Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/868

 

 

      2021           9             29                                         2021/ДШМ/868

М.Мхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нарантуяа,

шүүгдэгч М.Мөмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мгаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1909035601291 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Парз овгийн М.М, 1997 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 165 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан,

- Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 98/54 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

             - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус ял шийтгүүлж, нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хорих ялаар тогтоосон,

Шүүгдэгч М.Мнь бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Глобал эксим” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 2.717.983 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Мүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                             

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Парз овогт М.Мийг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 12 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мцагдан хоригдсон 214 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрөөс 1.358.992 төгрөгийг гаргуулан хохирогч А.Мягмарт олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Мгаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд намайг бүрэн бус дунд боловсролтой гэж бичсэн байдаг. Миний бие 1 дүгээр анги төгссөн ба боловсролгүй гэж явдаг. Мөн мөрдөн байцаалтын тэмдэглэл дээрх мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг биш байдаг. Би Төгөлдөр гэх залуутай хийсэн хэрэг дээрээ 2 жил 2 сарын хорих ял авсан. Найз Төгөлдөр болон Мандах-Од нартай 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өргөө кино театрт кино үзээд гарч ирээд уг кино театрын хажууд байрлах задгай пабад юм яриад сууж байсан. Тухайн үед Төгөлдөр нь “хоёулаа ийшээ нэг айлд оччихоод ирье” гэж хэлэхээр нь “за” гэж хэлээд бид хоёр уг пабаас гараад явсан ба Мандах-Од найз охинтойгоо суугаад үлдсэн. Би Төгөлдөртэй пабаас гараад Багшийн дээдийн байрнуудын голоор ороод гражын хажууд очсон. Намайг “наанаа хүлээж бай” гээд Төгөлдөр граж даваад явсан. Би тэнд 20-30 минут хүлээгээд зогсож байтал Төгөлдөр 2 цүнх үүргэвчтэй эд зүйлс авчирсан. Тэр эд зүйлээ бид хоёр уг газраасаа аваад явсан. Төгөлдөр нь надад хандан “энэ 2 цүнхтэй юмыг тавьчих газар байна уу” гэж асуухаар нь би “Азбилэг гээд найзындаа аваачиж тавья” гэж хэлсэн. Төгөлдөр үүргэвчин доторх эд зүйлсээ шалгаж үзээд “тавьчих” гэж хэлсэн. 2 үүргэвчтэй зүйлийг би Азбилэг найзындаа аваачиж тавьчихаад бид хоёр Мандах-Од найзтайгаа уулзаад бааранд орж бүжиглэсэн. Баарнаас гараад бид гурав салсан ба Төгөлдөр нь “эд зүйлээ маргааш авна шүү” гэж хэлсэн. Энэ хэрэг болсноос 2 өдрийн дараа өөр хэрэг дээр цагдан хоригдсон. Уг эд зүйлс нь Азбилэг найзынд байгаа. Мөн энэ үйл явдал болсныг Мандах-Од, Азбилэг хоёр гэрчлэх болно. Би мөрдөн байцаалтын явцад яг ингэж мэдүүлсэн байхад хавтас хэрэгт энэ өгсөн мэдүүлгээс ондоо мэдүүлэг өгсөн болгож бичсэн байдаг. Төгөлдөрийг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ямар хэлбэрээр хамтран оролцсон буюу ямар үйлдэл оролцоотой болохыг шалгаж тогтоогоогүй. Иймд Төгөлдөр гэх залууг олж хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа 170602186 гэх дугаартай хэргийг нэмж нэгтгүүлж, нэг тогтоолоор шийтгүүлэх хүсэлтэй байгаа тул эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэжээ.

             Шүүгдэгч М.Мөмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч “би боловсролгүй гэж явдаг, гэтэл бүрэн бус дунд боловсролтой гэж бичсэн байна” гэж гомдол гаргасан нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр 2 удаа, яллагдагчаар 4 удаа мэдүүлэг өгсөн. Энэ бүхэнд өмгөөлөгчгүйгээр оролцсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа этгээд нь яллагдагчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхээс ял авахдаа шүүгдэгч нь “боловсролгүй” гээд манай хууль зүйн туслалцааны төвөөр өмгөөлүүлсэн. Дараагийн хэрэгт “бичиг үсэгтэй” гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон байна. Энэ хэрэг нь зөвхөн яллагдагчийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогддог. Уг мэдүүлгийг дэмжсэн өөр нотлох баримт байдаггүй. Гэтэл гэм буруутайд тооцож байгаа яллагдагчийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар бичиг үсэг мэддэггүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичиг үсэг мэддэггүй хүн өмгөөлөгчгүйгээр оролцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох ёсгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Шүүгдэгч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтүүд гаргаж байсан боловч хангагдаагүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг арилгаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй. Анхан шатны шүүх шийдвэр гарахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан бусадтай бүлэглэж, гол этгээдээр оролцсон гэж зүйлчилсэн байна. Гэтэл прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамт гэмт хэрэг үйлдсэн гэх Төгөлдөрт тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар “гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоож чадаагүй. Бусадтай бүлэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс ял оногдуулаад байгаа боловч хэнтэй бүлэглэж, хэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна. Төгөлдөрт шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн яллагдагч нэг гэмт хэрэг үйлдсэн байхын бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэдэг. Хэргийг тал бүрээс бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж хэлэлцэж болдог. Мөн нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол нэгтгэж нэг хэрэг бүртгэлтэйгээр асуудлыг шийдвэрлэдэг. Төгөлдөртэй хамт үйлдсэн гэдгийг нотолж байгаа бол тусгаарлаж хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байхад эргэлзээтэй байдлыг бий болгосон. Анхан шатны шүүхээс бусадтай хамтран үйлдсэн гэж дүгнээд хохирлыг хувааж байгаа байдал нь хэрвээ Төгөлдөр гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдвол үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй. Иймд хэргийн мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү. Одоогийн үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих гэсэн байдаг. Энэ хэрэг нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үед үйлдэгдсэн цуврал, нэг үйлдэл юм. Тусдаа шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж байна. Хэдийгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа яллагдагчаар татсан ч гэсэн энэ үйлдлүүдийн талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг шийдэгдэж байх үед мэдүүлсэн байдаг. Эдгээр хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор М.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн давж заалдах гомдол нь хэд хэдэн зүйлээр үгүйсгэгдэж байна. Баянзүрх дүүрэгт шалгагдаж байгаа гэх 170602186 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 499 дугаартай шийдвэрээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Мөн 170602873 дугаартай хэрэгт гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг шүүгдэгчид өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шүүх хуралдаан үргэлжилсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “бүрэн бус дунд боловсролтой” гэж мэдүүлсэн. Үүний үндсэн дээр шүүх хуралдаан үргэлжилж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Бүлэглэж үйлдсэн гэх Төгөлдөрийг Нийслэлийн прокурорын газраас хэд хэдэн хүмүүстэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн шатнаас оргон зайлсан. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс зөвхөн Мөнхтөрд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Мнь бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Глобал эксим” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж бусдад 2.717.983 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж заасан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

             Учир нь, хохирогч А.М“...2019 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 23 цаг 30 минут орчимд 160-170 см орчим өндөртэй, малгай цамц өмссөн хоёр залуу хойд талын хашааг давж ирээд 30 орчим минут болоод буцаж хашаа давж гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. ...” /1хх 39-41/ гэж,

             шүүгдэгч М.Мбүлэглэн үйлдсэн талаараа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу “...2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Н.Төгөлдөртэй хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны 3 тоотод хууль бусаар нэвтрэн орж тус тоотод байрлах оффис дотроос 1 ширхэг нөүтбүүк, 5 ширхэг хос гутал, 2 ширхэг аяга, 1 ширхэг цүнх авсан. Эдгээрийг танихгүй хүнд зарсан. Н.Төгөлдөр бид хоёр авсан зүйлүүдээ бүгдийн хэллээ. ...” /1хх 61-63/ гэж мэдүүлсэн ба М.МН.Төгөлдөртэй бүлэглэн үйлдсэн гэдэг талаар мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоох шаардлагатай гэж үзлээ.

             Мөн шүүгдэгч М.Мурьд 4 удаа ял шийтгэл эдэлж байсан боловч 3 удаагийн ял шийтгэлийн байдал хэрэгт авагдаагүй байна.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоос хойш 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан тул энэ хуулийг М.Мхэрэглэх эсэх талаархи үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй болгож байна.

             Шүүгдэгч М.М ял шийтгэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолд түүний биеийн байцалтад “боловсролгүй” гэж бичигдсэн ба шүүгдэгч давж заалдах гомдолдоо “1 дүгээр ангийн боловсролтой, боловсролгүй” талаараа бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.” гэж заасныг хангаж, мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мхолбогдох эрүүгийн 1909035601291 дугаартай хэргийг тус шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийн прокурорт очтол М.Мурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                      ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ