Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/00267

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...............өөрийн байр, Б,

Хариуцагч: Баянгол дүүргийн .................... тоот, регистр ......., Д ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 62 464 520 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б нь Д ХХК-д холбогдуулан 62 464 520 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Д ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2021 оны 08 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 42 524 157 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 100 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 000017 дугаар дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг арилжааны банканд тус тус хүргүүлсэн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дах хэсэгт зааснаар төлбөл зохих шимтгэл 42 524 157.97 төгрөгийг, алданги 19 940 362.05 төгрөг нийт 62 464 520 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлтэй танилцсан. Д ХХК-д үүссэн шимтгэлийн өр болох 42 524 157.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч алданги 19 940 362.05 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Манай компани сантехникийн угсралтын ажил хийдэг бөгөөд 2021 оны сүүлээс өрөнд орж эхэлсэн. Ажилчдынхаа цалинг тавих нь чухал байсан. 2023 оны 9 дүгээр сард 5 000 000 төгрөг төлсөн. Иймд алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хх 2, 4-5/, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар улсын байцаагчийн албан шаардлага /хх 6/, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 000017 дугаар Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл /хх 7/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Д  ХХК нь 2023 оны 09-р сарын 30-ны шимтгэл төлөлтийн тайлангаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд 42 524 157.97 төгрөгийг төлөхөөр тайлагнасан байх ба энэ шимтгэлийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдсон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, 4 дэх хэсэгт зааснаар ...эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар 42 524 157.97 төгрөгийн шимтгэлийг хугацаанд төлөөгүйгээс тооцсон алданги 19 940 362.05 төгрөг нийт 62 464 520 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

2.1. Хариуцагч нь компани өрөнд орсон гэх үндэслэлээр алдангиас чөлөөлүүлэхийг хүссэн байх ба энэ тайлбар нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр, түүнд ногдуулсан алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д ХХК-иас 470 272 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан Д ХХК-иас 62 464 520 /жаран хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулж Б-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д ХХК-иас 470 272 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА