| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2023/01545/И |
| Дугаар | 135/шш2024/00036 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 135/шш2024/00036
| 2024 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 135/ШШ2024/00036 | Дархан-Уул аймаг |
2024 01 05 135/ШШ2024/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/01545/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Б.Номин, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн П газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, **** баг *** тоотод оршин суух Ш.М-д холбогдох,
“37,905,821 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, иргэдийн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын ****** ам гэх газар нь ой хээрийн түймэр гарсан” гэх үйлдэлтэй хэрэг бүртгэлтийн **********дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар хүлээн авч шалгаад хэрэг бүртгэлийг хаах санал гарган П хяналтад ирүүлжээ.
Дээрх хэргийг тус П газраас хянаад “ ... Дархан-Уул аймгийн Хонгор сумын ****** ам гэх газар нь орон нутгийн өмчлөл, эзэмшилд хамаарч байх тул сумын Засаг даргын газрыг төлөөлж Б.Т хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр томилуулсан нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад бусдын буюу хүн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газарт болгоомжгүйгээр гал алдаж ой хээрийн түймэр тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй байна. Харин иргэн Ш.М нь трактороор хадлан бэлтгэх явцдаа тракторын яндангаас гал алдаж ой хээрийн түймэр болгоомжгүйгээр гарсны улмаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** баг ********* ам гэх газарт 37,905,821 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан хэдий ч ой хээрийн түймэрт шатсан газрын хохирол, хор уршгийг Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангийн дүгнэлтээр түймэрт шатсан газрын хохирол, хор уршгийг тогтоосон Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангийн дүгнэлтээр Ойн санд 19 га хусан ой түймэрт нэрвэгдэж хохирол нь 11,258,340 төгрөг ба 1 га тутмын хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцоход 33,859,669 төгрөг, бэлчээрийн талбайн хохирол нь 61 га-д 1,660,176 төгрөг, түймэрт гарсан зардал 2,385,976 төгрөг болж нийт 37,905,821 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. ...Ш.Мын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт буюу орон нутагт ой хээрийн түймрийн улмаас их хэмжээний хохирол учруулаагүй нь ой хээрийн түймэр тавих гэмт хэргийн шинжгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээ гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ш.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Ш.М нь хуурайшилттай, түймрийн үед оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласны улмаас ой хээрийн түймэр тавьж Дархан-Уул аймгийн Хонгор сум *** баг ********* ам гэх газарт 37,905,821 төгрөгийн хохирол учруулсан. Ш.Мын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.4 дэх заалтад заасан зөрчлийн шинжтэй, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн байна. Ш.М нь түймрийн аюултай үед оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласны улмаас ой хээрийн түймэр гарч байгаль экологид 37,905,821 төгрөгийн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа боловч одоог хүртэл улсад учруулсан хохирлоо төлөөгүй байна. П газар нь хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүгийн болон зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол төлөгдөөгүй байдлыг судлах явцад дээрх үйлдлийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд илэрлээ.
П тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасны дагуу прокурор нь төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд нэхэмжлэл гаргах эрх нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжуудад зааснаар Ш.Мын болгоомжгүй үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан бөгөөд төрд хохирол, цаашлаад нийтийн эзэмшлийн хэрэгцээнд хэрэглэх ойн санд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол гаргуулахаар П нэхэмжлэл гаргаж байна. Ш.Маас ой хээрийн түймэр гаргасны улмаас байгаль экологид учруулсан 37,905,821 төгрөгийн хохирлыг гаргуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын төрийн сангийн орлогод оруулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч Ш.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Би 2022 оны 09 дүгээр сард хүний хадлангийн өвс боож өгөх гэж байгаад гал гаргаад, унтрааж чадаагүй гал алдсан. Тухайн үед мод шатаагүй, бэлчээрийн талбай шатсан. Уг бэлчээрийн талбай өнгөрсөн жил сайхан ургаж, ард иргэд уг газраас хадлан хадсан байгаа. Одоо байгаль сэргэж өвс ургаж сайхан болсон. Миний бие одоо их хэмжээний төлбөр төлөх боломж байхгүй. Харин бэлчээрийн талбайн хохирол нь 61 га-д 1,660,176 төгрөг, түймэрт гарсан зардал 2,385,976 төгрөг, нийт 4,046,152 төгрөгийг төлнө, үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй” гэв.
3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
“Иргэн байгальд хохирол учруулсан учир шүүхээр шийдэх нь зөв байх. Иргэн Ш.М 30 хэдэн сая төгрөгийг барагдуулах ямар ч боломжгүй учир 4,200,000 төгрөгийг барагдуулах саналтай нэг байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн П газар нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...П тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасны дагуу төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан, хариуцагч Ш.М нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** баг ********* ам гэх газарт трактороор хадлан бэлтгэх явцдаа тракторын яндангаас гал алдаж ой хээрийн түймэр болгоомжгүйгээр гаргасны улмаас учирсан хохиролд ойн санд 19 га хусан ой түймэрт нэрвэгдэж хохиролд 11,258,340 төгрөг ба 1 га тутмын хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцоход 33,859,669 төгрөг, бэлчээрийн талбайн хохирол нь 61 га-д 1,660,176 төгрөг, түймэрт гарсан зардал 2,385,976 төгрөг, нийт 37,906,821 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
2.Хариуцагч Ш.М нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх ба бусад шаардлагыг “...Мод буюу хусан ой шатаж гэмтсэн зүйл байхгүй, тухайн газар нь ямар ч модгүй, тал газар байсан. Манай сумынхан хадлан хийдэг бэлчээрийн талбай учир өвс шатсан, энэ жил тухайн шатсан газар маань нөхөн сэргээгдэж, өвс ногоо сайхан ургасан учир манай нутгийн хүмүүс сая намар тухайн газраас хадлан бэлтгэсэн. Иймд түймэр унтраахад гарсан зардал 2,385.976 төгрөгийг, бэлчээрийн 61 га талбайн хохирол 1,660,176 төгрөг нийт 4,046,152 төгрөгийг төлнө, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж үгүйсгэж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, П тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заасан.
Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолд: "прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх" үндэслэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ... зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй /эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон зэрэг/ байхыг ойлгохоор зохицуулжээ.
Дээрх үндэслэлээр Дархан-Уул аймгийн П газар нь Ш.Маас байгаль экологид учруулсан хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.
4. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн П газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэйгээ холбогдуулан Дархан-Уул аймгийн П газрын ****дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” П тогтоолын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”-ийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, **** дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, ***-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай Дархан-Уул аймгийн сум дундын Ойн ангийн дүгнэлтийн хуулбар, Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт хуулбар, 2022 оны 09 сарын 22-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд-хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба дээрх хуулбар баримтуудад нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. /хх 7-22 хуудас/
Тодруулбал, хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар нь, боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргасныг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэ нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.
Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, Хүйтний гол Баавгайтын ам гэх газарт хадлан бэлтгэх явцдаа санамсаргүй гал алдаж, ой хээрийн түймэр тавьсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх ба Дархан-Уул аймгийн П газрын ****дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” П тогтоолоор өөрт нь холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэж тухайн үйл баримтад маргаагүй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч Ш.М нь гал түймэр тавьсны улмаас байгаль орчин, экологид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.
6. Нэхэмжлэгч П газар нь шинжээчийн **** дугаартай дүгнэлтийг үндэслэн нийт хохирол 37,905,821 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан боловч уг нотлох баримт нь дээр дурдсанчлан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хуулбар баримт байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.
Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Байгаль орчинд учруулсан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан ба энэ талаарх баримт хэрэгт байхгүй, байгаль орчинд учирсан хохирлыг зөвхөн Дархан-Уул аймгийн сум дундын Ойн ангийн дүгнэлтээр тогтоох боломжгүй гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Ш.М нь хусан ой шатсаныг хүлээн зөвшөөрөхгүй, харин бэлчээрийн талбай шатаасан учир хохирол 1,660,176 төгрөг, уг гал түймэрийг унтраахад гарсан зардал 2,385,976 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна, энэ жил тухайн шатсан газар маань нөхөн сэргээгдэж, өвс ногоо сайхан ургасан учир манай нутгийн хүмүүс сая намар тухайн газраас хадлан бэлтгэсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, хавтас хэрэгт бэлчээрийн ой шатсаныг нотолсон үйл баримт болон, нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон, томилогдсон иргэдийн төлөөлөгчөөс “Иргэн байгальд хохирол учруулсан учир шүүхээр шийдэх нь зөв байх. Иргэн Ш.М 30 хэдэн сая төгрөгийг барагдуулах ямар ч боломжгүй учир 4,200,000 төгрөгийг барагдуулах саналтай нэг байна” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ш.Маас түүний хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 4,046,152 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, үлдэх 33,859,669 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн П газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч Ш.Маас улсын тэмдэгтийн хураамжид 79,688 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ш.Маас 4,046,152 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн үлдэх 33,859,669 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн П газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч Ш.Маас улсын тэмдэгтийн хураамж 79,688 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.