Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/00269

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .................. тоот, регистр......., С ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ......................... тоотод оршин суух, Нийслэлийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуульд багш ажилтай, регистр ....., Х овогтой Ц Ц,

Нэхэсжлэлийн шаардлага: 11 849 775 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С ХХК нь Ц.Ц д холбогдуулан 11 849 775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

С ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсад "Одоо аваад дараа төл" үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус үйлчилгээ нь Storepay аппликейшныг ухаалаг утсандаа татан авч бүртгэлийн үе шатуудыг амжилттай баталгаажуулж, төрийн мэдээлэл солилцооны хур системийг ашиглан мэдээллээ дамжуулж давхар өөрийн баталгаажуулалтыг хийж үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болдог. Хэрэглэгч болсноор тодорхой үнийн дүнгээр илэрхийлэгдэх худалдан авалт хийх эрхтэй болох бөгөөд тухайн эрхийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Ц.Ц нь Storepay аппликейшнд 2022 оны 09 сарын 07-ны 02:15 минутанд өөрийн мэдээллийг бүртгүүлж, төрийн мэдээлэл солилцооны хур системийг ашиглаж бүртгэл үүсгэн холбогдох үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болсон бөгөөд тэрээр худалдан авалт хийх эрхээ үүсгэсний дараа тус эрхээ ашиглан 2022 оны 09 сарын 09-ний өдөр компанийн хамтран ажилладаг "П Mall" дэлгүүрээс 9 999 800 төгрөгийн худалдан авалт хийсэн болно. Уг хэрэглэгч нь худалдан авалт хийхдээ үйлчилгээний нөхцөлд заасны дагуу худалдан авалтын төлбөрөө 15 хоногийн зайтай 4 хуваан төлөх сонголт хийсэн бөгөөд худалдан авалт хийсэн өдрөө 4 хуваасны эхний төлөлт болох 2 499 950 төгрөгийг О токеноор тооцуулан төлж, худалдан авалтаа баталгаажуулан бүтээгдэхүүнээ авсан. Ц.Ц ий өмнөөс С ХХК нь тухайн хамтран ажилладаг дэлгүүрийн дансанд харилцан тохиролцсон уйлчилгээний шимтгэлийг хасаж 9 599 308 төгрөгийг 2022 оны 09 сарын 24-ний өдөр бүрэн шилжүүлсэн. Ц.Ц нь 4 хуваасны улдсэн төлөлтүүдийг 2022 оны 09 сарын 24, 2022 оны 10 сарын 09, 2022 оны 10 сарын 24-ний өдрүүдэд тус тус төлөх үүргийг хүлээж, баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Хуваарьт заасан хугацаанд үлдэгдэл 1 499 850 төгрөгийн төлөлтийг хийж гүйцэтгээгүйгээс компанийн үйлчилгээний нөхцөлийн 6.5-т Худалдан авалтын хамгийн сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоногийн дараагаас хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцогдоно", Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж тус тус заасны дагуу төлөх ёстой алдангийн хэмжээ 50 хувиас хэтэрсэн тул 50 хувиар тооцож 3 749 925 төгрөгийн алданги, үйлчилгээний нөхцөлийн 6.3-т "Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч дараах байдлаар нэмэгдэх бөгөөд тухайн төлөлтөө 7 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд дахин нэмэгдсэн хэмжээгээр төлбөр дээр нэмэгдэнэ. Үүнд: 9 000 001 төгрөгөөс 10 000 000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 100 000 төгрөг" гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсний төлбөр 100 000 төгрөг, 6 долоо хоног 600 000 төгрөгийн хугацаа хэтрүүлсний төлбөрийг тооцсон болно. Үйлчилгээний нөхцөлийн 9.4-т "Хэрэв уул маргааныг эвийн болон хэлэлцээний замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын хууль тогтоомжуудад заасан үндэслэл журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу Storepay аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын үлдэгдэл төлбөр болох 7 499 850 төгрөг, алданги 3 749 925 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 600 000 төгрөг, нийт 11 849 775 төгрөгийг Ц.Ц ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц овогтой Ц 2022 оны 09 дүгээр сарын 07-ны 02:15 минутад С аппликейшнаар дамжуулан П mall дэлгүүрээс 9 999 800 төгрөгийн худалдан авалт хийгээгүй болно. Уг аппликейнд бүртгүүлсэн утасны дугаар миний нэр дээрх дугаар биш тул бусдад хувийн мэдээллээ алдсан гэж тооцон уг нэхэмжлэлд 7 499 850 төгрөг төлөхөөс татгалзаж байна. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уг хэрэгт холбоогүй гэсэн өргөдлөө бичиж өгсөн. Нэхэмжилсэн 11 849 775 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, үйлчилгээний нөхцөл /хх 7-11/, ... валлет дансны, депозит дансны хуулга /хх 13-15/,

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Үүрэн холбооны О ХХК-ийн лавлагаа /хх 58/, Ж ХХК-ийн лавлагаа /хх 59/, И М академи улсын төсөвт үйлдвэрийн газар-ийн лавлагаа /хх 60/, М ХХК-ийн лавлагаа /хх 66-67/, С ХХК /хх 68/, П Mall-ийн лавлагаа /хх 69/,

Зохигчийн хүсэлтээр: Үндэсний дата төв улсын төсөвт үйлдвэрийн газрын хариу /хх 78/, С ХХК-ний лавлагаа /хх 89-90/, Ж ХХК-ийн лавлагаа /хх 91/, П Mall-ийн лавлагаа /хх 92-95/, Ж ХХК-ийн лавлагаа /хх 96-97/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.С ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нь Ц.Ц нь "П Mall" дэлгүүрээс 9 999 800 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрөө төлүүлсэн боловч үлдэх 7 499 850 төгрөгийг төлөөгүй талаар маргаж алданги болон нэмэлт төлбөр нийт 11 849 775 төгрөг гаргуулахаар шаарджээ.

3.Хариуцагч нь П Mall дэлгүүрээс худалдан авалт хийгээгүй, С ХХК-иар төлбөр төлүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

4.1. С үйлчилгээний зорилго нь үйлчилгээ авагч талд бараа, бүтээгдэхүүн-үйлчилгээ худалдан авах ажиллагаанд нь зориулж С аппликейшнаараа дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх төлбөрийн үйлчилгээг үзүүлэхэд оршдог байна.

 

С ХХК нь 2022 оны 09 сарын 24-ний өдөр П мall дэлгүүрийн дансанд 9 599 308 төгрөг шилжүүлсэн байх ба мөнгийг 2022 оны 09 сарын 09-ний өдөр тус дэлгүүрээс 9 999 800 төгрөгийн барааны худалдан авалт хийсэн Ц.Ц ий төлбөрт шилжүүлсэн гэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь Ц.Ц ийг Storepay аппликейшнд 2022 оны 09 сарын 07-ны шөнө 02.15 минутанд 98893881 дугаараас Дан системд бүртгүүлж хэрэглэгч болсон, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "П Mall" дэлгүүрээс 9 999 800 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрөө 4 хуваан төлөхөөр тохирсон, эхний төлбөр 2 499 950 төгрөгийг ... токеноор тооцуулсан гэж маргадаг боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Ц.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 15 цаг 23 минутад Дан системд 94813994 утасны дугаараас нэг удаагийн код ашиглан нэвтэрсэн нь Үндэсний дата төвийн 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 01/397 тоот албан бичгээр тогтоогдсон /хх 78/, харин 2022 оны 09 сарын 07-ны шөнө 02.15 минутанд өөрийн хаягаас нэвтэрсэн нь нотлогдоогүй байна.

 

4.4. Харин С аппликейшнд 2022 оны 09 сарын 07-ны шөнө 02.15 минутанд 98893881 дугаараас, Ц.Ц нэрээр бүртгэл үүсгэсэн, С ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 9-ний 13:48:16 цагт 327195 дугаартай хэрэглэгч 4 130 000 ширхэг О койн худалдан авснаар валлет данс нээсэн, улмаар 14:27:16 цаг хүртэл койн худалдан авалт хийж, 16:06:01 цагт 16 666 333 ширхэг койн буюу 2 499 950 төгрөгийг эргэн төлөлтөд тооцуулжээ.

 

4.5. Хариуцагч Ц.Ц нь Ж ХХК-ний дугаар ашиглаж байгаагүй /хх 59, 91/, харин 98893881 дугаарыг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 14-ний хугацаанд Л Н /регистр ОЙ98071315/ эзэмшиж байсан /хх 97/, Л.Н нь П Mall дэлгүүрээс 2 ширхэг гар утас худалдан авч, төлбөрийг С ХХК хийсэн байна. /хх 92-95/

 

4.6. Ц.Ц нь И Монголиа академийн Хур системээс иргэний үнэмлэхийн мэдээлэл дууддаг сервисийг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны 15:14:41.451 болон 2022 оны 9 дүгээр сарын 7-ны 15:14:47.264 цагуудад С ХХК-ний токеноор дуудсан /хх 60/ байна.

Харин Хур системд нэвтэрснээр Ц.Ц нь С ХХК-ний хэрэглэгч болсон талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 204 546 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 546 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ц ээс 11 849 775 /арван нэгэн сая найман зуун дөчин есөн мянга долоон зуун далан тав/ төгрөг гаргуулахыг хүссэн С ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 


 

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА