Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0325/З |
Дугаар | 128/ШШ2023/0523 |
Огноо | 2023-06-13 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ганболд,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ,
Маргааны төрөл: Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2201033835 дугаартай гэрчилгээнд өмчлөгчөөр нэмж бүртгэхтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантуяа, гуравдагч этгээд буюу гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ганболдоос Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 18031 Москва 44 дүгээр байр 26 тоот хаягт байрлалтай 54,88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2201033835 дугаарт намайг хууль ёсны өмчлөгчөөр нэмж бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Анх гуравдагч этгээд Н.Мөнхзул нь “Билэг орд конштракшн” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 126 тоот “Орон сууцны барилга захиалгын гэрээ”-г байгуулсан байна.
3. Улмаар Н.Мөнхзулаас 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Москва-44 90 айлын орон сууц, 1 7 261 дүгээр хороолол 18031 Москва 44 дүгээр байр 26 тоот хаягт байрлалтай 58 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан.
Харин Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ нарын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Москва-44 90 айлын орон сууц, 1 7 261 дүгээр хороолол 18031 Москва 44 дүгээр байр 26 тоот хаягт байрлалтай 58 м.кв талбай бүхий 000277207 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгон, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2201033835 дугаарт 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэжээ.
4. Нэхэмжлэгч Д.Ганболдоос 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байх бөгөөд тус газар нь 2023 оны 08 дугаар сард 1\1650 дугаар албан бичгээр “…үл хөдлөх эд хөрөнгө нь Төрийн банктай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 139 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд байна, ...өргөдөлд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг мэдэгдье” гэсэн хариуг өгчээ.
Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
5.Нэхэмжлэгч Д.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
“Иргэн Д.Ганболд би иргэн Нанзадын Мөнхзултай 2008 оноос хамтран амьдарч байгаад 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн юм. Ийнхүү амьдарч байхдаа орон сууц худалдан авахаар тохиролцож 2012.07.30-ны өдөр Н.Мөнхзулын нэрээр барилгын “Билэг Орд констракшн” ХХК-тай захиалгын гэрээ байгуулан улмаар Төрийн банкнаас хамтран авсан зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авсан.
Улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг Н.Мөнхзул шийдвэрлэсэн. Би нөхрийн хувьд түүнд итгэн миний нэрийг улсын бүртгэлд оруулж бүртгүүлсэн гэж итгэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгүүлэх мэдүүлэгт миний овог, нэр, регистрийн дугаар бүрэн тусгагдсан байсан ч үндэслэлгүйгээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгээгүй байна. Үүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн шинэчилсэн бүртгэлд мөн миний нэр ороогүй байна.
Тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т бүртгэл үнэн зөв байх тухай заасан. Гэтэл хариуцагч нь хуулийг зөрчин маш бүдүүлэг алдаа гаргасан байна.
Иймд би уг алдаатай бүртгэлийг зөвтгүүлэхээр дээд шатны нь албан тушаалтан болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу улсын ерөнхий бүртгэгчид хандсан боловч улсын бүртгэгчдийнхээ алдааг хаацайлж буруу шийдвэрлэлээ. Иймд би хуулийн дагуу захиргааны шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ганболдын хувьд биеийн байдал харвасан учраас сайн ярьж чадахгүй байдалтай байна. Д.Ганболд нь Н.Мөнхзултай танилцаад 2008 оноос 2022 он хүртэл хамт амьдарч байсан. Дунд нь гэрлэлтийн маргаантай асуудал гарч ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийгдээд явж байгаа. Гэр бүл болоод хамт амьдарч байгаа хүмүүсийн хувьд Н.Мөнхзул хөлсний байранд амьдарч байсан. Хоорондоо тохиролцоод орон сууц худалдаж авахаар болоод Н.Мөнхзул нь “Билэг Орд констракшн” ХХК-ийн хүмүүстэй уулзаад гэрээ хийгээд, Д.Ганболдтой хоорондоо ярилцаж байсан. Ярилцаагүй байсан бол Төрийн банкнаас хамтарч 50 сая төгрөгийн зээл авахад хүрэхгүй байсан. Зээл авахдаа барьцааны гэрээг хийгээд барьцаалбар хийгээд, сүүлд өөрчлөөд барьцааны гэрээн дээр нэр байхгүй болгосон байсан, барьцаалбар дээр Д.Ганболд гарын үсгээ зурсан. Ингээд 2 хүүхдийн хамт дөрвүүлээ нэрээ бүртгүүлэхээр тохироод Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд өгсөн байгаа юм. Бүртгүүлэх мэдүүлгийг үйлдсэн байгаа юм. Бүртгэлд хамгийн эхэнд Н.Мөнхзулын нэрийг бичээд, хамтран өмчлөгчөөр Д.Ганболдын нэрийг бичсэн байгаа юм. Хоёр, гуравдугаарт хүүхдүүдийн нэрийг бичсэн байгаа юм. Энэ байдлаар үл хөдлөх хөрөнгө дээр 4 хүний нэр бичигдэх байсан. Гэтэл Д.Ганболдын нэрийг мэдүүлэгт бичсэн байсан атлаа орхигдуулсан байгаа юм. Үүнийг 2022 онд бид нар мэдсэн гэдгээ хэлсэн. Д.Ганболдын нэрийг улсын бүртгэлд бүртгэхгүй орхих гэдэг бол маш том бүдүүлэг алдаа.
Тухайн үед 2009 оны 06 дугаар сарын 05–ны өдөр батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль үйлчилж байсан. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11.5.3, 11.5.11-т маш тодорхой заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйл улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл гээд 18.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 18.1.3-т “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах;” гэж маш тодорхой заасан хуулийн заалтуудын холбогдох заалтуудыг баримталж чадаагүй. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийхийг улсын бүртгэгчийн үүрэг болгоод тодорхой заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 45 дугаар тогтоолын 4-т эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх нь бүх бичиг баримтад бүртгэлийн хувийн хэрэгт тусгагдсан бүх мэдээлэл хамааралтай гэж тайлбарласан. Засгийн газрын 2008 оны тогтоолын 48 дугаар хавсралтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журамд улсын бүртгэлийг үнэн зөвөөр бүртгэхийг заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ийн 3.2-т мэдүүлгийг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан холбогдох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана, 3.11-т улсын бүртгэгч хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр мэдүүлэг хүлээн авч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой үйлдэл хийхийг хориглоно гэж заасан заалтууд байна. Гэтэл эдгээр журмуудын заалтыг тухайн үеийн улсын бүртгэгч мэдүүлгийг аваад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдүүлгийг хүлээж авахдаа ийм бүдүүлэг зөрчил гаргаад, Д.Ганболдын овог нэр, регистрийн дугаар бичигдсэн байсныг улсын бүртгэл албан ёсоор бүртгэлгүй орхигдуулсан байна. Энэ бол бүдүүлэг алдаа юм. Энэ алдааг засуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий бүртгэгчид хандсан боловч улсын бүртгэгчдийн алдааг хаацайлж, буруу шийдвэрлэсэн. Манай гомдлыг хүлээж аваад Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу явуулаагүй. Гомдлыг шийдвэрлэх талаар гомдол гаргасан Д.Ганболдод мэдэгдээгүй. Гомдлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй. Захиргааны хэрэгт энэ талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч байх эрхийг зөрчсөн байгаа юм. Хамтран зээл авсан бүх зүйл нотлогдоно. Д.Ганболд нь мөнгөө л өгч байснаа хэлдэг. Ажил хийдэг байхдаа ч зээлээс төлөлцдөг байсан. Тэтгэврээ аваад тэтгэврийн мөнгийг нь хүртэл авч байсан. Эхнэр Н.Мөнхзул гарын үсэг зураад авсан баримтууд хүртэл байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл бүрэн дүүрэн үндэслэлтэй, бичиг баримтуудын хувьд ч гэсэн үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18031/ москва 44 дүгээр байрны 26 тоот хаягт байрлах орон сууцыг, шинээр баригдсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхээр 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Н.Мөнхзул /ЧТ66063003/, Г.Буян-Эрдэнэ /УП00211177/, Г.Азжаргал /91061405/ нар нь "2003 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1, 13.2, 13.3, 13.5.1, 13.5.5, 13.5.6, 13.9, 13.10 дахь заалтыг үндэслэн өргөдөл, орон сууцны захиалгын гэрээ, төлбөр тооцоо дууссан албан бичиг, план зураг,фото зураг, гэх мэт нотлох баримтыг хавсарган мэдүүлэг нотлох баримтаа гаргасан байх тул “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 15.2-т заасны дагуу мэдүүлэг түүнд хавсаргасан баримт нь тус хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэг дарна” гэж заасны дагуу нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн 000277207 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгон, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033835 дугаарт 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн болно.
Иймд нэхэмжлэгч Даваацэрэнгийн Ганболдоос Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Гурвдагч этгээд Н.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Д.Ганболд бид хоёр 2010-2021 оны 9 дүгээр сар хүртэл амьдарч байгаад салсан бөгөөд тус тусдаа амьдарч байгаа.
...Би албан байгууллагаасаа 8 хувийн иптекийн зээлд хамрагдаж улсаас 50 сая төгрөгийн зээл авч 2 өрөө байранд орсон бөгөөд одоо болтол банкны зээлийг төлж барагдуулаагүй байгаа. Д.Ганболд нь байрны зээлээс нэг ч төлөөгүй 2016 оны 1 дүгээр сард тархины цусны харвалт өгч би энэ хүнийг 5 жил гаруй эмнэлэг, рашаан сувиллаар авч явж асарч эмчлүүлж байгаад хөл дээр нь босгосон. Д.Ганболд нь хуурамч тэтгэвэр тогтоолгож энэ нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хяналт шалгалтаар илэрч өөрт нь 26 000 000 төгрөгийн торгууль акт тавьсан үүнийг төлөхийн тулд Д.Ганболдын групп болон тэтгэврийн мөнгөнөөс нь төлүүлж байгаа.
...Байрны ордер дээр Д.Ганболдын нэрийн хасуулаагүй анхнаасаа л миний хоёр хүүхэд бид гурвын нэр дээр гарсан. Хэрэв Д.Ганболдын нэрийг оруулаад хасуулсан бол энэ хүний гарын үсэг зөвшөөрөл байх ёстой.
...Би Д.Ганболдын нэрийг байрны ордер дээр бичүүлэхийг зөвшөөрөхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Мөнхзулын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Мөнхзул өөрөө энэ асуудлыг ганцаараа хариуцаж яваад сүүлийн өргөдөл гаргах дээр тухайн үеийн бүртгэлийн байдлаар гээд нэрийг нь хассан байгаа юм. 2008 онд танилцаад байрны асуудал явсаар байгаад 2013 онд энэ хоёр хэлэлцэж тохироод гэрлэлтээ бүртгүүлэхээр Н.Мөнхзулыг авч яваад бүртгэлийн газар дагуулаад иртэл 2010 оны 10 сард Сэлэнгэ гэдэг хүнээс салсан байсан. Салснаас хойш 3 сарын дараа гэрлэлтээ батлуулах гээд очсон. Гэтэл байрны гэрчилгээ гараад, үл хөдлөх хөрөнгийн зээлийн асуудал болсон тохиолдолд хуурамч гэрлэлтийн баталгаа гаргаад байгаа юм. Хуурамч бичиг баримтыг барьж улсын бүртгэл дээр гаргасан асуудал байхгүй. Улсын бүртгэлийн бүртгэл үндэслэлтэй байх учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна” гэв.
8. Гуравдагч этгээд Г.Азжаргал шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Д.Ганболд нь 2010 онд ээжтэй хамтран амьдрах нэрээр манайд амьдарч байсан. Амьдарч эхэлсэн цагаас хойш ямар нэг тодорхой цалингүй, тэтгэвэр авдаг гэх боловч тэр нь хоёр хүүхдийнх тэтгэмж рүү ордог байсан.
...2016 онд Д.Ганболд нь харавснаас хойш улсаас ямар нэг төгрөгийн тэтгэвэр тэтгэмж аваагүй бидний асаргаанд 2021 он хүртэл байсан. Иймээс ээжийн минь өдий болтол болгож ирсэн байрны ордер дээр Д.Ганболдын нэрийг бичүүлэхгүй байх, бичүүлэх ямарч үндэслэл байхгүй гэдгийг харгалзан авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Мөн Г.Азжаргал намайг төлөөлж ээж Н.Мөнхзулыг шүүх хуралдаанд оролцохыг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 18031 Москва 44 дүгээр байр 26 тоот хаягт байрлалтай 54,88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2201033835 дугаарт намайг хууль ёсны өмчлөгчөөр нэмж бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага гаргажээ.
2. Анх гуравдагч этгээд Н.Мөнхзул нь “Билэг орд конштракшн” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 126 тоот “Орон сууцны барилга захиалгын гэрээ”-г байгуулжээ.
3. Улмаар Д.Ганболд, Н.Мөнхзул нар нь Төрийн банктай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” 139 дугаартай зээлийн гэрээг байгуулсан, мөн Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ нар нь Төрийн банктай 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Мөнхзулаас 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Москва-44 дүгээр байр, 90 айлын орон сууц, 1 дүгээр орц, 7 дугаар давхар, 26 тоот хаягт байрлалтай 58 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримтуудын хамт мэдүүлэг гаргасан байх бөгөөд улмаар Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ нарын нэр дээр 000277207 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгон, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2201033835 дугаарт 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн байна.
5. Мөн Н.Мөнхзулаас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “… Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Москва-44 байранд, 1 дүгээр орц, 7 дугаар давхар, 26 тоот хаягт байрлалтай 58 м.кв талбайтай 2 өрөө авч, эрхийн гэрчилгээ авсан, … гэтэл уг байрны м.кв-ийн хэмжээ зөрүүтэй байсныг тогтоосон, …хэмжилт хийсний дагуу бодитой талбайн хэмжээ 54.88 м.кв гэж тогтоосон тул гэрчилгээг яаралтай сольж өгнө үү” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгө бүртгэлтийн газарт гаргажээ.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 18031 Москво-44, 26 тоот хаягт байрлалтай 54.88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ нарын нэр дээр 000458620 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг дахин шинэчлэн олгон, улсын бүртгэлийн Y-2201033835 дугаарт 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин бүртгэсэн байна.
6. Нэхэмжлэгчээс “…мэдүүлэгт миний овог нэр, регистрийн дугаар бүрэн тусгагдсан байхад үндэслэлгүйгээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгээгүй гэж”, хариуцагчаас ... хуульд заасан бүрдүүлбэрийг бүрэн хангасан тул бүртгэл хийгдсэн...” гэж, гуравдагч этгээдээс “Ганболдыг бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй, мэдүүлэгт Ганболдын нэрийг би өөрөө дарсан, бүртгэл үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль \2003 он\-ийн 13 дугаар зүйлийн 13.1. “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.3. “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна”, 13.5. “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, гээд 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”,13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг”, 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө”, 13.10-д “Гэрээ, хэлцэлд оролцогч талууд нотариатчаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна.” гэж хуульчилсан.
Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.”, 3.1. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна”, 3.2. “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна”, 3.3. “Мэдүүлэг хүлээн авч байгаа улсын бүртгэгч нь эд хөрөнгийн 4 талаас нь харуулсан гэрэл зургийг А4 цаасан дээр наалгаж, объектын аль тал нь болохыг өмчлөгчөөр бичүүлж авах ба 4 талаас нь зураг авах боломжгүй тохиолдолд орчны байдлыг оролцуулан алсаас бүтэн харуулсан гэрэл зургийг авч зурган дээр тодотгон тэмдэглүүлж авна”, 3.4. “Нотлох баримтад эд хөрөнгийн план зургийг хавсаргах бөгөөд план зурагт эд хөрөнгийн талбай, хэмжээг өмчлөгчөөр нь тодорхойлуулж, бичүүлсэн байна”, мөн Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө”, 2.1.1. “эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүлээн авах, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах”, 2.1.9. “хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх, 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн дараахь бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, 10.7-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.
7. Хууль тогтоомжийн холбогдох зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 18031 Москво-44, 26 тоот хаягт байрлалтай 54.88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н.Мөнхзул, Г.Азжаргал, Г.Буян-Эрдэнэ нарын нэр дээр 000458620 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгон, улсын бүртгэлийн Y-2201033835 дугаарт бүртгэсэн шийдвэр хуульд нийцжээ.
8. Учир нь Н.Мөнхзул нь “Билэг орд констракшн” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ хийж, тус компаниас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44\13 дугаар албан бичгээр …тус компанийн захиалан бариулсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Москва-44 90 айлын орон сууц, 1 дүгээр орц, 7 дугаар давхар, 26 тоот, 58 м.кв талбай бүхий 2 өрөө байрны захилагч Н.Мөнхзул нь төлбөр тооцоогүй тул байрны гэрчилгээг гаргаж өгнө үү” гэж дурдан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэж улсын бүртгэл хийгджээ.
9. Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх маягтад Д.Ганболдын нэрийг дурьдсан байсан хэдий ч энэ нь тухайн бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.
10. Учир нь нэхэмжлэгч тухайн өргөдөл гарын үсэг зураагүй болох нь түүний шүүх хурадаанд мэдүүлсэн мэдүүлэг, гуравдагч этгээдээс бүртгэлийн маягтад Д.Ганболдын нэрийг бичсэн байснаа өөрөө дарсан талаар хүлээн зөвшөөрсөн, мөн түүний 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гараар бичсэн өргөдөл зэргээр тус тус нотлогдож байна.
11. Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3-д “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна” гэж заасан бөгөөд маргаан бүхий мэдүүлэгийг мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэл хуульд нийцжээ.
12. Харин тус шүүх тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийх эрхгүй бөгөөд нэхэмжлэгч нь ердийн харьяалалын шүүхээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохоо тогтоолгосны дараа бүртгэлд өөрчлөлт оруулах талаар дахин хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль \2003 он\-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2-т тус тус заасныг баримтлан Д.Ганболдын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 18031 Москва 44 дүгээр байр 26 тоот хаягт байрлалтай 54,88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2201033835 дугаарт намайг хууль ёсны өмчлөгчөөр нэмж бүртгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ