| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/03233/И |
| Дугаар | 102/ШШ2024/00016 |
| Огноо | 2023-12-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/00016
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргйн ............... тоотод оршин суух, регистр ......1, Б овогтой Н А ,
Хариуцагч: Баянгол дүүргийн ........... тоотод оршин суух, регистр ................, Б овогтой Б Х ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 39 403 411 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /үнэмлэх 3164/, хариуцагч Б.Х , иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н..М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.А нь Б.Х т холбогдуулан хохирол 39 403 411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. хороо, .... гудамж ..............төвийн баруун замд Toyota Harrier загварын ..... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй мопедтой мөргөлдөж, мопедний жолооч Н.А миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 852 дугаартай дүгнэлтээр миний биед баруун шаант, тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй бяцарсан далд хугарал, баруун тойг ясны их биеийн хөндлөн бяцарсан хугарал, өвдөгний үений хагас мултрал баруун шуу, гуя шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Тээврийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн .... дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан 1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно... гэснийг зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулий 14.7 дугаар зүйлийн 48 дахь хэсэгт заасан Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байна. Б.Х ын буруутай үйлдлийн улмаас осолд орсноос хойш эмчилгээ болон бусад зардлаар хохирсон. Манай эхнэр ..... банкинд эдийн засагч ажилтай, сарын 1 800 000 төгрөгийн цалинтай бөгөөд ажлаасаа чөлөө авч 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 30 өдөр намайг эмнэлэгт асарсан, цалин 2 454 000 төгрөгөөр хохирсон. Эрүүл мэндийн шинжилгээ, зардал, эм тарианы нийт төлбөр нь дансаар 9 532 661 төгрөг, баримтаар 11 116 750 төгрөг болсон. Н.А нь Баянзүрх дүүргийн ........ тоотод байрлах авто угаалгын газрыг сарын 600 000 төгрөгөөр түрээслэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэл 9 400 000 төгрөгийг төлсөн, үүнээс 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх түрээс 4 000 000 төгрөг, Б.Х ын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч миний бие эрүүл мэндээрээ хохирч, цаашид авто угаалыг газраа ажиллуулах боломжгүй болсон, энэ бизнесийг эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг, орлогын эх үүсвэр маань болдог байсан. Уг ослоос болж олох ёстой байсан орлогыг 10 000 000 төгрөг гэж үзвэл нийт 14 000 000 төгрөг болно. Уг осолтой холбоотойгоор миний бие сэтгэл санааы хямралд орж сэтгэл судлалын багш нарын холбооны дэргэдэх Мөрөөдлийн кактус сэтгэл зүйн урланд хандаж сэтгэл зүйн дүгнэлт гаргуулсан, сэтгэл зүйн үйлчилгээний төлбөр 2 300 000 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу миний эрүүл мэндэд Б.Х нь хүндэвтэр гэмтэл учруулснаас үүссэн гэм хорын хохиролд нийт 39 403 411 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өглөө 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 32 тойргоос урагш явдаг шинэ зам дээр ..... УБВ улсын дугаартай Toyota Harrier маркийн авто машинтай явж байгаад осолд орсон билээ. Замын баруун талын авто угаалгаас гарч ирэхэд тухайн үед зам урдаас хойшоо түгжирсэн, хойноос урагшаа хоосон байсан болохоор урагшаа буюу хотын төв рүүгээ эргэх гээд түгжирсэн машинуудаас гараараа дохиж гуйж байгаад зам тавиулаад цагаан зураас хөндлөн даваад цаад талын эгнээ рүү зөөлөн гарч ирэхэд гэнэт зүүн талаас урсгал сөрөөд нэг мопедтой хүн маш хурдтай гарч ирсэн. Би харангуутаа зогсон, тойрч гарах зогсох ямарч боломжгүй ирээд мөргөөд унасан юм. Тэгээд би сандарч бууж очоод хамгийн түрүүнд босгох гэсэн чинь хөл хугарчихсан юм шиг байна, босож чадахгүй нь гэхээр нь тэр дор нь 103 дуудлага өгөөд, 102 руу залгаж болсон ослын талаар мэдэгдсэн. Түргэн тусламж ирэх хооронд нөгөө залуу зам дээр хэвтээд, хажуугаар нь машинууд ойрхон гараад байхаар нь би тэр залууг өргөөд машиныхаа арын суудалд суулгаад хүлээж байсан. Эхлээд замын цагдаа нар ирээд бид хоёрыг драйгэраар үлээлгээд, болсон явдлын тухай хэд хэдэн асуулт асууж байтал түргэн тусламжийнхан ирээд нөгөө залууг аваад явсан. Дараа нь цагдаа нар зураг, бичлэг хийгээд, хэмжээ аваад, машин мопедийг журмын хашаа руу ачаад явуулсан. Тэгээд би тэнд байсан цагдаагаас одоо би яах талаар асуутал чи гэмтээгүй юм чинь ядаж гэмтсэн залуу дээрээ очоод, ар гэрээс нь хүмүүс иртэл яаж байна гээд анхаарал тавьж байгаад явж бай гэсэн. Тэгээд би араас нь гэмтлийн эмнэлэг ороод хэсэг цуг дагаад явсан. Гэтэл тэр үед Н.А гэх тэр залуу гэр бүлийнхэндээ худал хэлсэн байсан. Тэр залуу урсгал сөрөөгүй явж байсан чинь энэ залуу гарж ирээд мөргөсөн гээд гэр бүл, хамаатнуудтайгаа над руу заагаад яриад байсан. Тухайн үед би чимээгүй байсан. Замын камер бичлэг, авсан хэмжээ, зураг гээд бүх материал байгаа тул хууль дүрмээрээ шийдэгдэх байх гэж бодсон. Чингэлтэй дүүргийн замын цагдаа дээр шалгаж, сар орчмын дараа машиныг журмын хашаанаас авч үнэлгээ хийлгээд 2 500 000 төгрөгөөр засуулаад эзэнд нь хүлээлгэж өгсөн. Тэгээд 2023 оны 1 дүгээр сарын 6-нд замын цагдаа дээр н.Мягмарнаран гэж хүн дуудаад прокурорын дугнэлт аль алиных нь буруу гэж гарсан, өөр өөрсдийн хохирлоо хариуцна гээд Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгоод явуулсан юм. Мэдээж миний буруу байсныг би сайн ойлгож байгаа, гэхдээ тэр залуу урсгал сөрөөгүй бол, ядаж тохирох хурдтай явсан бол ийм осол, гэмтэл авахгүй байх байсан. Ямарч хамгаалалтын хэрэгсэлгүй, бичиг баримтгүй, дугааргүй тээврийн хэрэгслээр зорчиж байсан. Иймээс Н.А ын гаргасан нэхэмжлэхийг хүлээн авах ямар ч боломжгүй, төлбөр төлөх үндэслэлгүй гэх саналыг хүргүүлж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Н.А ын иргэний үнэмлэхний хуулбар /хх 3/, 2022-11-08 өдрийн 1192 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх 5-6/, 2022-10-18 өдрийн 852 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 7-8/, 2022-09-22 өдрийн 12158 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 9-10/, Тээврийн цагдаагийн албаны үзлэгийн хуудас /хх 11/, түрээсийн гэрээ /хх 12-13/, . банк Х....К-ийн тодорхойлолт /хх 14/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 15/, эмнэлгийн хуудас бичүүлэхэд анхаарах зүйлсийн жагсаалт /хх 16, 18/, эмнэлгийн магадлагаа /хх 17, 19/, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээний хариу /хх 20-21/, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн дүгнэлт /хх 22/, Сэтгэл судлалын багш нарын холбоо ....... сэтгэлзүйн урлангийн 2023-04-10 өдрийн сэтгэл зүйн дүгнэлт /хх 23-27/, Н.А ын ..... банк ХК дахь дансны хуулга /хх 28-39/, шилжүүлгийн баримт /хх 40-46, 78/, зарлагын баримт /хх 46-77/, эмнэлгийн магадлагаа /хх 79/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх 80/, итгэмжлэл /хх 111/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 112/, итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 111-112/,
Хариуцагчаас: 2022-11-08 өдрийн 192 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх 89-90/, шийтгэлийн хуудас /хх 91/, ослын зураг /хх 92-94/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас 1 283 322 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Н.А нь 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 11 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн ....-р хороо, .....гудамж ............төвийн баруун замд мопед жолоодож явахдаа Б.Х ын жолоодож явсан Toyota Harrier маркийн . УБУ..... улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гарсан нь зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн акт, Тээврийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 192 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 852 дугаар дүгнэлтээр Н.А ын биед баруун шаант, тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй бяцарсан далд хугарал, баруун тойг ясны их биеийн хөндлөн бяцарсан хугарал, өвдөгний үений хагас мултрал баруун шуу, гуя шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүндэвтэр гэмтэл учирсан байна.
2.1. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ... Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан 1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно... гэснийг зөрчсөн, мопедний жолооч Н.А нь дүрмийн 3.4.в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх үүрэг хүлээнэ, 11.5 эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн буруутай гэжээ.
2.2. Энэ зөрчилд хэн аль нь Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авахуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын тайлбараар тогтоогдсон, зөрчлийн арга хэмжээний талаар гомдол гаргаагүй байна.
2.3. Нэхэмжлэгч нь Б.Х ын буруутай үйлдлийн улмаас осолд орсон, эмчилгээний болон эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулахаар шаардсан.
Х.Өд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний хугацаанд өвчтөн асарсан эмнэлэгийн магадлагаа олгогдсон байх ба Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 2022 оны 7-9 дүгээр сарын цалин хөлснөөс дундаж цалинг тооцвол 1 495 587 төгрөг байна.
Түүний нэг өдрийн цалин хөлс 69 562 төгрөг бөгөөд өвчтөн асарсан 12 хоногт 834 744 төгрөгийн цалин хөлсөөрөө хохирсон байна.
Түүнчлэн Н.А ын эмчилгээний зардлыг баримтаар тогтоогдсон, түүний нэр дээр олгосон 1 731 900 төгрөгийн хэмжээнд зардал гаргаж хохирсон гэж дүгнэлээ.
Зам тээврийн осол хэн алины буруутай үйлдлээс болсон тул гарсан 2 566 644 төгрөгийн зардлыг талуудад тал хувиар хариуцуулж, Б.Х аас 1 283 322 төгрөгийг гаргуулах зүйтэй гэж дүгнэлээ.
2.4. Хэрэгт авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн эмнэлгийн магадлагаа засвартай, хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийсэн баримтууд, ...... эмнэлэгийн зарлагын баримтаар мөнгө төлсөн баримтгүй, бусад эмийн сангаас худалдан авсан эм, эмчилгээний зардлууд эмчийн заавар жороор хийгдсэн эмчилгээ гэх үндэслэлгүй, шашны зан үйлтэй холбоотой зардал, бусад банкны гүйлгээ хийсэн баримтууд нь гэм хор учирсан үйл баримттай холбоогүй тул шийдвэрийн үндэслэл болоогүй.
2.5. Н.А нь Н.Бтай 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ..... тоот хаягт байрлах авто угаалгын газрыг 1 жилийн хугацаатай түрээслэн ажиллахаар тохирчээ.
Түрээслэгч нь 2022 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэл түрээсийн төлбөр 9 400 000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нөгөө талаас, 2022 оны 7 дугаар сарын 3-наас хойш үйл ажиллагаа явуулж орлого олсон гэх баримтгүй бөгөөд олох байсан орлого 10 000 000 төгрөгөөр хохирсон гэх үндэслэлгүй.
2.6. Сэтгэл судлалын багш нарын холбооны дэргэдэх ...... сэтгэл зүйн урлан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэтгэл зүйн дүгнэлт гаргажээ.
Дүгнэлтээс үзвэл, Н.А д сэтгэл зүйн ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүйгээс гадна авто осолтой шалтгаант холбоотой дүгнэлт гараагүй, үйлчилгээний төлбөр 2 300 000 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдоогүй байна.
3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: 2022 оны 9 дүгээр сарын 3-нд болсон зам тээврийн осолд 2 тал буруутай гэж дүгнэж байна гэжээ.
Осол гарахад хэн аль нь буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар татгалзалтай нийцсэн гэж дүгнэлээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 967 төгрөг төлсөн, үүнээс нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр буюу 33 450 төгрөгийг хариуцагч Б.Х аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Х аас 1 283 322 /нэг сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж Н.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 120 089 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Н.А аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х аас 33 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Н.ХАНГАЛ