Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00188

 

 

 

 

    2024             02            21     

                         130/ШШ2024/00188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З аймгийн У сумын 6 дугаар багт оршин суух, С овогт Жын М

Хариуцагч: Б аймгийн У суманд оршин суух, С овогт Бын Т

Нэхэмжлэлийн шаардлага: 650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.М /цахимаар/

Хариуцагч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Тд холбогдуулан 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Ж.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2021 онд Б аймгийн У суманд 11 адуу зарж борлуулахаар очсон юм. Тэгээд уг адуунуудаас зарагдахгүй 2 адуу үлдсэн байсан. Түүнийг хариуцагч Б.Тд зарж, борлуулаад дараа нь мөнгөө хийгээрэй гэж нутаг руу явсан. Миний тооцоогоор одоо 650,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн юм. Тийм учраас уг мөнгийг хариуцагч өгөхгүй байхаар нь шүүхэд хандсан. Би хариуцагчаас мөнгөө авахын тулд удаа дараа асуусан ч надад мөнгийг өгөөгүй. Иймд хариуцагч Б.Т-аас адууны үнийн үлдэгдэл 650,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Т хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сард манай суманд нийтдээ 11 адуу зарж борлуулахаар ирсэн. Тэгээд уг адуунуудаас 2 адуу зарагдаагүй үлдсэн байсан. Уг 2 адууны нэгийг би өөрөө худалдаж авахаар болж үлдээсэн. Тийм учраас би өөрийн авсан адууг 900,000 төгрөгөөр үнэлж мөнгөө явуулсан. Мөн нөгөө нэг адууг өмнө нэг хүн 1,200,000 төгрөгөөр худалдаж авах гэж байгаад туранхай байна гэж аваагүй. Тэгээд би уг адууг арай гэж байгаад 1,000,000 төгрөгөөр зарж борлуулсан юм. Тийм учраас би нэхэмжлэгчид нийтдээ 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар би нэхэмжлэгчид 400,000 төгрөг өгөх ёстой байсан. Гэхдээ уг мөнгийг би нэхэмжлэгчийг гэртээ хонуулж, хоол ундаагаа бэлдэж өгсөн. Мөн түүний авч ирсэн бүх адууг зарж борлуулсан учраас үлдсэн мөнгийг өгөхгүй гэж бодсон. Нэхэмжлэгч талын зүгээс заавал мөнгөө авна гэж байгаа бол уг мөнгөний талыг өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.  

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Facebook мессенжер шатаар харьцаж байсан зурвас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6. Нэхэмжлэгч Ж.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд

6.1. Миний бие хариуцагчид 1 адуу үлдээж зарж өгөхийг хүссэн ба хариуцагч уг адууг зарж үлдсэн 650,000 төгрөгийг надад өгөөгүй тул хариуцагчаас 650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

7. Хариуцагч Б.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1.  Нэхэмжлэгчид би 650,000 төгрөгийн үлдэгдэлгүй ба үлдэгдэл 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй юм гэв.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Хариуцагч Б.Тойлыбай шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын  талаар гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сард манай суманд нийтдээ 11 адуу зарж борлуулахаар ирсэн. Тэгээд уг адуунуудаас 2 адуу зарагдаагүй үлдсэн байсан. Уг 2 адууны нэгийг би өөрөө худалдаж авахаар болж үлдээсэн. Тийм учраас би өөрийн авсан адууг 900,000 төгрөгөөр үнэлж мөнгөө явуулсан. Мөн нөгөө нэг адууг өмнө нэг хүн 1,200,000 төгрөгөөр худалдаж авах гэж байгаад туранхай байна гэж аваагүй. Тэгээд би уг адууг арай гэж байгаад 1,000,000 төгрөгөөр зарж борлуулсан юм. Би нэхэмжлэгчид нийтдээ 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар би нэхэмжлэгчид 400,000 төгрөг өгөх ёстой байсан. Гэхдээ уг мөнгийг би нэхэмжлэгчийг гэртээ хонуулж, хоол ундаагаа бэлдэж өгсөн. Мөн түүний авч ирсэн бүх адууг зарж борлуулсан учраас үлдсэн мөнгийг өгөхгүй гэж бодсон. Нэхэмжлэгч талын зүгээс заавал мөнгөө авна гэж байгаа бол уг мөнгөний талыг өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан болно.

8.2. Нэхэмжлэгч Ж.М нь Би 2021 онд Б аймгийн У суманд 11 адуу зарж борлуулахаар очсон. Тэгээд уг адуунуудаас зарагдахгүй 2 адуу үлдсэн байсан. Түүнийг хариуцагч Б.Т-д зарж, борлуулаад дараа нь мөнгөө хийгээрэй гэж нутаг руу явсан. Миний тооцоогоор одоо 650,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн юм. Уг мөнгийг хариуцагч өгөхгүй байхаар нь шүүхэд хандсан. Би хариуцагчаас мөнгөө авахын тулд удаа дараа асуусан ч надад мөнгийг өгөөгүй. Иймд хариуцагч Б.Т-аас  адууны үнийн үлдэгдэл 650,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэж нэхэмжлэлийн шаардлага тайлбарласан.

8.3 Нэхэмжлэгч Ж.М-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх,цуглуулах үүрэгтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгч нотолж чадаагүй болно.

8.4. Нэхэмжлэгч ... Би хариуцагчид 2 адуу биш 3 адуу үлдээсэн. Нэгийг нь хямдаар буюу нутгаасаа авч ирсэн үнэ болох 900,000 төгрөгөөр идшинд хэрэглэхийг зөвшөөрч үлдээсэн. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ адууныхаа зүйсээр нь бичсэн. Нэхэмжлэлдээ нэг буурал азарга, халтар гүү 2 адууг амьдаар үлдээсэн. Хариуцагчид болохоор бор морь идшинд өгсөн. Тэгээд амьд үлдээсэн 2 адууг зарчхаад мөнгийг нь явуулаарай гэж явсан гэж тайлбарлаж, хариуцагч Б.Т нь ... нийт 10 адуу авч ирж зарж борлуулснаас үлдсэн 2 адуу үлдээж авсан, юун 3 адуу бэ, 2 адуу үлдээсэн гэж тус тус шүүх хуралдааны шатанд зохигч нар маргасан боловч энэхүү үйл баримт нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “.... 2021 оны 11 сарын 5-нд хоёр адуу зарсан, үүний үнэ болох үлдэгдэл 650,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул иргэн Таас нэхэмжилж байна “ гэж бичжээ.  

8.5. Нэхэмжлэгч  Ж.М нь хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэж чадаагүй учир хариуцагч Б.Т-ийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбарыг үндэслэн  нь хариуцагч Б.Таас 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.  

8.6. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-т даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ. 

Дээрх хуульд зааснаар даалгавар өгөгч Ж.Мын зааврын дагуу даалгавар гүйцэтгэгч Ж.Т нь даалгаврыг гүйцэтгэсэн байна гэж үзлээ.

8.7. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Ттай Facebook мессенжер шатаар харьцаж байсан зурваст хариу өгч байсан байх ба хариуд нь “ мөнгө өгнө, наурыз баярын өмнө дансаа явуулчихаарай” гэж бичиж байсан байна.

8.8. Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо харилцан тохиролцсоноор талуудын хооронд үлдсэн адууг худалдан борлуулж мөнгийг шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч Б.Т нь адууг худалдан борлуулсан үнэ буюу мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

9. Иймд хариуцагч Б.Тийн адууг худалдан борлуулснаас үлдсэн 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 250,00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 12650 төгрөгийг хариуцагч Б.Таас гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Таас 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 250,000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас 12650 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б