Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2019/00049

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00432 дугаар шийдвэртэй, Т.А-ийн нэхэмжлэлтэй, У сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.             

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа /цахим сүлжээгээр/, хариуцагч О.Н, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 3 сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн У сумын Засаг даргын 17\48 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс У сумын Засаг даргын захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн ажилд томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаанд 2015 онд сумын соёлын аварга шагнал, 2017 онд аймгийн Засаг даргын жуух бичиг, 2018 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны жуух бичгээр шагнагдаж байсан. Өлгий сумын Боловсрол, урлаг, соёлын газартай хамтран гэрээ байгуулж, ажлаа зохих ёсны дагуу гүйцэтгэж байсан. Архи ууж, алдаа зөрчил гаргаснаа хүлээж байна. Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд миний ажлыг буруу үнэлсэн, үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн оноо үнэлгээг би зөвшөөрөхгүй байгаа. 2019 оны 02 сарын 26-ны 04-09-043\26 тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээлэл, үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж, ажлаа сайжруулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байсан. Гэтэл Сумын Засаг дарга 2019 оны 3 сарын 18-ны өдөр 17\48 тоот захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй. Миний бие Төрийн албаны тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, төрийн үйлчилгээний албан тушаалтан. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх боловч надтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Иймд У сумын Засаг даргын 17\48 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож өгнө үү.“ гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус сумын Соёлын төвийн бүжгийн багш ажилтай Т.А-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т.А нь ажлын цагаар хэд хэдэн удаа архи ууж төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Мэргэжлийн Хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар ажлаа хангалтгүй гүйцэтгэж давтан зөрчил гаргасан, төрийн ажилд хайнга хандсан учраас шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулж 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаар захирамжаар төрийн албанаас халсан. Иймд Т.А-ийн нэхэмжлэлийг хүлээж авах, эрхлэгчээр томилох боломжгүй.” гэв. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00432 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 угаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн У сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.А-ийг урьд эрхэлж байсан У сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар У сумын Засаг даргаас 1083373 төгрөгийг гаргуулан Т.А-т олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Т.А-ийн ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү 1083373 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч У сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Би сумын Засаг дарга болоод 2016 оноос эхлэн Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.А-тэй жил бүр хөдөлмөрийн гэрээ байгуулан хугацаанд нь дүгнэж ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгч байсан. Т.А нь удаа дараа ажлын цагаар архи ууж ажлын байрандаа ирэхгүйгээр ажил тасалж байсан. Үүнийгээ анхан шатны шүүхэд “Би ажлын байранд архи уугаагүй, гэртээ уудаг байсан” гэж тайлбарласан. Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ жил дараалан хангалтгүй биелүүлсэн. Аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын нэг бус удаагийн шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн. Мөн архи ууж, согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллагаар 14 хоног баривчлагдан, саатуулагдсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн дагуу удирдах ажилтны төрийн албаны шалгалтад ороогүй, нөөцөд бүртгэгдээгүй. Төрийн албаны шинэчлэн найруулсан хуулиар түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулахыг хориглосон. Т.А- нь удаа дараа архи ууж согтуурч, танхайрсан үйлдэл нь батлагдсан тул сахилгын шийтгэл ногдуулах тухай аймгийн прокурорын газраас албан шаардлага ирсэн. Монгол хэлээр ярих, бичих чадвар сул, анхан шатны шүүх хуралдаанд орчуулагч оролцуулсан байна. Т.А-ийн ажлын байранд архи ууж унтаж байсан нь зургаар нотлогдсон. Сумын Засаг даргын хувьд Соёлын төв нь бүх байгууллагад үлгэр жишээ болж ард иргэдэд урлаг уран сайхнаар үйлчлэх, Соёлын төвийн материаллаг баазаа бэхжүүлж өөрийн орлогыг нэмэгдүүлэх талаар байнга үүрэг даалгавар өгч зөвлөж байсан. Урьд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А/64 тоот захирамжаар сануулах арга хэмжээ, дахин давтан зөрчил гаргасан тул аймгийн прокурорын шаардлагыг танилцуулан цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ тус тус авч байсан. Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.А- нь урьд гаргасан зөрчлийн арга хэмжээ нь цагаатгагдах хугацаа нь болоогүй байхад давтан зөрчил гаргаад байх тул 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаар захирамжаар эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Т.А сумын Засаг даргатай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлд шалтгаангүй ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу үүргээ биелүүлээгүй, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэвэл ажлаас шууд халахаар заасан ба хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхэд хөдөлмөрийн гэрээг үзүүлээгүй, Т.А нуун дарагдуулан өгөөгүй байсан ба хүлээлгэн өгсөн материал хавтаст хэргээс олсон. Иймд Т.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн а, б, в, г, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас нь чөлөөлсөн. Т.А нь одоо Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байгаа. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Дээрх хэргийн шийдвэрийг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрийг хэргийн оролцогч нарт шуудангаар хүргэсэн гэж шүүгчийн туслах А.Ахмерей надад утсаар хэлсэн. 2019 оны 7 сарын 08-ны өдөр үйлдэгдсэн анхан шатны шүүхийн шийдвэр гардуулсан баримтад 2019 оны 7 дугаар сарын 10-нд Монгол шуудан гэсэн тэмдэг дарагдсан байна. 2019 оны 7 сарын сүүлчээр өмгөөлөгч би шүүхийн туслах Б.Ардабектэй холбогдон хариуцагч давах гомдол гаргасан эсэхийг асуухад гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тул хүлээж аваагүй гэсэн. Үүнээс хойш У сумын Засаг дарга Н-тай 2 удаа утсаар холбогдож Т.А-ийн талаар шийдвэрээ гаргаж өгөхийг хүсэхэд 2019 оны 9 дүгээр сарын 10-нд ажилдаа ороод шийднэ гэсэн, мөн 9 сарын 23-ны дотор хариу өгнө гэсэн бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргасан талаар ямар нэг зүйл хэлээгүй. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Т.А- нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулах хүсэлтээ шүүхэд аваачиж өгөхөд энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн туслах Ө.Мөнхцэцэгээс шүүх хурал товлогдож буйг сонссон. Гомдол гаргах нь хэргийн оролцогчийн эрх боловч шийдвэрийг танилцах, гардуулах, давах шатанд гомдол гаргах, хүлээн авах нь хуульд заасан хугацааны дотор явагддаг. Гэтэл хариуцагч хуульд заасан хугацаа хэтрүүлсэн Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т заасан хугацаагаар тооцож үзсэн ч давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн хэтэрсэн хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй, 2019 оны 8 дугаар 09-ны өдрийн 1\202 тоот албан бичиг үйлдэн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан гэх нь хууль зөрчиж буй бөгөөд хариуцагч шийдвэрийг хугацаандаа гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй. Хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн гомдлыг хүлээн авсан шүүх 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч болон өмгөөлөгчид гомдлын талаар утсаар мэдэгдсэн гэх нь огт үндэсгүй худлаа бөгөөд шүүхийн туслах Б.Ардабек нь энэ талаар хуурамч баримт үйлдэн хэрэгт хавсаргасан байна. Шүүхийн ажилтнуудын хууль бус ажиллагааны талаар шүүхийн Тамгын газарт хандан гомдол мэдүүлсэн байгаа.  Түүнчлэн 2019 оны 8  дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч “нотлох баримт буцаах тухай“ захирамж гаргасныг давж заалдах шатны шүүхээс мэйлээр танилцуулах явцад мэдсэн болно. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хугацаа хэтрүүлэн хүлээн авч, хэргийн бусад оролцогчид танилцуулж мэдэгдэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж авч хэлэлцэх эрх зүйн үндэсгүй гэж тайлбар гаргаж байна. Хуульд заасан дагуу шийдвэрлэнэ үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй бөгөөд хэргийн үйл баримтыг дурдсанаас гадна анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгөхийг хүссэн баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй атлаа байгаа мэтээр тайлбарласан, мөн гомдол гаргах эрхээ хэтрүүлэн хууль бус баримт бүрдүүлэн өгсөн. 2019 оны 3 сарын 18-ны өдөр сумын Засаг даргын гаргасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль ёсны бус бөгөөд тушаал хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар Т.А нь төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах тул үр дүнгийн гэрээгээр ажиллах учиргүй. Улсын Дээд шүүхийн 33 тоот тайлбарт Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэнэ гэж заасан. Ажил олгогч Т.А-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тэрээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтыг баримталсан. Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 04-09- 043\26 тоот “Зөрчил арилгуулах тухай“ албан шаардлага нь дүгнэлт биш тул Т.А-ийг ажлаас халсан Хөдөлмөрийн хуулийн 40.1.2 дахь заалттай нийцэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага нь байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм стандартын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьдаг байгууллага байж 2019 оны 3 сарын 01-ний \131 тоот албан бичгийг сумын Засаг даргад явуулж зөрчил үйлдсэн албан тушаалтанд сахилгын хариуцлага ноогдуул гэх нь хууль бус. Энэ албан бичигт зааснаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалт зөрчсөн тул зөрчлийн хэрэг нээн шалгаад дууссан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар “энэ хуулийн 10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж, хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл Засаг дарга үүнийг жилд 2 удаа дараалан сахилгын арга хэмжээ авагдсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдэнэ, мөн энэ үндэслэлээр халагдсан ажилтанд 1 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан хуулийн заалт тушаалд хэрэглэгдээгүй. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан боловч энэ заалт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, ноцтой зөрчил гаргасан байх гэсэн хоёр шаардлагыг хангасан байх. Ямар зөрчлийг ноцтой гэж үзэхээ 2 тал харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заана гэж үздэг. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр прокурор мэдэгдэл явуулсныг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 21-нд Б\129 тоот захирамж гаргаж 6 сар цалин бууруулах арга хэмжээ авсан ба үүнийг Т.А- биелүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01\931 тоот Мэргэжлийн хяналтын газрын даргын албан бичгээр сахилгын шийтгэл ногдуулах нь хууль зөрчсөн ажил олгогчийн хариуцлагагүй, мэдлэггүй үйлдэл бөгөөд ажилтны эрх ашгийг дордуулсан. Харин ноцтой зөрчлийн тухайд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-нд гаргасан хүсэлтэд Засаг дарга хөдөлмөрийн гэрээ байхгүй, үр дүнгийн гэрээгээр ажилладаг гэдгээ албан ёсоор тайлбар хийсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Гэтэл хариуцагч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, төрийн албанаас халах арга хэмжээ авсан нь Х.А-ийн эрх ашгийг дордуулсан, ажилтны эрх ашигт хайнга хандсан ажил олгогчийн хариуцлагагүй үйл ажиллагаа бөгөөд анхан шатны шүүх Т.А-ийг төрийн албанаас халж, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзсэн нь шударга, хууль ёсны үндэслэл бүхий байна. Гомдол гаргахдаа хөдөлмөрийн гэрээг Т.А- нуун дарагдуулж гаргаж өгөөгүй гэх нь худал бөгөөд ийм гэрээ байгуулж байгаагүй, шүүхэд гаргаж өгсөн албан бичгээ хэд хоногийн дараа мартаж, худал баримт гаргах нь ажилтан хүнд хэрхэн хандаж байдгаа харуулж буй албан тушаалтны увайгүй үйлдэл тул гомдолд дурдсан зүйлийг зөвшөөрөхгүй байна.Иймд хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн үндэслэлгүй гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            1. Баян-Өлгий аймгийн У сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А-ийг ажил олгогч тус сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4.-т заасныг баримтлан “удаа дараа төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан” гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын  шийтгэл ногдуулжээ.

 

            Ажилтан Т.А- нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд авч байсан цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Т.А- нь ажлын цагаар хэд хэдэн удаа архи ууж ёс зүйн зөрчил гаргасан, Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн зөрчлийг давтан гаргасан, төрийн ажилд хайнга хандсан” гэж тайлбарлан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын У сум дахь Цагдаагийн хэсгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 73 дугаартай шаардлага[1], тус аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/27 дугаартай мэдэгдэл[2], 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн /16:40 цаг/ Т.А-ийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл[3], У сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/129 дугаар захирамж[4], 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/64 дугаар захирамж[5], Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Зөрчил үйлдсэн албан тушаалтанд сахилгын хариуцлага ногдуулах тухай” 01/131 дугаар албан бичиг[6] зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

            Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан хугацааны дотор, ажилтны хамгийн сүүлд гаргаж тогтоогдсон хөдөлмөрийн сахилгын ямар зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан эсэх нь нотлогдоогүй.

 

Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын У сум дахь Цагдаагийн хэсгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 73 дугаартай шаардлагаар Т.А-ийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн гэх танхайрах зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар шийтгэл оногдуулсан талаар тэмдэглэсэн, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн /16:40 цаг/ Т.А-ийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлд мөн өдөр түүний согтуурлын хэмжээг тусгай багажаар шалгахад 0,98 промилль зааж байсан талаар тусгасан зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/27 дугаартай мэдэгдэлд Т.А- нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан тул шүүхийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2.-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан талаар дурдаж, энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй талаар мэдэгдсэнийг үндэслэж ажил олгогч У сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/129 дугаар захирамжаар Т.А-т албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн, ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/64 дүгээр шийдвэрээр ажилтанд “ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ.

 

Үүнээс үзвэл, ажилтанд хамгийн сүүлд буюу ажил олгогчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад  Т.А- нь дахин ямар зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй байхад У сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг дахин давтан гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй. Мөн ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан нь баримтаар тогтоогдоогүй учраас ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй ба ажилтан хөдөлмөрийн сахилгын ямар зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул ажил олгогчийн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Ажил олгогч ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримталж, үндэслэлээ нотлохоор Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Зөрчил үйлдсэн албан тушаалтанд сахилгын хариуцлага ногдуулах тухай” 01/131 дүгээр албан бичгийг шүүхэд гаргаж өгчээ. Энэхүү албан бичигт “төлөвлөгөөт хяналт шалгалтаар Т.А-ийн ажилдаа хариуцлагагүй хандаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийг бүрдүүлэх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн, бүртгэл мэдээллийн санд дурсгал бүрээр шаардлага хангахуйц гэрэл зураггүй, дурсгал бүрээр дүрс бичлэг хийлгээгүй, дурсгалын талаар судалгаа, шинжилгээний ажлын бүртгэлгүй, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрэн гүйцэд бүрдүүлээгүй зэрэг үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж дууссан, Т.А- нь ажлаа хангалтгүй гүйцэтгэж, зөрчил давтан гаргасан” талаар дурджээ.

Мэргэжлийн хяналтын газрын дээрх албан бичиг нь ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй байгааг тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт биш тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр гарсан хууль ёсны шийдвэр гэж үзэхгүй.

 

Иймд ажилтан Т.А-ийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн У сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, тухайн байгууллагад бага цалинтай ажил хийж байсан Т.А-ийн цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд тогтоогдов.

Тухайлбал, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4.-т заасан шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардаж авах хугацааг хүлээлгүйгээр, энэ тухай хэргийн оролцогч нарт урьдчилан сануулсан атлаа 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрийг шууданд хүлээлгэн өгч, хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардуулах хуульд заасан журмыг зөрчсөн.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан атлаа хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 466 дугаар албан бичгээр давж заалдах шатны шүүхэд хүргүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3.-т заасан журмыг хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн шүүх хэргийн 85 дугаар хуудаст авагдсан хэрэг танилцуулсан тухай баримтад хариуцагч талын гарын үсгийг зуруулаагүй, Баян-Өлгий аймгийн У сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/185 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ж.Сламболыг шүүх хуралдааны шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх эрх, үүргийн талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч хэргийн материалтай танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Харин түүнд тус шүүх хуралдаанаас шинээр нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргах эрхийг тайлбарласнаар тэрээр шүүхэд нотлох баримт гаргаж өгөх зэргээр эрхээ хэрэгжүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

 Дээр дурдсан шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд тогтоогдсон боловч эдгээрийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                  

С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 44 дүгээр тал.

[2] Хэргийн 45 дугаар тал.

[3] Хэргийн 46 дугаар тал.

[4] Хэргийн 47 дугаар тал.

[5] Хэргийн 48 дугаар тал.

[6] Хэргийн 51 дүгээр тал.