| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04539/И |
| Дугаар | 183/ШШ2023/04260 |
| Огноо | 2023-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2023/04260
| 2023 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2023/04260 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
*****************************орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7 526 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Батдэлгэр,
хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбат
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Их гурван марал групп ХХК, О.Мөнхбаатар нар хариуцагч Ц.Алтансүхэд холбогдуулан ******** дүүрэг, 10 дугаар хороо, 203 дугаар байр, ** давхрын 189 тоот хаягт байрлалтай, 79.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7 526 700 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Их гурван марал групп ХХК нь бараа материал худалдах, худалдан авах арилжааны, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19/05 тоот гэрээг Их модун ХХК-тай байгуулж, нийтдээ 539 044 990 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлж, харин Их модун ХХК нь ********** дүүргийн ** дугаар хороо, 203 байр, ** давхар, 189 тоот хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай бүхий 3 өрөө орон сууцыг бартерт тооцон өгсөн тул тус компанийг төлөөлж манай компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхбаатар нь итгэмжлэлээр дээрх орон сууцыг Ц.Алтансүхтэй 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тохирч, орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийг тус тус үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгаар бариулах 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 203 байр, ** давхар, 189 тоот хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ын үнийг 1 650 000 төгрөгөөр тооцож, орон сууцны нийт үнэ 130 366 500 төгрөгөөс 39 109 950 төгрөгийг төлж, үлдэгдэл 91 256 550 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Орон сууц захиалгаар бариулах 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 3.6 дахь хэсэгт, Б тал банкнаас зээл гаргуулах боломжтой гэсэн албан бичгийг А талд авч ирж баталгаажуулснаар Б талын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах бичгийг А тал хийж өгнө. Б тал орон сууцыг банкны зээлээр авч байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор зээлээ гаргуулж А талд орон сууцны үлдэгдэл төлбөр 91 256 550 төгрөгийг А талын Хаан банкны 5040169350 тоот дансруу шилжүүлж төлбөрийг дуусгана гэж заасан. Мөн энэ хэсэгт гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх шилжүүлэн авагч тал цаашид төлбөрөө төлж чадахгүй нь илэрхий болсон тохиолдолд 1 сарын 800 000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцож, урьдчилгаа мөнгөнөөс суутган авч, эрх шилжүүлэгч тал орон сууцыг буцаан авч нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулна гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 130 366 500 төгрөгөөс, торгууль 13 036 650 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тооцож 2023 оны 08 дугаар сар хүртэл 42 сарын түрээсийн төлбөр 33 600 000 төгрөг, нийт 46 636 500 төгрөгөөс Б. талын төлсөн 39 100 950 төгрөгийг хасаж, 7 526 700 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хариуцагч ********, ***************** тоот хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон орон сууцыг суллаж өгөх, мөн 7 526 700 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Алтансүх нь 2020 оны 02 сард байр худалдаж авахаар хайж байгаад Нисэхийн фэйсфүүк зараас орон сууцны зээлээр 3 өрөө орон сууц зарна гэсэн зарын дагуу *******-ийн төлөөлөгч О.Мөнхбаатартай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр уулзаж танилцаад байр худалдаж авахаар болсон юм.Тухайн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хорооллын 203 дугаар байрны 189 тоот 79.1 м.кв 3 өрөө орон сууцыг ******** бартераар авсан байр байгаа юм банкны зээлээр худалдана та нийт 130 366 500 төгрөгөөр ав 30 хувиа төлөөд үлдэгдэл 70 хувийг орон сууцны ипотекийн зээлд оруулж зарахыг зөвшөөрөөд тухайн өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн юм. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах компанийн бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй юм. Миний бие банканд хандаж орон сууцны зээл гаргуулахаар удаа дараа хандаж байсан бөгөөд банкнаас худалдаж авсан орон сууцны мэдээлэл өгөхийг удаа дараа шаардсан боловч надад гаргуулж өгөхгүй өнөөдрийг хүртэл чирэгдэл учруулсаар байна. Их гурван марал групп ХХК иргэн О.Мөнхбаатартай миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээ огт байгуулаагүй бөгөөд миний бие нь зөвхөн ***********иас орон сууц худалдаж авсан юм. Нэхэмжлэлд дурдсан ****************нь ************-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг ажлын гүйцэтгэлд авсан гэдгийг огт мэдээгүй, энэ талаар тухайн үед иргэн О.Мөнхбаатар ч надад хэлээгүй юм. Тухайн үед ***********-ийн захирал Б.Цогтсэргэлэн О.Мөнхбаатарт маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах эрхийг итгэмжлэлээр олгосон байсан бөгөөд миний бие итгэмжлэлийг шалгахад 2019 оны 05 сарын 22-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаанд олгосон хүчинтэй итгэмжлэл байсан юм. Энэ маргаан бүхий орон сууцыг бариулсан Пирамид орд ХХК нь Буман залуус хорооллын 203, 204 дүгээр байрыг хөгжлийн банкны барьцаанд тавигдсан байсныг 2023 оны 04 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдлээ. Надад байрны бичиг баримтыг гаргаж өгөхгүй байх шалтгаан нь тухайн байр банкны барьцаанд тавигдсанаар илэрч байна. Нэхэмжлэлд дурьдсанаар миний бие үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх санаа зорилго байгаагүй бөгөөд төлбөр төлж чадахгүй нь илэрхий болсон тул нэхэмжлэл гаргаж байгаа гэдгийг зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч ************** миний бие нь нэхэмжлэгч нараас орон сууц худалдаж аваагүй, нэхэмжлэгч нартай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2019.05.16-ны өдрийн 19/05 дугаар бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ, 2019.05.20-ны өдрийн *** дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2020.02.17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, 2021.07.07-ны өдрийн **********хүргүүлсэн мэдэгдэл, ***** болон **********-ийн хооронд 2019, 2020 онд хийсэн ажил гүйлгээний тооцоо, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, **************-ийн 2019.05.20-ны өдрийн итгэмжлэл, *********ийн 2019.05.20-ны өдрийн итгэмжлэл, 2017.05.22-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-16, 36-45/
4. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Монголын нотариатчдын танхимын 2023.12.06-ны өдрийн 958 дугаар албан бичиг, нотариатч ********-ийн 2023.11.07-ны өдрийн тайлбар, 2017.05.22-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *********-ийн дүрэм, бүртгэлийн дэвтэрийн хуулбар, 2017.05.22-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.12.15-ны өдрийн ****дугаар албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 56-67/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3. Хариуцагч *********татгалзлын үндэслэлээ********** нь зарын дагуу ***********-ийн төлөөлөгч О.Мөнхбаатартай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр уулзаж танилцаад байрыг нийт 130 366 500 төгрөгөөр авч, 30 хувиа төлөөд үлдэгдэл 70 хувийг орон сууцны ипотекийн зээлд оруулж зарахыг зөвшөөрөөд тухайн өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн юм. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах компанийн бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй юм. Их гурван марал групп ХХК иргэн О.Мөнхбаатартай миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээ огт байгуулаагүй бөгөөд миний бие нь зөвхөн *****************-иас орон сууц худалдаж авсан юм. Нэхэмжлэлд дурдсан Их гурван марал групп ХХК нь Их модун ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг ажлын гүйцэтгэлд авсан гэдгийг огт мэдээгүй, энэ талаар тухайн үед иргэн О.Мөнхбаатар ч надад хэлээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбар гаргаж, маргажээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, үзлэг хийсэн баримтууд зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
***********, *************-ийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 19/05 дугаар бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулж, 589 375 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг ********** нь **************-д нийлүүлж, төлбөрийн 50 хувийг төгрөгөөр, 50 хувийг бартерын нөхцөлөөр хийхээр тохиролцож, бартерт Хан-Уул дүүрэгт байрлах, Буман залуус хотхоны барилгаас 79.01 м.кв талбайтай орон сууцыг 1 м.квыг 1 750 000 төгрөгөөр, нийт 138 302 500 төгрөгийн орон сууц байхаар харилцан тохиролцжээ.
Хэрэгт нэхэмжлэгч нь Их модун ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Их гурван марал ХХК-ийн захирал О.Мөнхбаатарт олгосон 102/23 тоот итгэмжлэлийг ирүүлсэн байх ба уг итгэмжлэлээр Монгол улсын Иргэний хуулийн 62-64 дугаар зүйлүүдийг үндэслэн Пирамид орд ХХК болон Их модун ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалан бариулсан ХУД Буман залуус хотхоны 203 дугаар байрны 10 давхрын 79.01 м.кв орон сууцыг ********-тай байгуулсан 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 19/05 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрт бартераар өгсөн тул уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төлбөрийг хүлээн авах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, гэрээний үүргийн биелэлтийг шаардах зэрэг эрхийг О.Мөнхбаатарт олгосон байна./хх-ийн 37/
Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 22-ны өдөр /2019 оныг 2017 он гэж андуурч бичсэн/ Их модун ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэнгээс О.Мөнхбаатарт итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлээр миний нэрийн өмнөөс Пирамид орд ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах Нийслэлийн УБ,********************** үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/-ыг худалдах, бэлэглэх, барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хэлцэл хийх, нотариатаар гэрчлүүлэх, төлбөр тооцоог өөрийн дансанд хүлээн авах, эдгээртэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах бүрэн эрхийг 1/нэг/ жилийн хугацаатай олгож байна. гэсэн итгэмжлэлийг хэрэгт ирүүлсэн байна./хх-ийн 38/
5. Дээрх 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны 02 сарын 17-ны өдөр Их модун ХХК-ийг төлөөлж О.Мөнхбаатар Ц.Алтансүхтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 203 байр, **давхар, 189 /**/ тоот хаягт байршилтай 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Ц.Алтансүхэд шилжүүлж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 39 109 950 төгрөгийг, үлдэгдэл 91 256 550 төгрөгийг гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрийг Ц.Алтансүх нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 39 109 950 төгрөгийг Хаан банкны 5040169350 /Б.Гэрэлжаргал/тоот дансанд шилжүүлсэн байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч нь уг гэрээг Их модун ХХК-тай байгуулсан байхад ****************, О.Мөнхбаатар нар нь нэхэмжлэл гаргаж, шаардах эрхгүй. Мөн тухайн үед урьдчилгаа төлбөрийг шилжүүл гэж өгсөн данс руу шилжүүлсэн бөгөөд Их гурван марал ХХК-ийн захирлын эхнэрийн данс руу хийж байгаа гэдгийг миний бие мэдэх боломжгүй. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг компани бүрдүүлж өгснөөр зээл авч төлбөрийг төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй, энэ маргаан бүхий орон сууцыг бариулсан Пирамид орд ХХК нь Буман залуус хорооллын 203, 204 дүгээр байрыг хөгжлийн банкны барьцаанд тавигдсан байсныг 2023 оны 04 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдлээ. Надад байрны бичиг баримтыг гаргаж өгөхгүй байх шалтгаан нь тухайн байр банкны барьцаанд тавигдсанаар илэрч байна гэж тайлбарласан.
7. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь*************** болон О.Мөнхбаатар нарын өмчлөлийн хөрөнгө гэх үндэслэл тогтоогдохгүйн дээр 2020 оны 02 сарын 17-ны өдрийн гэрээг Их модун ХХК-иас О.Мөнхбаатар нь өөрт олгосон итгэмжлэлийн дагуу байгуулсан байгаа компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэж үзэхээр байх ба О.Мөнхбаатар нь дээрх гэрээний шаардах эрхийг бие даан хэрэгжүүлэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.12.15-ны өдрийн ***** тоот лавлагаагаар эрхийн улсын бүртгэлийн Y-2206042096 дугаартай Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа/17121/, Наадамчдын зам гудамжны 203, эрхийн улсын бүртгэлийн Y-2206042098 дугаартай Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа/17121/, ********************** хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ***************-тай байгуулсан барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа/17121/, Наадамчдын зам гудамжны 203-р байрны 189 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн цахим санд өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна. Пирамид орд ХХК-ийн ирүүлсэн. ...захиалагчийн нэрсийн жагсаалтын 189 тоотод иргэн О.Мөнхбаатар/*************/-ын нэр бичигдсэн байна. гэжээ./хх-ийн 67/
8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.
9. Дээрх үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь****************-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй талаараа баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********, О.Мөнхбаатар нарын хариуцагч ***************** холбогдох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 203 дугаар байр, ** давхар, 189 тоот хаягт байрлалтай, 79.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7 526 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Их гурван марал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 580 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ