Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00046

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00415 дугаар шийдвэртэй, “А” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын нэхэмжлэлтэй, “Аз” ХХК,  М.Р, Р.А нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Ц.М /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах-худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул 65.248.81 ам.доллар буюу 171.769.450.00 төгрөгийг хариуцагч “Аз” ХХК, М.Р болон Р.А нараас гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “А” ХХН болон “Аз” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2017/05 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч тал гулууз, хагас гулууз болон дөрөвний нэг хэмжээгээр хөлдөөсөн болон хөргөөсөн адууны мах, мөн адууны хөлдөөсөн, ясгүй мах бэлтгэх, худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч тал бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Эхний бараа бүтээгдэхүүний төлбөрт зориулан “А” ХХН нь төлбөрийн FASTER системээр 39,047 ам.долларыг “Аз” ХХК руу шилжүүлсэн. Шилжүүлсэн төлбөрт худалдан авагчийн төлөөлөгч болон худалдагчийн төлөөлөгч М улсын иргэн М.Р нар адууг сонгон бэлтгэж, худалдан авагчийн хаягаар ачуулахын тулд худалдагч талын үйлдвэрт адууг нядалсан. Худалдан авагчийн төлөөлөгч нядалгааны төлбөрийг худалдагч талд урьдчилан төлсөн бөгөөд худалдагчийн төлөөлөгч тал бараа бүтээгдэхүүнийг ачуулсан. Үүнийг ачааны гаалийн мэдүүлэг болон СМR-ээр батална. Эхний цувралын ачуулсан барааны нийт үнийн дүн 15,293.3 ам.доллар болсон. Худалдагч талын агуулахад 23,573.7 ам.долларын үлдэгдэл бараа үлдсэн. Дараагийн буюу 2 дахь нийлүүлэлтэд зориулж худалдан авагчийн төлөөлөгч нь худалдагчийн төлөөлөгчид 45,525 ам.долларын төлбөрийг “Аз” ХХК буюу худалдагч талын дансанд шилжүүлэхдээ 28,775 ам.долларыг банкаар шилжүүлж, дараа нь “Аз” ХХК-ийн удирдлага М.Р-ны заавар, удирдамжийн дагуу 16,750 ам.долларыг түүний өөрийнх нь данс руу FASTER төлбөрийн системээр шилжүүлсэн. Төлбөрийг хүлээн авсны дараа худалдагчийн төлөөлөгч худалдан авагчийн хаяг руу барааг ачуулсан бөгөөд үүнийг ачааны гаалийн мэдүүлэг, СМR-ээр нотолно. Хоёрдугаар нийлүүлэлтийн ачааны нийт үнийн дүн 14,601.29 ам.доллар болсон, үлдэгдэл үнийн дүн 30,923.71 ам.доллар болж, худалдагч талын төлөөлөгчид үлдсэн.

Худалдан авагчийн төлөөлөгч нь барааны гуравдугаар ээлжийн нийлүүлэлтэд зориулан 44,062 ам долларыг шилжүүлсэн, худалдагчийн төлөөлөгч М.Р-ны данс руу өөрийнх нь хүсэлтийн дагуу 34,062 ам.долларыг FASTER төлбөрийн системээр шилжүүлсэн, 10,000 ам.долларыг Р-ы А (Худалдагчийн төлөөлөгч М-ны Р-ы охин) рүү шилжүүлсэн. Төлбөрийг хүлээн авсны дараа худалдагчийн төлөөлөгч нь худалдан авагчийн хаяг руу барааг ачуулсан, үүнийг ачааны гаалийн мэдүүлэг болон СМR-ээр (ачааны гаалийн мэдүүлэг болон СМR-ийн хуулбарыг албан бичигт 8-р хавсралтаар хавсаргасан) нотолно. Гуравдугаар нийлүүлэлтийн ачуулсан барааны нийт дүн 19,754.9 ам.доллар бөгөөд үлдэгдэл үнийн дүн 24,307.1 ам.доллар, худалдагчийн төлөөлөгчид үлдсэн. Гурван нийлүүлэлтийн барааны дутуу ачилтын улмаас хэлцлийн явцад 78,984.51 ам.долларын илүү төлөлт хийгдсэн. Худалдагч буюу “Аз” ХХК нь “А” ХХН-д өр төлбөр үүсэж, тус үнийн дүнд тохирсон нийлүүлэлт хийхээр талууд харилцан тохиролцсон. Ингээд худалдагч тал 16,735.7 ам.долларын үнийн дүнтэй дөрөвдүгээр нийлүүлэлтийн нэмэлт ачилтыг худалдан авагч руу ачуулсан. Үүнийг ачааны гаалийн мэдүүлэг болон СМR-ээр (ачааны гаалийн мэдүүлэг болон СМR-ийн хуулбарыг албан бичигт 9-р хавсралтаар хавсаргасан) нотолно. Дөрөвдүгээр ээлжээр ачуулсан барааны нийт үнийн дүн 16,735.7 ам.доллар болсон бөгөөд үлдсэн 65,248.81 ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй байна.

“Аз” ХХК-аас 65,248.81 ам.долларт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эсвэл “А” ХХН-нд 65,248.81 ам.долларыг буцаан шилжүүлэхийг хүссэн боловч асуудлыг өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй байна. Гэрээний дагуу худалдан авалтад зориулж нийт 128,634 ам.доллар /”Аз” ХХК-ийн дансанд 67,822 ам.доллар, М-ны Р-ны дансанд 50,812 ам.доллар, Р-ы А-ын дансанд 10,000 ам.доллар/-ыг төлсөн боловч 66,385.3 ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Харин үлдэх 65,248.81 ам.долларын бараа бүтээгдэхүүнийг худалдагч тал одоог хүртэл нийлүүлээгүй, мөртөө илүү авсан үнийг буцаан өгөөгүй. Иймээс талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.3, 3.4, 3.6 заалтын 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-т заасны дагуу урьдчилан төлсөн 65,248.81 ам.долларыг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй байна. Төлбөр тооцоо хийгдэх явцад М-ны Р нь “Аз” ХХК-ийн дансанд авах ёстой байсан төлбөрийг компанийн дансаар хүлээн авах боломжгүй болсон, төлбөрийн асуудал үүссэн тул миний дансаар шилжүүл гэж биднийг итгүүлэн өөрийн болон өөрийн охины дансаар авсан нь “Аз” ХХК-д өгөлгүй, хувьдаа ашигласан байна. Иймд хариуцагч нараас дээрх төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. Иймд 65,248.81 /жаран таван мянга хоёр зуун дөчин найман ам доллар 81 цент/ буюу Монгол банкны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ханш /2632.53 төгрөг/-аар 171,769,450 төгрөгийг “Аз” ХХК, М-ны Р болон Р-ы А нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие М овогтой Р 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр "Аз" ХХК-ыг төлөөлж Казахстан Улсын "А” ХХН-тай адууны мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж нэг кг адууны махыг 3 доллароор тооцож төлбөр тооцоо хийхээр заасан ба гэрээний дагуу нийт 59064 кг мах экспортоор гаргасан ба гаргасан нь гаалийн мэдүүлгээр батлагдаж байгаа. 2017 онд 1кг адууны мах дотоод зах зээлд 7500 төгрөгийн үнэтэй байсан ба 1 кг махыг 1 доллароор тооцож нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй ба тухайн үед Казахстанд очоод тус улсын гаалийн татварыг багасгахын тулд өөрсдөө тэгж тооцоолж баримт бүрдүүлэхийг үгүйсгэхгүй. Бид бусад Орос, Азербайжан зэрэг гадаад руу мах экспортлоход нэг кг махыг 4 доллароор нийлүүлдэг байсан ба гадаад руу мах экспортлоход дотоодын зах зээлийн үнээс доош үнээр экспортлохыг хориглодог бөгөөд адууг манай аймаг болон бусад аймгаас тууж ирэх, тээвэрлэх, нядлах, 30-аас дээш ажилтны цалин хөлс, татвар, хөргөлтийн хадгалалтын хөлс,мах ачуулахад гарах зардал гээд бодохоор маш их зардал гардаг. 1 кг махны үнийн ханш 7500-аас дээш гардаг ба 1,1 доллароор тооцож экспортлохоос дотоод зах зээлд 5000 төгрөгөөр худалдах нь дээр. Аливаа нэг бизнес эрхлэгч дотоодын зах зээлээс доогуур үнээр тодорхой хэмжээний ашиггүй наймаа хийхгүй ба 3 доллароор экспортолсон нь холбогдох баримтаар нотлогдож байгаа тул "А" ХХН-ны нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй болно. Иймд “А" ХХН-д өглөгтэй биш авлагатай болно.” гэв.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00415 дугаар шийдвэрээр Бүгд найрамдах Казахстан улсын Иргэний хуулийн 406 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын “Аз” ХХК, М-ы Р, Р-ы А нараас худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлээгүй барааны үнэ 171769450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

           

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд эмнэлгийн албан ёсны магадалгаа, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, мөн 4 төрлийн хүсэлтийг тус шүүхийн албан ёсны цахим хаягаар хүргүүлж, эх хувийг нь шуудангаар явуулсан. Уг цахим шууданг тус шүүх “хүлээн авлаа Баярлалаа” гэсэн хариуг тэр дор нь ирүүлсэн болно. /цахим шуудангийн хуулбарыг хавсаргав/. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 25-ны өглөө шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр хийж, шийдвэр гаргасан байна. Шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслах Ахмерейтэй холбогдох гэж удаа дараа утсаар залгасан боловч утсаа аваагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул хэргийг хойшлуулах, эсхүл буцаах үндэслэлтэй байхад илтэд нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- намайг хэргийн материалтай танилцуулаагүй, танилцах боломж олгоогүй. Казакстанаас нэмэлт нотлох баримт ирүүлэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргасан байхад шүүх хуралдаан хийсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн эргэлзээ бүхий гэрээний эх хувийг хариуцагчаас гаргуулах, гаалийн байцаагч нарыг гэрчээр асуух, Р, А нарт шилжүүлсэн мөнгийг тэд хүлээн авсан тухай банк дахь дансны хуулга гаргуулах зэрэг хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дугаар зүйлийн 89.2 болон хуулийн 6, 25 дугаар зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтүүд болон хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх нотлох баримтыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан боловч шүүх хуралдааныг хийх боломжгүй нөхцөл байдал илэрхий байхад нэг талын эрх ашгийг хамгаалсан гэж үзэхээр байгаа ба шүүгч анх нэхэмжлэлийг хүлээн авсныхаа дараа ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг буцааж байсан зэрэг нь энэ шүүгч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа бөгөөд эрх бүхий Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлэх болно.

Нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн ба хариуцагч нь гаалийн байгууллагад хоёр өөр үнэ бүхий гэрээ гаргаж бүртгүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь илэрхий байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүйгээр шүүх хурал хийж шийдвэр гаргасан нь “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай” хуулийн шаардлагыг огтхон ч хангаагүй. Мэтгэлцэх зарчмыг хангаж хэргийн бодит байдлыг тогтоох талаар анхаараагүй байна. Нэхэмжлэгч нь “Аз” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлээгүй барааны үнэ, харин М-ны Р, Р-ы А нарт тусад нь шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх зөвхөн “Аз” ХХК-тай холбогдох маргааныг хэлэлцэж, Р, А нарын төлбөрийн талаар огт хэлэлцээгүй байна. Энэ нь шийдвэрийг хүчингүй болгох бас нэг хууль зүйн үндэслэл мөн. Нэхэмжлэгч нь өөрийн зардлаар, өөрийнхөө бие төлөөлөгчдийг газар дээр нь ажиллуулан мах биш, мал амьдаар нь худалдан авч мах бэлтгэж байсан бөгөөд ажилчдын цалин хөлсийг урьдчилан төлж байжээ. Ялангуяа эхний ээлжийн ачилтыг нэхэмжлэгч бүрэн хариуцсан бөгөөд тээврийн зардлыг нэхэмжлэгч тал бүрэн хариуцаж байсан, харин Р нь зөвхөн бичиг баримтын бүрдүүлэлтийн асуудал болон ачилт хийх ажиллагааг хариуцаж байсан байна. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн Р-ы тайлбарыг үндэслэл болгосон нь үндэслэл муутай болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, эрх үүргээ эдлэх талаар хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн. Хуурамч гэрээ гэж үзэхээр эргэлзээ бүхий гэрээний тайлбар, нотлох баримт, үндэслэлгүй тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргав.” гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- хариуцагч нь “Аз” ХХК, М.Р, Р.А нарт холбогдуулж худалдах-худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул 65.248.81 ам.доллар буюу 171.769.450.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч тал гулууз, хагас гулууз болон дөрөвний нэг хэмжээгээр хөлдөөсөн ясгүй мах бэлтгэн худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан хэдий ч 65.248.81 ам.долларын барааг нийлүүлээгүй атлаа илүү авсан үнийг буцаан өгөөгүй” гэж тайлбарлажээ.

 

            Анхан шатны шүүх уг хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 130/ШШ2019/00415 дугаар шийдвэр гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.М-оос тухайн өдрийн шүүх хуралдааныг хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт Баян-Өлгий аймаг дахь шүүхүүдийн албаны /[email protected]/  цахим шуудангаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн ба мөн өдрийн “04:03 pm” цагт “Таны илгээсэн мэйлийг хүлээн авлаа. Баярлалаа.” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхийн цахим шуудангаар хүргүүлсэн дээрх хүсэлтийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхүүдийн Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч хүлээн авсан боловч хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгчид болон тухайн шүүгчийн туслах ажилтанд хүсэлт ирсэн  өдөрт нь, эсхүл шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүлээлгэн өгөөгүйгээс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлт хэлэлцэгдээгүй үлджээ.

 

Дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3.-т заасан шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 105 дугаар зүйлийн 105.1.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тус тус  зөрчигдөхөд хүргэсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд хандаж шүүхийн албаны /[email protected]/ цахим шуудангаар хүргүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй үйлдэл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

           

            Иймд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.016.800.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.016.800.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

Д.КӨБЕШ