| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 2506053742618 |
| Дугаар | 2026/ШЦТ/506 |
| Огноо | 2026-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/506
2026 02 23 2026/ШЦТ/506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч М.Нямжав,
шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
хохирогч В.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Гэд холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............. урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б овогт Б Г /РД:....................../.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 ны 05 дугаар сарын 27-ны өдөр ........................ дотор хохирогч В.Нгийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч В.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ээжийгээ алдаад ажил явдалтай явж байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй, хэлж, ярих зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч В.Нгийн “...2025 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 08:30 минутын үед ажил дээрээ байх үед 2 эмэгтэй 3 залуу өрөө асууж орж ирсэн. Би 200.000 төгрөгийн өрөө байна гэтэл 2 эмэгтэй 2 эрэгтэй нь гараад явсан 1 залуу нь үүдний буйдан дээр унтаад үлдсэн би дотроо бодохдоо жоохон унтаж байгаад гараг дээ гэж бодоод унтуулсан 30 минут унтуулсан гэтэл гаднаас 1 найз нь орж ирээд нөгөө залууг сэрээх гэтэл буцаад хэвтээд байхаар чи одоо гараа хүмүүс орж ирнэ гээд босгосон урдаас ал нь сунасан авгай чинь ядаргаатай юм гэсэн. Өө чамайг унтуулсан биш гай боллоо гээд уурлатал нөгөө муухай үгээ дахиад 2-3 удаа хэлсэн. Одоо чи болно гээд хөөтөл үүдний шилэн хаалганы хажууд намайг үсдээд газар унагаад цохисон...Эхлээд нүүр рүү цохих үед би толгой манараад байж байтал үсдээд газар унагасан, газар унагаад 2-3 удаа цохисон, газар унах үедээ зүүн хөлийн шагай хэсгээрээ эвгүй дараад унасан миний энэ хөл хөндүүр ихтэй алхаж чадахгүй байгаа суга таягтай явж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Гэрч Б.Г “...2025 оны 05 дугаар сарын 27-нд шилжих шөнө 02 цагийн үед Тэнгисийн ойролцоо караокед 1 шил 0.700 гр хэмжээтэй архи нэмээд пиво уусан. Тэндээс гарах үед нар мандчихсан байсан цаг яг хэд болж байсныг санахгүй байна. Буудал олох гээд такси бариад нэрийг нь мэдэхгүй буудлын гадаа ирээд буудал руу өрөө авахаар 4-үүлээ орсон. Тэр буудлын үүдний сандал дээр унтаж үлдээд бид 3 хажуу талын буудал руу орж өрөө асуухаар орсон хажуу талын буудал мөн адил өрөө байхгүй гээд бид нар тарахаар болсон нөгөө 2 охин таксинд суугаад явсан Д ах замын эсрэг тал руу гараад харихаар явсан Гийг Д ахаас асуутал эхний орсон буудлын үүдэнд байгаа гэж хэлсэн би Гийг сэрээгээд явъя гэж хэлээд түрүүлээд гарсан гэтэл хойно зайл гээд орилох шиг болсон би эргэж харах үед Г гараад ирсэн...Шилэн хаалганы гадна байсан. Юу болсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч М.Зын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7565 дугаартай дүгнэлтэнд “В.Нгийн биед зүүн хөлийн шаант ясны дистал хэсгийн сэлтэрсэн далд хугарал, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Хохирлын баримт /хавтаст хэргийн 61-64 дүгээр тал,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Гийн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэж биеэ хянах чадваргүйдээ Өнө зочид буудлын ресейпшн эмэгтэй биед халдсан үйлдэл гаргасан. Тухайн үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 173.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид 4.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. ...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 ны 05 дугаар сарын 27-ны өдөр ................. хохирогч В.Нгийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч В.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, гэрч Б.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч М.Зын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7565 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Хохирлын баримт /хавтаст хэргийн 61-64 дүгээр тал, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЗ/53 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, тодруулах ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгасан байна.
Уг ажиллагааны дагуу:
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 609 дүгнэлтэд “В Н /РД:......................../-ийн сэтгэцэд 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэсэн дүгнэлт,
Шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоол,
Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл,
Шинжээчийн дүгнэлт /тайлбар мэдүүлэг/ танилцуулсан тэмдэглэл зэрэг ажиллагааг хийж шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биед халдаж зүүн хөлийн шаант ясны дистал хэсгийн сэлтэрсэн далд хугарал, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч М.Зын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7565 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналтай ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, хохиролд 4.000.000 төгрөгийг төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч В.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх /ажилгүй байх хугацааны цалин, хөлс/ 510.000 төгрөгийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид 4.000.000 төгрөгийг төлсөн гэх ба энэ талаар хохирогч маргаагүй болно.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 609 дүгнэлтээр В Н /РД:....................../-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтооосон байх тул,
Хохирогчид учирсан сэтгэл санааны гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, шүүгдэгч Б.Гээс 3.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Нд олгуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч В.Нгийн Эрүүл мэндийн даатгалаас авсан тусламж үйлчилгээний зардал болох 173.000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн ................... тоот дансанд шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримт /хх 83/-аар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 4.000.000 төгрөгийг төлсөн, улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт 1 ширхэг СиДи гаргаж өгснийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гээс хохирогчийн сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохиролд 3.960.000 төгрөгийг гаргуулан хохирогч В.Нд олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 4.000.000 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи гаргаж өгснийг хэргийн хамт хавсаргахыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ