Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2023/0010/З |
Дугаар | 158/ШШ2023/0009 |
Огноо | 2023-05-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 158/ШШ2023/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Энх-Алтаргана” ХХКомпани, захирал А.Энхжаргал,
Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт нарын хоорондын “хяналтын улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бүжин, хариуцагч Т.Наранцацралт, гэрч М.Төмөрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Компанийг байгаль орчинд хохирол учруулсан гэж шийтгэлийн хуудсаар 88 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч сая шүүх хуралдаанд мэдүүлэхдээ тухайн газрыг 1970 оноос эхлэн цэвэр усны шугам тавих ажилд ухаж ашиглаж байсан. Гэтэл 0,99 га талбайг тогтоож, “Энх-Алтаргана” ХХК нь “Сантын ар” гэх газарт тэр чигт нь хохирол учруулсан юм шиг байдлаар дүгнэж, хохирлын үнэлгээг тооцсон байна. Хохирлын хувьд тухайн газрын шороог ингэж хэмжиж байгаа нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт болон байгаль орчны нөхөн үнэлгээг тооцох журмын дагуу газрын хэмжээг үзлэгийн тэмдэглэлд тусгах, газрын хэвлийд үүссэн шороон овоолго, талбайн захын цэгийн солбилцол, урт, өргөн, гүн, налуу, тухайн газрын эзлэхүүн зэрэг хэмжээг тогтоох ёстой. Гэтэл мөрдөгчийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай тогтоолд тухайн эвдэгдсэн газрын хэмжээг тогтоогоод тэнд тухайн компанийн учруулсан хохирлыг тогтоолгох дүгнэлт гарга гэж заасан. Үнэлгээний компанийн тайлан ч бас “Сантын ар” гэх газрыг тэр чигээр нь хэмжиж дүгнэлт гаргасан зөрүүтэй байдал байна. Хохирлын үнэлгээ учир дутагдалтай байхад эрх бүхий албан тушаалтан учирсан хохирлыг нотлох талаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Зөрчлийн хэрэгт холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрөхгүй байна, анхнаасаа тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй, хэргийн материалтай танилцаад энэ дүгнэлтийн талаар сая мэдлээ гэсэн байдаг. Ийм хэмжээний хохирол учруулаагүй, 0,99 га талбайг манай компани ганцаараа ухаагүй талаар мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл учирсан хохирлыг нотлох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзээд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй.
Дараагийн дугаарт зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгууллага албан тушаалтнаас харъяаллын дагуу Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт гомдол, мэдээлэл шилжиж ирсэн байна. Гомдол мэдээллийг хүлээн авч дараа гомдол гаргагчид танилцуулж энэ талаар тэмдэглэл үйлдэх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу хуурамч гомдол, мэдээлэл гаргавал хуулийн хариуцлага хүлээлгэх тухай танилцуулж, баримтад гарын үсэг зуруулах ёстой байдаг. Тус хуулийн 6.1, 3.2 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Шийтгэлийн хуудас болон тэмдэглэл дээр зөрчил үйлдэгдсэн нь илт тодорхой тул байгаль экологид учруулсан хохирлын талаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл “Энх-Алтаргана” ХХК нь уг зөрчлийг үйлдсэн талаар хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад хохирлын үнэлгээ 40 гаруй сая төгрөг болсон. Үүнийг 2 дахин үржүүлээд 88 сая төгрөг гэж гаргасан бэ?. Хохирлыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байхад хохирлын талаар нотлох шаардлагагүй гэж үзэж тэмдэглэл үйлдсэн. Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “манай компани нь эрх бүхий албан тушаалтны зааж өгсөн газраас гэрээнд заасан хэмжээний шороо авч ашигласан, газрын эвдрэлийн хохирлын үнэлгээг гаргахдаа биднийг оролцуулаагүй, үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн төлбөр гаргасан ба хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж байгаагүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж;
3. Хариуцагч “эрүүгийн хэрэг шалгагдах явцад зөрчлийн талаар хангалттай баримт цугларсан байсан ба холбогдогчийн үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон, дахин шалгах шаардлагагүй байсан учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж тус тус маргажээ.
4. Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн хариуцагчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаарын шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан байх бөгөөд хариуцагч геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт нь Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас харьяаллын дагуу шилжин ирсэн гомдол, мэдээлэл /хх-ийн 19, 119 дүгээр тал/ -д хавсаргасан баримтад үндэслэн “түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон” гэх агуулгаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан бол...хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргажээ.
7. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх”-ийг хуульчилж, 10.9.12-т “улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах эрхтэй”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, 6 дахь хэсгийн 6.10-т “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...7.12.. дугаар зүйлд заасан зөрчил” гэж тус тус хуульчилсан.
8. “Энх-Алтаргана” ХХК нь “аялал жуулчлал, хүнд машин механизмын түрээс, мал аж ахуй, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ, цэцэрлэгжүүлэлт, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо тариалалт, газар тариалан, барилгын засвар хийх” үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд байна.
9. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хангал сумын Засаг дарга нэхэмжлэгч “Энх-Алтаргана” ХХК-тай “Шороо худалдах, худалдан авах тухай гэрээ” /хх-ийн 91 дүгээр хуудас/-г байгуулж, уг гэрээнд “Хоёр. Гэрээний зүйл. 2.1. Энэхүү гэрээний дагуу Эрдэнэт 3 дугаар цэвэр усны шугамын угсралтын ажил далангийн турбаг дарж булах зориулалтаар Сантын арын энгэрээс шороог ашиглана.” гэж тусган нэхэмжлэгч болон Хангал сумын Засаг дарга, ЗДТГазрын санхүү албаны дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар тус бүр гарын үсэг зурж баталгаажуулжээ. Нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан газар буюу Хангал сумын Сант гэх газраас шороо авч ашигласан үйл баримт тогтоогдсон.
10. Энэхүү гэрээний дагуу ашигласан шороо нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 /түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга...дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгоно/-д заасан хайрга болохыг Булган аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 162 дугаар хуудас/ -ээр нотолжээ.
11. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ““Энх-Алтаргана” ХХКомпани нь тус аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Сант нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар Булган аймгийн ЗДТГазарт ирүүлснийг хяналтын улсын байцаагч хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдөр “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг үйлдэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.
12. Хариуцагчаас дээрх шилжин ирсэн материалаар “Энх-Алтаргана” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тэмдэглэл /хх-ийн 121 дүгээр тал/ үйлдсэн байх ба уг тэмдэглэлд “Булган аймгийн Хангал сумын нутаг 1-р багийн Сант нэртэй газарт “Энх-Алтаргана” ХХК нь холбогдох зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон нь холбогдогчийн болон бусад нотлох баримт, мэдүүлгээр нотлогдож, өөрөө хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ.
Дээрх тэмдэглэлээс харахад хариуцагч нь “Энх-Алтаргана” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэх зөрчлийг холбогдогч хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтийг хийсэн байх боловч зөрчлийн материалд холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрөөгүй, харин “эрх бүхий албан тушаалтантай гэрээ байгуулж, шороо авсан” талаар болон эвдэгдсэн газрын хэмжээ, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурджээ.
13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй ... гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:” гээд “...2.3. хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх; 2.4. зөрчлийн хэрэг нээх“ гэж заажээ.
Хариуцагч уг гомдол, мэдээллийг хүлээн аваад энэ хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй гэж ойлгоно. “Энх -Алтаргана” ХХКомпанийн үйлдсэн зөрчлийн тухайд хариуцагчаас зөрчлийн хэрэг нээж, шалгах шаардлагагүй гэж үзээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шийдвэрийг гаргасан байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1. зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэжээ.
14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлд “холбогдогч өөрийн зөрчил үйлдсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын нөхөн төлбөрийн талаар дахин тодруулж, шалгах шаардлагагүй тохиолдол хамаарах” агуулгаар тодорхойлсон байна.
Гэтэл хариуцагчаас шүүхэд ирүүлсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материал”-д авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдогчийн тайлбар, үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд нь дээрх агуулгад нийцэхгүй, зөрүүтэй байна.
Тухайлбал: Зөрчлийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Лэндс” ХХКомпанийн “Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт “Энх-Алтаргана” ХХКомпанийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсны улмаас эвдрэлд оруулсан талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан”-д дараах нөхцөл байдлууд тусгагджээ. Уг тайлангийн “1.4 Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол” хэсгийн “Судалгааны талбайн эвдрэл түүний өөрчлөлт” хэсэгт “Тус судалгааны талбайн эвдэрсэн талбайг тооцох зорилгоор GARMIN ETREX GPS -ээр хэмжилт хийж мэдээллийг боловсруулсан бөгөөд нийт 0.99 га талбайг хүчтэй эвдрэлд өртүүлж, зохиомол ландшафт үүсгэсэн байна. Гэвч тус талбай нь өмнө нь эвдрэлд өртсөн байсныг Google Earth-ийн суурь зургуудыг ашиглан илрүүлсэн... Дээрх зургаас харахад 2007 оны 10 дугаар сард нийт 0.06 га талбайг ухсан байсан бол 2012 оны 10 дугаар сард 0.1 га болж нэмэгдсэн байна. Харин сүүлийн хэмжилт буюу бидний хийсэн хэмжилтээр энэ талбай улам нэмэгдэж 0.99 га болсон байна” /хх-ийн 71 дүгээр хуудсын ар тал/ гэж тусгаад “1.8 Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний дүн” хэсэгт “Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан “Энх -Алтаргана” ХХК-ийн эвдрэлд оруулсан гэх 9900 м.кв буюу 0.99 га талбайн байгаль орчинд учруулсан нийт Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт дүнгээр 44080,0 /дөчин дөрвөн сая наян мянган/ төгрөг болж байна” /хх-ийн 75 дугаар тал/ гэжээ.
15. Хариуцагчаас дээрх үнэлгээний тайланд үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83 дугаар тал/ -д тусгагдсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээнд тулгуурлан, Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 88160000 /наян найман сая нэг зуун жаран мянга/ төгрөг байх /хх-ийн 122 дугаар хуудас/ -аар тооцож гаргажээ.
16. Зөрчлийн хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас харахад эвдэгдсэн талбайн хэмжээг тооцоолохдоо нэхэмжлэгчийн хайрга олборлохдоо эвдрэлд оруулсан талбайн хэмжээгээр тооцоогүй, Сант гэх газрын нийт эвдэгдсэн талбайгаар тооцож гаргасан байна. Хариуцагчаас “шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлж, зөрчилд холбогдогчийн үйлдэл тогтоогдсон” гэж үзэж тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага ...цуглуулна”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 -т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, .... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэлээ.
17. Мөн нэхэмжлэгч нь Хангал сумын Засаг даргатай “Шороо худалдах, худалдан авах тухай” байгуулсан гэрээний үнэ, төлбөрийг Булган аймгийн Хангал сумын Төрийн сангийн түгээмэл тархацтай ашигт малтмалын дансанд төлсөн нь түүнийг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Учир нь эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргаас хуулийн этгээдтэй түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулахаар гэрээ байгуулсан бол худалдан авагч буюу олборлох эрх хүсэж буй этгээдээс хуульд заасан тусгай зөвшөөрлийг шаардах эрх нээлттэй байхад тусгай зөвшөөрөл шаардалгүйгээр гэрээг эрх бүхий албан тушаалтнаас хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан үйлдэл нь нэхэмжлэгчийг тухайн газарт олборлолт хийх зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
18. Шүүх хуралдаанд Хангал сумын Засаг дарга гэрчээр оролцож мэдүүлэхдээ: “шороо авах газар”-ыг зааж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба өмнө нь энэ талаар хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ дурджээ. Нэгэнт эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөвшөөрч, уг газрыг зааж өгсөн нөхцөл байдал тогтоогдож, холбогдогч энэ талаар мөн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тайлбартаа дурдсан байхад түүнийг түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвшөөрөлгүйгээр олборлосон гэж буруутгаж, зөрчлийн үйл баримтыг дахин тодруулж, бодит нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ