Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/00268

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ..... өөрийн байр, регистр ....Т банк ХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 5-р байрны 7 тоотод оршин суух, регистр ТА89030701, Чингис овогтой Буяндэлгэрийн У,

Хариуцагч: Баянгол дүүргийн .............. тоотод оршин суух, регистр ....., Х овогтой С Г,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 15 676 865.93 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

Хариуцагч С.Г өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг түүний эзгүйд шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т банк ХК нь Б.У, С.Г нарт холбогдуулан 15 676 865.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Зээлдэгч Д.У, С.Г нар нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Т банкны ..... тооцооны төвөөс 19/20 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 12 500 000 төгрөгийг, сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрт 3 091 664.76 төгрөг, зээлийн хүүнд 1 696 782.05 төгрөг төлсөн бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрт 25 287 төгрөг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9 408 335.24 төгрөг, хүү 5 541 943.99, нэмэгдүүлсэн хүү 726 586.70 төгрөг нийт 15 676 865.93 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгч нар нь удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дууссан. Иймд Д.У, С.Г нараас 15 676 865.93 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөрТ банк ХК-иас 12 500 000 төгрөгийг нөхөр, хамтран хариуцагч С.Гийн хамтаар авсан. Үүнээс зээлийн төлбөрт 3 091 664.76 төгрөгийг зээлийн хүүнд 1 696 782.05 төгрөгийг төлсөн болно. Банкнаас нэхэмжилж байгаа 15 676 865.93 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь нийт 12 500 000 төгрөгөөс зээлийн төлбөрт 3 091 664.76 төгрөгийг төлсөн, хүүнд 1 676 782.05 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл зээл болох 9 408 336 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Зээл төлөхгүй удсан шалтгаан нь 2021 оны 01 дүгээр сараас корона вирусийн халдвар гарч улс орон бүхэлдээ өвчинтэй тэмцэж карентин тогтсоноос ажил хийх болохгүй болж цалингүй орлогогүй байсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 9 408 336 төгрөгийг төлье гэв.

3. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл /хх 4-5/,Т банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, 2019-03-14 өдрийн №19/20 дугаар барьцаат зээлийн гэрээ /хх 7-9/, харилцагчийн зээлийн дансны хуулга /хх 10-13/, зээлийн хүү тооцооллын хүснэгт /хх 14-15/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх 16-21/, Б.УгийнТ банк ХК-д гаргасан хүсэлт /хх 22-23/, зээлдэгчийн анкет /хх 24-27/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Т банк ХК нь Д.Утай 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 19/20 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 12 500 000 төгрөгийг, сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалин барьцаалсан зээлийг олгожээ.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэхээр С.Г гарын үсэг зурсан, хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

Зээлдэгч нар нь зээлд 3 091 664.76 төгрөг, зээлийн хүүнд 1 696 782.05 төгрөг төлсөн байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дууссан боловч зээлдэгч нар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

2.1. Зээлдэгч нь ковид 19 цар тахлын улмаас ажил орлогогүй байсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 9 408 336 төгрөгийг төлөхөд маргаагүй байна.

Харин зээлдэгч нар тухайн үедТ банканд зээл, хүү төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан, хугацааг хойшлуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 236 334 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 236 334 төгрөг гаргуулжТ банк ХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.У, С.Г нараас 15 676 865.93 /арван таван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун жаран таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулжТ банк ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 334.32 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.У, С.Г нараас 236 334.32 төгрөг гаргуулж Т банк ХК-д олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА