирсон гэх дүгнэлтийг хийж Э.Хыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хянаж шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            Хэрэгт авагдсан гэрч Ч.Наранбаатарын “...замын нөгөө талд гарах үед нөгөө согтуу хүн ч хойноос ирээд бид гурав халз өөд өөдөөсөө тарах үед Х үгийн зөрөөгүй нөгөө хүний хувцаснаас татаж байгаад цээж рүү 2 гараараа түлхэх үед нөгөө согтуу хүн биеийн ар хэсгээр толгойгоороо саваад газарт нэлээн хүчтэй унасан. Унах үедээ пид гэсэн чанга чимээ гарахаар нь би айгаад “чи чинь яаж байгаа юм бэ, хүн алчихлаа” гэсэн чинь Х хувцаснаас хэд татаж байснаа “үхээгүй байна, амьсгаатай байна” гэсэн. ...”  /1хх 82-84, 85-86, 2хх 163-166/,

            шинжээч Ч.Эрдэмболорын “...Талийгаачийн хувьд анх гэмтэл авах үед 130-150, мэс заслын дараа 70-80 мл цусан хураа үүссэн уг гэмтэлтэй хавсарч гавлын ясны хугарал, хугарлын дагуух хатуу хальсан дээр цусан хураа, тархины зүүн талд бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн эдийн гүн дэх цусан хураа няцрал ихтэй байсан учраас эдгээр гэмтэл талийгаачийг шууд үхэлд хүргэсэн байна. ...” /1хх 221-224/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3283 дугаартай “...Я.Эбиед суман заадсаас дух яс рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хажуу хана, хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 192-194/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Э.Хын үйлдэл нь “Хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд оногдуулсан ял шийтгэл, дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Х нь шийтгэх тогтоол гарсан 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/833 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

           

                               ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ