| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2023/0115/З |
| Дугаар | 128/ШШ2023/0590 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0590
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, Т.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* нарыг оролцуулан “О*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж*******” компанийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ хариуцагч татгалзсан. Гэхдээ гуравдагч этгээдээс өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн байна. Улмаар шийдвэр гаргасан байгаа учир хуулийн 67 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Хариуцагч тал хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд дахиад нэхэмжлэл гаргах эрх хаагдана. Нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа болохоор нэхэмжлэлээсээ татгалзах эрхгүй тул хуулийн 67 дугаар зүйлийг баримтлан шийдвэр гаргах шаардлагатай байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгосон тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх “О*******” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны “П*******” ХХК-ийн “Нүүрсний давхаргын метан хийн Т-1 блокын талбайд хайгуулын ажил гүйцэтгэх” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээр үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******гаас тус өдрийн шүүх хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтийг ирүүлсэн байх ба уг дүгнэлтэд “...“О*******” НҮТББ –ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн албан хүсэлт болон Дундговь аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П*******” ХХК-ийн “Нүүрсний давхаргын метан хийн Т-1, Онги-V блокын талбайд хайгуулын ажил гүйцэтгэх” төсөлд хамаарах мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Ж*******” ХХК-ийн боловсруулсан “П*******” ХХК-ийн “Нүүрсний давхаргын метан хийн Т-1, Онги-V блокын талбайд хайгуулын ажил гүйцэтгэх” нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгов” гэж шийдвэрлэжээ.
Дээрхээс үзвэл, хариуцагч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгосон байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа болохоор нэхэмжлэлээсээ татгалзах эрхгүй тул хуулийн 67 дугаар зүйлийг баримтлан шийдвэр гаргах шаардлагатай байна” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн ба шийдвэрийн үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зуржээ
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “О*******” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны “П*******” ХХК-ийн “Нүүрсний давхаргын метан хийн Т-1 блокын талбайд хайгуулын ажил гүйцэтгэх” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ