Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/00545

 

 

 

 

 

 

 

 

 

    оны    сарын     өдөр

Дугаар     

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К  даргалж, шүүгч Н.Х  А.С   нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:    дүүрэг    дугаар хороо    дугаар хороолол  төв   ММХХК

Хариуцагч:    дүүрэг    дугаар хороо   дугаар байр   тоотод оршин суух,   онд төрсөн  настай, Д овогт Э.Ц

Гэм хорын хохиролд 55,154,545.45 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г хариуцагч Э.Ц өмгөөлөгч Э.У, П.А, иргэдийн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ММХХК нь хариуцагч Э.Ц-д холбогдуулж гэм хорын хохиролд 55,154,545.45 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Ц 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ММХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.Ц хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг байгуулсан. Э.Ц ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тул Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан эрх бүхий албан тушаалтан юм. Тэрээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, 20.2.11-т заасан өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын 9, 10-т зааснаар татварын тайлан гаргах, татвар шимтгэлийн тооцоог хийх, төрийн байгууллагуудтай харьцах үүргийг хүлээж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу татварын албанд тушаах, Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа тушаах гэсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Э.Ц нь манай компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа компаний 2018 оны 11, 12 сар, 2019 оны 08, 10, 12 сарын НӨАТ-ын тайланг алдаатай илгээсэн бөгөөд тус тайлангуудад ХЛХХК нэр дээрх борлуулалтыг бүртгээгүй. Э.Ц нь 2012 оноос хойш ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа тул тайланг нягтлах, тайлагнах, татварын байгууллагад илгээх, тайлангийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй гэдгээ хангалттай мэдэж байсан. Гэсэн ч шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гарган хариуцсан ажилдаа хайнга хандаж гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ гаргаж дээрх 4 борлуулалтыг ХЛХХК дээр шивэлгүй компанийн НӨАТ-ын тайланг буруу гаргаж, нягтлалгүй татварын байгууллагад илгээсэн. Бид дээрх борлуулалт ХЛХХК нэр дээр бүртгэгдээгүй гэдгийг мэдээгүй мэдэх боломжгүй байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөрХЛХХК -иас албан бичиг ирснээр мэдсэн. Манай компанийн НӨАТ-ын тайланд дээрх 4 борлуулалтыгХЛХХК дээр бүртгэгдээгүй, манай компанийн 2018, 2019 оны НӨАТ-ын тайланд залруулга хийх боломжгүй байсан тулХЛХХК нь НӨАТ-ын буцаан олголтоос 55,154,545.45 төгрөг авах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5, 228 дугаар зүйлийн 228.1-т зааснаар хариуцагч Э.Ц-гаас 55,154,545.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Э.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ММХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие хэнээс ч ажил хүлээлцэж аваагүй бөгөөд бас хэнд ч ажлаа хүлээлгэж өгөөгүй гэдгээ хэлье. Ажиллаж байх хугацаандаа НӨАТ-ын тайланг цаг хугацаанд нь гаргаж ирсэн. Энэ хугацаанд татварыг хянаж шалгадаг эрх бүхий байгууллагаас ямар нэгэн тайлан буцаагдах, татварын алдаа үүссэн гэсэн акт тавигдаж, холбогдож байгаагүй. ХЛХХК болон ММХХК-ийн хооронд хийгдсэн 2018, 2019 оны машины худалдан авалттай холбоотой гэрээний анхан шатны баримтууд борлуулалтын ажилтнуудаас санхүүд ирээгүй, мэдэгдээгүй тул НӨАТ-ын баримт шивэгдэхгүй. Холбогдох стандарт, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу тайлан гардаг. Ямар ч анхан шатны баримт болон хууль ёсоор баталгаажаагүй ажил үйлчилгээг бүртгэхгүй. Иймээс анхан шатны баримт бүрдээгүй, борлуулалт гүйлгээг би болон манай тооцооны нягтлан бодогчид хийхгүй. Борлуулагдсан гээд байгаа 4 автомашин ММХХК-нд байсан уу, ямар нэгэн борлуулалт хийгдсэн үү, хэзээ худалдагдсан, тайландаа тусгагдсан уу гэх анхан шатны баримтууд заавал санхүүд ирж байж НӨАТ шивэгддэг.ХЛХХК -наас орлого орж ирсэн. Гэхдээ орж ирсэн орлого болгон болуулалт биш. Орж ирсэн орлогыг дагалдаад худалдах, худалдан авах гэрээ хийгддэг. Борлуулалт хийгдээд анхан шатны баримтын хамт санхүүд ирээд татварын вэб сайт дээр НӨАТ-ын нийт борлуулалт хийсэн дүн, санхүүгийн тайлан дээр программ хоёрын дүн таарч байх ёстой. Өөрөөр хэлбэл анхан шатны баримт нь бүрдээгүй байвал борлуулалт хийж бүртгэх эрх байхгүй. ХЛХХК-наас албан бичиг ирсэнээр боруулалтын анхан шатны баримт бүрдүүлээгүй нь харагдаж байна. Өөрсдийн дотоод процессын алдааг надад тулгаж гэм хор гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Э.Цг ажилд авсан тушаал, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийнХЛХХК , ММХХК-ийн хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийнХЛХХК -наас ММХХК-нд хүргүүлсэн албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, ММХХК-ийн Голомт, Хас банк дахь дансны хуулга,

4. Хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Улсын дээд шүүүхийн тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас,

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ХЛХХК-наас АХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14, Ю.Э 2018 оны 11 дүгээр сарын 07, ОДНД ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээ, ММХХК-ийн дэд захирал Г.Б цахим хаяг, компаний НӨАТ-ын е-баримт системд бүртгэгдсэн тайланд үзлэг хийж, ММХХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.Отгонсүрэнг асууж гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ньХЛХХК -тай байгуулсан 2018, 2019 оны 4 гэрээний НӨАТ-ыг хугацаанд нь шивж тайлагнаагүйгээс е-баримтын зөрүүдХЛХХК -нд 55,154,545.45 төгрөг шилжүүлсэн. Э.Ц хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад хохирол учирсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь 2018, 2019 оныХЛХХК -тай байгуулсан авто машины худалдан авалттай холбоо бүхий гэрээний анхан шатны баримтууд борлуулалтын ажилтнуудаас санхүүд ирээгүй, мэдэгдээгүй тул НӨАТ-ын баримт шивэгдэхгүй. Ямар ч анхан шатны баримт болон хууль ёсоор баталгаажаагүй ажил үйлчилгээг бүртгэхгүй. Борлуулагдсан гэх 4 автомашин ММХХК-нд байсан уу, ямар нэгэн борлуулалт хийгдсэн үү, хэзээ худалдагдсан, тайландаа тусгагдсан уу гэх анхан шатны баримтууд заавал санхүүд ирж байж НӨАТ шивэгддэг гэсэн үндэслэлээр няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Нэхэмжлэгч ММХХК ньХЛХХК -тай 2018, 2019 онд байгуулсан 4 гэрээний борлуулалтын НӨАТ-ыг Э.Ц тайланд оруулж тайлагнаагүйгээс компанид хохирол учирсан гэсэн үндэслэлийг тайлбарласан боловч эдгээр борлуулалттай холбоотой анхан шатны баримтыг бүрдүүлж санхүүд ирүүлээгүйгээс НӨАТ шивэгдэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Э.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хариуцагч нь борлуулагдсан хөрөнгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх үүрэг хүлээгүй.

4.1.2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.5-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлэх бөгөөд уг баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болдог байна.

ММХХК нь эд хөрөнгө худалдсан худалдах худалдан авах гэрээтэй холбоотой анхан шатны баримтыг бүрдүүлж санхүүгийн хэлтэст хүлээлгэж өгөөгүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбараар тогтоогдсон тул Э.Цг ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа төлбөрийн баримтыг хэвлэж өгөх цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т анхан шатны бүрдүүлсэн баримтад үндэслэж нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх ба анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т зааснаар бүртгэхгүй байх үүргийг хуулиар хүлээлгэсэн байна.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглосон тул хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй үзэх боломжгүй.

4.1.3. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болдог тул худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой түүний баримтыг бүрдүүлж өгөөгүйд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн ММХХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.О нягтлан бодогч нь баталгаажсан гэрээ, машин хүлээлцсан акт, төлбөр төлсөн баримт, машины нэр шилжүүлэх албан тоот, гаалийн бүрдүүлэлтийг үндэслэн программд борлуулалт хийж е-баримтыг шивдэг. Үүнийг ерөнхий нягтлан бодогч хянаад программ болон е-баримтын борлуулалтыг тулгаж нягтлаад илгээдэг гэсэн мэдүүлгээр баталгаажсан гэрээ холбогдох баримт буюу санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн программд борлуулалт бүртгэгдэж е-баримт шивэгддэг тул 2018, 2019 оны худалдан авалтын анхан шатны баримтгүйгээрХЛХХК -нд е-баримтыг шивэх боломжгүй байсан байна.

4.1.4. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Цг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотлох зорилгоор үзлэг хийлгэсэн ба үзлэгээр ММХХК-ийн дэд захирлын цахим шуудангийн хаяг болон НӨАТ-ын тайлангийн е-баримт.мн систем, Татварын etax.mn системд хийсэн үзлэгээрХЛХХК -наас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2018, 2019 онд НӨАТ дутуу шивэгдсэн харилцагчийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлж улиралдаа багтаан шивж өгөх агуулга бүхий албан бичиг, НӨАТ-ын тайлангийн е-баримт.мн системд нэвтрэхэдХЛХХК -наас дээрх хавсралтаар ирүүлсэн нийт 606,700,000 төгрөгийн НӨАТ ний 55,154,545.45 төгрөг гэсэн борлуулалт шивэгдээгүй, Татварын etax.mn системд 2018 оны 11, 12, 2019 оны 8, 10 сардХЛХХК руу шивсэн НӨАТ-ын баримтын жагсаалт байсан энэ нь Э.Цг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шууд буруутгах үндэслэл болохгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т зааснаар ерөнхий нягтлан бодогч нь анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх үүрэгтэй тул түүнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

5. Иймд хариуцагч Э.Ц-д холбогдох гэм хорын хохиролд 55,154,545.45 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ММХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Иргэдийн төлөөлөгчийн Э.Ц нь 55,154,545.45 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөнгөн дүнтэй тэнцэх хохиролыг ММХХК-нд учруулсан гэх гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, шалтгаант холбоо байхгүй, нотлох баримтгүй байгаа тул Э.Ц гэм буруугүй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Улсын дээд шүүүхийн тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.5, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч Э.Ц-д холбогдох гэм хорын хохиролд 55,154,545.45 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ММХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,722.70 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.К

 

ШҮҮГЧИД А.С

 

Н.Х