| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/01682/И |
| Дугаар | 102/ШШ2024/00125 |
| Огноо | 2024-01-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/00125
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .............. тоотод оршин суух, регистр ...., Б овогтой С А,
Хариуцагч: Баянгол дүүргийн ........ өөрийн байр, регистр , М нийгэмлэг
Нэхэмжлэлийн шаардлага: Уын Зорчигчийн вагон депогийн аж ахуйн тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигчийн ажлын байр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулан, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулан, ажил олгогчид Уын Зорчигчийн вагон депогийн аж ахуйн тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигчтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь У нийгэмлэгт холбогдуулан Уын Зорчигчийн вагон депогийн аж ахуйн тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигчийн болон гар тээш хадгалагчийн ажлын байр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулан, хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулан, ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
С.А нь Зорчигчийн вагон депод 2007 оноос одоог хүртэл Аж ахуйн тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигчаар ажиллаж байна. Уг орон тоо нь байнгын ажлын байранд тооцогдож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан боловч 2018 оноос хөлсөөр ажиллах гэрээ болон өөрчилж, 3, 6, 1 жилээр сунгаж ажиллуулсаар өнөөдрийг хүрлээ. Миний ажил хүнд тоног төхөөрөмж, сэлбэг материал, хортой химийн бодис /хурган чихний хүчил, цемент/ гэх мэт жилийн 4 улиралд өдрийн 8 цагаар гадаа ажиллаж байна. Одоо би 50 настай, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань тус депод вагоны үйлчлэгчээр ажилладаг гэрээсээ олон хоногоор хол ажилладаг тул би өдрийн 8 цагаар ажиллаж үр хүүхдээ харж халамжлах үүргийн дагуу олон жил энэ ажлыг хийж ирлээ. Гэвч миний хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөлмөрийн хуулиар тогтоосон нөхцлөөс дордож, амьдралд цалин хүрэлцэхгүй хүнд байдаг тул өөрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг;" гэж заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулах, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно." гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцуулан надтай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан "Хөлсөөр ажиллах гэрээ нь хөдөлмөрийн гэрээнд тооцуулан хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчоос шаардан гомдлоо У-ын дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан боловч тус комисс ажил олгогч эвлэрэн хэлэлцэх хугацаа өгч хуралдааныг 1 удаа хойшлуулж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хуралдан эвлэрэн хэлэлцээгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон юм. Энэхүү тэмдэглэлийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дах заалтын дагуу гомдол гаргаж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон У-ын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа огт үүсээгүй байтал нэхэмжлэлдээ хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэсэн нь үндэслэлгүй болно. Зорчигчийн вагон депо буюу ажил олгогч нь С.Атай анх 2007 оноос эхлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ачигчаар ажиллуулж эхэлсэн. Дээрх хөлсөөр ажиллах гэрээг хугацаа дуусах бүрт 1 жилээр сунгаж ирсэн. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэрээ болно. Хэрэв нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол 2018 онд байгуулсан тэрхүү хөлсөөр ажиллах гэрээ болон орон тооны цомхотголд орсон асуудлаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хуульд заасан дээрх хугацаанд гомдлоо гаргаагүй байна. Ажил олгогчоос 2018 онд ажилтныг ажлаас чөлөөлж түүнтэй хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулж байгааг мэдсэн гэж үзвэл энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу 5 жилийн дараа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчтэй У ХНН нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинээр хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй, өмнө байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул хугацааг шинэчлэн гэрээний харилцааг үргэлжлүүлж байсан гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Нэхэмжпэлийн шаардлагын агуулга нь орон тоо хасагдсан ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай шаардсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар дүгнэж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, ажлын байрны тодорхойлолт /хх 4-6/, хөлсөөр ажиллах гэрээ /хх 7/, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх 8-11/, цалингийн карт /хх 12-13/, итгэмжлэл /хх 39/, албан хаагчийн тодорхойлолт /хх 73-74/, цалингийн карт /хх 75/, хөлсөөр ажиллах гэрээ /хх 76-79/, ажлын байрны тодорхойлолт /хх 80-82/, дансны хуулга /хх 83-90/,
Хариуцагчаас: Итгэмжлэл /хх 16/, хөлсөөр ажиллуулах гэрээ /хх 28-31/, цалингийн тооцооны карт /хх 32-34/, хөлсөөр ажиллах гэрээ /хх 46-49/, ажлын байрны тодорхойлолт /хх 59-61/, орон тооны жагсаалт /хх 62-71/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:
Уын Зорчигчийн вагон депо нь С.Атай 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, түүнийг ачигчаар ажиллуулж ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 755 850 төгрөгийг сард 2 удаа олгохоор, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээгээр гар тээш хадгалагчаар ажиллуулж, 907 000 төгрөгийн хөлс олгохоор тус тус тохирчээ.
Хэрэгт хөдөлмөрийн гэрээ баримтаар авагдаагүй байна.
2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж тодорхойлжээ.
Харин 2011, 2018, 2023 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд хөлсөөр ажиллагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангаж ажиллах, хөдөлмөр хамгааллын тусгай хэрэгсэл, ажлын хувцсаар хангах, ажиллагч вагон депогийн дотоод журмыг мөрдөх, ээлжийн амралт, олговор олгох зэргээр эрх, үүргийг тодорхойлсон нь хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд Зорчигчийн вагон депогийн Аж ахуй тоног төхөөрөмжийн цехийн ачигчийн болон гар тээш хадгалагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байранд, зорилго, чиг үүрэг, тавигдах шаардлагыг хангаж ажилладаг нь тогтоогджээ.
2.2. Нэхэмжлэгч нь Зорчигчийн вагон депогийн аж ахуйн тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигч, гар тээш хадгалагчийн ажлын байр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулах, хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулан, ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлж байгаа боловч агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж маргасан гэж үзэхээр байна.
2.3. Иймд Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний бүх нөхцөлийг тусгасан байна. Энэ тохиолдолд ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж болохгүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
2.4. Нэхэмжлэгч нь 2018 онд хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан талаар тайлбарласан нь энэ маргааны үндэслэл болохоос гадна энэ талаар маргаж гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн Зорчигчийн вагон депо, С.А нарын хооронд байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ-г Зорчигчийн вагон депогийн аж ахуйн тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн ачигчийн, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ-г Зорчигчийн вагон депогийн аж ахуйн тоног төхөөрөмжийн цехийн хангамжийн гар тээш хадгалагчийн ажилд тус тус Хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар У нийгэмлэгээс 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА