Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2023/02476/И |
Дугаар | 102/ШШ2024/00390 |
Огноо | 2024-01-18 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/00390
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 10-1А тоотод оршин байрлах, регистр 3751953, С ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ....... тоотод оршин суух, регистр ........., Б овогтой Э Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ цуцалж, 25 622 299 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ...... УНУ дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Э.Эд холбогдуулан зээлийн гэрээ цуцалж 25 622 299 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ...... УНУ дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд: С ББСБ ХХК нь Э.Этай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1208130112000016 дугаар зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 17 000 000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Hiace маркийн ...... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 2.14.7-д зааснаар "Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй "бол гэрээг цуцална гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих есоор гүйцэтгэнэ, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хууль заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж тус тус заасан. Зээлдэгч Э.Э нь 2022.10.06-ны өдрийн Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг 14 удаа зөрчсөн тул зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрэн бүрдсэн бөгөөд 2023.12.20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 8 266 191 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 356 108 төгрөг нийт 25 622 299 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн зээлийн гэрээний 2.14.7-д Зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг 30 хоногоос дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд зөрчилд тооцон зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцлан фидуцийн гэрээнд заасан автомашинаар барагдуулна, мөн гэрээний 3.1.4-т Зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүү. нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд гэрээний үүргийг хангуулах, хуульд заасан арга хэмжээ авах, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хутацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд зээлдүүлэгч энэ гэрээний салшгүй хэсэг болох үургийн гүйцэггэлийг хангуулах гэрээгээр өмчлөлд шилжүүлсэн автомашинаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлнэ гэж тус тус харилцан тохиролцсон байна. Иймд зээлдэгч Э.Этай байгуулсан 2022.10.06-ны өдрийн №1208130112000016 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн үүрэгт нийт 25 622 299 төгрөгийг гаргуулж, фидуцийн гэрээнд заасан ...... УНУ улсын дугаартай Toyota Hiace маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: С ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, итгэмжлэл /хх 4/, зээлийн гэрээ /хх 5-8/, фидуцын гэрээ /хх 9-11/, мэдэгдэх хуудас /хх 12-13/, итгэмжлэл /хх 80/, зээлийн гэрээний тооцооны хуудас /хх 81-89/, С ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 90/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
С ББСБ ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э.Этай 1208130112000016 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 17 000 000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Hiace маркийн ...... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус тохирчээ.
2.1. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс С ББСБ нь фидуцийн гэрээгээр өмчлөлдөө шилжүүлсэн тээврийн хэрэгслийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зээлийн гэрээг цуцалж, 25 622 299 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ...... УНУ дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна.
2.2. Зээлийн гэрээний 2.14.7-д зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцох, 5 дугаар зүйлийн 5.2-т зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлахаар тус тус тохирсон байна.
Зээлдэгч Э.Э нь гэрээгээр хүлээсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш биелүүлээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болно. Иймд үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 8 266 191 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 356 108 төгрөг нийт 25 622 299 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
2.3. Зээлийн гэрээний 2.14.7-д зааснаар фидуцийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн ...... УНУ улсын дугаартай Toyota Hiace маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
3. Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 356 660 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас 356 660 төгрөг гаргуулж С ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э-ын Эаас 25 622 299 /хорин таван сая зургаан зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулж С банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Э.Э шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ...... УНУ улсын дугаартай Toyota Hiace маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 660 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас 356 660 төгрөг гаргуулж С ББСБ ХХК-д олгосугай.
4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА